Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 462

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

          Улсын яллагч П.Ганбаатар,

          Хохирогч Б.Баасанжаргал, түүний өмгөөлөгч Л.Батаа,

          Шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн   хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 28 настай, дээд боловсролтой, Олон Улсын харилцаа, дипломат мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, нөхөр, хүүхдийн хамт Ж.Д,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

      Шүүгдэгч Ж.Д нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд иргэн Б.Баасанжаргалтай СБД-151 дугаартай зээлийн гэрээ байгуулж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 15.800.000 төгрөгийг зээлийн гэрээгээр халхавчилж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэв.

           Хохирогч Б.Баасанжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө Ж.Д нилээд хэдэн хоног мессеж бичсэн. Би завгүй байж байгаад нэг өдөр уулзахад хайлаастад объект зарж байгаа тэрний мөнгөө гарахаар нь өгнө. Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд үл хөдлөхтэй гээд нилээд хэдэн үл хөдлөхтэй гэж ярьж байсан. Эмх цэгцтэй яриатай, хүнийг залилахааргүй царайтай төлөв даруухан охин байсан болохоор их итгэл үнэмшил төрүүлсэн. Тэгээд зээлийн гэрээ байгуулъя гээд байхаар нь гэрээ байгуулаад 15.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа эмээ нас барчихлаа гээд 800.000 төгрөг зээлсэн. Японоос ах ирж байгаа мөнгө ахын дансанд байгаа гээд яриад байсан. Тэгэж явсаар байгаад 2 сарын дараа цагдаагийн байгууллагад хандсан. Тэр хооронд холбоотой утсаар яриад мессеж бичээд явж байсан. Яг үнэндээ Японоос ах нь ирээгүй. Хайлаастад ямар ч объект зараагүй байсан. Өнөөдөр 5.000.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 10.800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн энэ хүнд тохирсон ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэв.

 

          Эрүүгийн   хэргээс:

          Хохирогч Б.Баасанжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Анх зээл чөлөөлнө гэсэн зар байршуулсан байсны дагуу Ж.Д нь надтай утсаар холбогдон ирж уулзаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай үйлдвэрлэлийн зориулалтай обьектоо зарсан байгаа худалдаж авсан хүн нь Ариг банкаар дамжуулан зээл авч байгаа бөгөөд мөнгө нь 14 хоногийн дотор орж ирэх ёстой юм, мөнгө орж ирэх хүртлэх хугацаанд надад яаралтай мөнгө хэрэгтэй байна, аавдаа машин худалдан авч өгөх гэсэн юм, машины ченж хийдэг таньдаг хүн маань “Лексус 470 маркийн автомашин хүнээс боломжийн үнээр худалдаж авах боломж байна, мөнгө төгрөгөө хурдхан олж ирээд авахгүй бол хүн авах гээд байна” гэж хэлсэн. Энэ үгэнд нь итгэл үнэмшил төрөөд Ж.Д-д ямар нэгэн барьцаа хөрөнгөгүйгээр мөнгө зээлдүүлсэн юм. Мөн Ж.Д нь “үл хөдлөх хөрөнгийн арилжаа хийдэг, хямд үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад зах зээлийн үнэ ханшинд нийцүүлэн зарж ашиг олдог. Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 2 өрөө орон сууцыг 35.000.000 төгрөгөөр худалдаж авсан, буцаагаар зарчихмаар байна. ...бага зэрэг санхүүгийн асуудалтай байгаа гэж хэлэхэд нь маш их итгэж найдсан.

          Тухайн үед 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ж.Д-д нийт 15.000.000 төгрөгийг өдрийн 250.000 төгрөгийн хүүтэйгээр тооцон 10 хоногийн хугацаатай зээлдүүлсэн бөгөөд зээл төлөх хугацаа дуусахад дахин 6 хоногийн хугацаагаар нэмж сунгамаар байна гэхээр нь анх өгсөн 15.000.000 төгрөгөн дээрээ 10 хоногийн хүү 2.500.000 төгрөгийг нэмж тооцоод 17.500.000 төгрөгийг 6 хоногийн хугацаатай хүүнд нь 1.500.000 төгрөг тооцож нийт 19.000.000  төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр буцаан авахаар 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулан Ж.Д-д өгсөн. Үүний дараа Ж.Д надаас нэмж 800.000 төгрөгийг гачигдал тохиолдсон мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд авсан. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

          Яллагдагч Ж.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Баасанжаргал гэж хүнээс бодитоор 15.000.000 төгрөгийг өөрийн ээж Оюунсүрэнгийн 5042068522 дугаартай ХААН банкны дансаар шилжүүлсэн авсан. Тухайн үед өдрийн 250.000 төгрөгийн хүү тооцож өгөхөөр тохирсон байсан. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүү алдангийн төлбөр нийлээд үндсэн 15.000.000 төгрөг 19.000.000 төгрөг өгөхөөр болж гэрээ байгуулсан. Дараа нь Б.Баасанжаргалаас 800.000 төгрөгийг гачигдал тохиолдсон гэж зээлж авсан. ...нийт 15.800.000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127 дугаар хуудас/,

          Гэрч Н.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Баасанжаргал гэх эмэгтэй надтай уулзаад “танай охин Ж.Д надаас мөнгө зээлж аваад өгөхгүй байна” гэж хэлж уулзсан цагаас хойш л Б.Баасанжаргал гэх хүнээс 15.000.000 төгрөг Ж.Д-г зээлж авсан талаар мэдсэн. ...Ж.Д ер нь ажил хийлээ, цалин мөнгө авлаа гэж гэрт нэг ч төгрөг авчирч байсан удаа байхгүй. Манай ах дүүсээс сүүлийн жилүүдэд Япон Улсаас ирж байсан хүн нэг ч байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 136 дугаар хуудас/,

 

          Гэрч Д.Оюунсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай охин Ж.Д нь их сургууль төгссөнөөсөө хойш хувиараа хөдөлмөр эрхлээд  яваад байгаа бөгөөд яг нэг тогтсон ажил байхгүй. Одоогоор ажил хөдөлмөр эрхлээгүй гэртээ байгаа. ...Манай гэр бүлийн тухайд ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө 2015, 2016, 2017, 2018 онуудад худалдаж авсан асуудал байхгүй. Мөн үл хөдлөх эд хөрөнгө зарж худалдахаар бусад хүмүүстэй ярьж тохирсон асуудал байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 137 дугаар хуудас/,

 

          Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, баримтууд /хх-ийн 51-61 дүгээр хуудас/,

          Ж.Д-гийн дансны лавлагаа /хх-ийн 62-102 дугаар хуудас/,

          Эрүүгийн 1809021001294 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

          Гэрч Л.Гантөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.Д-тэй 2016 оноос хойш хайр сэтгэлийн дотно холбоотой үерхэж найзалж нөхөрлөж байна. ...Ж.Д нь ааш зан сайтай, дөлгөөн зантай, хүнд тусархуу, өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

          Гэрч Н.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Охин Ж.Д нь их үг дуу цөөнтэй хүн байгаа юм. Ямар нэгэн этгээд зан авир ааш гаргаад байдаггүй, томоотой хүүхэд...” гэх мэдүүлэг /хх-ийн 136 дугаар хуудас/,

                   Ж.Д-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 105 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа /хх-ийн 108 дугаар хуудас/, хуулийн этгээд бүртгэлгүй гэх лавлагаа /хх-ийн 111 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 114 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 117 дугаар хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 118 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 119 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 120 дугаар хуудас/, жолоочийн үнэмлэхний лавлагаа /хх-ийн 121 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Ж.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Ж.Д нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “үйлдвэрлэлийн зориулалттай обьектоо зарсан, худалдан авсан хүн нь Ариг банкнаас зээл авч байгаа, мөнгө орж ирэх хүртэлх хугацаанд мөнгө яаралтай хэрэг болоод байна, аавдаа Лексус 470 автомашин авч өгөх гэсэн юм” гэж итгүүлэн хохирогч Б.Баасанжаргалтай СБД-151 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөг, 2018 оны 03 сарын 28-нд “эмээ нас барж гачигдал гарсан” гэж 800.000 төгрөг нийт 15.800.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Д нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч Б.Баасанжаргалд 15800000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

          Шүүгдэгч Ж.Д-гийн гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээс гадна хавтаст хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

         

          Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

          Шүүгдэгч Ж.Д нь “...хохирогч Б.Баасанжаргалд 5.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн байх тул  хохирол 10.800.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

         

          Шүүгдэгч Ж.Д-гийн өмгөөлөгч Д.Чинзориг гаргасан дүгнэлтдээ...”гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Баасанжаргалд хохирол төлөхөө илэрхийлж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

          Учир нь: шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хэдий ч хохирогчтой ямар хугацаанд хэрхэн төлөх талаар зөвшилцөөгүй, шүүхэд нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтээ бичгээр ирүүлээгүй байна.

 

             Шүүх шүүгдэгч Ж.Д-д ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

             Шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Д-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Д-г 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-гээс 10.800.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Баасанжаргал /РД:ЧД84092961/-д олгосугай.

 

5. Шүүгдэгч Ж.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

                       

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ