| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2024/03978/И |
| Дугаар | 210/МА2025/00174 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/00174
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/05061 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох,
Гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, лицензийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: *******" ХХК нь Дорноговь аймгийн ******* нэртэй газар шохойн чулууны ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийг 2018 оны 03 сарын 06-ны өдрөөс эзэмшиж эхэлсэн. Уг талбайд бал чулууны илэрц бага хэмжээгээр илэрсэн бөгөөд нэмэлт хайгуулын ажил хийхээр хөрөнгө оруулагч хайж эхэлсэн. Ингээд ******** гэх хүнтэй холбогдож БНСУ-аас хөрөнгө оруулалт хийж, дараах нөхцлөөр хамтран ажиллахаар болсон. Үүнд:
1.Шохойн чулууны ашигт малтмалын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд БНСУ-ын иргэн ****** бал чулууны хайгуулын ажил гүйцэтгэж, хяналтын өрөм тавих, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хөрөнгө оруулалт хийж, бүрэн хариуцах,
2.Хайгуулын хөрөнгө оруулалтын барьцаанд ******* ХХК-ийн эзэмшиж буй шохойн чулууны ашигт малтмалын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг түр хугацаанд ******* ХХК-д шилжүүлж, барьцаалах,
3.Шилжүүлэн авсан хугацааны шохойн чүлууны ашиглалтын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг ******* ХХК хариуцах, холбогдох тайлан мэдээллийг төрийн байгууллагад гаргаж өгөх, тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах, хугацааг сунгуулж байх,
4. Тусгай зөвшөөрлийг түр шилжүүлж, барьцаалах хугацаанд лицензийн эрхээ хамгаалах зорилгоор ******* ХХК-ийн 30 хувийн хувьцааг ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* эзэмших,
5. Бал чулууны нөөцийг баталгаажуулсаны дараа бал чулууны ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, бусдад худалдах эсхүл хөрөнгө оруулж, хамтран уурхай ажиллуулах,
6. Бал чулууны нөөц илрээгүй, шаардлага хангаагүй тохиолдолд эсхүл хөрөнгө оруулалт хийгдэхгүй байх, бусдад худалдах боломжгүй тохиолдолд шохойн чулууны тусгай зөвшөөрлийг буцаан ******* ХХК-д шилжүүлэх, ******* ХХК-ийн 30 хувийн хувьцааг *******т буцаан шилжүүлж өгөх гэсэн тохиролцоо хийгдсэн болно.
Дээрхээс дүгнэвэл, хөрөнгө оруулагчдын шаардлагаар тусгай зөвшөөрлийг барьцаалах зорилгоор талуудын хооронд 2021 оны 04 сарын 22-ны өдөр техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх 11/88 тоот гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно гэж заасан ба энэ нь нэг мөр шилжүүлэх ойлголт юм.
Харин талуудын хооронд байгуулсан гэрээнд түр шилжүүлэх, гэрээ дуусах хугацаа, буцаан шилжүүлэх нөхцлүүд тусгагдсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Мөн уг хэлцэл нь лиценз барьцаалах зорилгоор анх шилжүүлсэн буюу талууд гагцхүү хөрөнгө оруулж бал чулууны хайгуулын нэмэлт ажил гүйцэтгэж, илэрц хангалттай сайн тохиолдолд хөрөнгө оруулж, уурхай байгуулж хамтран ажиллах, илэрц илрээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн шохойн чулууны ашиглалтын лицензийг буцаан шилжүүлэх зорилгоор гэрээ байгуулж шилжүүлсэн ба анхнаасаа дурдсан лицензийг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй байна.
Иймд, талуудын барьцааны гэрээг халхавчлах зорилгоор нэг мөр эзэмшилд шилжүүлэх хүсэл зориггүйгээр шохойн чулууны ашигт малтмалын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг хариуцагчид шилжүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл болно.
******* ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д шилжүүлснээс хойш хариуцагч компани гэрээнд заасны дагуу ашиглалтын талбайд хяналтын өрөм тавьж, нэмэлт хайгуулын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд бал чулууны агуулга хангалттай гэсэн сайн үр дүн гарсан гэж амаар, е-мэйлээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагч олох, уурхайг ашиглах, лицензийг эргэлтэнд оруулах ажиллагаа огт хийгээгүй, шаардлага хангасан бүрэн, бодитой мэдээлэл, баримт бичгийг нэхэмжлэгчид өгдөггүй, энэ асуудлаар уулздаггүй ба хамтран ажиллах явцдаа итгэл эвдэж, хууран мэхлэх байдлаар бидний шохойн чулууны ашиглалтын лицензийг үхмэл байдалд байлгаж байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Түүнчлэн 2021 оны 04 сарын 22-ны өдөр байгуулсан техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ нь ******* ХХК-ийн захирал байсан *******ийн ******* ХХК-иас зээлсэн 200,000 ам.долларын зээлийн гэрээний барьцаа болгож хийсэн гэрээ гэж бид үзэж байгаа.
Иймд, ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2021 оны 04 сарын 22-ны өдөр байгуулагдсан техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоон, лицензийг ******* ХХК-д буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК-ийн хөрөнгө оруулагч БНСУ- иргэн ****** болон ******* компани нь шохойн чулууны ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч *******тай харилцан тохиролцож Дорноговь аймгийн ******* нэртэй ашигт малтмалын ашиглалтын ******* тоот лицензийг нь шилжүүлэн авах, улмаар цаашид хөрөнгө оруулалтыг Солонгос талаас бүрэн-хариуцан ажиллах, лиценз шилжүүлэн авч буй ******* ХХК-ийн 30 хувийн хувьцааг үнэ төлбөргүйгээр ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******т эзэмшүүлэхээр харилцан тохиролцсон.
Талууд анхнаасаа лицензийг түр шилжүүлэх талаар тохиролцоогүй бөгөөд анх 2021 оны 02 сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан боловч техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болоогүй гэх үндэслэлээр тус гэрээгээр лицензийн шилжилтийг хийлгээгүй. Улмаар техник эдийн засгийн үндэслэл бэлэн болсны дараа талуудын хооронд маргаан бүхий 2021 оны 04 сарын 22-ны өдөр техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх 11/88 тоот гэрээ байгуулахдаа түр шилжүүлэх гэдэг үг оруулсан байсан. Энэхүү гэрээг байгуулахдаа талуудын хүсэл зориг анх тохиролцсоноороо буюу лицензийг шилжүүлэх, шилжүүлэн авсан компанийн 30 хувийн хувьцааг үнэ төлбөргүйгээр *******т шилжүүлэх, хөрөнгө оруулалтыг Солонгос тал бүрэн хариуцах гэсэн агуулгаар байгуулагдаж, түүний дагуу бүх шилжилт хөдөлгөөнүүд хийгдсэн болно.
Тохиролцсон ёсоор ашигт малтмалын ашиглалтын ******* тоот лиценз ******* ХХК-д 2021 оны 05 сарын 10-ны өдөр шилжсэн. Мөн ******* ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигчээр ******* бүртгэгдсэн бөгөөд одоо ч хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа. ******* ХХК-ийн Солонгос талын хувьцаа эзэмшигч нарын зүгээс тохиролцсон ёсоор өнөөдрийг хүртэл хайгуул, баяжуулалт хийж үйл ажиллагааны бүх зардпыг гаргаж хөрөнгө оруулалтыг тасралтгүй хийсээр байна.
******* ХХК нь түр шилжүүлэх нөхцөлтэй гэрээ байгуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т заасныг зөрчиж байгаа тул хууль зөрчсөн хэлцэл гэж тайлбарласан ба Ашигт малтмалын хуулийн дээрх заалтаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэх боломжийг нээж өгсөн болохоос түр эсвэл бүрмөсөн шилжүүлэх талаар нарийвчлан зохицуулаагүй, түр шилжүүлэх нөхцөлтэй гэрээ байгуулж болохгүй гэсэн хориглосон заалт биш. Тиймээс талуудын хооронд 2021 оны 04 сарын 22-ны өдөр байгуулагдсан техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх 11/88 тоот гэрээ нь хууль зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хамаарах хэлцэл биш.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүй, зөвхөн уг хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл юм. Нэхэмжлэгч тал лицензийг барьцаанд тавих зорилгоор шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд үүссэн ямар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавьсан талаар огт дурьдаагүй, талуудын хооронд үүрэг үүсээгүй байхад лицензийг барьцаалах зорилгоор шилжүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй.
Талууд анхнаасаа харилцан ашигтай хамтран ажиллахын тулд лицензийг шилжүүлэх, бал чулууны нөөцийг баталгаажуулах, улмаар олборлохтой холбоотой бүхий л хөрөнгө оруулалтыг Солонгос талаас бүрэн хариуцах, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* нь лицензийг шилжүүлэн авсан ******* ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмшиж, үр шимийг нь хүртэх, ******* ХХК-ийн зүгээс *******т 200,000 ам долларыг шилжүүлэх, энэхүү төлбөрийг ирээдүйд компаниас авах ноогдол ашгаар хаахаар тохиролцож, энэ дагуу өнөөдрийг хүртэл бүх үйл ажиллагаа явагдаж байгаа. ******* ХХК нь лицензийг шилжүүлэн авснаас хойш нэмэлт хайгуул, өрөмдлөгийн ажлуудыг хийж, баталгаажуулан, уурхай нээхээр тасралтгүй ажиллаж байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* ХХК-д холбогдох талуудын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, лицензийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,512,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
4.1. Анхан шатны шүүх ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан Техникийн мэдээлэл худалдах худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл биш, уг гэрээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь заалтад заасан зохицуулалтад нийцсэн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтад заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Талуудын хооронд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалтыг үндэслэн байгуулагдсан гэрээг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь заалтын зохицуулалтад нийцсэн гэж дүгнэсэн нь хуулийн зохицуулалтыг түүний агуулга, зорилгод нийцүүлэн оновчтой хэрэглэж чадаагүй, илтэд хууль зөрчсөн хэлцлийг үндэслэлгүйгээр хуульд нийцсэн гэж дүгнэсэн.
Талуудын байгуулсан гэрээний нэгдүгээр зүйл буюу Ерөнхий зүйл хэсэгт талууд уг гэрээг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зуйлийн 49.2 дахь заалтыг үндэслэн байгуулж байгаа талаар, 3.1-д ******* ХХК нь ******* ХХК-д уг гэрээний дагуу ******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хийгдсэн судалгааны болон хайгуулын ажлын материалыг шилжүүлэх талаар, 3.2-д ******* ХХК нь ******* ХХК-д уг гэрээний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг буюу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг шилжүүлэх талаар, 3.6-д ******* ХХК нь ******* ХХК-д тусгай зөвшөөрлийг түр шилжүүлж байгаа бөгөөд ******* ХХК нь тусгай зөвшөөрлийн талбайд хяналтын өрөм тавьж дууссанаар тусгай зөвшөөрлийг түр шилжүүлсэн хугацаа дуусгавар болох талаар тус тус маш тодорхой заасан байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх заалтад Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байдаг.
******* ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан Техникийн мэдээлэл худалдах худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ-ний дээр дурдсан заалтуудаас үзэхэд ******* ХХК нь ******* ХХК-тай гэрээ байгуулан тусгай зөвшөөрлийг түр шилжүүлж, түр шилжсэн хугацаанд ******* ХХК нь олж авсан эрхийг ашиглан тусгай зөвшөөрлийн талбайд өрөм тавьж хайгуул хийх зорилгоор уг гэрээг байгуулсан, хайгуулын үр дүнгээс шалтгаалан талуудын цаашдын харилцаа тодорхойлогдох байсан болох нь тодорхой байхад анхан шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлтийг хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.11 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг, Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах журам болон холбогдох бусад хууль, дүрэм, журам, заавар, стандартаар уурхайг барьж байгуулах, ашиглалтад хүлээн авахтай холбоотой харилцааг зохицуулсан байдаг. Талуудын хооронд дээрх хууль, дүрэм, журам, зааврын дагуу барьж, ашиглалтад оруулсан ямар нэгэн уурхайг худалдах худалдан авах харилцаа үүсээгүй, зөвхөн тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул хийх боломж олгох үүднээс тусгай зөвшөөрлийн талбайд өмнө хийгдсэн судалгааны болон хайгуулын ажлын материалыг, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийн хамт шилжүүлж, тусгай зөвшөөрлийн талбайд хяналтын өрөм тавьж дууссанаар тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэх тохиролцоо хийгдсэн байдаг. Шүүх гэрээг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь заалтад нийцсэн гэж дүгнэхдээ талууд хэзээ, ямар журмаар ашиглалтад орсон уурхайг ямар техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамтаар худалдах худалдан авахаар талууд тохиролцсон, энэ нь ямар баримтуудаар нотлогдож байгаа талаар шийдвэртээ огт дурдаагүй, хэрэгт энэ талын ямар нэгэн баримт материал, нотлох баримт байхгүй тул дурдах ч боломжгүй юм.
4.2. Гэрээ байгуулагдсан цаг хугацаатай давхцуулан ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ******* нь ******* ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч болох тохиролцоог хийсэн, улмаар тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн, *******аас гадна БНСУ-ын хуулийн этгээд ******* компани, БНСУ-ын иргэн *******, Монгол Улсын Иргэн ******* нарын хооронд Хувьцаа эзэмшигчдийн гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх компанийн хувьцааг хамтран эзэмшихээр тохиролцсон, уг тохиролцооны дагуу хувьцааг хамтран эзэмшиж байсан болон байгаа нөхцөл байдлыг тодруулан, талууд ямар учраас Техникийн мэдээлэл худалдах худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ-ний нэг тал болох ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчэзр нөгөө тал болох ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлыг, мөн бусад гадаад дотоодын иргэн хуулийн этгээдүүдийг бүртгэхээр тохиролцсон болохыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байсан. Гэвч энэ талаар ямар нэгэн тодруулах ажиллагаа хийгээгүйгээс маргааны үйл баримт хангалттай тогтоогдоогүй ба энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй бас нэг шалтгаан болсон.
4.3. Тус гэрээ нь гэрээний стандарт нөхцөлийг хангаагүй ба стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. ******* ХХК болон ******* ХХК-ний хооронд байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11/88 дугаартай Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл худалдан шилжүүлэх гэрээ нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн хэлцэл бөгөөд эдийн засгийн хувьд маш хохиролтой хэлцэл юм. Гэрээнд ******* ХХК-ний гүйцэтгэх захирал ******** болон ******* ХХК-ний гүйцэтгэх захирал ******* нар нь зурсан байх ба тус гэрээнд гарын үсэг зурах, Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл худалдан шилжүүлэх гэрээг байгуулах эрхийг ******* ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч, мөн ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар олгоогүй байхад гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн байна. ******* ХХК-ийн 51 хувийн хувьцааг Мон мениралс майнинг энд трейд ХХК эзэмшдэг.******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь огт мэдэгдэл зөвшөөрөл авалгүйгээр гэрээ байгуулсан байна. Мөн ******* ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч нь БНСУ-ын иргэн байдаг ба тус иргэний зөвшөөрлийг авалгүй хэлцлийг хийсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхээр байна.
Иймд Баянзүрх дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04- ний өдрийн 101/ШШ2024/05061 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжпэлийг хангаж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар хэлцлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримтыг бүрэн судалж, хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэдгийг ямар учраас тодруулж хэлж байгаа вэ гэвэл нэхэмжлэгч анхнаасаа хууль зөрчсөн, өөр хэлцлийг халхавчилж хийсэн гэх хоёр үндэслэлийн талаар ярьдаг. Хууль зөрчсөн хэлцэл ямар байх ёстой талаар Улсын Дээд шүүх тайлбарласан. Шүүхийн практикт тогтмол хэрэглэгдэж байгаа асуудал. Хуулийн ямар хориглосон хэм хэмжээг зөрчсөн юм, хуулийн шаардлагыг хангаагүй ямар нөхцөл байдал үүссэн талаар дүгнэлт хийх ёстой.
Талуудын маргаан бүхий 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээ хуулийн ямар шаардлага, хориглосон хэм хэмжээг зөрчсөн талаар асуухад нэхэмжлэгч тал Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.3 дахь хэсгийг ярьдаг. Уг хуулийн зохицуулалт нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх эрхийг нээж өгсөн. Ямар нэгэн байдлаар түр болон нэг мөр шилжүүл гэсэн нарийн зохицуулалт байхгүй. Шилжүүлж болох эрхийг нь нээж өгсөн зохицуулалт. Түр шилжүүлж болохгүй гэж хориглосон заалт байхгүй. Талууд хоорондоо тохироод хийх хэлцэл нь Иргэний эрх зүйн үндсэн харилцаа болон гэрээний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах ёстой. Түр гэдэг үг орсон учраас хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч хуульд түр шилжүүлж болохгүй гэсэн хориглолт байхгүй. Иргэний хуульд болзол тавьж гэрээ хийж болох нөхцөл нь хуулиараа нээлттэй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан нөхцөл байдал талуудын хооронд үүсээгүй гэдгийг нотлох баримтын хүрээнд зөв дүгнэсэн.
Хэрэгт 2021 оны 02 сард гэрээ байгуулагдсан боловч техник эдийн засгийн үндэслэл эцэслэгдээгүй гэх үндэслэлээр лиценз шилжээгүй учраас 4 сард гэрээ хийгээд лицензийг шилжүүлсэн үйл баримт байгаа. 4 сард байгуулсан гэрээнд түр гэх үг орсон. Үүний дагуу нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхийг анхан шатны шүүх хөндөөгүй.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор гэж хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа боловч халхавчилж байгаа, халхавчлуулж байгаа гэх хоёр хэлцэл байх ёстой. Халхавчлуулж буй хэлцэл нь аль юм бэ гэхээр ерөнхий барьцааны гэрээг ярьдаг. Ашигт малтмалын лицензийг барьцаалах зохицуулалт нь хуулиараа зохицуулалттай. Талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй. Өөр хэлцлийг халхавчилсан зүйл байхгүй. Үүнийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Талуудын хооронд ямар хэлцэл хийгдсэн бэ гэвэл ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* нь хуулийн этгээдийнхээ өмнөөс шийдвэр гаргах бүрэн эрхтэй тул хоёр хуулийн тэгээд гэрээ хийж, 30 хувийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн үйл баримт хэрэгт тодорхой байгаа. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч компанийн захирал ******* ямар эрх үүрэг хэрэгжүүлэх боломжтой вэ гэвэл хариуцагч компанийн 30 хувийн эзэмшигч *******ийн эзэмшиж байгаа хувьцааг өв залгамжлалаар эзэмшиж цаашид хамтран ажиллах гэрээний дагуу ажиллах эсэх нөхцөл байдлыг тусдаа ярих эрх нээлттэй. Анхан шатны шүүхээс түр шилжүүлэх байсан юм бол яагаад 30 хувийн хувьцааг авч байгаа юм, яагаад маш хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан талаар цаг хугацааны хувьд зөв дүгнэсэн. Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр. Иймд, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Талууд 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Техникийн мэдээлэл худалдах, худадан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК нь Дорноговь аймгийн ******* нэртэй газарт өөрийн эзэмшдэг ашигт малтмалын ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийг, тус талбайд хийгдсэн судалгааны болон хайгуулын ажлын бүх материалын хамт хариуцагч ******* ХХК-д түр шилжүүлэхээр, хариуцагч ******* ХХК нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойшхи хуульд заасан үүргийг хүлээж, төлбөр тооцоотой холбоотой асуудлыг бүрэн хариуцах, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгуулах үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд гэрээний хугацааг тусгай зөвшөөрлийн талбайд хяналтын өрөм тавьж дуусах хүртэл байхаар харилцан тохиролцжээ. Гэрээнд ******** ХХК-ийг төлөөлж захирал *******, ******* ХХК-ийг төлөөлж захирал ******** нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 10-11/
Хариуцагч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээгээр компанийн хувьцааны 51 хувийг ******, 30 хувийг нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал *******, 19 хувийг ******* тус тус эзэмшихээр тохиролцсон. Мөн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн гэрээнд хувьцаа эзэмшигчид ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу бал чулууны нөөц тогтоох хайгуулын үйл ажиллагаа явуулах, хайгуулын үр дүнг харгалзан дээрх тусгай зөвшөөрлийг ашиглан уурхай байгуулахаар тохиролцсон талаар тусгажээ. /хх-ийн 15-22, 30-36/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* ХХК нь маргаан бүхий ******* тоот тусгай зөвшөөрлийг хариуцагч ******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлснээр, нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал ******* нь хариуцагч ******* ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч болсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгч ******** ХХК нь хариуцагч ******* ХХК-д өөрийн эзэмшлийн ******* тоот тусгай зөвшөөрлийг, хариуцагч нь нэхэмжлэгч компанийн захирал *******т 30 хувийн хувьцааг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн хуулбар, хариуцагч ******* ХХК-ийн дүрэм зэргээр тогтоогджээ. /хх-ийн 61-70/
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Техникийн мэдээлэл худалдах, худадан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т тус тус зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул гэрээгээр шилжүүлсэн тусгай зөвшөөрлийг хариуцагч буцаан шилжүүлэх үүрэгтэй гэх агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлд хамаарахгүй гэж татглазсан байна.
6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар тус тус зохицуулсан. Нэхэмжлэгч нь талуудын байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 болон Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж тайлбарлажээ.
Дээрх хуульд заасан хууль зөрчсөн гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлэх ба талуудын байгуулсан гэрээнд эдгээр үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал, Иргэний хуулийн 274.3 дахь хэсэгт Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна. гэж, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно. гэж тус тус заасан ба хуулийн эдгээр зохицуулалт нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг түр, эсхүл бүр мөсөн шилжүүлэх талаар хориглосон үндэслэлийг агуулаагүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-иас *******ийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зээлдэж авсан 200,000 ам.долларын барьцааны гэрээг халхавчлах зорилгоор 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг байгуулсан гэх боловч үүнийг няцаасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Мөн, нэхэмжлэгч талаас шүүхийн хэлэлцүүлгийн явцад уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага зөрчсөн буюу бусад хувьцаа эзмшигчдийн зөвшөөрлийг аваагүй гэж тайлбарласан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Иймд, талуудын байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн техникийн мэдээлэл худалдах, худадан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул шүүх гэрээг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь заалтад нийцсэн гэж дүгнэхдээ нотлох баримтыг дурдаагүй, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлыг хариуцагч ******* ХХК-ийн 30 хувийн эзэмшигчээр бүртгэхээр тохиролцсон үйл баримтыг тодруулаагүй, гэрээ байгуулахдаа бусад хувьцаа эзмшигчдээс зөвшөөрөл аваагүй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/05061 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,512,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧ Т.БАДРАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ