Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 172

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би С Л ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч С Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д тус шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “.....Миний бие Т.Д нь С Л ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргад холбогдуулан “Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан чиг үүргээ үндэслэлгүйгээр гүйцэтгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож,  С Л ХХК нь оффис, үйлчилгээний барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. 

Өөрт олгогдсон эрхийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу дээрх нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

С Л ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргад холбогдуулан “...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга нь Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан чиг үүргээ үндэслэлгүйгээр гүйцэтгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, С Л  ХХК-ийн    оффис,    үйлчилгээний  барилгын  ажлыг  эхлүүлэх,  үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид  даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасны дагуу С Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дын 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ  татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Мөн С Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                                                         

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С Л ХХК-ийн гаргасан “...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга нь Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан чиг үүргээ үндэслэлгүйгээр гүйцэтгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, С Л ХХК-ийн оффис, үйлчилгээний барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид  даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ               Б.АДЪЯАСҮРЭН