Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/00218

 

 *******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/04446 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн агуулга:

******* нь 2021 оны 06 сарын 07-ны өдөр надаас 8,000,000 төгрөг зээлдүүлээч, мөнгө хэрэг болоод байна, 2021 оны 09 сард буцаан өгнө гэж гуйхаар нь би мөн өдөр нь ******* ийн хэлсэн Хаан банкны ******* тоот ******* гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн. Тэрээр энэ данс руу шилжүүлчих, би дараа нь өөрөө төлнө, миний таньдаг хүн байгаа юм гэсэн. Би ******* гэх хүнийг танихгүй, *******-д итгээд 8,000,000 төгрөг шилжүүлсэн. ******* нь 2021 оны 09 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөгийг миний Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлсэн, өөр мөнгө өгөөгүй. Би мөнгө шилжүүлэхдээ андуураад "ноолуурын мөнгө" гээд явуулчихлаа шүү гэсэн чинь ******* зүгээрээ гэж хэлж байсан. ******* миний дотны ах учраас би барьцаа аваагүй.

Иймд ******* ээс 6,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч ******* ээс зээлийн гэрээний үүрэг 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ээс 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

4.  Хариуцагч давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахууд суудаг танхимд 2024 оны 10 сарын 03-ны өдрийн 15:00-16:00 цагийн хооронд манай гэр бүлийн хүн *******, зээ охин *******нар хариу тайлбар аваачиж өгсөн байхад өгөөгүй гэж илтэд хууль зөрчсөн шийдвэр гаргасан.

4.2.  Миний бие *******аас бэлэн болон дансаар ямар нэгэн байдлаар мөнгө авч байгаагүй. Гэтэл намайг мөнгө авсан гэж хариуцагчаар татсан нь ямар ч үндэслэлгүй.

4.3.  Тухайн үед ******* нь хувиараа уурхай эрхэлж байгаад ажилчид хоолгүй болчихлоо мөнгө зээлэх хүн байна уу гэхээр нь *******ыг хэлж өгөхөд ******* нь *******ийн данс руу 8,000,000 төгрөгийг шилжүүлж, хүүтэй зээлсэн. ******* зээлсэн мөнгөнийхөө 2,000,000 төгрөгийг *******т буцаан төлөхдөө үлдсэн мөнгийг би удахгүй төлнө, ******* ахад хамаагүй шүү гэж хэлсэн мэдүүлэг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт байгаа.

4.4.  Нэхэмжилж байгаа мөнгөнөөс би огт аваагүй байхад шүүх хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:  

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг 2024 оны 09 сарын 19-ний өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

4. Хариуцагч ******* нь 2024 оны 10 сарын 03-ны өдөр хариу тайлбараа эхнэр *******, зээ охин *******нараар хүргүүлсэн гэж давж заалдах гомдолдоо дурдсан боловч уг хүргүүлсэн гэх хариу тайлбар хэрэгт авагдаагүйгээс гадна 2024 оны 10 сарын 23-ны өдөр эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн баримттай танилцахдаа ...хариу тайлбар хэрэгт авагдаагүй... талаар аливаа санал, гомдол гаргаж байгаагүй байна.

5. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч ******* ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэж, нэхэмжлэгчээс хариуцагчийн нэрлэн заасан этгээд рүү 8,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч, буцаан 2,000,000 төгрөгийг авсан үйл баримтыг зөв тогтоож, улмаар хариуцагчаас 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

7. Хариуцагч нь давж заалдах гомдолдоо ...******* гэх залуу мөнгө зээлэх хүн байна уу гэхээр нь хүүтэй мөнгө зээлдэг хүн байгаа гэж *******ыг хэлж өгөхөд ******* нь *******ийн данс руу 8,000,000 төгрөг шилжүүлж хүүтэй зээлдүүлсэн... гэж дурдсан боловч уг татгалзал, давж заалдах гомдлоо баримтаар нотлоогүй болно.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/04446 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ******* ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР