| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06311/И |
| Дугаар | 2590 |
| Огноо | 2016-03-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2590
| 2016 оны 3 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2016/02590 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 24-р байрны 37 тоотод оршин суух, регистр ЕА85031211, Чандмань овогт Энхтуяагийн Мөнхөөгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд палаза төвийн 908 тоотод байрлах, “Казмон контакт” ХХК-д холбогдох 8 884 074 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Мөнхөө нь “Казмон контакт” ХХК-тай 2013 оны 6-р сарын 01-ний өдөр Ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулж, Хово маркийн автомашинаар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бор толгойн уурхайгаас Дорноговь аймгийн Айраг сум дахь Төмрийн хүдрийн экстпортын ачилтын тайлбай хүртэл 46 км зайд төмрийн хүдэр тээвэрлэх, тээвэрлүүлэхээр харилцан тохиролцсон юм. Гэрээний 4.1-т зааснаар тээвэрлэлтийн үнийг 1 тонн километрт 145 төгрөгөөр тохиролцсон. Э.Мөнхөө нь нийт 4875.16 тонн ачаа тээвэрлэж ажлын хөлс 18.044.074 төгрөгөөс 9.210.000 төгрөгийг авсан, үлдэгдэл 8.884.074 төгрөгийг “Казмон контакт” ХХК нь өгөөгүй, нягтлан бодогч Энхтуяатай тооцооны үлдэгдлийн батлагаа үйлдэж, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг баталгаажуулсан. Иймд Монгол Улсын иргэний хуулийн 380.1-т “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар тээвэрлэлтийн гэрээний үлдэгдэл хөлс 8.884.074 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч нэхэмжлэлийн шаардлагаа 50 000 төгрөгөөр багасгаж 8 834 074 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Туяа шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Мөнхөөгийн нэхэмжлэлтэй, манай компанид холбогдох хэргийн нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрч байгаа ба шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ ажиллагаа дарааллаар төлөгдөж дууссаны дараа уг нэхэмжлэлийг төлж барагдуулах болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Мөнхөө нь “Казмон контакт” ХХК-д холбогдох 8 884 074 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 8 834 074 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 8 834 074 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг эзгүйгээр хийлгэх тухай хүсэлт ирүүлсэн байх тул түүний эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Мөнхөөгийн нэхэмжлэлийн шаардлага 8 834 074 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч “Казмон контакт” ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Мөнхөөгөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Казмон контакт” ХХК-иас 78 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Мөнхөөд олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА