| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 185/2019/0472/Э |
| Дугаар | 471 |
| Огноо | 2019-05-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Шүүгдэгч Г.Ч /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эх, 2 дүү нарын хамт Г.Л,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Ч нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизнес тауэр” гэх барилгын 22 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Скүэр клаб”-т зөөгчөөр ажиллаж байх үедээ “Жак Данелс” нэртэй виски 5 ширхэгийг хулгайлж хохирогч О.Шинэхүүд 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ч нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Г.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Г.Ч нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизнес тауэр” гэх барилгын 22 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Скуэр клуб”-т зөөгчөөр ажиллаж байх үедээ “Жак Данелс” нэртэй виски 5 ширхэгийг хулгайлж 340.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Ч нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч О.Шинэбаярт 340.000 төгрөгийн хохирол учирсан байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь зөв байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Ч-ын гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ч мэдүүлэхдээ: “...2019 оны 02 сард Мөөгий гэдэг зүс таньдаг хүнээс 200.000 төгрөг хүүтэй зээлсэн байсан. Тэгээд мөнгийг удаасан болохоор надаас мөнгөө нэхсэн. Би цалингаа буухаар өгье гэж хэлсэн боловч гэр оронд ирж дарамтлаад байсан. Тэгээд ажиллаж байсан газраасаа 5 ширхэг конъяк авсан. Цалингаа буухаар буцаагаад конъякыг аваад тавьчихъя гэж бодсон” гэв.
Эрүүгийн хэргээс:
Хохирогчийн төлөөлөгч О.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өглөө бараагаа хүлээлгэж өгөхөөр болоод тооллого хийгээд ...Жак данелс гэх вискийг тоолж үзтэл дутуу байсан. Тэгээд байхгүй болсныг мэдээд хяналтын камер шүүж үзсэн чинь манай ажлын зөөгч зүс таних хүн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хулгай хийж байсан нь камерт бичигдсэн байсан. ...5 ширхэг Жак данелс гэх нэртэй виски ...алга болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,
CD-ний бичлэгт үзлэг хийсэн: “...Г.Ч нь буцан төв текэн дээр очин газар тавьсан байсан цаасан хайрцаг дотор байх вискинээс 3 шилийг аван өөрийн өмсөж явж буй цамцандаа хийж байгаа харагдаж байна. ...Г.Ч нь буцан төв текэн дээр ирж газар тавьсан байсан цаасан хайрцаг дотор байх вискинээс 2 шилийг аван өөрийн өмсөж явж буй цамцандаа хийж байгаа харагдаж байв” гэх тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Дамно ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 340.000 төгрөгөөр үнэлэгдэв гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Яллагдагч Г.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 сарын 20-ны өдөр мөнгөний хэрэг гараад 5 ширхэг Жак Данелс виски захиралдаа мэдэгдэлгүй авчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Иймд шүүгдэгч Г.Ч-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Гэрч Д.Анударийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Ч нь их зантай хүүхэд, цаг баримталдаг, хүнд тусархуу, сэтгэл сайн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Ял шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 25 дугаар хуудас/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 26-27 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Ч-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохилоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт үйлдэлдээ чин санаанаас гэмшсэнийг харгалзан үзэх нь эрүүгийн хуульд заасан хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Г.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Хохирогч О.Шинэхүү “...5 ширхэг Жак данелс вискины 340.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан болно...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Г.Ч-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Г.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5, дахь хэсэг, 36.10, 36.13, дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Ч-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Ч-ыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Г.Ч тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасны дагуу ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ