Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0031

 

Ө.Э-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ө.Э, түүний өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ө.Э-ийн нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Ө.Э-ийг ажлаас халах тухай” Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ө.Э-ийг Дотоод хэргийн /одоогийн нэршил/ их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчид 14,334,194 төгрөгийг олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалыг хийхийг, нэхэмжлэгчийн ажиллагаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Тус их сургуулийн сонсогч Г.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр сантехникийн инженер Я.Э, сонсогч Ч.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр сургуулийн бүсэд амь насаа алдсан үйл явдал болж сургуулийн бие бүрэлдэхүүнд хамаарах 3 хүн, 2 сар хүрэхгүй хугацаанд дараалан амь насаа алдсан ноцтой зөрчил гарсан, улмаар дээрх асуудлын талаар яам, холбогдох албан тушаалтанд танилцуулаагүй мэдээллээр хангаагүй.

Мөн Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.7-д зааснаар багш суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих үүрэгтэй бөгөөд сургуулийн захирал багшид энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүргээ гүйцэтгээгүй байна.

Хууль сахиулах их сургуулийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 12.1.13-д “Эрхэлсэн асуудлаараа хууль зүйн болон боловсролын асуудал хариуцсан төв байгууллагын удирдлагад мэргэшлийн зөвлөгөө өгч, холбогдох мэдээллээр хангах” гэж зааснаар удирдлагыг мэдээллээр хангах, сургуулийн бие бүрэлдэхүүний аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, үүрэгтэй байтал дээрх гурван тохиолдолд энэ үүргээ хэрэгжүүлэн хариуцлагатай ажиллаж чадаагүй байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.18-д заасан хууль тогтоомжид заасан бусад үүрэгт хамаарна.

Гэтэл шүүх ямар хууль тогтоомжид заасан үүрэг зөрчигдсөн нь тодорхойгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-д цагдаагийн алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-20 хувиар тооцож олгохоор заасан. Харин шүүх 45 хувиар тооцож бодож тооцсон нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-д заасан “...уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэх үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргасан.

Гэтэл шүүгч У.Бадамсүрэн нь хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-д “Хэд хэдэн болон хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гаргах асуудлыг ямар ч тохиолдолд Ерөнхий шүүгч шийдвэрлэхээр заасан байна. Гэтэл Ерөнхий шүүгчийн шийдвэрлэх эрх хэмжээний асуудлыг татгалзан гаргагдаж байгаа шүүгч өөрөө шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ө.Эийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар “Хууль сахиулахын их сургуулийн сонсогч Г.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, сантехникийн инженер Я.Э нь 12 дугаар сарын 17-ны өдөр, сонсогч Ч.Ө нь 12 дугаар сарын 25-ны өдөр сургуулийн бүсэд амь насаа алдсан нь тус сургуульд удирдлага зохион байгуулалт алдагдаж, хариуцлага суларч, сургалт хүмүүжлийн ажил хангалтгүй байгаатай холбоотойгоос гадна, 2 сар хүрэхгүй хугацаанд гарсан эдгээр ноцтой асуудлын талаар яам болон удирдлагад танилцуулаагүй” гэсэн үндэслэлээр Хууль сахиулахын их сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь халсан байна.

Уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “...Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэр дээр болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргын нэр дээр албан бичгээр танилцуулгуудыг тухай бүр хүргүүлж, дээрх асуудлуудаар тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд болон бусад удирдлагуудад өөрийн биеэр 88119099 дугаарын утаснаасаа танилцуулж байсан. ...албан хаагчдаас гаргасан ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй байтал ажлаас халсан шийдвэрийг ойлгосонгүй...” хэмээн маргажээ.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажлаас халах болсон гол үндэслэлд дүгнэлт хийлгүй, “...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг заасан, ингэхдээ 37.1.1-37.1.18 хүртэл жагсаан тодорхой үүргүүдийг хуульчилсан байтал хариуцагч тушаалдаа уг зүйлийг бүхэлд нь барьж үндэслэсэн нь учир дутагдалтай...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардаж буй Хууль зүй, дотоод хэргийн сайдын Б/13 дугаар тушаалд “...сургуулийн бүсэд амь насаа алдсан нь тус сургуульд удирдлага зохион байгуулалт алдагдаж, хариуцлага суларч, сургалт хүмүүжлийн ажил хангалтгүй байгаатай холбоотойгоос гадна 2 сар хүрэхгүй хугацаанд гарсан эдгээр ноцтой асуудлын талаар яам болон удирдлагад танилцуулаагүй...” буюу удирдлагыг шуурхай мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй гэсэн уг актыг гаргах болсон шалтгаан, нөхцөлийг тодорхой заасан байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг шалгаж, тогтоох, улмаар акт үндэслэлтэй гарсан эсэхэд дүгнэлт өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болсон дээрх үйл баримтыг үнэлж, дүгнэн Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “...хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасан нөхцөлтэй уялдуулан тайлбарлаж, акт үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгч нь Хууль сахиулахын их сургуулийн захирлын албан тушаалыг эрхэлж байсан төрийн тусгай албан хаагчийн хувьд тус сургуулийн бие бүрэлдэхүүний аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй, бий болсон нөхцөл байдлыг харьяа дээд шатны удирдлагадаа тухай бүр мэдээллэж байх үүргийг хэрэгжүүлсэн эсэх талаар дүгнэж, хэргийг шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан шүүхийн шийдвэрт тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шүүх хуралдаанд нэхэмжлэгч “...Төрийн нарийн бичгийн даргад тухай бүрд нь мэдэгдэж байсан. Сайдын хувьд тухайн үед утсаа аваагүй. Хамгийн сүүлийн тохиолдол болох үед утсаар мэдэгдэж, дараа нь танилцуулсан...” гэж тайлбарлан маргах бөгөөд уг үйл баримтыг тогтоосон баримт байхгүй байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгөх боломжгүй, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн шинж байдлыг тогтооход ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгч Ө.Эийг буруутгаж буй үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй.

Анхан шатны шүүх шаардлагатай тохиолдолд гэрчээс мэдүүлэг авах, Төрийн нарийн бичгийн даргад хэрхэн мэдэгдсэн талаар тодруулан, утсаар мэдэгдсэн бол уг мэдэгдсэн гэх утасны дэлгэрэнгүй жагсаалт болон хэрэг учрал болсноос хэдий хугацааны дараа удирдлагууддаа мэдээлсэн, тухай бүр мэдээлэл хүргүүлсэн гэх тухай албан бичгүүд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Төрийн нарийн бичгийн даргад хүрсэн эсэхийг тодруулах боломжтой байжээ.

Ийнхүү талуудын маргалдаж буй үндэслэлд холбогдох баримтууд хэрэгт бүрэн авагдаагүй, хэргийн үйл баримтыг тодорхойлж, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

                              ШҮҮГЧ                                                                        Г.БИЛГҮҮН

                              ШҮҮГЧ                                                                        Д.БААТАРХҮҮ