Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 205/МА2025/00002

 

Ч.*******, Х.******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 140/ШШ2024/00239 дугаар шийдвэртэй

Ч.*******, Х.******* нарын нэхэмжлэлтэй Б.*******од холбогдох  гэм хорын хохирол 75,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Б.*******ын 1,130,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр, нэхэмжлэгч Ч.*******ын өмгөөлөгч Б.*******, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.*******, Э.******* /цахимаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Ч.*******, Х.******* нарын нэхэмжлэлтэй Б.*******од холбогдох  гэм хорын хохирол 75,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Б.*******ын 1,130,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Миний бие Х.******* нь Завхан аймгийн Их-Уул сумын иргэн Б.*******ын буруугаас болж 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт авто осолд орсон. Энэ ослын улмаас миний биед зүүн дунд чөмөг ясны зөрөөтэй хугарал, баруун өвдөгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон бөгөөд ослын дараа ухаан алдаж Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэг, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлээд эмч нар яаралтай Улаанбаатар яв гэсний дагуу хот явж гэмтлийн эмнэлэгт хэвтэн зүүн хөлийн дунд чөмөг хадуулах хагалгаанд орж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Үүнээс хойш би өвдөж хэд, хэдэн удаа Улаанбаатар орж эмчилгээ хийлгүүлсэн. Надад эмчлүүлсэн эмчилгээний зардал нийт 10,000,000 төгрөгийн зардал гарсан. Үүнээс гадна хөдөлмөр эрхлэх чадваргүй өнөөдрийг хүртэл бие зовиуртай байгаа учраас ажил хөдөлмөр эрхлээгүй. Би барилгын ******* ХХК-нд мужаанаар ажилладаг байсан бөгөөд сарын 1,300,000 төгрөгийн цалин авдаг байсан. Осолд орсноос хойш ажил хийх боломжгүй болж давхар цалингаараа хохирч байна. Иймд ажиллаж олох ёстой байсан цалинг 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 12 сарыг дуустал хугацаагаар тооцож 23,400,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 12,000,000 төгрөг нийт 45,400,000 төгрөгийг буруутай этгээд болох Б.*******оос гаргуулах шаардлагатай байна.

Миний бие Ч.******* нь Завхан аймгийн Их-Уул сумын иргэн Б.*******ын буруугаас болж 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт осолд орсон. Энэ ослын улмаас миний биед зүүн гарын шуу, богтос ясны хугарал, дух, хэвлий, зүүн гарын 5 дугаар хуруу, зүүн гуя, өвдөг шилбэнд зулгаралт цус хуралт гэмтлүүд тогтоогдсон, эд хөрөнгөнд 3,000,000 төгрөгийн үнэ бүхий мотоцикл эвдэрсэн бөгөөд ослын дараа Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэг, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлээд эмч нар яаралтай Улаанбаатар яв гэсний дагуу хот явж гэмтлийн эмнэлэгт 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр очиж хэвтэн 18-ны өдөр зүүн гарын шуугаа хадуулах хагалгаанд орж 1 сар гаруй эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Надад эмчлүүлсэн зардал нийт 5,000,000 төгрөгийн зардал гарсан. Үүнээс гадна хөдөлмөр эрхлэх чадваргүй өнөөдрийг хүртэл бие зовиуртай байгаа үүднээс ажил хөдөлмөр эрхлээгүй учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 2022 оны 07 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаагаар тооцож 9,900,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 12,000,000 төгрөг нийт 29,900,000 төгрөгийг буруутай этгээд болох Б.*******оос гаргуулах шаардлагатай байна. Б.*******ын холбогдсон эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа маш удаан явагдсан бөгөөд энэ хугацаанд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг. Тус хэрэгт авагдсан шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүдээр Б.******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар дүгнэлт гарсан байдаг. Түүнд холбогдох хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзсэн хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан байдаг. Иймд Б.*******оос гэм хорын хохирол эмчилгээний зардал, хөдөлмөр эрхлээгүй улмаас олох ёстой байсан орлогын хохирол, сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохиролд нийт 75,300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.*******ид 45,400,000 төгрөг, Ч.*******д 29,900,000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:

...2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр зам хөндлөн гарч яваад Ч.*******тай мөргөлдөж автын осол гаргасан. Ч.******* нь урсгал сөрж машин гүйцэж түрүүлсэн. Урсгал сөрсөн тул надад харагдах боломжгүйгээр гэнэт гарч ирсэн. Зам нэвтэрч байгаа хөдөлгөөн төгсгөл болж байхад ирж мөргөсөн. Тээврийн хэрэгсэл хөдөлгөсөн талаар ярихад цагдаа нар хэмжилтээ хийгээд одоо хүмүүсээ зөөхөд би тээврийн хэрэгслээ хөдөлгөсөн. А цэгээ цагдаагийн алба хаагч нарт би өөрөө зааж өгсөн. Ч.******* маш их хурдтай урсгал сөрөөд явж байсан. Би ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд Ч.******* урдаасаа хойшоо чигт явж байсан. Би зүүн чигт орохдоо машиныг өнгөрөөж орсон. Намайг уулзвар руу нэвтрэх үед 2-3 гудмын цаана цагаан машин харагдаж байсан. Ч.******* тэр цагаан машиныг гүйцэж түрүүлж ирээд би шороо руугаа орчлоо гээд бодоход хажуу талаас ирж мөргөсөн. Би гудамжнаас машин гараад ирэх вий дээ гэж бодоод явж байсан. Ч.******* хэрэв согтуу байгаагүй, урсгал сөрөөгүй байсан бол би харах байсан. Намайг харах боломжгүй байхад маш хурдтай гарч ирсэн. Би шороо руугаа орчихлоо гээд уулзвараас салаад төгсгөл болж байхад тас гээд дуугарсан. Миний баруун талын цонх харанхуйлаад араар сууж явсан хүн нь үсрээд хашааны үүдэнд унасан. Мотоцикл машин дээр унасан байх урд шил хагараад хүн урд талд унахад би нам зогссон. Би хүн, машин байгаагүй юм даа эгнээ чөлөөтэй байсан юм гээд буугаад ирэхэд цаана явж байсан цагаан машин 60 метрийн зайтай явж байсан. Би Ч.*******ын ирсэн зүг, мөн орж байсан гудамж руу харахад үзэгдэх орчин хязгаарлагддаг. Ч.******* тоормос гишгэхэд тэнцвэр алдагдаад миний машин руу шидэгдэж очоод дугуй руу мөргөөд замын гадна талд мөргөсөн байсан. Миний орж ирсэн замаас би цагаан зураасаа өнгөрөөд шороо зам руу орж байсан. Миний араар гараад явчих зай гарсан байсан. Х.******* үсрээд унахад нь зогсоод буухад Ч.******* машины урд байсан хэрэв би урагшаа явсан бол Ч.*******ыг дайрах магадлалтай байсан. Машин хөдөлгөх завсар байгаагүй би Ч.*******ыг тэврээд сууж байсан. Зураг дээр машиныг хөдөлгөж авахуулсан байна гээд байна тэр үнэн. Бүх үзлэг шинжилгээ хийгдээд Ч.*******ын гарыг боосны дараах зураг. Ч.*******, Х.*******ийг өөр машинаар эмнэлэг рүү тээвэрлээд явсны дараа авсан зураг. Тэнд маш олон гэрч байсан. Ч.******* шал согтуу байсан. Манай эхнэр хүүхэд үлдсэн би нэхэмжлэгч нарыг аваад эмнэлэг явсан. Явсан хойгуур зураг авсан гэж надад хэлсэн. Уулзвар нэвтэрч байсан учир би маш удаан явсан. Тэнд байнга осол аваар болдог. Би багадаа амьдарч байсан манай аавын хашаа байшин. Тэнд одоо манай эгчийнх амьдардаг тэднийд очих гээд явж байсан юм. Би туслах замаас орох гэж байгаа учир машинуудыг хараад орсон уулзвар нэвтрээд төгсөх хөдөлгөөн хийж байхад ирж мөргөсөн. Аспалтан замаас гараад шууд тонгойж шороо руу ордог. Миний машиныг шарватал нь мөргөөд намайг чигээрээ урагшилсан байна гэх зүйл ярьдаг тийм боломж байхгүй. Би цагдаа нарт маш их тайлбарлаж байсан. Би өөрийгөө буруугүй гэж бодож байна. Би ертөнцийн зүгээс баруунаас зүүн зүг рүү уулзвар нэвтрэх хөдөлгөөн хийгээд төгсгөл болж байсан. Ч.******* урдаас аспалтан замаар эгнээний голоос тоормозолсон мөр байдаг. Маш хурдан явж байсан мөр нь байсан. Тэр бол зам дагуу барьцалтын хүч гэж бид нарт заадаг байсан. Би олон жил жолоо барьж байна. Хаазтай, хурдтай явж байсан учир зогсож чадахгүй намайг ирж мөргөсөн гэжээ.

3. Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...Их-Уулын эмнэлгээс Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэх шаардлага гарсан тул Их-Уул сумын эмнэлгийн машинд хөлс төлөөд Тосонцэнгэл сумын эмнэлэг рүү зөөж авчирсан. Х.*******ийг эмчилгээнд явахад нь ээжид нь 350,000 төгрөг өгсөн. Мөн Улаанбаатар хот руу эмчилгээнд явахад тээврийн хэрэгсэлд шатахууны үнэ 375,000 төгрөг өгсөн. Миний машины эвдрэл гэж 405,000 төгрөг гарсан түүнийгээ нэхэмжилж байна гэжээ.

4. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын тайлбар:

Нэхэмжлэгч Ч.*******: ...Надад хохирол төлбөр гэж өгөөгүй учраас би төлөхгүй. Прокурорын дүгнэлтээр Б.*******ыг буруутай гэсэн учраас тээврийн хэрэгсэлд учирсан төлбөрийг төлөх үндэслэлгүй... гэжээ.

Нэхэмжлэгч Х.*******: ...Зардлын мөнгө 375,000 төгрөг. Х.*******ийг хагалгаанд ороход нь 350,000 төгрөг өгсөн талаар маргах зүйлгүй... гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч Б.*******оос 192,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгож, нэхэмжлэгч Ч.*******ын 17,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 17,708,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х.*******ийн 33,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х.*******оос 195,520 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэгч Б.*******од олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 934,480 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөнгөөс 5,810 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, төрийн сангийн данснаас 64,390 төгрөгийг гаргуулж Х.*******, сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,670 төгрөгнөөс 5,810 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, төрийн сангийн данснаас 25,860 төгрөгийг гаргуулж Б.*******од тус тус олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч Ч.*******ын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нийцдэггүй. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт Ч.*******ыг гэм буруутайг тогтоосон ямар нэгэн шийдвэр байхгүй байхад түүнийг буруутгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Зүй нь эрүүгийн эсхүл зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар Ч.*******ыг гэм буруутай гэж үзсэн ямар нэгэн шийдвэр байх ёстой. 2. Тухайн ослоос болж Ч.*******ын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон богтос ясны хугарал, Х.*******ийн биед зүүн дунд чөмөгний зөрөөтэй хугарал гэмтлүүд тогтоогдож тодорхой хугацаанд эмнэлгийн хяналтад орж групп тогтоолгосон байдаг. Энэ хугацааны хөдөлмөрийн чадвар алдсан хөлс, групп буюу халамжийн мөнгө, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүүг хариуцагч Б.*******оос гаргуулах үндэслэлтэй байтал хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 141/ШШ2024/00239 дугаартай шийдвэрийг дахин хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт урдаасаа хойшоо явж байгаа мотоцикл, зам хөндлөн гарч байгаа машины урд хэсэг рүү мөргөсөн асуудал байдаг. Гэтэл хэргийн газрын үзлэгийн баримтаар, замын баруун талд машинаа гаргаад зогсоосон, хойд хэсэг нь хар замаас гараагүй байдалтай нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч нарын тухайд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэм хорын хохирлыг шаардах эрх үүссэн гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд дотор ганцхан хүнийг гэм буруутайд тооцсон прокурорын шийдвэр байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Гэм буруутай байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол байж байгаа. Уг тогтоол дээр гэм буруутай байна гэж үзээд, хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон прокуророос шүүхээр шийдвэрлүүлэх талаар хэлэхэд Б.******* гомдол гаргаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, прокурор зам тээврийн осол гаргасан байна гээд дүгнэсэн байхад, дүгнэлтэд гомдол гаргаагүй нөхцөл байдал тогтоогддог. Ингээд 2022 оны 7 дугаар сарын 14-нд гарсан зам тээврийн ослын улмаас хоёр хүний нэг нь гарандаа, нөгөө нь хөлөндөө хугарал авч хүндэвтэр гэмтэл биендээ авсан. Эмчлүүлсэн зардал, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилье гэсэн боловч хууль нь тухайн үед үйлчлээгүй байсан учраас нэхэмжлэлийн шаардлагаас анхан шатны шүүх хуралдаан дээр татгалзсан. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар дэмжин оролцож байсан. Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ослыг гарахад Ч.******* гэдэг хүнийг буруутай байна гэж нэгдүгээрт үзсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтууд дотор Ч.*******ыг согтуу байсан эсхүл согтуурлын зэргийг нь шалгасан, мөн эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар Ч.*******ыг гэмт хэрэгт холбогдсон талаарх нотлох баримт огт байхгүй байхад, Ч.*******ыг осол гарахад буруутай гэж анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар дүгнээд, Ч.******* энэ мөнгийг тэнцүү хувааж хариуцах ёстой байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн дүгнэх үндэслэл нь хариуцагч талын хүсэлтээр асуугдсан гэрчүүдийн мэдүүлгийг үндэслээд байгаа. Гэрчийн мэдүүлгээр хүнийг гэм буруутайд тогтоогддог бол өнөөдөр бүх хүн шинжээчийн дүгнэлт, согтуурлын зэрэг шалгасан багаж зэргийг ашиглаад байх шаардлагагүй. Тэгэхээр Иргэний хуулийн 497.1 зүйлээр зүйлчилж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээр гэм буруутай гэсэн шийдвэр гаргаагүй байхад, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь шүүх илтэд нэг талыг барьсан, хуульд үндэслээгүй, бодит байдалд нийцээгүй шийдвэр гарсан гэж үзэж байгаа. Тийм учраас энэ дүгнэлт нь үндэслэлгүй юм аа гэдгийг нэгдүгээрт гаргаж байна. Хоёрдугаарт, тухайн хэрэг болсны улмаас Ч.*******ын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон богтос ясны хугарлаар групп тогтоогдоод, одоо болтол групп авч байгаа. Х.*******ийн тухайд, зүүн дунд чөмгөний зөрүүтэй хугарал буюу хүндэвтэр гэмтэл учраад группэд ороод өөрөө ажил хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг осол гаргасан гэм буруутай этгээд нь биш, осолд ороод хохирогч болсон хүн нь хохирол төлөх нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, айлын нохойд хазуулсан чинь би өөрөө буруутай болчихлоо гэдэг шиг юм болсон. Иймд хохирогчийн эрх ашгийг илт зөрчсөн шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан байдаг. Ийм учраас анхан шүүхийн шийдвэр үндэслэлгүй учир, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа, Х.*******, Ч.******* нарын эмнэлэгт байсан хугацааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоногт тооцогдох хугацааг тооцож, группэд хамрагдсан хугацаанд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ халамжийн зөрүү хоёроор хохирол гаргуулах ёстой. Мөн хохирлын баримтыг гаргаж өгсөн боломж байхад хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тийм учраас энэ хэргийг дахин хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан гэв.

8. Хариуцагчийн өмгөөлөгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тухайн үед ослын улмаас хариуцагч Б.*******ыг буруутай гэж үзэж маргаж байгаа. Хэрэгт авагдсан 2 удаагийн шинжээчийн дүгнэлтүүд байгаа. Тухайн дүгнэлтээр зам тээврийн осол гарахад хариуцагчийн талыг буруутай байсан гэж үзээд буруутгасан. Хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож, прокурор хариуцагч Б.*******ыг гэм буруутай гэж дүгнэсэн. Үүнийг үндэслэж, гэм хорын хохирол шаардаж байгаа. Хэдийгээр тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Энэ нөхцөл байдлаас харахад Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүхийн шийдвэрээр тухайн хүнийг гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад, энэ асуудалд хариуцагч Б.******* буруутай гэдгийг тогтоосон ийм нотлох баримт хэрэгт байхгүй. Нөгөө талаар шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Нэхэмжлэгч талаас шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, прокурор тогтоол гаргаж, хариуцагчийг гэм буруутай гэсэн учраас, манайх гэм хорыг нэхэмжлэх нь зүйтэй гэсэн байгаа. Шүүхээр тухайн маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байгаа учраас хариуцагч Б.******* гом хорыг хариуцах үндэслэлгүй харж байна. Хариуцагч талын үндэслээд байгаа Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмж байж байгаа. Иргэний хэрэгт шинжээчийн дүгнэлт, байж байгаа. Уг дүгнэлт дээр юу гэж дүгнэсэн бэ? гэхээр шинжээчийн дүгнэлт нотолгооны давуу байдалтай байгаа. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар харьцуулан судалсны үндсэн дээр, хэргийн нөхцөл байдал тухайн шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ гэж үзэж байна. Нөгөө талаар шүүх шийдвэр гаргахдаа шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон тохиолдолд, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаа хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нэгэнт тогтоосон үйл баримтыг нотлохгүй гэсэн зарчмыг баримтлах шаардлагатай. Шүүхийн шийдвэр тогтоол гараагүй, шинжээчийн дүгнэлтийг нотлох баримт болгож шийдвэрлэж байгааг үндэслэл болгож болохгүй гэдэг ийм дүгнэлт гарчихсан байгаа. Тийм учраас энэ үндэслэлээр Б.*******ыг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн шинжээчийн дүгнэлтийг хариуцагчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй шат, шатанд нь гомдол гаргаад, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулна гээд явж байтал хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг. Ийм нөхцөл байдалтай байгаа. Тухайн дүгнэлтээр зам хөндлөн гарч байгаа тээврийн хэрэгсэл чигээрээ ирж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх ёстой. Ийм дүрмийн заалтыг зөрчсөн байна гэж дүгнээд байгаа. Нөгөө талаар бас нэхэмжлэгч Ч.*******ыг Замын хөдөлгөөний тодорхой дүрэм, журмыг зөрчсөн байна. Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Өөрөө болон зорчигчид хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй. Зорчигчийг аюулгүй тээвэрлэж явах үүргээ зөрчсөн байна гэж үзсэн байгаа. Зам тээврийн ослоос хариуцагч болон нэхэмжлэгч Ч.******* буруутай гэдэг нь тогтоогдож байгаа. Ямар үйл баримтаар тогтоогдож байна гэхээр тухайн эрүүгийн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нэхэмжлэгч Ч.*******ыг замын хөдөлгөөний тодорхой дүрэм, журмыг зөрчсөн байна гэж үзсэн байдаг. Хоёрдугаарт, Ч.******* мөрдөн шалгах ажиллагаанд өөрөө мэдүүлэг өгөхдөө, цагаан машины урдуур очоод мөргөсөн гэдэг. Нөгөө талаар гэрч ******* ярьсан байдаг, би явж байхдаа харж байсан. Crown маркийн авто машин зам хөндлөн гараад, урдуур явсан тээврийн хэрэгслийг өнгөрөөд, зам хөндлөн гараад шороон зам руу бууж байхад мотоцикл хүчтэй ирж мөргөсөн гэсэн мэдүүлэг өгдөг. Бусад хэргийн нөхцөл байдлыг харж байсан тухай үед байсан гэрчүүд, засмал зам дээр мотоцикл урсгал зөрсөн харагдаж байсан гэдэг. Эдгээр нөхцөл байдлуудаас зам тээврийн осолд буруутай этгээдийг Ч.******* байна гэж үзэж байна. Нөгөө талаараа нэхэмжлэгч мэдүүлж байгаа, хариуцагч бас мэдүүлж байгаа мотоцикл, мөргөөд араараа машиныг ирж мөргөхөд араар зорчиж явсан зорчигч Х.******* машины хамар дээгүүр даваад, цаашаа маш хол газар шидэгдсэн гэж хэлж байгаа. Машин бол бага хэмжээний хурдтай явж байсан, мотоцикл мөргөөд тухайн араар сууж явсан зорчигч тийм хол зайтай машин давж шидэгдсэн гэхлээр тухайн үед ямар хэмжээний хурд хүчний үйлчлэл үүссэн байх уу?, Нэхэмжлэгч хурд хэтрүүлсэн байх нь үндэслэлтэй байна гэж шинжээч нар үзэж байгаа. Тухайн замын хөдөлгөөний дүрмээр хууль тогтоомжоор хориглосон хэм хэмжээг зөрчиж байгаа, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа үйлдэл нь, бас Ч.******* согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь осол гарах болсон шалтгаан болсон гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Гэрчийн мэдүүлгээр дан ганц шүүх тогтоогоогүй байгаа. Гэрчүүд тухайн үед харж байсан хүмүүс байгаа учраас, хариуцагч талаас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орсон. Хэргийн оролцогч эрх, үүргийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж холбогдох гэрчүүдийг асуулгасан. Гэрчүүд бодит байдлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Нотлох баримтад ач холбогдол бүхий мэдүүлэг өгсөн байгаа учраас гэрчийн мэдүүлэг үндэслэлтэй. Нөгөө талаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаад, прокурорын тогтоол гарч дээд шатанд нь хариуцагч Б.******* гомдол гаргасан байгаа. Энэ талаар нэхэмжлэгч талаас тайлбар гаргаад байна. Тухайн тогтоолд гомдол гаргах эрх нь тухайн хуулиар олгогдсон эрх байгаа учраас гомдол гаргасан эсэх нь энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Ийм учраас зам тээврийн осол гарахад буруутай этгээд нь Ч.******* байгаа. Хариуцагч Б.*******оос гэм хорын хохирлыг нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хоёрдугаарт, зорчигчийг аюулгүй хэвийн зорчиж явах, замын хөдөлгөөний тодорхой дүрэм, журмыг зөрчсөн буруутай этгээд Ч.*******аас гэм хорыг нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тухайн засмал замын өргөн 07 метр орчим хэрэгт авагдсан хэргийн газрын дүгнэлтээс харахад тээврийн хэрэгсэл замаас буусан байдалтай байж байгаа. Нэг талын урсгал нь 3 метр 50 см өргөнтэй. Машины ар талын хэсэг, засмал замын төгсгөл хэсэг дээр байлаа гэж бодоход, тухайн мотоцикл урсгал сөрөхгүйгээр машины араар гараад явчих хангалттай хэмжээний зай байсан гэж үзэж байгаа. Тэгэхээр согтуурсан этгээд мотоциклыг жолоодож явахдаа өөрийн самбаачлах чадвараа алдаж, тухайн машиныг тойроод гарахгүй очоод мөргөсөн байна. Ийм нөхцөл байдал хэргээс харагдаж байгаа. Үүнтэй холбогдуулаад хөрөнгөд учирсан гэм хороо нэхэмжилсэн, мотоциклоо 3.000.000 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр тодорхой хэмжээний хохирол учирсан 500.0 орчим мянган төгрөг учирсан байсан учраас, засварлаад сэлбээд зориулалтын дагуу унах боломжтой байгаа учраас, бүтэн мотоциклын үнээр үнэлж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Олох цалингийн хөлстэй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэ талаар Э.******* өмгөөлөгч тайлбар хэлэх байх. Миний зүгээс тухайн олох ёстой нэхэмжлэгчийн зардал тодорхой нотлогдоогүй байгаа. Эрүүл мэндийн зардлууд маш ховор байдаг. Тухайн баримтуудын утгаас харахад, эрүүл мэндэд нь зарцуулагдсан гэхээсээ илүү ахуй, хүнсний хэрэглээнд зарцуулагдсан байгаа. Бас нэлээдгүй хугацааны дараа худалдан авалт хийсэн баримтууд гаргаж өгдөг. Мөн хөдөлмөрийн хөлс олох ёстой талаар холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Харгант ХХК-д ажиллаж байсан, сард 1.300.000 мянган төгрөгийн цалин хөлс авч байсан гэж нэхэмжлэгч Х.******* тайлбарладаг. Үүнийг нотолсон баримт байдаггүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, ажил олгогчоос тухайн ажиллаж байсан, цалин хөлс олгож байсан талаар дансны хуулга, орлого олж байсан нь нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байсан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа учраас, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

9. Хариуцагчийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэгдүгээрт, анхан шатны шүүхийн шийдвэр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Яагаад тэгж үзэж байгаа гэхлээр, нэгэнтэй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар буюу эрүүгийн шүүхээр эцсийн байдлаар Б.*******ыг гэм буруутай гэж тогтоогоогүй байгаа учраас, иргэний шүүх тухайн гэм хорын хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ, хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэж буруутай этгээдийг олж тогтоон дүгнэлт хийх эрхтэй. Ял оногдуулж байгаа биш, буруутай этгээдийг тогтоож байж, иргэний журмаар асуудлыг шийдэх ёстой. Хавтаст хэргийн 126-129 дүгээр талд авагдсан баримтууд буюу шинжээчийн дүгнэлтүүд, тухайн хэргийн хэн нь тухайн ослыг гаргахад буруутай байсан бэ? гэдгийг нотлоход чухал ач холбогдолтой. Уг байдлаас харахад, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн баримт болон 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээс харахад нэхэмжлэгч Ч.******* өөрөө, Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь харагдана. Мөн дээрээс нь тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд Ч.*******аас хариуцагч нарын өмгөөлөгч удаа, дараа асуусан. Хамгаалалтын бүс зүүж, хэрэглээгүй зорчигчийг яагаад аюулгүй ажиллагааны талаар сахиулаагүй юм вэ?, Х.*******ийг тээвэрлэсэнтэй холбоотой, мөн дээрээс нь тухайн тээврийн хэрэгсэл, улсын дугаар аваагүйтэй холбоотой, холбогдох зөрчлүүдийг өөрөөс нь асууж тодруулахад, өөрөө тухайн зөрчлүүдийг гаргасан болохоо хүлээн зөвшөөрдөг. Тэгэхлээр тухайн авто тээврийн осол гарах гол үндсэн шалтгаан нь нэхэмжлэгч, хариуцагчийн өөрсдийнх нь аль, алийнх нь буруу байсан байна гэдгээр дээрх баримтуудаар тогтоогдоно. Зөвхөн хариуцагч Б.*******ын буруутай үйлдлээс болсон гэх баримтууд байхгүй байгаа. 2023 оны 10 дугаар сарын 17-ний №33 дугаартай, хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан тухай тогтоолд хэрэг бүртгэлтийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг хаасан байгаа. Хоёрдугаарт, хөдөлмөрийн хөлстэй холбоотой зохицуулалтаар гомдол гаргасан байсан. Хөдөлмөрийн хөлсийг шаардах эрхтэй гэж дурдсан байсан санагдаж байна. Анхнаасаа нэхэмжлэгч нар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар буюу эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой хөдөлмөр эрхэлж чадахаа больсон. Тийм учраас хөдөлмөр эрхэлж байсан үеийн цалин хөлсийг гаргуулъя гэж шаардсан. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт байгаа заалт нь, өөрөө үнэхээр, энэ хүн хөдөлмөр эрхэлж байсан нь үүнтэй холбоотой авто тээврийн ослын улмаас, ажил хөдөлмөр эрхэлж чадахаа больсон бол түүнийг төлөхтэй холбоотой, үүрэгтэй холбоотой заалт байгаа. Гэтэл нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ өөрөө, 2023 онд шүүхэд өгсөн. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагадаа Х.******* нь Харгант ХХК-д 1.300.000 мянган төгрөгний цалингаар ажилладаг гэж тайлбарлаад, мөн хугацааны цалинг ажил хийж байсан хугацаатай дүйцүүлэхээр, 23 сая 400 мянган төгрөг гэж тодорхой нарийвчлан гаргасан. Тэгэхдээ ийм хэмжээний цалин авдаг байсантай холбоотой үйл баримтыг нотлоогүй. Хоёрдугаарт, Ч.*******ын тухайд бас яригдана. 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сар хүртэл 9 сая 900.000 мянган төгрөг гэж гарсан. Тэгэхээр тооцоолоод байгаа баримт яаж гараад байгаа юм бэ? гэдэг үйл баримтаа нотлоогүй. Иргэний хэргийн өөрийнх онцлог нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрөө хэргийн үйл баримтаа нотлох үүрэгтэй. Ийм онцгой ач холбогдолтой заалт байдаг. Гэтэл эдгээртэй холбоотой нотолгооны ач холбогдолтой зүйл хийгээгүй хэр нь, тодорхойгүй зүйл нэхэмжлээд байх нь өөрөө үндэслэлгүй байна. Дээрээс нь Монгол Улсын Дээд шүүхээс гэм хор учруулсантай холбоотой хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ дараах үндсэн зарчмыг баримтална гээд хэд, хэдэн удаагийн тогтоол, зөвлөмж тайлбар гаргасан байдаг. 2009 оны 5 дугаар сарын 22, 2008 оны 8 дугаар сарын 10, 1997 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 473 дугаартай тогтоолууд гээд, яг дээрх Улсын Дээд шүүхийн тайлбарууд бол Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг ямар тохиолдлоор нотлох вэ? гэдгийг тодорхой тайлбарласан. Хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан, цалин хөлс түүнтэй адилтгах орлого гэдэг бол, гэм хор учруулснаас болоод хохирогч ажлаасаа чөлөөлөгдсөн эсхүл бага цалинтай ажилд томилогдсон, эсхүл группэд орсноос болоод тухайн авто тээврийн осол болохоос өмнөх цалин, одоо авч байгаа цалингийн зөрүүг олгоно гэж байгаа. Тэгэхээр ийм хэмжээний зөрүү байхгүй болох нь нэхэмжлэгчийн өөрсдийнх нь тайлбараас харагдана. Анхан шатны шүүх өмнө нэхэмжлэгч Х.*******ийн өмгөөлөгчөөс олон удаа асуусан. 1.300.000 мянган төгрөгтэй холбоотой баримт байна уу?, нийгмийн даатгал байна уу?, тухайн компаниас нь гаргасан албан бичиг байна уу? гээд маш олон янзаар үйл баримтыг тодруулахын тулд, шүүгчээс асуусан ч гэсэн энэтэй холбоотой ямар ч баримтыг гаргаж өгөөгүй. Тэгэхээр шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд үүнийг гаргуулахгүй шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. Дараагаар нь сая гомдолд дурдаагүй, хохирлын баримтын тухай дурдсан. Хохирлын баримтууд дээр хариуцагч болон бид нар маш олон удаа эсэргүүцсэн, хэрэгт дийлэнх нь хохирлын баримтууд гэж үзсэн дансны хуулганууд байж байгаа. Зарим нь дэлгүүрээс авсан хүнсний бүтээгдэхүүний баримт ч бий. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирлын баримтуудад маш нарийвчилсан дүгнэлт хийсэн. Шүүх шийдвэрийнхээ 14-15 дугаар талуудад хохирлын баримтуудыг дүгнэж бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл, 16 хуудсанд 2400 төгрөгийн шинжилгээ 800 төгрөг гэх мэт, эрүүл мэндтэй холбоотой байж болох зардал болон тухайн он, хугацаатай нь давхар байгаа баримтуудыг түүж үзээд эндээс анхан шатны шүүх тодорхой дүн гаргаж дүгнэлт хийсэн байгаа. Тэгэхээр бусад баримтуудын тухайд хэрэгт байгаа дансны хуулга хүртэл, өөрөө гэм хорын хохиролтой ямар холбоотой болох нь нотлогдоогүй байгаа. Хариуцагч нарын өмгөөлөгчийн зүгээс юу гэж үзэж байгаа вэ? гэхлээр, анхан шатны шүүхийн шийдвэр өөрөө хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гарсан шийдвэр гэж үзэж байгаа. Хэт нэг талыг барьсан Б.*******ын буруу, эсхүл Ч.*******ын буруу гэж дүгнэсэн зүйл байхгүй. Талуудын хэн аль нь авто тээврийн ослыг гарахад нөлөөлсөн байна гэдгийг дүгнэж, эрх хэмжээнийхээ хүрээнд үүнтэй холбоотой дүгнэлт хийж шийдвэр гаргасан байгаа. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэсэн саналтай байна гэв.

10. Хариуцагч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би өөрийгөө буруугүй гэж үздэг. Ч.******* маш согтуу байсан. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэрэгсэхгүй болсон. Ч.******* өөрөө маш их хурдтай явсан. Хойшоо, урагшаа явсан машиныг өнгөрөөгөөд хажуу тийшээ харахад 3-4 гудамжны цаана явсан цагаан машиныг гүйцэт түрүүлээд, намайг зам гарч явахад давхиж ирээд мөргөсөн. Нэг хүн, миний машин дээгүүр нисээд явж байгаа нь харагдаж байсан. Ирээд мөргөхөд Ч.******* өөрөө, миний машины урд дугуй, гүпэр хоёрын дунд руу чихэгдэж унаж байгаа юм. Маш эрчтэй явж байсан. Хэрэв би урагшаа явсан бол тэр хоёрыг, хоёуланг нь дайрах байсан. Тэгээд машинаасаа буугаад сэгсэрсэн, багтарсан байсан. Би анхны тусламж үзүүлээд цагдаа, эмнэлгийг дуудсан. Хүмүүсийг аваад явсан хойно, машинаа чиглүүлж тавьсан. Тухайн үед ах дүү нар нь Ч.*******д хэлсээр байхад, чи ийм асуудалд орж байна гэж хэлж байсан. Ч.******* ч тэр хавьд амьдардаг. Би бас ойрхон амьдардаг тийм л хүмүүс юм. Тэгээд одоо намайг ингээд, гүтгээд байдаг юм. 13 метр тооромзлоод, дахиад тэндээсээ тэнцвэр алдаад, мотоциклын дугуйны мөр газарт хүрэхгүй яваад, миний машин тухайн замаас өөр чиглэл рүү гарах гээд тонгойсон байхад, урд дугуй руу ирж мөргөөд, мотоцикл эргэж ирээд машиныг цөм мөргөсөн байдаг. Хэдхэн секунтээр хэмжигдэх хугацаанд ийм зүйл болсон. Хэрэв Ч.******* зөв эгнээндээ явсан байсан бол, би Ч.*******ыг харах байсан. Ч.*******ын өөрийнх нь гүйцэт түрүүлсэн машиныг харж байгаа юм чинь, Ч.******* ч харагдах байсан. Машин хөдөлгөсөн тухайд, би бүх хүмүүсийг анхны тусламж үзүүлээд, эмнэлэг, цагдаагаа би дуудсан, хүмүүсийг аваад явахын өмнө цагдаагаас зөвшөөрөл аваад тэгээд би явсан байгаа. Сөрөг нэхэмжлэлийн тухайд Ч.*******ыг эмнэлгийн машин тээвэрлээд, Х.*******ийг би ахынхаа машинаар тээвэрлээд, Тосонцэнгэл сум оруулж өгсөн. Бид нутгийн улсууд Их-Уулынхаа машиныг гуйгаад хот руу явахад нь ирэх, очих зардлыг гаргасан байгаа. Тухайн үед мотоцикл маш хурдтай явсан. Миний машины урд шил хагарсан, карлан, гүпэр муруй болтол гэмтэл үүссэн байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.*******од холбогдуулан эмчилгээний зардал 5000.000 төгрөг, эд хөрөнгөнд учирсан хохирол 3000.000 төгрөг, олох ёстой байсан орлого 9.900.000 төгрөг нийт 17.900.000 төгрөг гаргуулах,

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Б.*******од холбогдуулан эмчилгээний зардал 10.000,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлого 23.400.000 төгрөг, нийт 33.400.000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэл гаргажээ.

4. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж, нэхэмжлэгч Ч.*******д холбогдуулан Х.*******ийг эмчилгээнд явахад нь өгсөн нийт 725.000 төгрөг, эд хөрөнгөнд учирсан хохирол 405.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

5. Хэрэгт авагдсан баримтуудаар Завхан аймгийн Их-Уул сумын Баян-ухаа багийн нутаг дэвсгэрт хариуцагч Б.*******ын жолоодож явсан а маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, нэхэмжлэгч Ч.*******ын жолоодож явсан гэх маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл мөргөлдөж, зам тээврийн осол гарч нэхэмжлэгч Х.*******ийн биед зүүн дунд чөмөг ясны зөрүүтэй хугарал, баруун өвдгөнд зулгаралт гэмтлүүд, Ч.*******ын биед зүүн гарын шуу, богтос ясны хугарал, дух, хэвлий, зүүн гарын 5 дугаар хуруу, зүүн гуя, өвдөг шилбэнд зулгаралт гэмтлүүд, Ч.*******ын жолоодож явсан маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд 500.000 төгрөгийн, Б.*******ын унаж явсан гэх а маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 405.000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.

6. Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй билээ.

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.

7. Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байх шаардлагатай юм.

8. Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 505, 510 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна.

9. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

10. Иргэний хуулийн дээрхи зохицуулалтууд болон тайлбараас харахад хариуцагч Б.*******ын хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл байж, уг үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ч.*******, Х.******* нарт хохирол учирсан нь нотлогдсон тохиолдолд нэхэмжлэгч Ч.*******, Х.******* нарын шаардлага хангагдах учиртай.

11. Уг зам тээврийн осол хэний буруугаас гарсныг эрүүгийн журмаар шалгасан боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал үүсч 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, хэн алины буруутай үйлдэл байгааг эрүүгийн журмаар шүүх тогтоогоогүй, талууд гэм буруугийн талаар маргаантай байна.

12. Нэхэмжлэгч талаас хариуцагч Б.*******ын буруугаас хохирол учирсан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоол зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт гэсэн нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

14. Харин дээрх гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт прокурорын тогтоол, түүнтэй холбоотой бусад баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой мэдээллийг агуулсан байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримт гэж үзэж, шүүх үнэллээ.

15. Дээрх баримт нь Завхан аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийн салбар архив 22 хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан нотлох баримтын шаардлага хангасан учраас шүүх үнэн зөв баримт бичиг гэж үнэллээ.

16. Хэрэгт авагдсан Прокурорын тогтоол гэсэн баримт бичигт Б.*******ыг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаартай прокурорын тогтоолоор нэхэмжлэгч Б.******* нь 2022 оны 07 дугаар сарын 14-ны өдөр Завхан аймгийн Их-уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт а маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг биелүүлээгүйгээс маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн мотоциклийн жолооч Ч.*******, зорчигч Х.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл тогтоогдож байна. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэжээ.

17. Прокурорын тогтоолын гол үндэслэл болгосон -ын жигүүр НҮТББ-ын гишүүн Л.аагийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 22/194 дугаартай шинжээчийн дүгнэлт гэсэн баримт бичиг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын инженер, техникийн шинжилгээний газрын шинжээч, цагдаагийн ахмад Г., цагдаагийн ахмад С.ай, автотехникийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад С.а нарын 2023 оны 01дүгээр сарын 26-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт гэсэн баримт бичиг, мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт бусад баримт бичгээс харахад хариуцагч Б.******* нь а маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг биелүүлээгүй нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэжээ.

18. Дээрх баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан хэдий ч хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, төрийн байгууллагаас бүрдүүлсэн баримт тул шүүх үнэн зөв баримт гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.*******ын хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас осол гарах шалтгаан болсон гэж шүүх үзлээ.

19. Харин хэрэгт авагдсан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан гэрч Г., Р., Б., Э., гэрч Г., Ц.оо нарын мэдүүлэг болон бусад баримт бичгүүдээр нэхэмжлэгч Ч.******* нь улсын дугааргүй мотоциклыг согтуугаар жолоодож, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 27.1 дэх заалтуудыг зөрчсөн, мөн тухайн үед хурд хэтрүүлж явсан, хамгаалалтын малгай өмсөж яваагүй болох нь тогтоогдож байх бөгөөд эдгээр нөхцөл байдал нь тухайн осол гарахад, хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

20. Иргэний хуулийн 514 дугаар зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан шүүх хохирлын хэмжээг багасгаж болохоор зохицуулсан , тэрээр хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон өөрт учирсан эмчилгээний зардал 289.000 төгрөг, эд хөрөнгийн хохирол 3000.000 төгрөгийг өөрөө хариуцах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Иймд нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

21. Харин хариуцагч Б.******* нь Иргэний хуулийн 497, 505, 510 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Х.*******ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй байна.

22. Нэхэмжлэгч Х.******* нь эмчилгээнд 10.000.000 төгрөг зарцуулсан гэж нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар 1.058.000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан нь тогтоогдсон тул 1.058.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй байна.

23. Нэхэмжлэгч Х.******* нь ******* ХХК-нд мужаанаар ажилладаг байсан сарын 1.300.000 төгрөгийн цалин авдаг байсан гэж 23.400.000 төгрөг, нэхэмжлэгч Ч.******* нь хөдөлмөр эрхлэх чадваргүй өнөөдрийг хүртэл бие зовиуртай байгаа гэж, 2022 оны 07 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, 9.900.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн боловч, тэдгээр нь хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар хэрхэн алдсан болон сарын хэдэн төгрөгний орлого олдог байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

24. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Х.*******ид холбогдуулан эмчилгээнд явахад нь 350.000 төгрөг, тээврийн хэрэгсэлд нь шатахууны үнэ 375.000 төгрөг өгснийг буцааж авахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь: Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас осол гарсан байх ба тэрээр осол гарсан үед Х.*******ийн эмчилгээ болон түүнтэй холбоотой зардалд 750.000 төгрөгийг төлсөн нь түүний төлөх үүрэгтэй төлбөр гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

25. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******оос 1.058.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.*******ид олгож, нэхэмжлэгч Х.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 32.342.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.*******ын Б.*******од холбогдуулан гаргасан 29.900.000 төгрөг, Б.*******ын нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргасан 750.000 төгрөгний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 140/ШШ2024/00239 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******оос 1.058.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.*******ид олгож, нэхэмжлэгч Х.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 32.342.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.*******ын Б.*******од холбогдуулан гаргасан 29.900.000 төгрөг, Б.*******ын нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргасан 750.000 төгрөгний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2. Шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... нэхэмжлэгч Х.*******, Ч.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг, хариуцагч Ч.*******ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31.670 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 29.942 төгрөг гаргаж нэхэмжлэгч Х.*******ид олгож, гэж тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагчийн өмгөөлөгч Н.*******, Э.******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т нэхэмжлэгч, хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******оос 29.942 улсын тэмдэгтийн хураамжид төгрөг гаргаж улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР