Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/00211

 

 *******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/05201 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК, ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 65,616,000 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга:

Миний бие 2021 оны 08 сарын 08-ны өдөр иргэн *******тай Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн *******-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* орон сууцны *******давхрын ******* тоот хаягт байршилтай 41,01 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны захиалагчийн эрхийг шилжүүлэн авч, 65,616,000 төгрөг төлсөн. ******* тухайн орон сууцыг ашиглалтад орох боломжгүйг мэдсээр байж надад захиалгын гэрээг шилжүүлэн өгсөн байсан. Захиалгын эрх шилжүүлэх гэрээ хийсний дараа би ******* ХХК-тай 2021 оны 08 сарын 09-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан ба тус компани нь орон сууцыг 2022 оны 1-р улиралд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй учраас 2024 оны 04 сарын 23-ны өдөр гэрээг цуцалсан. Уг орон сууцыг өөр хүнд зарчихсан байсан. Гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүйгээс гэрээ цуцлагдсан, үүнтэй холбоотой гэрээний дагуу төлсөн төлбөрийг компаниас буцаан шаардсан.

Иймд хариуцагч ******* ХХК-аас 43,638,000 төгрөг, хариуцагч *******аас 21,978,000 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******ын хариу тайлбарын агуулга:

******* нь Баянзүрх дүүргийн *******-р хорооны нутаг дэвсгэрт ******* ХХК-ийн төслийн гүйцэтгэгч компани ******* ХХК-ийн төслийн *******-р байрны 41,01 м.кв байрыг захиалгын гэрээгээр 100 хувь төлөлтөөр 2021 оны 02 сарын 24-ний өдөр авсан. Тухайн үед барилгын ажил хэвийн явагдаж байсан ба 2021 оны 08 сарын 08-ны өдөр *******-ийн борлуулалтын албаар захиалгын гэрээг шилжүүлэн иргэн *******д борлуулсан. Захиалгын гэрээг ******* ХХК-ийн оффис дээр шилжүүлсэн. Тухайн үед *******-ийн борлуулагч нар байрыг үзүүлж байхад барилгын ажил ид өрнөж, цутгалт өрлөгийн ажил зэрэг явагдаж, барилгын дээд давхрын цутгалт дуусаж байсан. Тухайн байрны захиалгын гэрээг шилжүүлэн авсан хүнд бидний зүгээс худлаа ярьж, дарамт шахалт үзүүлээгүй. Миний бие барилгын ажил зогсолтод орохыг мэдээгүй. Тухайн үед ******* ХХК нь ******* хороололд барилгууд барьсан, олон газар барилга барьж байсан тул итгээд захиалгын гэрээ хийсэн, шилжүүлэн борлуулсан нь үнэн болно. Захиалгын гэрээг хоёр талаас хүлээн зөвшөөрч шилжүүлсэн. Миний зүгээс *******-тэй байгуулсан гэрээний үүргээ хууль болон гэрээнд заасны дагуу зохих ёсоор биелүүлсэн. Харин ******* ХХК нь *******-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ******* ХХК-аас хохирол, төлбөрөө гаргуулах нь хууль, гэрээнд нийцнэ. Хариуцагч ******* ХХК-ийн хувьд нэхэмжлэгч *******-ийн өмнө хүлээсэн үүргийн хугацааг хэтрүүлсэн нь эрхийн доголдол биш харин үүргийн хугацаа хэтрүүлсэн асуудал. *******ын хувьд *******-ийн өмнө эрх шилжүүлэх гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлсэн, харин гүйцэтгэгч ******* ХХК барилгыг хугацаанд нь барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй учраас үүнтэй холбоотой шаардлагыг ******* шаардах ёстой гэж үзэж байна. Барилга хугацаандаа ашиглалтад орох, үгүйг ******* мэдэхгүй байсан. Үүргийн эрх зүйн харилцаа нь нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* ХХК-ийн хооронд үүссэн тул компаниас хохирлоо шууд нэхэмжилж болно. ******* нь 43,638,000 төгрөгийг орон сууцны үнэд тооцож ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тухайн мөнгийг шилжүүлсэн бөгөөд *******-тэй гэрээ байгуулах үеийн буюу тухайн үеийн зах зээлийн ханшаар өөрийн эрхээ 65,616,000 төгрөгт тооцож шилжүүлсэн. Өнөөгийн зах зээлийн ханш үүнээс өндөр байгаа учир гэрээ байгуулах үеийнхээс өндрөөр худалдах боломжтой юм.

Иймд нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлага болох 65,616,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин 43,638,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Компанийн дансанд тус мөнгө орж ирсэн болно гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 43,638,000 төгрөг, хариуцагч *******аас 21,978,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХХК-аас 325,640 төгрөг, хариуцагч *******аас 160,390 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 486,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээс *******д холбогдох хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Хариуцагч ******* ХХК нь гэрээнээс татгалзсан эсэх мэдэгдлийг хүлээн авсан эсэх, хариу тайлбарыг хүргүүлсэн эсэх зэрэг үйл баримтыг нотлох баримт хэрэгт байхгүй. Хариуцагч ******* ХХК-аас энэ талаар мэдэгдэл, мэдээлэл өгөөгүй. Хариуцагч маргаагүй гэдэг боловч шүүх хуралдааны явцад миний бие гэрээ цуцлагдаагүй, энэ талаар баримт байхгүй байгааг хэлж, маргаж байсан. Эндээс үзэхэд ******* ХХК болон нэхэмжлэгч ******* нарын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ цуцлагдаагүй, ******* уг гэрээнээс татгалзаагүй байна. ******* одоо болтол ******* байр, *******давхрын 41.01 м.кв талбайтай 2 өрөө ******* тоот орон сууцыг хүлээн авах эрхтэй хэвээрээ байна.

5.2.  *******-ийн зүгээс анхан шатны шүүх хурлын явцад өгсөн тайлбарт тухайн орон сууцыг ******* ХХК нь бусдад худалдсан гэдэг боловч мөн энэ талаар баримтгүй. Орон сууц одоо гуравдагч этгээдэд шилжсэн эсэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой байтал энэ нөхцөл байдлыг тогтоохгүй шийдвэр гаргасан.

5.3. Өнөөгийн зах зээлийн ханш м.кв нь 3,200,000 сая төгрөгөөр тооцвол тухайн орон сууцны үнэ 131,232,000 төгрөг болно. Хэрэв худалдсан нь тогтоогдвол гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй бусдыг хохироож, мөн орон сууцыг гуравдагч этгээдэд өндөр үнээр худалдаж 2 дахин их ашиг олсон болно. Энэ үндэслэлээр ******* ХХК-аас хохирлыг гаргуулах үндэслэлтэй.

5.4. Анхан шатны шүүх зөвхөн орон сууцны төлбөрийн асуудлыг нь дангаар шийдвэрлээд, салшгүй холбоотой орон сууцны өмчлөлийн асуудлыг шийдвэрлэлгүй орхисон. Тухайн орон сууцыг ******* ХХК, *******, ******* нарын аль нь өмчлөх эрхтэй нь тодорхойгүй. *******аас 21,978,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа бол *******д орон сууцыг буцаан өгөхөөр шийдвэрлэх байсан. Орон сууцны өмчлөлийн асуудлыг шийдвэрлээгүйгээс *******ын эрхийг зөрчиж, түүнд хохирол учруулсан.

5.5.  Анхан шатны шүүх *******, ******* нарын хооронд байгуулсан гэрээний төрлийн талаар Үндэслэх хэсгийн 5б-д Иргэний хуулийн 243.1-д заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн атлаа Үндэслэх хэсгийн 9-д шаардах эрх шилжүүлэх гэрээ хийсэн гэх агуулгаар дүгнэлт хийсэн. Аль аль гэрээнд ******* үүргээ бүрэн биелүүлсэн. *******ын хувьд орон сууцыг хүлээн авахаар шаардах эрхээ *******д бүрэн шилжүүлсэн. ******* нь орон сууц өмчлөх эрхээ эзэмшиж байсан хэмжээгээрээ буюу орон сууцыг шаардах эрхээ бүхэлд нь шилжүүлсэн. Эзэмшиж байсан хэмжээ гэдгийг анхан шатны шүүх илт буруу тайлбарлан хэрэглэсэн. ******* эрхээ 65,616,000 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуульд эрхээ үнэлэх, төлбөртэй шилжүүлэхийг хориглосон зүйлгүй. Хэрэв, анхан шатны шүүх орон сууц анх захиалсан үнийн дүнг эзэмшиж байсан эрх гэж үзэж байгаа бол энэ нь илт алдаатай, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ. Орон сууцыг анх захиалж төлсөн төлбөр эсхүл эрх шилжүүлсэн төлбөр нь эзэмшиж байсан эрх биш юм. Монгол Улсын хууль тогтоомжид эрх шилжүүлэхэд хэдээр, хэрхэн үнэлэх тухай зохицуулалт, эсхүл заавал зах зээлийн ханшийг баримтлах шаардлага байхгүй. Тиймээс, эрхээ зах зээлийн ханшаар үнэлсэн эсэхийг нотлох шаардлагагүй. Зах зээлийн ханшаас өндрөөр үнэлсэн байсан ч талууд харилцан тохиролцсон, гэрээг хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн байгуулсан. Тухайн үед ******* эрхийг 65,616,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрсөн нь үүнээс илүү чухал үйл баримт юм. *******, ******* нар эрхийн үнэлгээний талаар маргаагүй байхад анхан шатны шүүхээс дүгнэлт хийсэн нь хэргийг шударгаар шийдвэрлээгүй, хэт нэг талыг баримталсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж байна.

5.6.  ******* болон ******* нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзах талаар аль ч тал маргаан үүсгээгүй, анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, энэ гэрээ бүрэн биелсэн, ******* гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр хэвээр. Энэ гэрээнээс татгалзах асуудал яригдаагүй, маргаагүй байхад гэрээнд хамааралтай 21,978,000 төгрөгийг ******* буцаан өгөх нь хууль зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр юм. Анхан шатны шүүх энэ гэрээний талаар дүгнэлт хийгээгүй боловч гэрээний дагуу *******д шилжүүлсэн төлбөрийг *******аас буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр гэж үзэхэд хүргэж байна. Харин *******, ******* ХХК-ийн хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний талаар маргаантай. Энэ гэрээнээс татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн гэх нотлох баримт байхгүй. Татгалзсан бол орон сууцыг одоо хэн өмчилж байгаа, хэдэн төгрөгөөр худалдсан нь хэргийг хянан шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой. Энэ гэрээнд үүргээ биелүүлээгүй тал нь ******* ХХК, үүргээ биелүүлээгүй талаар маргадаггүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 227.4, 355 дугаар зүйлийн 355.1-д тус тус заасны дагуу ******* ХХК хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байсан. ******* хохирол нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлээгүй. Үүргээ биелүүлээгүй, бусдыг хохироож, үүн дээр орон сууцыг худалдаж өндөр ашиг олсон байж болзошгүй ******* ХХК нь шударга бусаар, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, үүргээ биелүүлсэн тал ******* хохирол хүлээхээр шийдвэрлэсэн байна.

5.7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй. ******* нэхэмжлэлдээ *******ыг биет байдлын болон эрхийн доголдолтой эд хөрөнгийн эрх шилжүүлсэн гэдэг боловч үүнийг нотлоогүй, харин биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчээс *******ыг удахгүй хугацаандаа ашиглалтад орно, ямар ч асуудалгүй гэж хэлсэн буюу буруу мэдээлэл өгсөн, эрхийн зөрчлийг мэдсээр байж нуун дарагдуулсан гэсэн гүтгэлгийн шинжтэй, худал тайлбар шүүхэд өгсөн. ******* ийм зүйл хэлээгүй, хэлэх ч боломжгүй, барилгын явц, байдлыг нуун дарагдуулах боломжгүй, ******* өөрөө газар дээр нь очиж танилцсан. Нэхэмжлэгч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлээгүй. ******* нь *******д байрыг үзүүлээгүй, ******* зуучлалын компани үзүүлсэн. *******ын хувьд нотариат орж гэрээ байгуулах үед *******-тэй тааралдсан, энэ асуудалд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч ашиглалтад орох боломжгүй гэдгийг мэдсээр байж захиалгын гэрээг шилжүүлсэн гэж *******ыг буруутгадаг. Тухайн үед ийм нөхцөл үүсээгүй, өнөөдрийн байдлаар ч мөн ашиглалтад орох боломжгүй нь худал. Байр нь 70 орчим хувийн гүйцэтгэлтэй. Ирээдүйд бий болох үйл явдлыг урьдчилан тогтоох боломжгүй. Энэ нөхцөл байдалд анхан шатын шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

5.8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч захиалагчийн эрх шилжүүлсэн гэрээний үүргийг зөрчсөн гэж үзээгүй. Нэхэмжлэлд *******д хамаарах шаардлага нь гэрээний үүрэг зөрчсөн гэсэн байхад анхан шатны шүүхээс гэрээ цуцалсны хохирол гэж нэхэмжлэлийн шаардлагыг дур мэдэн өөрчилсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан байхад шүүх өөрчилж байгаа нь илт нэг талыг барьсан, хууль зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр болжээ. Дээрх хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэлийг шүүхээс санаачлан дур мэдэн өөрчилсөн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна.

5.9. Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4-д тус тус заасныг зөрчиж, гэрээний үүргээ шударгаар, бүрэн биелүүлсэн *******ын хууль ёсны эрхийг үндэслэлгүйгээр зөрчин хохироосон, нэг талыг баримталсан, шударга бус, илт хууль бус, хуулийг ноцтой зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, эсхүл ******* ХХК-аас үүргээ биелүүлээгүйн хохиролд 21,978,000 төгрөгийг гаргуулан *******д олгох, тухайн орон сууцны өмчлөх эрхийг *******д буцаан шилжүүлэх зэргээр *******ыг хохиролгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч тал орон сууц захиалан бариулах гэрээ цуцалсны хохирол, захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол гэх хоёр төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээг *******-тэй 2021 оны 08 сард хийсэн. Гэрээний захиалагчийн эрхийг шилжүүлэн авч *******д 65,616,000 төгрөг төлсөн учир ******* нь захиалагчийн эрх шилжүүлэх гэрээний 4.1, 4.2, 6.1-д заасан үүргүүдийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, 8 сард гэрээ байгуулахад маргаан бүхий орон сууц 7 сарын дараа ашиглалтад орох нь тодорхой болсон бөгөөд улмаар тухайн орон сууц 36 сар хүлээгдсэн учир ******* ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан. Түүнчлэн, миний бие энэ талаар хариуцагч компанийн нягтлан бодогч болон хуульчтай нь удаа дараа уулзаж 41,000,000 төгрөгийг өгнө үү, танайх орон сууцны үнийг нэмж бусдад худалдаж байгаа юм байна гэхэд хариуцагч ******* ХХК-аас маргаагүй бөгөөд дансаар 43,638,000 төгрөг орж ирсэн гэх тайлбарыг өгсөн. Тиймээс орон сууц захиалан бариулах гэрээ цуцалсны хохиролд 43,638,000 төгрөгийг ******* ХХК-аас, захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 21,978,000 төгрөгийг *******аас нэхэмжилсэн. Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг үндэслэж, ******* 21,978,000 төгрөгийг тухайн захиалгын гэрээг шилжүүлэх үед авсан учир үүнийг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 186, 219 дүгээр зүйлд заасныг баримтлах үндэслэлтэй бөгөөд ******* болон ******* нарын хооронд худалдах, худалдан авах харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, захиалгын эрх шилжүүлэх гэрээгээр орон сууц захиалгыг шилжүүлэх эрхийг худалдаж авсан юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч *******-ийн өмнө авсан 43,638,000 төгрөгийн хэмжээнд үүргээ хүлээнэ гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн зарим дүгнэлтийг залруулав. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-аас 43,638,000 төгрөг, хариуцагч *******аас 21,978,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ******* ХХК өөрт холбогдох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргадаг бол хариуцагч ******* нь өөрт холбогдох шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг гаргажээ.

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл, дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.  ******* ХХК, ******* нар 2021 оны 02 сарын 24-ний өдөр ОСЗБГ21-14 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Баянзүрх дүүргийн *******-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* байрны *******давхрын ******* тоот 41.01 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2022 оны 1-р улиралд барьж ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх, ******* нь гэрээний үнэ 43,638,000 төгрөгийг төлөх нөхцөлийг харилцан тохиролцож, мөн өдөр төлбөрийг бүрэн төлсөн;

3.2. Улмаар, *******, ******* нар 2021 оны 08 сарын 08-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь 2021 оны 02 сарын 24-ний өдрийн ОСЗБГ21-14 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-ний захиалагчийн эрх, үүргийг шилжүүлэх, ******* нь гэрээний үнэ 65,616,000 төгрөгийг төлөх нөхцөлийг харилцан тохиролцож, мөн өдөр төлбөрийг бүрэн төлсөн;

3.3.  Үүний дагуу, ******* ХХК, ******* нар 2021 оны 08 сарын 09-ний өдөр ОСЗБГ21-14/А тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Баянзүрх дүүргийн *******-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* байрны *******давхрын ******* тоот 41.01 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2022 оны 1-р улиралд барьж ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн.

4. Зохигчид дээрх үйл баримтын тухайд маргаагүй. Харин *******д учирсан гэх хохирлыг хариуцагч нарын хэн нь хариуцах, ямар хэмжээгээр хариуцах нь маргааны зүйл болжээ.

5. Дээрхээс үзвэл, ******* ХХК, ******* нарын хооронд, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа, *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан шаардах эрх шилжих гэрээний харилцаа, үүний дагуу ******* ХХК, ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа тус тус үүссэн байна.

Анхан шатны шүүх нэг гэрээний харилцаа нь /ажил гүйцэтгэх/ шаардах эрх шилжих явцад өөр гэрээний харилцаа /худалдах, худалдан авах/ болж өөрчлөгдөх мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн, анхан шатны шүүх эдийн бус хөрөнгө өмчлөх эрх олж авах тухай хуулийн зохицуулалтыг эд хөрөнгийн эрх шилжүүлэн авах харилцаанд тайлбарлан хэрэглэсэн нь буруу.

6. Зохигчдын тайлбараар маргаан бүхий Баянзүрх дүүргийн *******-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* байрны *******давхрын ******* тоот 41.01 м.кв талбайтай 2 өрөө орон сууц гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй, 70 хувийн гүйцэтгэлтэй, цаашид хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй нөхцөл байдалтай байгаа болох нь тогтоогдсон. 

7. Энэ тохиолдолд нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-тай байгуулсан 2021 оны 08 сарын 09-ний өдрийн ОСЗБГ21-14/А тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-нээс татгалзах эрхтэй.

Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй гэж зохицуулсан тул ...хэрэгт нэхэмжлэгч ******* нь гэрээнээс татгалзсан мэдэгдлийг өгсөн, хариуцагч ******* ХХК нь гэрээнээс татгалзсан мэдэгдлийг хүлээн авсан талаар баримт авагдаагүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

8. Ийнхүү, нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-тай байгуулсан 2021 оны 08 сарын 09-ний өдрийн ОСЗБГ21-14/А тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-нээс татгалзсанаараа *******тай байгуулсан 2021 оны 08 сарын 08-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-нээс мөн татгалзаж байгаа гэж үзнэ.

9. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д ...аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ... харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, 205 дугаар зүйлийн 205.2.1-д гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар нь эргүүлж өгөх боломжгүй бол үүргийн гүйцэтгэлийг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан тул нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас түүнд шилжүүлэн өгсөн 65,616,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

Гэсэн хэдий ч, хариуцагч ******* ХХК нь хариуцагч *******аас шилжүүлэн авсан 43,638,000 төгрөгийг буцаан өгөхөд татгалзахгүй гэсэн тайлбарыг гаргасан тул анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас 43,638,000 төгрөг, хариуцагч *******аас 21,978,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

10. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх тул ...шүүх орон сууцны өмчлөлийн асуудлыг шийдвэрлээгүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

11. Шүүх ******* ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 08 сарын 09-ний өдрийн ОСЗБГ21-14/А тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-нээс болон *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 08 сарын 08-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-нээс нэхэмжлэгч ******* татгалзсантай холбоотой маргааныг шийдвэрлэсэн буюу ******* ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 02 сарын 24-ний өдрийн ОСЗБГ21-14 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-тэй холбоотой маргааныг шийдвэрлээгүй болно.

12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/5201 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...343 дугаар зүйлийн 343.1,... гэснийг хасч,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 267,840 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР