Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 551

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овгийн Сүхээгийн Баярсайханд холбогдох эрүүгийн 1811020780678 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, тодорхой оршин суух хаяггүй, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Чонос овгийн С.Б. /РД:............/,

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лупус” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас иргэн О.Саруулзулын “Самсунг галакси эс-6”, “ай фони 5”, “эл жи 4” маркийн гар утсуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 514.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Найман шарга валют арилжааны төвийн хажууд хохирогч Д.Нармандахын эзэмшлийн “Самсунг Жи” загварын гар утсыг хулгайлж 400.000 төгрөгийг хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би хулгайн гэмт хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Алтжин бөмбөгөр худалдааны төвөөс хямдхан үнэртэй ус аваад гадуур аж ахуйн нэгж болон дэлгүүр хоршоогоор явж борлуулдаг юм. Тэгээд олсон мөнгөөрөө хоол авч идэж, архи дарс уудаг юм. Хэрэг гардаг өдөр би Алтжин бөмбөгөр худалдааны төвийн хажууд 2-3 нийлдэг найзуудын хамт архи ууж сууж байгаад мөн л үнэртэй усаа зарахаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын Их дэлгүүрийн хажууд байрлах “бичиг хэрэг” гэсэн бичигтэй газар руу ороод үнэртэй ус авах уу гэж асуучихаад эргэж гарч ирээд залгаа байрлах “Лупус” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарлуу үнэртэй усаа үзүүлэхээр орсон чинь нэг шатны доод талд нэг цагаан хаалга байсан ба нөгөө хаалга нь онгорхой байхаар нь очиж харахад ямар ч хүн алга байхаар нь хаалга дотогш нэвтрэн орсон чинь ширээн дээр нь “Айфон-5”, “Самсунг Эс-6”, “Эл Жи” загварын 3 ширхэг гар утас байхаар нь түүнийг хулгайлан авч “Тэди” худалдааны төв рүү явж байсан чинь Төгөлдөртэй тааралдаад хаашаа явж байгаа талаар асуухад ямар нэг зорилгогүй явж байна гэхээр нь тэгвэл хоёулаа Тэди гар утас зардаг худалдааны төв явья гэж хэлээд Төгөлдөрийг дагуулаад явж байгаад гар утсаа хүмүүст зарах гээд явж байсан чинь урт цагааны хойд талд явж байсан үл таних эмэгтэй хүн авья гэхээр нь түүнд 40.000 төгрөгөөр зарчихсан юм. Тэгээд үлдсэн хоёр ширхэг гар утсаа бариад цааш яваад “Тэди” худалдааны төвийн гадна талд ирээд гар утсаа зарах гээд байж байсан чинь цагдаа нар ирээд барьж авсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17х/,

Мөн “... 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах гэрээсээ гараад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн хажууд явж байсан чинь Тулгаа гэх танилтайгаа тааралдаж Урт цагааны урд талын цэцэрлэгт 1 шил архи хувааж уугаад тэндээсээ салаад Тулгаа өөр тийшээ яваад би эргээд Найман шарга валют арилжааны төвийн хажуугаар гараад Бөмбөгөр худалдааны төв рүү алхаж явсан чинь замын хажуухан талд нэгэн ногоон өнгийн цамцтай эмэгтэй хүн машины цонхоор толгойгоо оруулаад жолоочтой нь уулзаад зогсож байсан ба тэр эмэгтэйн өмссөн байсан биеийн тамирын цамцны халааснаас бараан өнгийн гар утас цухуйсан байхаар нь араар нь зөрж өнгөрөхдөө хулгайлан аваад тэндээсээ “Хар хорин” зах явах автобусанд сууж зах дээр очиж гар утсыг гадаа зогсож байсан хүнд 120.000 төгрөгөөр зарж борлуулчихаад олсон мөнгөөрөө архи ууж, хоол унд идэж дуусгасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 190-191х/,

Хохирогч О.Саруулзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Өнөөдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 25 минутын орчим ломбардны хажуу талын Америк барааны дэлгүүр ороод нойтон салфетка аваад эргээд орсон чинь ширээн дээр байсан 3 ширхэг гар утас алга болсон байхаар нь 102 луу залгаж цагдаа дуудсаны дараа тус ломбардны эзэн Ганбатыг дуудахад удалгүй ирж хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд шар өнгийн хүрэмтэй 35 орчим насны эрэгтэй хүн орж ирээд ширээн дээр байсан 3 ширхэг утсыг аваад гарч байгаа бичлэг үзээд сууж байсан чинь 2 цагдаа орж ирээд хяналтын камерын бичлэгийг үзээд зургийг нь аваад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,

Хохирогч Д.Нармандах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Манай харилцагч над руу залгаж би хажуу талын чинь зам дээр ирсэн байна машинтай явж байгаа болохоор би орж амжихгүй байна. Чи надад вонн гаргаад ирээч гэхээр нь за гэж хэлээд гарч харилцагчдаа 1.200.000 вонн өгчихөөд эргүүлээд монгол мөнгө авах гээд хүлээгээд зогсож байсан чинь миний халаас руу нэг хүн гараа хийх шиг болохоор нь эргэж харангаа халаасандаа гараа хийгээд гар утсаа үзтэл миний гар утас байхгүй алга болчихсон байсан. Тэгээд нэг залуу халаасандаа гараа хийгээд цааш алхахаар нь би нөгөө залууг барьж аваад камер шүүлгэсэн чинь камерын хяналтанд миний барьж авсан залуутай хамт явж байсан нэг залуу халааснаас гар утас хулгайлаад аваад явж байгаа бичлэг байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 179-180х/

Гэрч С.Төгөлдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би Алтжин бөмбөгөр худалдааны төвийн зүүн талын хогийн цэгээр архи уудаг ба 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 12 цаг өнгөрч байхад найзуудын хамтаар архи ууж байсан юм. Тэгээд урт цагаан руу гарахаар явж байсан чинь Найман шарга вальют арилжааны газрын хажуугаар явж байгаад найз Баярсайхантай тааралдсан чинь Баярсайхан надад би гар утас хулгайлчихлаа хоёулаа хамт Тэди ороод энэ хоёр гар утсыг зарья гэхээр нь би зөвшөөрөөд дагаад явсан. Би юу болсон талаар сайн мэдэхгүй. Баярсайханы хамт Тэди худалдааны төв рүү орохоор явж байгаад цагдаа нарт баригдсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 25х, 184х/,

Гэрч Л.Лувсан-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хар хорих захын автобусны буудал дээр зогсож байхад 14-15 цагийн үед байх нэг  согтуу залуу гар утас авах уу гээд надаас асуусан тэгэхэд нь би ямар утас байгааг нь үзье гэтэл шаргал өнгийн “Самсунг Жи 7” маркийн гар утас үзүүлсэн. Би наад утсыг чинь 120.000 төгрөгөөр авья гэхэд за ав ав гэсэн. Энэ өдөр өөр утас аваагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 183х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч С.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол болон түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Баас хохирлын үнэ болох нийт 400.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Нармандахад олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хүртэл 246 хоног, 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 7 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл 27 хоног буюу нийт 273 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргах, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.овгийн С.Б. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.Бд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Бы энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 273 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Баас нийт 400.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Нармандахад олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргах, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД