Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/00291

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 103/ШШ2024/00741 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

 

97,947,247 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******* ХХК нь гэр хороололд гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж худалдан авах БНДХААА/202301004 дугаартай тендер шалгаруулалтанд оролцож шалгаран *******тай ******* дугаартай гэрээг байгуулан ажилласан бөгөөд гэрээний үүргийн дагуу тоног төхөөрөмжийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэн өгсөн. Дээрх тендер шалгаруулалтад оролцохдоо алсын удирдлагатай щит 13 ком-ыг 16,451,752.20 төгрөгөөр нийлүүлэхээр тусгаж, уг нөхцөлийг ******* хүлээн зөвшөөрсөн. Гэрээ байгуулан тоног төхөөрөмж нийлүүлэх шатанд захиалагч тал нь ******* ХХК-ийн алсын удирдлагатай систем нийлүүлэх хууль бус шаардлага тавьж, шаардсан тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй тохиолдолд гэрээ цуцлагдах бодит эрсдэл бий болсон тул компанид учрах хохирлыг тооцон, шаардсан тоног төхөөрөмжийг нийлүүлэхээс аргагүй болсон. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2005 онд батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвзрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй", 11.1.4-т энэ хуулийн 11.1.3-т заасан шаардлага, нөхцөлийг заах шаардлагатай бол түүний ард эсхүл түүнтэй дүйцэх гэсэн тодотгол хэрэглэх гэж заасан байдаг. ******* ХХК нь техникийн тодорхойлолтод заасан дүйцэхүйц шаардлагыг хангасан бараа нийлүүлэхээр тендертээ тусгаж, шалгарсан боловч захиалагч тал үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавьж, хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас анх тендер шалгаруулалтад оролцохдоо өгсөн үнийн саналаас 97,948,247 төгрөгөөр илүү үнэтэй буюу 114,400,000 төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авч нийлүүлсэн. Хариуцагч байгууллагын хууль бус шаардлагын улмаас компанид учирсан хохирлыг гэрээний дагуу төлбөрийн үлдэгдлийг төлөх үед болон гэрээний баталгааг компанид шилжүүлэх үед нэмж олгогдоно гэсэн хүлээлттэйгээр хариуцагчид мэдэгдэн хүлээсээр байсан боловч 2024 оны 03/503 дугаар албан бичгээр ямар нэгэн илүү төсөвт өртгөөр нийлүүлсэн, хэлэлцэж тохирсон тухай нотлох баримт гүйцэтгэлийн баримт бичигт байхгүй тул танай зүгээс шаардаж буй хөрөнгийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг манайд ирүүлсэн. Хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т заасныг зөрчиж, техникийн тодорхойлолт болон гэрээнд тусгагдсанаас өөр бараа, бүтээгдэхүүн шаардсан хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол болох 97,948,247 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2017 оноос нийслэлийн төвийн дүүргүүдэд хэрэгжиж буй алсын удирдлагатай гэрэлтүүлгийн системийг бий болгох, суурилуулах ажлыг төлөвлөн 2018 оноос хойш одоог хүртэл 65 ширхэг алсын удирдлагатай щитийг худалдан авч программд холбон гэрэлтүүлгийн асаалт, хяналтын үйл ажиллагааг ******* ААТҮГ хариуцан ажиллаж байна. 2023 онд Гэр хорооллын гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж худалдан авах 1,000,000,000 төгрөгийн батлагдсан төсөвтэй нээлттэй тендерт ******* ХХК нь шалгарч бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр ******* дугаартай гэрээ байгуулсан. Тус бараа бүтээгдэхүүний бүрэлдэхүүн хэсэгт алсын удирдлагатай щит 13 (ком) буюу иж бүрдэл нь *******ийн программыг дэмжин ажилладаг байхаар техникийн тодорхойлолтод тусгасны дагуу ******* ХХК алсын удирдлагатай *******ийн щитийг нийлүүлсэн. *******ийн щит анх 6,000,000 төгрөгийн үнэтэй байсан. Жил ирэх бүр үнэ нь өөрчлөгддөг. Гэхдээ тендерт ялсан компани манайд хэдэн төгрөгөөр авч нийлүүлэх нь хамааралгүй. Манайх ******* компанийн программыг ашигладаг. Энэ программд нийцсэн, дэмжин ажиллаж байвал аль ч улсын ямар ч щитийг авна. Дэмжин ажиллахгүй, энэ программыг ашиглах боломжгүй бол авахгүй. Гэр хороололд гэрэлтүүлэг тоног төхөөрөмж худалдан авах ажлын комиссын 2023 оны 04, 05 дугаар сарын акт, хурлын тэмдэглэл, худалдан авах ажлын гэрээ дүгнэсэн протокол зэрэг гүйцэтгэлийн баримт бичигт техникийн тодорхойлолтын дагуу барааг 100 хувь нийлүүлсэн байх бөгөөд ямар нэгэн илүү төсөвт өртгөөр нийлүүлсэн гэх баримт байхгүй байна. ******* ХХК нь ******* дугаартай гэрээг байгуулж, тус гэрээний 1 дүгээр заалтад нийлүүлэх барааны үнэ 977,638,488 төгрөг байна. Гэрээний үнэ нь санхүүжилтийн дээд хэмжээ байна гэж тусгасан. Иймд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хуулиар батлагдсанаас хойш түүний төсөвт өртөг нэмэгдүүлэх үр дагавар бүхий нэмэлт шаардлагыг зохиогч, ашиглагч, захиалагчийн хяналт тавих этгээд гаргахгүй байх гэж заасан тул шаардаж буй хөрөнгийг гаргах боломжгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******аас 97,948,247 төгрөг /ерин долоон сая, есөн зуун дөчин найман мянга, хоёр зуун дөчин долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647,692 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 647,692 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ******* ХХК нь ******* ХХК-иас 13 щитийг нэг бүрийг нь 8,800,000 төгрөгөөр тооцож худалдан авсан гэх тайлбар нь эргэлзээтэй байна. Тухайлбал ******* ХХК нь ******* ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 13 щитийг нэг бүрийг нь 8,800,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэх боловч 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсад үйлдвэрлэсэн, алсын удирдлагатай 13 ширхэг щитийг нэг бүрийн үнийг 1,260,064.58 төгрөгөөр, тээвэрлэлтийн зардлыг 70,912.73 төгрөгөөр тооцож, нийт 16,451,752 төгрөгөөр нийлүүлж байгаа акт үйлдэж захиалагчид ирүүлснээс харахад дээрх гэрээг дүр үзүүлж хийсэн гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Нийлүүлэгчийн зүгээс тус тендерийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны даргатай уулзаж, гэрээний үнэд өөрчлөлт оруулах талаар танилцуулахад энэ талаар ямар ч боломжгүй, манай төсөвт багтааж барааг нийлүүлэх боломжгүй бол гэрээгээ цуцалж болно гэсэн хариуг өгөхөд нийлүүлэгч нь гэрээгээ цуцлахгүй ээ, бид нар болгоноо хэмээн хэлж, бараагаа 2023 оны 4, 5 дугаар сард 2 хувааж нийлүүлснээс харахад нийлүүлэгч буюу ******* ХХК нь Гэр хороололд гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж худалдан авах ******* гэрээг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нийлүүлэгч нь гэрээний үнэд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд захиалагч буюу Засаг даргын Тамгын газрын даргад энэ талаарх хүсэлтээ албан ёсоор гаргах ёстой байтал санхүүжилт болон барьцаа хөрөнгөө авч дуусах хүртлээ энэ талаар нэг ч удаа гомдол, хүсэлт гаргаж байгаагүй, мөн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ажил хүлээлцэх комиссын хурлын тэмдэглэлд үнийн зөрүү гаргуулах талаар огт дурьдагдаагүй болно.

******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь цаашид тендерт ялалт байгуулж, ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдүүдийн хувьд буруу хандлага тогтох, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ил тод, төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах, хариуцлагатай ажиллах зарчим алдагдахад хүрч байна.

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх байтал зөвхөн маргааны үйл баримтад дүгнэлт хийж, хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

Иймд Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 103/ШШ2024/00741 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчаас техникийн тодорхойлолтод дүйцэхүйц буюу ******* компанийн алсын удирдлагын программд нийцэн ажилладаг байх шаардлагыг тавьсан гэдэг. Гэтэл техникийн тодорхойлолтод дүйцэхүйц гэх шаардлагын хувьд манайхаас өгсөн тендертэй дүйцэхүйц өөр улсын бараа бүтээгдэхүүн байж болно гэж ойлгож материалаа өгөөд тендерт шалгарсан. Хариуцагч талаас Багануур дүүргийн гэр хорооллын гэрэлтүүлгийн нэгдсэн системийг ******* компанийн оюуны өмчийн эрхтэй ******* гэх системээр алсаас удирдах ажлыг хийж, 6,800,000 төгрөг, 8,800,000 төгрөгийн үнэтэй щитүүдийг авч байсан гэж ярьдаг. ******* системтэй нийцэн ажиллах Монгол Улсын зохиогчийн эрхтэй, оюуны өмчийн патенттай бараа бүтээгдэхүүн учраас ******* компанийн щитээс өөр щит авах боломжгүй тул тендерийн үнэ өөрчлөгдөх ёстой. Тендерт оролцож байгаа байгууллага *******-аас өөр систем удирдаж байгаа эсэхийг мэдэх боломжгүй учраас Хятад улсаас гаралтай адил төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр үнийн санал өгөөд шалгарсан. Гэтэл хариуцагчаас нэгэнт ******* системийг нэвтрүүлж байгаа учраас энэ системд нийцэн ажилладаг щит авна гэх шаардлага тавьсан учраас ******* компанийн щитээс өөр щит ажиллуулах боломжгүй болсон. Гомдолд дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх агуулга дурдагдсан байдаг. Энэ асуудлын хувьд гэрээний дагуу щитүүдийг худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийн баримт, нөгөө компаниас ирүүлсэн нэхэмжлэх зэрэг баримтуудаар үгүйсгэгддэг. 8,800,000 төгрөгийн нэг бүрийн үнэтэй Монгол Улсын ******* компанийн 13 щитийг хүлээлгэж өгөөд суурилуулсан бөгөөд хариуцагч энэ талаар маргадаггүй. Өөрсдөө хүлээн зөвшөөрч шалгаруулсан тендерээсээ өөр бараа бүтээгдэхүүн хүлээн авч ашиглаж байгаа. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд 2022 онд адил төрлийн щит дээр тендер сонгон шалгаруулалт зарлаж байсан материалуудаа өгсөн. Алсын удирдлагатай щит гээд хайгаад үзэхээр ******* системтэй нийцэн ажиллах гээд өөр, өөр зүйл байгаа. Зөвхөн манай оролцсон тендерийн техникийн тодорхойлолтод алсын удирдлагатай щиттэй дүйцэхүйц гэдгээр орсон байгаа.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 97,948,247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч ******* ХХК нь гэр хороололд гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж худалдан авах тендерт оролцон шалгарч, улмаар *******тай 2023 онд гэр хороололд гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК нь нийт 977,638,488 төгрөгийн үнийн дүн бүхий 21 төрлийн гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хариуцагч ******* нь үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 45-56/

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тендер шалгаруулалтад оролцохдоо алсын удирдлагатай щит 13 ком-ыг 16,451,752.20 төгрөгөөр нийлүүлэхээр тусгасан боловч захиалагч талын хүсэлтийн дагуу ******* ХХК-ийн тоног төхөөрөмжийг 114,400,000 төгрөгөөр худалдан авч нийлүүлсэн тул үнийн зөрүү 97,948,247 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч *******ийн программыг дэмжин ажилладаг байхаар техникийн тодорхойлолтод тусгасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь алсын удирдлагатай *******ийн щитийг нийлүүлсэн бөгөөд ямар нэгэн илүү төсөвт өртгөөр нийлүүлсэн гэх баримт байхгүй. Түүнчлэн гэрээнд нийлүүлэх барааны үнэ нийт 977,638,488 төгрөг байхаар тохиролцсон тул нэхэмжлэл үндэслэлгүй гэх агуулгаар татгалзлаа илэрхийлсэн байна.

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн. Харин, шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй хууль хэрэглэснийг өөрчилнө. Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад хэлцэл хийсэн гэж үзэх талаар зохицуулсан Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг хасна.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас учруулсан хохирол 97,948,247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан боловч уг маргааныг нийтийн эрх зүйн маргаанд хамаарахгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. /хх-ийн 7-11/

 

5.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээнд заасан 21 төрлийн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг хариуцагч *******т 2023 оны 03-05 дугаар сард нийлүүлж, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр талууд гэрээ дүгнэсэн протокол үйлдэн, гэрээний үүргээ биелүүлсэн тул санхүүжилтийг бүрэн олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 57-61, 65-68/

 

5.2. Гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч *******аас гэрээнд заасан алсын удирдлагатай щит нь ******* ХХК-ийн программ хангамжийг дэмжин ажилладаг байх шаардлагыг тавьсан ба нэхэмжлэгч ******* ХХК нь уг шаардлагад нийцүүлэн нэг бүрийн үнэ нь 8,800,000 төгрөг буюу нийт 114,400,000 төгрөгийн үнэ бүхий 13 ком щитийг ******* ХХК-иас худалдан авч нийлүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ болон Худалдаа хөгжлийн банк дахь нэхэмжлэгчийн дансны зарлагын гүйлгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 19-21, 35, 44, 118/

 

5.3. Ийнхүү ******* компанийн бүтээгдэхүүн болох алсын удирдлагатай 13 ширхэг щитийг хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан бөгөөд хариуцагч байгууллага нь дээрх бүтээгдэхүүнийг ажиллуулах зорилгоор түүний программ хангамж болох ******* системийн программ хангамжийг ******* сервис ХХК-иас 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр худалдан авчээ. /хх-95-105/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нийлүүлсэн щитийг хүлээн авч, ашиглаж байгаа бөгөөд тухайн үед ******* ХХК-ийн тоног төхөөрөмж болон үнийн хувьд зөрүүтэй гэдгийг мэдэж байсан талаар тайлбарласан байна. /хх-ийн 44, 118/

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нийлүүлсэн щитийг ******* ХХК-ийнх гэдгийг мэдэж, хүлээн авсан байх тул үнийг хүлээн зөвшөөрч хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээнд зааснаас өндөр үнийн дүн бүхий тоног төхөөрөмж нийлүүлэх нэхэмжлэгчийн хүсэл зоригийг хүлээн авсан бөгөөд гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Иймд, нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас гэрээний дагуу нийлүүлсэн эд хөрөнгө болох алсын удирдлагатай 13 ком щитийн үнийг шаардах эрхтэй байх тул дээрх 13 щитийг нийлүүлсэн үнийн дүн болох 114,400,000 төгрөгөөс гэрээний дагуу төлөгдсөн 16,451,752 төгрөгийг хасаж, зөрүү 97,948,247 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч гомдолдоо, нэхэмжлэгч ******* ХХК-ийн ******* ХХК-тай байгуулсан Багануур дүүргийн гудамж, зам, талбайн гадна гэрэлтүүлэгт төвлөрсөн удирдлагын бүтэцтэй щит болон электрон тоолуурыг нийт 115,500,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох талаар дурдсан боловч нэхэмжлэгч нь Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн данснаас Төрийн банк дахь ******* ХХК-ийн тоот дансанд 115,500,000 төгрөг шилжүүлсэн дансны гүйлгээний баримт хэрэгт авагдсан байх тул уг гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 103/ШШ2024/00741 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 43 дугаар зүйлийн 43.1, ... гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ