Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 42

 

Г.Гын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч шүүгч Н.Батчимэг, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 137/ШШ2016/00197 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эт холбогдох,

Үндсэн зээл 5 сая төгрөг, зээлийн хүү 4500000 төгрөг, нийт 9500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Гын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүх 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж /цахимаар/, хариуцагч Б.Э /цахимаар/, нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Э нь харилцан тохиролцож 2013.04.13-нд 5 сая төгрөгийг сарын 7,5 хувийн хүүтэйгээр зээл авсан. Уг мөнгийг Хаан банкны 5037213400 данснаас Б.Эын 5374334601 дансанд шилжүүлсэн. Уг хугацаанаас хойш Б.Э нь үндсэн мөнгө, түүний хүүг нэг ч удаа төлөөгүй учрас 2014.03.12-нд иргэд хоорондын гэрээ байгуулж, цаашид 9500000 төгрөгийг 7,5 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож Э өөрийн гараар бичиж гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу зээл, хүүг төлж барагдуулаагүй байна. Иймд 9500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь иргэн Гас 5 сая төгрөгийг 2013.04.13-нд зээлж авсан нь үнэн. Мөнгө зээлснээс хойш 2013.06 сард Г.Гд 2 сая төгрөг, 2014 онд 800000 төгрөг, 2014 онд дүү Б.Эаар 4 сая төгрөгийн цалингийн зээл авахуулан Г.Гд өгсөн. Ингээд би нийт 6800000 төгрөгийг 2013.04.15-наас хойш 2014 оны хооронд өгсөн. Иргэн Г.Гтай уулзаж авсан 5 сая төгрөгийн хүүнд 1,8 сая төгрөг өглөө, тийм учир бид хоёрын дунд ямар ч тооцоогүй болж байна гэхэд хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээс хойш ямар нэгэн өр авлагын талаар дахин надтай яриагүй, бид хоёр энгийн харилцаатай байсан. Мөн би 2016 онд 350000 төгрөг зээлж аваад буцааж өгсөн. Тухайн үед өгч аваад тооцоо дууслаа гэж ярьж тохиролцсон байж одоо ийм зүйл ярьж байгаад гайхаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаан банкны гадаа тааралдаад 5 сая төгрөг хэрэгтэй байна, зээлээч гэхэд хувийн хүүтэй зээл авах юм уу гэж асуусан, тэр үед чухал хэрэгтэй байсан учраас сарын 7 хувийн хүүтэй мөнгийг зээлж авсан. Ингээд 2013.05.13-ны өдөр хүү болох 350000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Түүнээс хойш зээлийг төлж чадахгүй байсаар 2014.04 сард өөрөө намайг эмнэлэг дээр дуудаж гэрээ хийсэн. Тэр үед намайг дарамталж байгаад бичүүлсэн. Гэрээний доторх агуулга, санаа бол миний санаа биш, Г ингэж бич гэж бичүүлсэн. Одоо 7 хувийн хүүг тооцож бодохоор 9200000 төгрөг болж байгаа юм. Үүнээс хойш зээлээ хурдан төлөх арга хэмжээ авч тухайн үед 10 жилийн хүүхдүүдийн монтаж хийж байсан болохоор монтажны мөнгийг цуглуулж 2014 оны 6 сард 2 сая төгрөгийг өөрийн ажлын гадаа өгсөн. Үүний дараа 2014.09.25-ны өдөр өөрийн дүү Эаар цалингийн зээл авахуулж 4 сая төгрөгийг өгсөн. Дараа нь 2015 оны 3 сарын сүүлээр эхний монтажны мөнгө орж ирсэн байсан. Г мөнгө хэрэг болоод байна гээд гэрт орж ирэхэд нь 800000 төгрөг өгсөн. Дараа нь 2015 оны 04 сарын эхээр манай эхнэр цалингийн зээл авсан. Тэгээд хүүхдээ хараад эмнэлэгт хэвтэж байхад Гын эхнэр бас эмнэлэгт хэвтэж байсан, бид хоёр эхнэр хүүхдүүдээ эргэх үед тааралдаж байгаад Г хот явах гэсэн чинь мөнгө хэрэг болоод байна гэсэн, тэгээд тэр үед эхнэр мөнгийг нь өг гэж хэлээд би 1800000 төгрөгийг өгөөд одоо ингээд тооцоо дууссан биз дээ гэж хэлсэн. Дараа нь нэг өдөр Г ах уулзахдаа дахиад нэг мөнгөний зөрүү байгаа юм байна шүү дээ, хүүг 7,5 хувиар бодно гэх зүйл ярьж байсан. Чи надад нэг гэрчийн мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гээд Мөнхбаясгалан гэж хүний эсрэг хуурамч гэрчийн мэдүүлэг өгүүлсэн. Тэгээд одоо ингээд тооцоо дууссан гэж хэлсэн. Миний хувьд 2014.03.12-нд нөхөж хийсэн зээлийн гэрээг зөвшөөрсөн учраас авсан зээлээ илүү төлсөн. Нийт 8950000 төгрөгийг Гд төлж барагдуулсан гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Б.Эт зээлийн гэрээний үүрэгт 550000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 8950000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 166950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Гд олгож,

Хариуцагч Б.Э нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,

Шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. /хх 104-107/

            Нэхэмжлэгч  Г.Г давж заалдсан гомдолдоо: Хариуцагч Б.Э нь надад зээлийн төлбөрөө төлсөн гэдгийг нотолж чадаагүй ба хариуцагчийн тайлбар, мэдүүлгүүд, гэрчийн мэдүүлгүүд хэтэрхий зөрүүтэй, илт гүтгэж, хууль зөрчиж иргэн намайг хохироож байна. Үүнд:  Гэрч Бгийн мэдүүлэг ба шүүхийн шийдвэрт тусгагдсан сар, өдөр нь илт зөрүүтэй, яг Гд өгсөн гэдгийг нотолж чадаагүй. Гэрч Б 2014 оны 05 сард Замын-Үүдэд Эын аав Пүрэвсүрэнгийн гэрт нь очсон гэдэг. Гэтэл шүүх хуралд, шүүхийн шийдвэрт тусгагдсанаар 2014 оны 06 сард гэрч Б нь ажлын гадаа өгсөн гэсэн боловч тухайн үед Замын-Үүдэд байгаагүй байдаг. Мөн Э нь Г эмчид мөнгө өгөх ёстой гэж ярьж байснаас биш, хоорондоо мөнгө өгөлцөж авалцаж байсан талаар хажууд нь байж сонсоогүй, мэдэхгүй гэсэн байдаг. Гэрч Б нь Г гэдэг хүнийг огт танихгүй, мэдэхгүй гэснээс үзэхэд хэнд мөнгө өгсөн нь тодорхойгүй нотлогдохгүй байна. Б.Э нь гадаа зогсоод хүнтэй уулзаж байсан гэдэг боловч уг хүн нь хэн байсныг тодорхой хэлж чаддагүй нь Г.Г нь тухайн үед ирсэн гэдгийг нотлоогүй юм. Бг гэрчээр мэдүүлэг авах үед нэхэмжлэгчийн зүгээс асуулт асуулгах, онлайнаар мэдүүлэгт оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангаж өгөөгүй.  Мөн шүүх хуралдаанд гэрч Бг оролцуулах хүсэлт гаргасан боловч бас л хүсэлтийг хангаж өгөөгүйд гомдолтой байна.   Гэрч Э /хх-34/ мэдүүлэхдээ 2014.10 сарын дундуур 4950000 төгрөгийг ах Этоо өгсөн гэдэг. Гэтэл шүүх хуралдаанд шүүхийн шийдвэрт 2014.09.25-нд 4 сая төгрөг гэж, сар өдөр би мөнгөний дүн зөрүүтэй байдаг  ба тухайн мөнгөө Гд өгсөн нь тогтоогдохгүй байна.  34 тал дахь мэдүүлэг дэх 2014.10 сарын дундуур нэхэмжлэгч Г нь Улаанбаатар хотод Улсын нэгдсэн 1-р эмнэлэгт хэвтэж байсан, АШУҮИС-ийн НАСС-ийн мэргэшил дээшлүүлэх сургалтанд байсныг Нийгмийн даатгалын тасгаас ирүүлсэн 2016 оны 16/44 тоот, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн 2016.06.21-ний 114 тоот нотлох баримтуудаар нотлогдож, тухайн үед Этой уулзалдаж байсангүй нь нотлогдож байдаг. 2016.09.25 Г нь ээлжийн амралттай өөр орон нутагт амарч явсан байдаг.  Э мэдүүлэгтээ /хх-34/ би машиндаа үлдсэн, Гтай мөнгө өгөлцөж авалцаж байгаа талаар хоорондоо ярилцаж байсныг сонсоогүй ба хэдий хэмжээний мөнгө, ямар дэвсгэртээр ах Этой өгснөө мэддэггүй. Энэ нь Иргэний хуульд зааснаар төрсөн ах, дүү нар биенийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэснээр халхавчлан үгсэн хуйвалдаж, хууль зөрчиж гүтгэн намайг маш их хохироож байна. Шүүгчийн захирамжинд дурдсанаар 2015.03 сард 800000 төгрөг бэлнээр өгсөн гэдэг. Тухайн үед Г нь Этой уулзалдаагүй бөгөөд Улаанбаатар хотод АШУҮИС-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцаж байсан. Мөн шүүхэд өгсөн тайлбартаа Ц.Мөнхбаясгалангийн холбогдох иргэний хэрэгт Б.Эыг гэрчээр оролцуулж улмаар зээлийн төлбөрөөс 900000 төгрөгийг хасуулж тооцуулахаар тохиролцсон гэж зөрүүтэй мэдүүлэг өгч үндэслэлгүйгээр гүтгэж байсныг анхаарна уу.  2015.14 сард 1,8 сая төгрөгийг өвчтэй эмнэлэгт хамт хэвтэж байхдаа өгсөн гэж хүн чанаргүй, жудаггүй, илт гүжирдэж мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн үед мөнгө өгөлцөж авалцах байтугай мөнгө нэхсэн нэг ч үг хэллэг яригдаж байгаагүй юм. Нийг гэрчээр асуулгах үед нэхэмжлэгчийн зүгээс асуулт асуулгах хүсэлтийг хангаагүй. Н нь шүүх хуралдаанаас 30 минутын өмнө ирж мэдүүлэг өгсөн ч, Гыг шүүх хуралдаанд оролцохгүй гэдгийг мэдээд илт гүтгэсэн, худал мэдүүлэг өгсөн байдаг ба бас л Гд мөнгө өгснийг нотолж чаддаггүй байна. Хариуцагч Б.Э  2016.05.05-нд өгсөн тайлбартаа 6,8 сая төгрөг, 2016.05.19-нд өгсөн тайлбартаа 8650000 төгрөг, 206.07.04-нд шүүх хуралдаанд нийт 8950000 төгрөг гэж илт зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн нь илт гүжирдэж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг шууд үнэлж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцэхгүй байна. Иймд хариуцагч Б.Эоос 8950000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь төлөгдөөгүй мөнгийг төлөгдсөнд тооцож зөвхөн 550000 төгрөгийг гаргуулж шийдсэнд гомдолтой байдаг. Гэрч Бгийн мэдүүлэгт зээлийг төлсөн талаар сонсоогүй, мэдээгүй гэсэн атал анхан шатны шүүх үүнийг нотлох баримтын хүрээнд үнэлсэн нь нотлох баримтыг бодитой, тал бүрээс нь харьцуулан үнэлэх заалт зөрчигдсөн. Нөгөө талаас Бг цахим хэлбэрээр асуухад Гыг оролцуулалгүй асуусан үндэслэл байгаа. Гэрч Б, Н нар нь хохирол төлбөр төлсөн гэж байгаа. Гэвч Н, Э нар нь Эын төрсөн дүү, нөгөө нь гэр бүлийн хүн нь байгаа. Тийм учраас ах дүү төрөл төрөгсдийн эсрэг өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хүрээнд авч үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх заалт зөрчигдсөн гэж үзэж байна. Энэ бүгдийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрч Бгаас цахим хэлбэрээр асуулт асуусан талаар би мэдэхгүй. Сүүлд нь гэрчийн мэдүүлэг өгсөн гэсэн баримт дээр гарын үсэг зурагдчихсан байсан. Б нь надтай ах, дүү, төрөл садангийн холбоо байхгүй учраас Бгийн мэдүүлэг хүчин төгөлдөр байх гэж би бодож байна. Н нь миний гэр бүлийн хүн, Э нь дүү байгаа. Өөр гэрч байхгүй, тэр үед хамт байсан гэрчүүд нь энэ хүмүүс байсан учраас гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа.

 Өөрийг нь сургалтанд байхад нь мөнгийг өгсөн гэж өөрөө хэлсэн байсан. Өөрийнх нь бүрдүүлж өгсөн дотроос нэг материал нь Г гэдэг хүн манай сургалтанд суугаагүй гэсэн байсан.Тэгэхээр энэ хүн янз бүрийн байдлаар материал бүрдүүлэх гэж оролдсон байна. Мөн намайг хуурамч гэрчээр мэдүүлэг өгүүлсэн гэж баримтыг бүрдүүлэх гэж байсан. Тэгэхээр ийм баримтыг бүрдүүлэх магадлалтай хүн гэдгийг санал болгож байна. Уг нь бид нар тохиролцьё гж байсан. Тэгэхээр нь би хэргийг дууссан байна гэж бодсон. 550000 төгрөгийг өгөх үед надад гэрч байгаагүй. 8950000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 9500000 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд үндэслэжээ.

Харин хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлийн төлбөрт нийт 8950000 төгрөг төлж барагдуулсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагаас 550000 төгрөгийг хангаж, үлдэх 8950000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Талууд 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулан  нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б.Эын өмчлөлд 5000000 төгрөг шилжүүлж, зээлийн хүүг сарын 7,5 хувь байхаар тохиролцсон, улмаар энэхүү хэлцлээр тохирсон нөхцлийг хожим хүлээн зөвшөөрч хариуцагч Б.Э нь зээл 5000000 төгрөг, зээлийн хүү 4125000 төгрөг, нийт 9125000 төгрөгийг төлөх үүргийг хүлээж, 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан тухай хэргийн үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй болно.

Харин хариуцагч Б.Э нь зээлийн төлбөрт нийт 8950000 төгрөг төлсөн, зээлийн гэрээг хүчээр айлган сүрдүүлж бичгээр хийсэн гэж маргасан байх боловч талуудын хооронд 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр бичгээр хийсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг заасан байх ба талууд хэдийгээр зээлийн гэрээ байгуулагдах үед хүүгийн нөхцлийн талаар бичгээр тохиролцоогүй боловч хожим 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр амаар байгуулагдсан зээлийн гэрээнд тусгасан хүүгийн нөхцлийг буюу зээлийн хүүнд нийт 4125000 төгрөг төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлж, гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т нийцсэн, хүүгийн нөхцлийн хувьд хүчин төгөлдөр болжээ.             Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар  нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б.Эоос зээлийн гэрээний үүрэгт нийт 9125000 төгрөг шаардах эрхтэй байх ба анхан шатны шүүх хариуцагч Б.Эыг нэхэмжлэгчид нийт 8950000 төгрөг төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй, энэ талаарх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.            Тодруулбал хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлохоор Д.Б /хх-30/, Б.Э /хх-35/, Ц.Н /хх-91/ нарыг гэрчээр асуулгасан байх ба гэрч Д.Б нь мэдүүлэгтээ нэхэмжлэгч Г.Гыг танихгүй гэсэн атлаа хариуцагчийг нэхэмжлэгчид мөнгө /2000000 төгрөг/ өгч байхыг харсан гэж, мөн зээлийн төлбөр төлж байгаа талаар Б.Э, Г.Г нарыг хоорондоо ярилцаж байхыг сонсоогүй гэснээс үзэхэд түүний мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,  эргэлзээгүй гэж үзэх боломжгүй юм.

            Харин гэрч Ц.Н, Б.Э нар нь хариуцагч Б.Этой гэр бүл, төрөл садангийн холбоотой хэдий ч гэрч Ц.Н нь нэхэмжлэгчид 800000 төгрөгийг өөрийн биеэр төлснөө шууд гэрчилсэн, мөн 1800000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Төрийн банкнаас авсан 11466891 төгрөгийн цалингийн зээлнээс 2015 оны 04 дүгээр сарын 02-нд төлсөн болохоо мэдүүлж, энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-97/ бичгийн нотлох баримтаар нотлогдсон, мөн гэрч Б.Э  нь ХААН банкнаас 4950000 төгрөгийн зээл авч түүнийхээ 4000000 төгрөгийг ах Б.Эт өгч, улмаар Б.Эыг уг мөнгийг нэхэмжлэгч Г.Гд өгснийг харсан болохоо мэдүүлж, мөн цаг хугацаанд зээл авсан болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-98/ баримтаар тогтоогдсон зэргээс дүгнэж үзэхэд анхан шатны шүүх тэдний мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцсэн гэж үзнэ.

            Түүнчлэн хариуцагч Б.Э нь 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 350000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь депозит дансны хуулга /хх-04/ баримтаар тогтоогдсон байх боловч уг төлбөрийг хариуцагч  2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулахаас өмнө төлсөн, мөн энэхүү гэрээнд талууд уг тооцоог дурдаагүй зэргээс үзэхэд уг төлбөр нь 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээний үүрэгт хамааралгүй гэж дүгнэлээ.

Иймд хариуцагч Б.Э нь нэхэмжлэгчид зээл 5000000 төгрөг, зээлийн хүүд 4125000 төгрөг төлөх үүрэгтэйгээс нийт 6600000 төгрөг төлсөн байх тул түүнээс 2525000 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин гэрч Д.Бг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б татгалзсан /хх-97/, гэрч Ц.Нээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаанд мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б оролцсон байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдсан гомдол үндэслэлгүй байна.