Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 1016

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Б.Нямсүрэн

улсын яллагч: Д.Ариунжаргал

шүүгдэгч нар өөрсдийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: Э.Э, М.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт С овогт Э Э, А овогт М М нарт тус бүр  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906031961397  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт Э Э, 19 оны 01 дүгээр  сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Чансаа гутлын дэлгүүрт нярав ажилтай, ам  бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн  дугаар хороо Бэлхийн  дүгээр гудамжны  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

          2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт М М, 19 оны 8 дугаар  сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Е март дэлгүүрт худалдааны зөвлөх ажилтай, ам  бүл 4, эцэг, эх, нөхөр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 46 дугаар байрны 24 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

 

Холбогдсон хэргийн талаар:

          Э.Э, М.М нар нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Е Март  худалдааны төв дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч, хохирогч  Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2019 оны 05 дугаар сарын 14-ний өглөө, урьд өдөр нь би эднийхээс бараа татаж авсан юм. Тэгээд нэг бараа зөрсөн юм. Эднийх хоёр ээлжийн худалдагчтай тэгээд би нөгөө худалдагчтай нь урьд орой нь чат бичээд нэг гутал дутсан гээд намайг авсан гэж байна. Уул нь М нөгөө ээлжийнх нь худалдагч би нэг гутал зарсан гэж хэлсэн гэсэн. Тэгээд би тэр худалдагчийг хоёулаа өглөө ирээд хамт тоолъё гэж ярьсан.Тэрийгээ М хасалт хийгээгүй байсан юм байна лээ. Тэгээд И-Мартад очиход М ирсэн байсан. Тэгэхээр нь би М хасалт хийсэн байна энэ тэрийгээ харж байж надад уурлахгүй яасан юм бэ гэж хэлсэн. Энэ явдлаас болж бид хоёрын дунд маргаан эхэлсэн. Тэгээд би дэвтэр дээр нь жоохон зурсан чинь М уурлаад тэгээд бид хоёр түлхэлцэж маргалдаад тэгээд үсдээд маажилцсан. Би бас хоолойг нь шахаж боосон асуудал байгаа гэв.

        Шүүгдэгч хохирогч  М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2019 оны 05 дугаарс сарын 14-ний 9 цаг өнгөрч байхад манай агуулахад Чансаа, Найк  байгууллагууд зөвшөөрөл авч орж ирдэг. Тэр агуулахад зөвшөөрөл авч орж ирэлгүй шууд өглөө 9.00 цагийн үед Э орж ирээд агуулахад 71-ийг явуулсан байна ш дээ гэж хэлж ороод ирсэн. Би хасалтын дэвтэр дээрээ бичээгүй байсан байна лээ гэж хэлэхэд Э уурлаад миний  дэвтэр дээр зураад байхаар нь чи одоо болиоч гэхэд Э намайг  чи тэнэг энэ тэр гээд байхаар нь би жоохон цаашаа түлхэсэн чинь эргүүлээд  намайг хаалганд шахаад хоолой боож, мөн хумсаараа шигтгээд боосон. Тэгээд би гарыг нь тавиулах гэж үзээд нүүрийг нь маажсан юм шиг байна лээ. Дараа нь миний үснээс зулгааж байхад бид хоёрыг манай агуулахад байсан гоо сайханы худалдааны зөвлөхүүд салгасан. Өөр хэлэх зүйлгүй гэв.

          Шүүгдэгч, хохирогч  Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  2019 оны 5 дугаар сарын 14-ны өдөр 09.00 цагийн орчимд Е Март дээр агуулахад тооллого хийх гээд ирсэн. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Е Мартаас агуулах руу 187 ширхэг гутал өгч явуулсан. Лоронз гэсэн гуталнаас 71 ширхэгийг М өгсөн. Тэгээд явсаны дараа М над руу залгаад 72 ширхэг гутал өгч явуулсан шүү гэж ярьсан. Тэгэхээр нь би дахиад тоолход 71 ширхэг гутал байна. Үлдэгдэл бараа таарсан шүү гэж хэлсэн. Өглөө нь би ирээд бараагаа тулгахад яг таарч байсан. Гэтэл М намайг нэг гутал илүү авч яваад туслахтайгаа идсэн гээд маргаан гарсан. М эхлээд намайг нэг удаа түлхсэн тэгэхээр нь би зөрүүлээд мөн түлхсэн. Дараа нь намайг маажсан. Би гомдолтой гэжээ. /хх-н 6-9/

         Шүүгдэгч, хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 14-ны өдөр 09-10.00 цагийн орчимд агуулахдаа гуталнуудаа янзалж байтал Э гаднаас орилоод ороод ирсэн. Тэгээд намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би уучлалт гуйгаад М эгч нэг гутал зарсаныг мэдэлгүй хасалт хийгээгүй байсан байна гэж хэлсэн. Гэтэл намайг янз бүрээр доромжлоод гартаа барьж байсан утсаараа миний толгойд 3-4 удаа цохисон. Тэгэхээр нь би болиоч дээ гээд цааш нь түлхсэн. Намайг Э түлхсэний дараа Э намайг хаалганд шахаад хүзүүнд хумсаа шигтгэж боосон. Мөн миний үснээс зулгаагаад намайг чирсэн. Бид хоёр гутлын зөрүүнээс болж маргасан гэжээ. /хх-н 13-17/ 

          Шинжээч томилж шинжилгээ  хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 18, 21/  

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 5966 тоот дүгнэлт:

1.Э.Э биед гэмтэл учирсан байна.

2.Баруун хацарт шарх, хацар, эрүүний зүүн хэсэгт шалбаралт гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 22/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 6109 тоот дүгнэлт:

1.М.М биед зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх-н 23/             

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 24-27/

          Э.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 29 /,

         Э.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 50-/

          Э.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 41/, прокурорын тогтоол /хх-н 42/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 43-45/

          М.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 31 /,

           М.М Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 34/, прокурорын тогтоол /хх-н 35-36/ яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37-40/ зэрэг болно.

          Э.Э, М.М нар нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Е Март  худалдааны төв дотор нэг гутал илүү авч яваад туслахтайгаа идсэн гэж хэлсэн асуудлаас болж  хоорондоо маргалдан улмаар харилцан зодолдсоны улмаас бие биенийхээ биед хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Шүүгдэгч, хохирогч  Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... М намайг нэг гутал илүү авч яваад туслахтайгаа идсэн гээд маргаан гарсан. М эхлээд намайг нэг удаа түлхсэн тэгэхээр нь би зөрүүлээд мөн түлхсэн. Дараа нь намайг маажсан гэсэн мэдүүлэг  /хх-н 6-9/, Шүүгдэгч, хохирогч М.М  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Э гаднаас орилоод ороод ирсэн. Тэгээд намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би уучлалт гуйгаад М эгч нэг гутал зарсаныг мэдэлгүй хасалт хийгээгүй байсан байна гэж хэлсэн. Гэтэл намайг янз бүрээр доромжлоод гартаа барьж байсан утсаараа миний толгойд 3-4 удаа цохисон. Тэгэхээр нь би болиоч дээ гээд цааш нь түлхсэн. Намайг Э түлхсэний дараа Э намайг хаалганд шахаад хүзүүнд хумсаа шигтгэж боосон. Мөн миний үснээс зулгаагаад намайг чирсэн гэсэн мэдүүлэг /хх-н 13-17/ ,Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 5966 тоот дүгнэлтээр .Э.Э биед гэмтэл учирсан байна. Баруун хацарт шарх, хацар, эрүүний зүүн хэсэгт шалбаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж тогтоосон,  хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 22/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 6109 тоот дүгнэлтээр М.М биед зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж тогтоогдсон байна. /хх-н 23/     зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Э.Э, М.М нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тус тус тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

          Э.Э, М.М нар  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй. 

          Э.Э, М.М нар  нь шүүхэд нэхэмжлэл гаргахгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.   

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж тухай зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

           Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. С овогт Э Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

          А овогт М М  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тус тус  тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Э.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох  ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох  ялаар  тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                             Э.Э, М.М нар   торгох ялыг 6 сарын дотор нэг сард 75.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э, М.М нар   нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Э.Э, М.М нар   нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Э, М.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Э, М.М нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Э, М.М нарт   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН