Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 468

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч: Х.Еркебулан,

Шүүгдэгч: Л.О/өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.О-т холбогдох эрүүгийн  хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, нөхөр, ах, хүүхдийн хамт Л.О,   

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Л.О нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Өргөө-2 кино театрын байранд байрлах Мобикомын салбарт хохирогч О.Мягмаржавын гээсэн “Эл Жи К-10” загварын гар устыг түүний өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 359.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.О нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Л.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Л.О нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Өргөө-2 кино театрын байранд байрлах Мобикомын салбарт хохирогч О.Мягмаржавын гээсэн “LG-k10” загварын гар утсыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 359.400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

                                                                                                                       

Шүүгдэгч Л.О нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч О.Мягмаржавд 359.400 төгрөгийн хохирол учирсан байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь зөв байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.О-н гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Эрүүгийн   хэргээс:

            Хохирогч О.Мягмаржавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 11 дүгээр сарын 18-ны 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө-2” кино театрт үйл ажиллагаа явуулдаг Мобикомын салбарт өөрийн 94954942 дугаарын мессеж зээлийг төлөхөөр үйлчлүүлж байсан. Би төлбөрөө төлөхөөр 2 дугаарын теллерийн ширээн дээр өөрийн түрийвч, бичиг баримт, тамхиа тавьсан. ...гүйлгээ дуусаад ширээн дээр байсан эд зүйлээ авсан. “Өргөө-2” театрын гадна гараад дүү рүүгээ залгах гэтэл утас байхгүй байсан. ...теллерийн ширээн дээр орхисноо мэдээд эргэж ортол гар утас ширээн дээр байгаагүй ба салбарын ажилтнуудаас асуухад таны дараа үйлчлүүлсэн хүн аваад явсан байх гэж хэлэхээр нь хяналтын камерын өрөө рүү орж бичлэг үзсэн. ...миний дараа нэг намхан эгч тус теллер дээр очсон ба удалгүй босохдоо миний гар утсыг өөрийн гар утастайгаа давхарлан барьж аваад гарсан байсан. Миний гар утас алтан шаргал өнгөтэй, хар өнгийн хуванцар гэртэй, дэлгэц хэсэг нь их хэмжээний хагаралтай бусад хэсгээрээ ил харагдах сэв зураас гэмтэлгүй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

           

            Гэрч З.Тогтохбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Л.Онь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үед “Өргөө-2” кино театрын Мобикомын салбараас тухайн гар утсыг олсон гэж хэлж байсан. 2 хоногийн дараа кодыг нь гаргасан гэж авчирсан. Тэр утсыг нь нөхөр бид 2 сим картаа хийж ашигласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

            Гэрч Л.Батдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Л.О эгч 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр над руу  залгаад манайд орой хүрээд ир гэж хэлэхээр нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь очиход Эл Жи К-10 загварын нүүрэн хэсгийн дэлгэц нь цацраг хэлбэрээр хагарсан хар өнгийн резинэн гэртэй шаргал өнгийн гар утсыг өгөхөөр нь ...эхнэр Тогтохбаярт өгсөн. Тухайн үед надад гар утсыг олсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

           

            Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/, Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Иймд шүүгдэгч Л.О-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

            Эрүүгийн   хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Ял шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.О-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч Л.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Л.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.О нь хохирогч О.Мягмаржавын LG-k10 загварын гар утсыг хураалган өгсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эд мөрийн баримтаар LG-k10 загварын 1 ширхэг /нүүр нь хагархай/ гар утас хураагдан ирснийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2  дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4,5, дахь хэсэг, 36.10, 36.13, дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.О-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.           

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан Л.О нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Л.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Эл ЖИ К-10 загварын 1 ширхэг хагархай гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч О.Мягмаржавт буцаан олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.ТӨМӨРХҮҮ