Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/00258

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 03 210/МА2025/00258

 

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/04528 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* УТҮГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч ******* миний бие анх ******* УТҮГ-т 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гоцлол дуучнаар ажилд орсон бөгөөд 13 жил тасралтгүй ажилласан. Гэтэл ******* УТҮГ-ын захирлын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөөд байна. 2019 онд авсан мэргэжлийн шалгалтын дүнгээр намайг халах шийдвэр гарч байсан боловч охин маань 2 нас 7 сартай байсан учир хуулийн дагуу ажилдаа үлдэж байсан. Мөн жаз дуулдаггүй хэмээн ялгаварлан гадуурхагдаж, сэтгэл санааны хувьд ч хохирч ирсэн. 2023 оны 12 сарын 07-нд мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авч, шалгалтын үнэлгээг 12 дугаар сарын 08-нд танилцуулсан. Харин ажлаас чөлөөлөх талаар мэдэгдээгүй бөгөөд улмаар 2024 оны 01 сарын 05-ны өдөр чөлөөлөх тушаал гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтанд ажилдаа тэмцэхгүй байгаа талаар анхааруулаад, ажил мэргэжлийн түвшин, ур чадварын үнэлгээгээ сайжруулах боломжит хугацаа олгохоор зохицуулсан. Гэтэл ажил олгогч хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.4-т заасныг зөрчин үндэслэлгүй тушаал гаргасан. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгон урьд эрхэлж байсан гоцлол дуучнаар эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг ажлаас халагдсан 2024 оны 01 сарын 05-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртлэх хугацаагаар гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч ******* нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоох 3 удаагийн шалгалт авахад гурвууланд нь хангалтгүй үнэлгээ авсан. *******гийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар мэргэжил ур чадвараа дээшлүүлэх үүрэгтэй. Ажилтэн мэргэжил, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор хуульд заасан. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шалгалтын дүнгээ танилцуулж хурал хийсэн. Энэ үед *******д хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох нөхцөл үүсэж байгаа талаар мэдэгдсэн. 12 сарын 08-ны өдөр ******* тухайн шалгалтын талаар гомдол гаргаагүй. Байгууллагын зүгээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох талаар мэдэгдсэн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан учраас *******д мэдэгдэл өгөөгүй. Бичгээр мэдэгдэл өгөөгүй нь тухайн шийдвэрийг хууль зүйн хувьд хүчингүй болгох шууд үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч ******* нь 2023 оны мэргэжил ур чадварын шалгалтанд хангалтгүй буюу 8,55 оноо авсан нь Мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалт авах журмын 4.2-т зааснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөлийг бүрдүүлсэн. Нэхэмжлэгч нь ур чадварын шалгалт авахыг мэдсээр байж хувийн бэлтгэл, ур чадвараа анхаараагүй нь дотоод журмын 8.2, 8.6-д заасан ажилтны үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. *******д шалгалтын дүнг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр танилцуулж, шалгалтанд тэнцээгүй уран бүтээлчдийн хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг амаар мэдэгдсэн. Иймд *******г ажлаас чөлөөлсөн тушаал хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 127.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг *******йн гоцлол дуучны ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч *******ас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 21,990,030/хорин нэгэн сая есөн зуун ерэн мянга гуч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгон, хариуцагч *******д олговорт ногдох Нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******ы нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид нийт 338,100 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Монгол *******йн удирдпагаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т заасны дагуу *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан тушаал гаргасан. 2019 оны А/18 дугаар тушаалаар Мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалт авах журмыг баталж өдгөө хүртэл мөрдөж байна. Журмын 1.2 дахь хэсэгт Мэргэжлийн түвшин тогтоох шалгалтыг 1-2 жил тутам зохион байгуулах, 4.2 дахь хэсэгт 14 ба түүнээс доош оноотой бол тухайн ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангахгүй гэж үзнэ. Ийм үнэлгээ авсан уран бүтээлчийн хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4.1.8-д тусгагдсаны дагуу 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварын шалгалтыг зохион байгуулсан. ******* байгууллагын нийт уран бүтээлч, хөгжимчид, дуучдаас мэргэжил ур чадварын шалгалт авахыг аль эртнээс мэдэж, мэдээ мэдээллээр хангагдаж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэсэн зохицуулалтад нийцсэн. Дуучин ******* нь ур чадварын шалгалттайг мэдсээр байж хувийн бэлтгэл, ур чадвартаа анхаарахгүй явсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.11 дэх заалт, мөн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын ажилтны эрх, үүргийг заасан 8.2, 8.6 дахь хэсгийн заалтыг биелүүлээгүйгээр илэрнэ. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварын шалгалтад *******д гоцлол дуучнаар ажилладаг нийт 3 дуучин оролцсон ба дуучин ******* нь шүүгчдийн нэгдсэн оноогоор 8.55 буюу хангалтгүй дүн авсан нь Мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалт авах журмын 4.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг ажил олгогч талаас хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Уг уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварын шалгалт нь хууль ёсны болох, хараат бус, мэргэжлийн түвшинд зохион байгуулсныг анхан шүүхийн шийдвэрийн 12-13 дугаар хуудсаар нотолсон байна. Улмаар нэхэмжлэгч дээрх ур чадварын шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан гэдгийг шүүхийн шийдвэрийн 14 дүгээр хуудсанд тогтоож өгсөн.

Хариуцагч тал болох Монгол ******* нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасныг зөрсөн гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан. Гэтэл ажил олгогч тал 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 41 дүгээр Монгол *******йн дуучдын мэргэжлийн ур чадварын шалгалтын дүн танилцуулах хурлын тэмдэглэлээр мэдэгдэж биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4 дэх хэсэгт зааснаар бичгээр мэдэгдэх гэж заасныг ажил олгогч хурлын тэмдэглэлээр мэдэгдэж нотолсныг шүүх харгалзан үзээгүй болно.

Нөгөө талаар, ... ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй боловч ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар ажилтанд мэдэгдэх журмыг зөрчсөн бол тушаалыг бүхэлд нь хууль бус гэж үзэх үр дагавар үүснэ гэх дүгнэлт үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуульд тусгаагүй болно. Нэхэмжлэгч ******* шалгалтын дүн болон гэрээ цуцлах талаар хурал дээр мэдэгдсэн талаар тодруулахад үгүйсгээгүй бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүйд тооцож давж заалдах гомдпыг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Төрийн өмчийн мэргэжлийн урлагийн байгууллагын үлгэрчилсэн дүрэм нь 2015 онд батлагдсан. 2021 онд Хөдөлмөрийн тухай хууль өөрчлөгдөж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдсөн. Үүнтэй уялдуулан дүрэм, журмыг өөрчлөх ёстой. Шалгалт зохион байгуулсан бөгөөд уг шалгалтын дүн болон ажлаас чөлөөлөх талаар амаар мэдэгдсэн. Уг хурлаар шалгалтын дүнг мэдэгдсэн болохоос ажлаас халсан талаар мэдэгдээгүй. Та шалгалтандаа тэнцээгүй байна, ажлаас халагдаж магадгүй гэж хэлсэн. Шалгалтын дүнг мэдэгдсэнийг ажлаас халж байгааг мэдэгдсэн гэж үзэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, сайжруулах боломж, хугацаа олгоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдлээ өгөөд тэтгэмж өгөх ёстой. Өнөөдрийг хүртэл тэтгэмж өгөөгүй. Мэдэгдлээ 30 хоногийн өмнө өгөөд, тэтгэмжээ өгсөн бол хуулийн дагуу явагдсан гэж үзнэ. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* УТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Харин ... ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үндэслэлгүй дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3.1. Хариуцагч ******* УТҮГ нь нэхэмжлэгч *******тай 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь тус байгууллагад гоцлол дуучнаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 6, 185-189-р тал/

3.2. Ажлаас чөлөөлөх тухай дээрх тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг үндэслэн *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. Тус тушаалыг ажилтан эс зөвшөөрч маргаж байгаа тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын дагуу ажил олгогч буюу хариуцагч тал тушаалын хууль зүйн үндэслэл болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон талаар нотлох үүргийг хүлээнэ.

3.3. Хариуцагч татгалзалдаа, ******* нь мэргэжил ур чадварын шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан тул Мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалт авах журмын 4.2-т зааснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар түүнд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн. *******ыг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зөрчөөгүй гэж тайлбарласан.

3.4. Хариуцагч ******* УТҮГ-ын даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/018 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулах журмын 4.2-т түвшин тогтоох шалгалтанд 14 ба түүнээс доош оноо авсан бол тухайн ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангаагүй гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ. /хх-45-46/

Нэхэмжлэгч ******* нь 2019 онд зохион байгуулагдсан мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалтанд 13,84 оноо авсан бөгөөд бага насны хүүхэдтэй, цаашид мэргэжлийн түвшингээ дээшлүүлэхэд анхаарах талаар хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй талаар талууд тайлбарласан. /1хх-1-3, 20-22, 49/

Хариуцагч ******* УТҮГ-ын захирлын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/26 дугаар тушаалаар тус байгууллагын уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварын шалгалтын удирдамж, шалгалтын комиссын бүрэлдэхүүн, шалгалт зохион байгуулах журмыг баталжээ. Энэхүү 2023 оны мэргэжлийн шалгалтын удирдамжид зааснаар шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан бөгөөд нэхэмжлэгч ******* нь уг шалтгалтанд 8,55 оноо авсан болох нь нэгдсэн онооны хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 50, 53, 58/

3.5. Ажил олгогчийн зүгээс мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авах удирдамжийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баталж, 12 дугаар сарын 07-ны өдөр шалтгалтыг авсан нь ажилтанд мэргэшлийн түвшин, ур чадвараа сайжруулах боломжит хугацаа олгосон гэж үзнэ. Гэвч нэхэмжлэгч ******* нь мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-д заасан үндэслэл бий болжээ.

3.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа тохиолдолд 30-аас доошгүй хоногийн өмнө ажилтанд мэдэгдэх үүрэгтэй.

Хариуцагч ******* УТҮГ нь хэдийгээр нэхэмжлэгч *******д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэл өгөөгүй боловч тус байгууллагын захиргаа, удирдлагын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар шалгалтын дүнг танилцуулж, нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн тухай түүнд мэдэгдсэн талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан тул хариуцагчийг дээрх хуульд зааснаар мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. /1хх-59-60/

Харин хариуцагч ******* УТҮГ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар нэхэмжлэгч *******д мэдэгдсэн боловч хуульд заасан 30 хоногийн хугацааг баримтлаагүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч *******д түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдээд, үүнээс хойш 28 хоногийн дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасанд нийцээгүй байна.

4. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ыг хариуцагч ******* УТҮГ-ынн гоцлол дуучны ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 21,990,030 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/04528 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* УТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ