| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/02964/И |
| Дугаар | 00763 |
| Огноо | 2016-01-21 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 00763
| 2016 оны 1 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2016/00763 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Толгойтын 11-107 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЦБ66112365, Монгол тайж овогт Нүрдэвдашийн Энхтуяагийн хүсэлттэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Энхтуяа миний бие нь Отгонтэнгэр овогт Лхавгаагийн Мөнхжаргалтай 1995 оноос 2015 оны 12-р сарын 22-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан. Хамтран амьдрах хугацаанд 1997 оны 07-р сарын 21-ний өдөр охин М.Нууц-Од, 2002 оны 6 сарын 01-ний дөөр охин М.Оджаргал нарыг төрүүлсэн. Нөхөр Л.Мөнхжаргал нь 2015 оны 12-р сарын 22-ны өдөр өвчнөөр нас барсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Одоо насанд хүрээгүй хүүхэддээ тэтгэмж авах болж байгаа тул Н..Энхтуяа намайг Л.Мөнхжаргалтай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Энхтуяа нь Л.Мөнхжаргалтай хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Н.Энхтуяа нь 1995 оноос 2015 оны 12-р сарын 22-ны өдрийг хүртэл Л.Мөнхжаргалтай хамтран амьдрахдаа гэрлэлтээ бүртгүүлээгүй байжээ.
Тэдний хамтран амьдрах хугацаанд 1997 оны 07-р сарын 21-ний өдөр охин Мөнхжаргалын Нууц-Од, 2002 оны 06-р сарын 01-ний өдөр охин М.Оджаргал нар төрсөн, харин Л.Мөнхжаргал нь 2015 оны 12-р сарын 22-нд нас барсан нь нэхэмжлэгчийн тайлбар, нас барсныг бүртгэсэн 0000175841 тоот гэрчилгээ, гэрч О.Наранцэцэг, Н.Энхжаргал нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Н.Энхтуяагийн хүсэлтийг хангаж, насанд хүрээгүй хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор Л.Мөнхжаргалтай хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133-р зүйлийн 133.2.14 дэхь хэсэгт зааснаар Нүрдэвдашийн Энхтуяа, Лхагвын Мөнхжаргал нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА