| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/02964/И |
| Дугаар | 2193 |
| Огноо | 2016-03-16 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2193
| 2016 оны 3 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2016/02193 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол, ЭТӨЧ-ийн 54-12 тоотод оршин суух, регистр: ТЖ84043011, Дорги овогт Балдандоржийн Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3-р хороо, 2-р хороолол 65-94 тоотод оршин суух, регистр: СА83122318, Гөрөөчийн овогт Бямбажавын Анхбаярт холбогдох бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, 2014 оны 10-р сарын 15-ны өдөр компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Иргэн Б.Анхбаяр нь 2014-10-15-ны өдөр Вертекс Эсодик ХХК-ийн 70 ширхэг хувьцааг шилжүүлэн авч тус компанийн 70 хувийг эзэмших эрхтэй болсон. Харамсалтай нь үүнээс хойш ажлын болон мөнгө төгрөгнөөс Б.Анхбаяр нь Б.Мөнх-Эрдэнэтэй байнга маргаж, биед олон удаа гарч хүрч, хэл амаар маш их доромжилж, мессэжээр дарамталдаг болсон. Б.Анхбаяр нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон тул Иргэний хуулийн 280.1.1-д заасны дагуу бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, 2014 оны 10-р сарын 15-ны өдрийн компанийн дүрэмд орсон өөрчлөлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Анхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Анхбаяр миний бие Бэлэглэлийн гэрээгээр авсан Вертекс-Эсодик ХХК-ийн хувьцааг буцаан Б.Мөнх-Эрдэнэд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ нь Б.Анхбаярт холбогдуулан бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, 2014 оны 10-р сарын 15-ны өдөр орсон өөрчлөлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Б.Мөнх-Эрдэнэ нь “Вертекс-Эсодик” ХХК-ийг 2009 оны 12-р сарын 16-ны өдөр 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулж гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байжээ.
Б.Мөнх-Эрдэнэ нь 2014 оны 10-р сарын 15-ны өдөр иргэн Б.Анхбаяртай “Компаний эрх шилжүүлэх гэрээ” “Бэлэглэлийн гэрээ” байгуулж хувьцааныхаа 70 хувь буюу 700 000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг шилжүүлж, Б.Мөнх-Эрдэнэ нь 30 хувь, Б.Анхбаяр 70 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна.
Бэлэглэлийн гэрээ байгуулснаас хойш бэлэг хүлээн авагч Б.Анхбаяр нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх ба маргааны улмаас Б.Мөнх-Эрдэнэ компанийхаа үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа, цаашид бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцож хувьцаа буцааж шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч Б.Анхбаяр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.Мөнх-Эрдэнэ, Б.Анхбаяр нарын хооронд байгуулагдсан 2014 оны 10-р сарын 15-ны өдрийн “Компаний эрх шилжүүлэх гэрээ”, “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуула, 2014 оны 10-р сарын 15-ны өдөр орсон өөрчлөлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагч Б.Анхбаярын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Анхбаяраас 11 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэд олгосугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА