| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 185/2019/0481/Э |
| Дугаар | 476 |
| Огноо | 2019-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жавхлантөгс |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Т.Жавхлантөгс,
Шүүгдэгч Б.М /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, "Инфэнержи" ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Б.М гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.М нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 24 тоотод 2018 оны 11 дүгээр сарын 05-нд иргэн Б.Батцэцэгийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт
хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Б.М нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 24 тоотод 2018 оны 11 дүгээр сарын 05-нд эхнэр Б.Батцэцэгтэй хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч Б.Батцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлсэн нь зөв байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М-ийн гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй.
Эрүүгийн хэргээс:
Хохирогч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өглөө гэрээсээ гарах гээд байж байтал манай нөхөр надаас “орой ирэх юм уу” гэхээр нь “юу яриад байгаа юм, ирэхгүй яадаг юм” гэсэн чинь охины тоглоом аваад над руу шидэхээр нь яаж байгаа юм гээд хэрүүл хийсэн чинь миний толгой руу гараараа цохисон. Тэгээд би хүүхдээ аваад гарах гэсэн чинь бүх хаалга түгжээд гоо сайхны шилэн саваар толгой руу цохисон, хүүхэд өгөхгүй гээд баахан зууралдсан, зууралдаж байхдаа миний хоолойг базсан, гар мушгихаар нь гарыг нь хазсан. Тэгсэн чинь намайг байнга зоддог гээд байсан. ...би гарч гүйгээд жижүүр дээр очоод цагдаа дуудуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны11 дүгээр сарын 13-ны өдрийн “...Б.Батцэцэгийн биед баруун бугалга, шуу, зүүн шуу, хэвлий, зүүн гуя, зүүн даланд цус хурал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 13343 дугаар дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “...хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13343 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Батцэцэгийн биед тухайн үед баруун бугалга, шуу, зүүн дал, шуу, хэвлий, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх 485 дугаар дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Яллагдагч Б.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 05-ны орой гэртээ байж байгаад Б.Батцэцэг бид 2 маргалдаж миний толгой руу удаа дараа цохиод байхаар нь гарын бугалганаас нь барьж аваад холдуулсан дахин над руу дайраад толгой руу цохих гээд байхаар нь өөрөөсөө холдуулж гарын бугалганаас нь барьж байгаад хэд хэдэн удаа түлхсэн тэгэхдээ Б.Батцэцэгийг гэмтээсэн байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Иймд шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.М-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч Б.Батцэцэг “Б.М-тэй эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан
Б.М торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ