Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 550

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харууд овгийн Эрдэнэтогтохын Хэрлэнд холбогдох эрүүгийн 1811033780521 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эм бүл 1 ганцаараа, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 71-01 тоотод оршин суух хаягтай,

Урьд 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 241 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнэмэл амьдарлаа орхиж, зан үйлээ засаж засарч хүмүүжихийг даалгах албадлагын арга хэмжээ авагдсан, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 117 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан Харууд овогт Эрдэнэтогтохын Х., /РД: .............

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Яллагдагч Э.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Х нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Тэнгис” кино театрын дотор хохирогч Б.Одгэрэлийн халааснаас “Айфоне 6 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 380.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч Э.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тухайн үед нөхөрлөж байсан Алтансондор болон Цэнд-Аюуш нарын хамтаар Тэнгис кинотеатрт байрлах ТҮЦ машинаас Цэнд-Аюушид иргэний үнэмлэхний лавлагаа авахаар явж байсан ба тухайн үед Цэнд-Аюуш “попкорн идмээр байна” гэж Сондор бид 2-оос гуйгаад байсан болохоор бид хамтдаа Тэнгис кинотеатрын попкорн зардаг хэсэгт очсон.Тухайн үед Цэнд-Аюуш нь попкорн авахаар лангууруу явсан бөгөөд би Алтансондорын хамтаар Цэндээгийн ард зогсож байсан. Тухайн үед 30 гаран насны нэгэн эгч 2 жаахан хүүхэддээ попкорн авч өгөхөөр мөн тэр хавиар яваад байсан би тэрхүү эгчийн пальтоны баруун талын халаасанд гар утас байгааг анзаарсан ба тухайн гар утсыг авах сэдэл надад төрж Сондорыг дагуулаад, түүгээр халхавч хийлгэхийн тулд энд зогсож бай юм хараадхая гэх мэтээр түүнийг дагуулаад ийш тийшээ явж эхэлсэн. Сондор нь тухайн үед хагас манарлын байдалтай байсан бөгөөд, намайг дагаад хамт яваад байсан. Гэтэл тэрхүү 2 хүүхдээ дагуулсан эгч попкорн авахаар лангууруу дөхөх үед би Цэндээд хандаж попкорноо өөрөө аваад идчихээ гэж хэлээд тэрхүү эгчийн хажууд нь оочирлоод зогсоолгосон ба тухайн үед би тэр эгчийн пальтоны баруун талын халааснаас гар утсыг нь аваад Сондорыг эндээс гаръя гэж хэлээд дагуулаад гарсан ба тухайн үед Сондор юу болсныг сайн ойлголгүйгээр намайг дагаад гарсан. Бид хамтдаа гараад KFC-ийн үүдэнд юм яриад зогсож байхад араас Цэндээ гарч ирээд та 2 хаашаа явчихваа гэж хэлээд биднийг хайсан шинжтэй араас гараад ирсэн. Намайг тухайн үед гар утастай болсныг мэдээгүй бөгөөд бид 3 хамтдаа 2 хоногийн турш гадуур явсан. Цэндээ болон Сондор нар нь мөнгөгүй байсан учраас хамт явж байхдаа энд тэнд очоод гуйлга гуйгаад байсан ба би өөрт байгаа гар утсаа ганцаараа зарахын тулд тэдэнтэй албаар хэрүүл өдөж эхэлсэн ба Цэндээтэй эхлээд муудалцаад, хэрэлдээд салсан ба харин Сондортой хэсэг хамт явж байгаад мэргэжилтний 20-ын ойролцоо ирээд мөн л улиг болсон гуйлгаа гуйгаад байхаар нь түүнтэй мөн маргалдаад тэндээсээ шууд салаад явсан ба нэг кафед орж авсан гар утсаа тухтай сууж үзэхэд “айфон-6” плас маркийн шаргал “голд” өнгөтэй гар утас байсан бөгөөд дэлгэцэндээ пин кодтой байхаар нь 6 удаа 0-ийн тоог тааж оруулахад код нь тайлагдчихсан бөгөөд тухайн утас нь “id”-гүй байсан болохоор нь цүнхэндээ хийгээд далд хийсэн. Үүний дараа би хэсэг гадуур явж байгаад Теди төврүү очиж, 4 дүгээр давхарт нь гараад хэд хэдэн лангуугаар явсны эцэст нэг лангуун дээр ирээд тус гap утсыг “би утсаа зарах гэсэн юм, өөрөө барьж байсан юм аа” гэж хэлээд тэрхүү ахад 170.000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө өөрийн хувийн хэрэгцээгээ хангаад, юм авч идээд, комьпютер тоглоомын газарт очиж тоглоод үрээд дуусгачихсан. Хийсэн үйлдэлдээ би одоогоор гэмшиж байгаа бөгөөд одоогоор найз залуугийнхаа хамтаар авто угаалгын газарт ажиллаж, ариун цагаан хөдөлмөрөөрөө мөнгө олж байгаа. Надад өөр цагдаагийн ямар нэгэн хэлтэс газарт шалгагдаж байгаа асуудал байхгүй бөгөөд дахин хэрэг төвөгт холбогдоогүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 58-59х/

Хохирогч Б.Одгэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ 2018 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 15 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрт 3-9 насны хоёр хүүхэдтэй кино үзэхээр попкорн авахаар зогсож байгаад халааснаасаа “Айфоне 6” плас загварын гар утсаа хулгайд алдсан. Гар утсаа хулгайд алдсанаа 4-5 минутын дараа мэдээд хяналтын камерын өрөөнд орж бичлэг үзэхэд 18-20 орчим насны 1 эрэгтэй, 2 эмэгтэй миний араас дагаж байгаад өндөр охин нь миний анхаарлыг сарниулж байх үед намхан нуруутай охин нь миний баруун талын кармаанаас утас хулгайлж авч байгаа дүрс байсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19х/

                  Дүүргийн засаг даргын дэргэдэх орон тооны бус комиссын үнэлгээ “Айфоне-6” плас загварын гар утас 380.000 төгрөг /хх-ийн 21х/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13х/

Гэрч У.Дашнямын мэдүүлэгт: “...хуулбарлан авсан бичлэгийг сайн үзэхэд Хэрлэн гэх этгээдтэй царай төрх нас биеийн онцлогоороо их төстэй харагдсан ба өмнө нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гуйлга гуйдаг байсан гэдгээр нь таних болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45х/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Шүүгдэгч Э.Хг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.   

Хохирогч Б.Одгэрэл нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул  шүүгдэгч Э.Хг бусдад төлөх төлбөргүй болсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргах, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харууд овогт Эрдэнэтогтохын Хэрлэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Э.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргах, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД