| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 102/2022/05278/И |
| Дугаар | 210/МА2025/00292 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00292
2025 02 07 210/МА2025/00292
******* ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/05278 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ********, ********, ********р нарт холбогдох
440,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ********, ******** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ********р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******* ХК нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрийн охин компани болох хувьцааг нь 100 хувь эзэмшдэг ******* ******** ХХК-иар дамжуулан зах зээлд худалдан борлуулдаг бөгөөд хоорондын тооцоог бэлэн болон бэлэн бусаар төлж, хоёр байгууллагын кассын нярав анхан шатны санхүүгийн баримтыг бүрдүүлж, харилцан хүлээлцдэг.
2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ******* ХК болон ******* ******** ХХК-ийн бүтээгдэхүүний болон мөнгөн гүйлгээний орлого, зарлагад нэг зэрэг зогсоолт хийж, гэнэтийн тооллого хийхэд ******* ХК-ийн бэлэн мөнгөний касснаас 440,000,000 төгрөг бэлнээр дутсан.
Компанийн эрх бүхий албан тушаалтнууд холбогдох шалгалтыг хийхэд ******* ******** ХХК-ийн кассын нярав ******** болон түүний нөхөр ******** нарын ******* ******** ХХК-ийн бэлэн мөнгөний касснаас бэлнээр авч завшсан 440,000,000 төгрөгийг ******* ХК-ийн кассанд бэлнээр тушаасан мэтээр ******* ХК-ийн кассын нярав ********ртэй үгсэн хуйвалдаж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэн хуурамч орлого үүсгэсэн байдаг.
Дээрх зөрчлийг 5 жилийн хугацаанд нуун дарагдуулж, удаа дараагийн санхүүгийн шалгалтуудаар хуурамчаар боосон мөнгө тоолуулж нуун далдлахаас гадна, ********, ******** нарын энэ хугацаанд бэлэн болон бэлэн бусаар төлсөн 110,000,000 төгрөгийг ********р нь хувьдаа завшсан байна. Эдгээр ажилчид болон гэм хор учруулахад дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон этгээдүүд нь компанид учруулсан хохирлоо арилгахаа илэрхийлсэн байдаг. ********, ********, ********р нарын үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй боловч Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир иргэний журмаар нэхэмжлэл гаргасан. ******* ******** ХХК нь уг хохирлыг шаардан гаргуулах эрхийг ******* ХК-д олгосон бөгөөд ******* ХК-ийн хувьд өөрийн ажилтан ********рийн компанид учруулсан 95,000,000 төгрөгийн гэм хорын хохирол болон ********, ******** нарын 345,000,000 төгрөгийн учруулсан хохирлыг нэхэмжилж байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсгүүдэд заасны дагуу иргэн ********, ********, ********р нараас 440,000,000 төгрөг гаргуулан нэхэмжпэгч ******* ХК-д олгож өгнө үү.
2. Хариуцагч ********гийн тайлбар, татгалзлын агуулга: 2017 онд мөнгөний хэрэг гараад *******" ХК-ийн касснаас 150,000,000 төгрөгийг бэлнээр авсан нь үнэн. Компанийн нярав ********рт дансаар 110,000,000 төгрөг, бэлнээр 28,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Одоо үлдэгдэл 12,000,000 төгрөгийг ******* ХК-д өгөх ёстой.
Хариуцагч ********ын тайлбар, татгалзлын агуулга: Тухайн үед манай гэр бүлд мөнгөний хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ манай эхнэр ******** нь хууль бусаар мөнгө авсан гэж мэдээгүй. Тиймээс би хариуцах үндэслэлгүй.
Хариуцагч ********рийн тайлбар, татгалзлын агуулга: Би ******* ХК-ийн кассын няраваар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сард ******* ******** ХХК-ийн кассын нярав ********гийн гуйлтаар ******* ******** ХХК-аас 440,000,000 төгрөгийг ******* ХК-д бэлнээр тушаасан байдлаар баримт бичиж өгсөн. ******** болон түүний нөхөр ******** нар дансаар 80,000,000 төгрөг, бэлнээр 15,000,000 төгрөгийг эргүүлэн өгсөн байдаг. Би уг мөнгийг төлөлгүй хувьдаа хэрэглэсэн. Учир нь ********, ******** нар надад 440,000,000 төгрөгийг буцаан өгөхдөө 600,000,000 төгрөг болгон өгнө гэж хэлсэн. Улмаар 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 440,000,000 төгрөг авсан, мөн 15,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэгдэл 585,000,000 төгрөгийг өгнө гэх баримт үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн. Миний зүгээс 95,000,000 төгрөгийг ******* ХК-д төлнө, бусад төлбөрийг ******** болон түүний нөхөр ******** нар хариуцах ёстой.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********, ******** нараас 345,000,000 төгрөгийг, хариуцагч ********рээс 95,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,358,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********, ******** нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,882,950 төгрөгийг, хариуцагч ********рээс улсын тэмдэгтийн хураамжид 632,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжпэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
4. Хариуцагч ********, ******** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан ********, ******** нараас 345,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгуулахаар шийдвэрлэсэн.
******** нь ******* ХК-ийн кассын нярав ажилтай ********рийн Хаан банкны 5070308368 тоот дансруу 110,000,000 төгрөг буцаан тушаасан, бэлнээр 28,000,000 төгрөг өгсөн байдаг. Иймд анхан шатны шүүхээс ********, А.Халиун нараас гаргуулахаар шийдсэн үнийн дүнгээс 5,000,000 төгрөгийг хасч 340,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч ********р, ******** нарын хооронд хийгдсэн гүйлгээ, ********рийн депозит дансны хуулгыг хавсаргасан. Уг хуулганаас харвал, хариуцагч ********, ******** нараас 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон. Хариуцагч нарын хооронд тооцоо нийлсэн актаар 15,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдгийг илэрхийлж хэн хэн нь гарын үсэг зурсан. ********р нь ********, ******** нараас 95,000,000 төгрөгийг авч, ******* ХК руу шилжүүлэх байтал дундаас нь завшсан. Хэрэгт авагдсан баримтаар 95,000,000 төгрөгийг ********р авсан нь тогтоогдсон. Хариуцагч ********, ******** нар нь давж заалдах гомдолд 340,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байна. Үлдэх 5,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн гэх нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул үндэслэлгүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ********, ********, ********р нарт холбогдуулан гэм хорын хохиролд 440,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Нэхэмжлэгч ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нар нь ******* ******** ХХК-ийн бэлэн мөнгөний касснаас бэлнээр авч завшсан 440,000,000 төгрөгийг ******* ХК-ийн кассанд бэлнээр тушаасан мэтээр ********ртэй үгсэн хуйвалдаж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэн, орлого үүсгэж нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж тодорхойлсон. Хариуцагч ******** нь би мөнгө аваагүй тул хариуцахгүй гэж, хариуцагч ******** нь ******* ******** ХХК-ийн касснаас 150,000,000 төгрөг авсан, 138,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэж, хариуцагч ********р нь ******* ******** ХХК-ийн касснаас ********гийн авсан 440,000,000 төгрөгийг ******* ХК-д оруулсан мэтээр хуурамч баримт үйлдсэн нь үнэн. Уг дүнгээс 95,000,000 төгрөгийг хувьдаа авч хэрэглэсэн тул төлнө, үлдэх дүнг хариуцахгүй гэж тус тус татгалзлаа илэрхийлсэн. /1хх-1, 67, 78/
4.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч нар нь өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцах ёстой.
4.2. Хариуцагч нарын санхүүгийн баримт хуурамчаар үйлдэн, орлого үүсгэсэн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь шалтгаант холбоотой болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан ******* ХК-ийн борлуулалтын орлогын баримт, 440,000,000 төгрөгийг буцаан төлөх талаар хариуцагч ********ын гараар бичсэн баталгаа, Хаан банк дахь ********рийн дансны хуулга, хариуцагч нарын мөнгө хүлээлцсэн баримт зэргээр тогтоогдсон ба хариуцагч нар энэ талаар гомдол гаргаагүй байна. /1хх-7, 81, 84-93, /
4.3. Хариуцагч ******** нь ******* ******** ХХК-ийн касснаас 150,000,000 төгрөг авч дансаар 110,000,000 төгрөг, бэлнээр 28,000,000 төгрөгийг төлсөн гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүйгээс гадна хариуцагч ********рийн дансанд шилжүүлсэн 80,000,000 төгрөг болон түүнд бэлнээр өгсөн гэх 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид учруулсан хохиролд нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлгүй.
4.4. Харин хариуцагч ********р нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч ********, ******** нараас дансаар болон бэлнээр хүлээн авсан дээрх 95,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхөө илрэхийлсэн тул түүний зөвшөөрсөн хэмжээнд буюу 95,000,000 төгрөгийг хариуцагч ********рээс гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
4.5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээхээр заасан. Хариуцагч ******** нь нэхэмжлэгч ******* ХК болон ******* ******** ХХК-д ажилладаггүй, тухайн мөнгөн хөрөнгийг өөрийн үйлдлээр аваагүй боловч хамтран оролцсон болох нь түүний ******* ХК-д гаргаж өгсөн баталгаа, өөрийн данснаас хариуцагч ********рт мөнгө шилжүүлсэн байдал, хариуцагч ********ртэй мөнгө хүлээлцсэн баримт зэргээр тогтоогдсон.
Иймээс нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ********, ********, ********р нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй тул хариуцагч ********, ******** нараас 345,000,000 төгрөг, хариуцагч ********рээс 95,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй болжээ.
5. Хариуцагч ********, ******** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрт 5,000,000 төгрөгийг хассан өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдол гаргасан боловч гомдлын үндэслэл тодорхойгүй, 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул уг гомдлыг хангахгүй.
Иргэдийн төлөөлөгчийн миний бодлоор нярав, нягтлан нар буруутай юм байна, мөнгийг төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болго ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/05278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ