| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 140/2024/00434/И |
| Дугаар | 205/МА2025/00003 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 205/МА2025/00003
Б.*******гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 140/ШШ2024/00484 дугаар шийдвэртэй
Б.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* *******ий ******* дугаар ангид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/90 дугаартай тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалыг нөхөн олгуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр, нэхэмжлэгч Б.******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******а нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Б.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* *******ий ******* дугаар ангид холбогдох 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/90 дугаартай тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалыг нөхөн олгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл:
2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ******* *******ий ******* дугаар ангиас шалтгаангүй ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдсөн шалтгаан нь: Сувилагч Б.******* хагас бүтэн сайн өдөр ямаа самнах гэж байгаа ээлжийн хувиар албаны даргатай зөвшилцөн сольсон. Би 04 дүгээр сарын 30-нд чиний оронд гараад ******* 05 дугаар сарын 01-нд гарна. Би өөрөө 05 дугаар сарын 02-нд ээлжинд гараад ямаа самнахаар явлаа гэсэн ба 05 дугаар сарын 01-нд сувилагч ******* залгаад ирж ээлжээ ав гэсэн тушаал чам дээр гарсан байна гээд дуудсан. Өдөр ирж ээлжээ авах гэтэл сувилагч Б.******* хүний нөөцөөс асуулаа ээлжээ сольж болно гэж байна гэж хэлсэн тул ажлаас гарч явсан.Ажлаас халагдсаны дараа Завхан аймгийн хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд хандсан. Ангиас ирсэн хариу тайлбартай санал нийлэхгүй байна.2023-2024 онд ажилд орсон хүмүүсийг надаас болж ажлаас гарсан гэсэн байна. Тэр хоёр хүн өөр ажилд орох гээд өөрсдийн хүсэлтээр ажлаас гарсан. Нөхөр С.*******э бид хоёр огт хамаагүй нэг хоёрдугаар гарын үсэг зурдаггүй эмийн санч,сувилагч гээд Ахлагч Т. гэдэг хүн бий. Маршийн бэлтгэлд гарсан хүнийг шууд ажилд оруулсан би тэгдэг албан тушаалтан биш надад тийм эрх байхгүй. Ангийн захирагч өөрийнх нь тушаалаар ээлжиндээ орж ажилласан өөрийн эрх ашгийн төлөө ээлжийн хуваарийг солиулсан хүн Б.******* миний сануулах шийтгэл өмнөх захирагч солигдоход хурандаа ы тушаалаар хүчингүй болсон болно. 2024 оны 05 дугаар сарын 02-нд Б.******* ээлжтэй байсан Дэслэгч оод Б.******* тусламж үзүүлэх ёстой байсан. Мөн би ээлжинд гарч эхэлснээс хойш шөнийн нэмэгдэл илүү цагийн мөнгийг олгодоггүй байсан. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/90 дугаартай тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалыг нөхөн олгуулж өгнө үү гэжээ.ы
2. Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:
******* *******ий ******* дугаар ангийн Эрүүл мэндийн төвийн сувилагч орон тоон дээ ажиллаж байсан овогтой ******* нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний Б/66 дугаар тоот тушаалаар тус ангид ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ангийн захирагчийн зөвлөлийн 01 дүгээр хурлаар ёс зүйн зөрчил, харилцааны зөрчил гаргасан асуудлаар хэлэлцэгдэж 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр нийт бие бүрэлдэхүүнд нээлттэй сануулах сахилгын шийтгэл хүлээж дахин ёс зүй, харилцааны зөрчил гаргахгүй гэж амлан шийтгэгдэж байсан. Ангийн захирагчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/129 дүгээр тушаалыг зөрчиж байлдааны жижүүрлэлт, харуул хоногийн манааг шалтгаангүйгээр тасалсан, ангийн захирагчийн тушаал, үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.29 дэх хэсэг, 2.35.1 дэх заалт, ангийн захирагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1 дэх хэсэг, 5.2.5 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. Ангийн захирагчийн зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар ажлын хариуцлага алдсан, шалтгаангүйгээр байлдааны жижүүрлэлт, харуул хоногийн манааны ээлж тасалсан, ажлаа тасалсан өдөр нь бие бүрэлдэхүүний өмнө захирагчийг үүрэг өгч байхад жагсаал дээр дэслэгч Э.оо ухаан алдаж унахад ажлын байран дээрээ байгаагүй, ухаан алдаж унасан хүнд анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлээгүй /хүний амь нас эрсдэх аюултай/ байлдааны жижүүрлэлтийн бүрэлдэхүүний эрүүл мэнд, байлдааны жижүүрлэлтийн бэлэн байдал хангаагүй ноцтой зөрчил гэж үзсэн. Ангийн захирагчийн зөвлөлийн гишүүдийн хуралдаанаар Б.*******г хувь хүний талаар хэлэлцэхэд хамт олны дунд буруу үлгэр дуурайлал үзүүлдэг, хамт олныг бутаргадаг, хамт олныг үг хэлээр дарамталдаг, ёс зүйгүй үг хэллэг байнга хэрэглэдэг, 2023-2024 онд ажилд орсон 2 эмнэлгийн ажилтан Б.*******гаас болж өөрсдөө өрөгдлөө өгч ажлаас гарч байсан, мөн нөхөр ахлах дэслэгч С.*******э нь өөрийнх нь шууд харьяалах эмнэлгийн албаны дарга бөгөөд эмнэлгийн эм тариа зарцуулах, тайлан гаргах ажилд хоёул ажилладаг, ээлжний 1, 2 дугаар гарын үсэг зуран ажилладаг, мөн 2024 оны 04 сард маршийн бэлтгэлд 18 хоног хээр байрлаад ирсэн сувилагч *******ийг гэрт нь нэг хонуулаад дахин ээлжинд хонуулсан зэрэг нэмэлт алдаанууд нь төрийн албан хаагчийн ёс зүй, ажлын байрны тодорхойлолт, ангийн захирагчийн байлдааны жижүүрлэлтийн тушаалыг ноцтой зөрчсөн гэж үзсэн ба зөвлөлийн гишүүдийн хурлаар ярилцаж зөвлөлийн гишүүдийн 100%-н саналаар ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан. Иймд Б.*******г ангийн захирагчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/90 дүгээр тушаалаар тухайн албан тушаалаас нь чөлөөлсөн. Тухайн үед сувилагч Б.*******д хүний нөөцийн офицер хошууч H. а утсаар ярьж ээлжиндээ гар гэхэд хүний нөөцийн 2 пизда солиор та нар чадахгүй шүү, ангийн захирагчийн тушаал юу юм гэж ам хэлээр доромжилсон нь төрийн албан хаагчид байх ёсгүй ноцтой зөрчил мөн. Хүний нөөцийн офицер Н.а Б.*******д доромжлууллаа гэж албаны дарга, ангийн захирагчид ямар аймаар хүн вэ гэж илтгэсэн бөгөөд цаашид энэ хүнд пизда гэж хэлүүлж загнуулснаар гомдолтой байгаагаа ангийн захирагчид хэлж гомдоллосон. Ангийн захирагч хурандаа Ш.*******а миний бие төрийн алба, ******* хүчин, ******* *******ий ******* дугаар ангид ёс зүйгүй, ухамсаргүй, хамт олны дунд нэр хүндгүй, хамт олныг үг хэл, сэтгэл санаагаар дарамталдаг албан хаагчийг ажиллуулах боломжгүй болно. Энгийн Б.*******г ажлаас халснаар ангийн хамт олны дунд хов жив дарагдаж эмнэлгийн албаны ажлын бүтээмж, хамт олны гар нийлэмжтэй ажиллагаа, ажлын бүтээмж, байлдааны жижүүрлэлтийн бие бүрэлдэхүүний эрүүл мэнд, үзлэгийн хяналт эрс дээшилсэн гэж үзэж байна. Хүний нөөцийн офицер Н.а энгийн Б.*******д ажлаас халах, сонсох ажиллагаа явуулах гэсэн боловч танилцаагүй, гарын үсэг зураагүй явсан. Жич: Б.******* нь өмнө нь ангийн захирагчийн зөвлөл, Ёс зүйн хорооны хурлаар орж сануулах шийтгэл авч байсан нь давтагдаж цаашид ангид ажиллах боломжгүй болно гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* *******ий ******* дугаар ангийн захирагчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/90 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.*******г урьд эрхэлж байсан тус ангийн сувилагчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийн ******* *******ий *******-р ангиас нэхэмжлэгч Б.*******гийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,939,296 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 206,979 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******а давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Б.*******гийн нэхэмжлэлтэй ******* *******ий ******* дугаар ангид холбогдох иргэний хэрэгт Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 140/ШШ2024/00484 дугаартай шийдвэрийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ******* *******ий ******* дугаар ангийн захирагчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/90 дугаар тушаалыг хүчингүй болгох гэжээ. Захиргааны ерөнхий хуульд Захиргааны актыг Захиргааны байгууллага эсвэл захиргааны хэргийн шүүх хүчингүй болгохоор хуульчилсан бөгөөд хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт "Хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон" гэж заасан бөгөөд ажилд эгүүлэн тогтоох тухай шийдвэрлэхээс бус тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 140/ШШ2024/00484 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоорондоо эвлэрэх санал гаргасан байгаа. Тийм учраас эвлэрлийг баталгаажуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан цалингийн олговор 11 сая 993 мянга 296 төгрөгөөр шийдсэн байгаа. Энийг 70 хувь буюу 8 сая 357 мянга 307 төгрөгөөр хоорондоо эвлэрч байгаа. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна. 8 сая 357 мянга 307 төгрөгөөс нийгмийн даатгал төлүүлэх гэсэн байдлаа,р талууд хоорондоо тохиролцсоны үүднээс эвлэрсэн байгаа. 2024 оны 12 сарын 30-ний өдөр хүртэлх ажиллаж байсан 5 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг 8 сая 357 мянга 307 төгрөгөөс зохих журмын дагуу суутгуулах шаардлагыг тохирсон байгаа. Маргаан бүхий захирагчийн тушаалыг хүчингүй болгуулахаар харилцан тохиролцсон. ... ангийн захирагчийн тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх гэсэн 4 шаардлага байгаа. Дөрвөн шаардлагын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байгаа. Цалин хөлсний асуудал дээр 8 сая 357 мянга 307 төгрөгөөс нийгмийн даатгал төлүүлэх гэсэн байдлаар талууд хоорондоо тохиролцож эвлэрсэн гэв.
Нэхэмжлэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хоорондоо эвлэрэх саналыг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хоорондоо эвлэрэх саналыг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ :
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* *******ий ******* дугаар ангийн захирагч Ш.*******ад холбогдуулан захирагчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/90 дугаартай тушаалыг хүчингүй болгож, сувилагчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 11.939.296 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан байна.
3. Нэхэмжлэгч Б.******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд ******* *******ий ******* дугаар ангийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 11.939.296 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 8.357.307 төгрөг болгон багасгаж, уг мөнгөнд бодогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шитгэлийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нөхөн төлүүлэх,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******а нь Б.*******г ажлаас чөлөөлсөн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаа хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.*******д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8.357.307 төгрөг өгөх, уг мөнгөн дүнд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр талууд эвлэрэн хэлэлцсэн болох нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
4. Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигчид эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрсэн үнийн дүн болох 8.357.307 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж бодож, нэхэмжлэгч хариуцагч нарт хувааж хариуцуулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.6, 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан ТОГТООХ нь
1.Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 140/ШШ2024/00484 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.******* нь ******* *******ий ******* дугаар ангийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 11.939.296 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 8.357.307 төгрөг болгон багасгаж, уг мөнгөнд бодогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нөхөн төлүүлэх, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******а нь Б.*******г ажлаас чөлөөлсөн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаа хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.*******д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8.357.307 төгрөг өгөх, уг мөнгөн дүнд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.*******гаас 74.333 төгрөг, ******* *******ий ******* дугаар ангиас 74.333 төгрөг, тус бүр гаргаж, улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Магадлалд нэхэмжлэгч, хариуцагч нар нь гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.АРИУНБАЯР