| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1046/э |
| Дугаар | 1043 |
| Огноо | 2019-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 1043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Ш.Ундармаа
улсын яллагч: Б.Ганбулган
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
шүүгдэгч: Ш.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Ш С холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906002551296 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш овогт Ш С, 19 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Ш.С нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн дугаар хороо Туулын дугаар гудамжинд Э.Д зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Ш.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ганц хүүгээ алдчихаад сэтгэл санаа үнэхээрийн хэцүү байсан. Би гудамжиндаа гараад явж байтал манай хажуу талын айлын хүн Д таараад хоёулаа ганц юм хуваагаад уухуу гэж хэлсэн. Тэгэхэд Д надтай архи ууя гэвэл миний бөгсийг долоо гэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь чи юу яриад байгаа юм гээд хэлтэл Д надруу чулуу аваад шидсэн. Би архи уухаараа жоохон агсан. Тэгээд уурандаа түүний зүүн гар тал руу нэг цохьсон.Тэгэхэд Д газар унасан. Унахад нь би Д нэг татаад босгосон чинь шүднээс нь цус гараад Д хашаанаасаа том бүдүүн мод барьж орж ирээд намайг гудамжинд цохиод авсан. Чи намайг битгий цохио чи найзыгаа мэдэж байгаа. Би чамайг ахиж зодмооргүй байна гээд модыг нь цаашаа хашаа давуулж шидчихээд харьсан. Гэртээ ирчихээд, гараад дэлгүүр яваад ганц шил архи авчихаад хөгшиндөө хэлээд Д уучихлаа шүдийг нь цохисон чинь цус гаргачихлаа гэж хэлсэн. Тэгээд гэртээ байж байхад Д хүргэн, нэг бүдүүн залуу, авгайтайгаа гурвуулаа орж ирээд миний шүдийг төл гэхээр нь найзаа уучлаарай учраа яръяа гэхэд тэр хүргэн нь болох хүн би цагдаа байна гээд намайг нүүр амгүй балбасан. Би тэр зодооноос болоод гэртээ 2 хоног хэвтсэн. Хүргэнтэйгээ орж ирээд намайг зодсон юм чинь гайгүй юм байлгүй гээд би уг явдлыг хаясан. Энэ хэрэг сарын өмнө болсон ба Баянзүрх дүүргийн Улиастайн цагдаа Б Д дагуулж орж ирээд таныг яагаад дуудаад байхад ирдэггүй юм гэхээр нь би намайг дуудаагүй ш дээ гэж хэлсэн. Гэтэл та Д зодсон байна гэсэн. Архи уугаад ийм болчимгүй юм хийсэн гэв.
Шүүгдэгч Ш.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 28-ний өдөр би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туулын 12 дугаар гудамж тоотод байдаг гэрээсээ гараад явж байгаад гудамжинд манай гудамжны 7 тоотод байдаг зүс таних Э.Д таараад хоёулаа ганц юм уухуу гэхэд чамтай юм уухгүй чи миний бөгсийг долоо гэхээр нь би уурандаа нүүр лүү нь нэг удаа цохисон. Гэтэл амнаас нь цус гараад эхэлсэн. Тэгтэл Д над руу чулуу, мод барьж байгаад шидээд байхаар нь би зугтаагаад явчихсан юм. Тэгээд гэртээ орж ирээд хэвтэж байтал хүргэн гээд нэг залуугийн хамт орж ирээд шүдний мөнгө өг гээд намайг цохиж авсан. Түүнээс хойш гудамжинд таарч л байдаг юм. Би цагдаад өгсөн гэж бодоогүй явсан гэжээ. /хх-ийн 14/
Хохирогч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12.00 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туулын 12 дугаар гудамжинд худгаас ус аваад явж байхад зүс таних С согтуу таараад надаас архины мөнгө нэхсэн. Тэгэхээр нь би чамд өргүй биздээ тэглээ ч чи өчигдөр манай гэрт орж эхнэрээс архины мөнгө нэхсэн гэсэн чи битгий дарамтлаад байгаарай гэж хэлсэн. Гэтэл С гараараа миний нүүр лүү цохиж газар унагаагаад дээрээс дэвсэж зодож байгаад өөрөө зугтаачихсан. С 2016 онд манай хажууд ирж буусан ногооны хашаа хардаг юм гэжээ. /хх-н 7-12/
Хохирогч Э.Д дахин мэдүүлэг авсан тэмдэглэл: Би тухайн үед архи уугаагүй байсан. С надаас архины мөнгө нэхээд намайг зодсон. Надад С нэхэх зүйл байхгүй гэжээ. /хх-н 33-34/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 15/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 777 тоот шинжилгээний шинжээчийн дүгнэлт:
1.Э.Д биед дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний сулрал, дээд үүдэн баруун 2,3 дугаар шүдний ирмэг эмтэрч хугарсан, дээд уруулын дотор талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. /хх-н 16/
Шинжээчийн дүгнэлт таницуулсан тэмдэглэл/ хх-н 17-18, 43-44/
Дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол /хх-н 35-37/
2019.6.18-ны өдрийн 782 дугаартай материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт /хх-н 38-39/
Ш.С иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 19/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 21 /, зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-н 22-25/
Ш.С хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 31-32/
Ш.С Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 26/, прокурорын тогтоол /хх-н 27-28/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-30/ зэрэг болно.
Ш.С нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн дугаар хороо Туулын 12 дугаар гудамжинд Э.Д зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах ...Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 777 тоот шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр Э.Д биед дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний сулрал, дээд үүдэн баруун 2,3 дугаар шүдний ирмэг эмтэрч хугарсан, дээд уруулын дотор талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт. /хх-н 16/ Хохирогч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... зүс таних С согтуу таараад надаас архины мөнгө нэхсэн. Тэгэхээр нь би чамд өргүй биздээ тэглээ ч чи өчигдөр манай гэрт орж эхнэрээс архины мөнгө нэхсэн гэсэн чи битгий дарамтлаад байгаарай гэж хэлсэн. Гэтэл С гараараа миний нүүр лүү цохиж газар унагаагаад дээрээс дэвсэж зодож байгаад өөрөө зугтаачихсан гэсэн мэдүлэг /хх-н 7-12/, Шүүгдэгч Ш.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Э.Д таараад хоёулаа ганц юм уухуу гэхэд чамтай юм уухгүй чи миний бөгсийг долоо гэхээр нь би уурандаа нүүр лүү нь нэг удаа цохисон. Гэтэл амнаас нь цус гараад эхэлсэн. Тэгтэл Д над руу чулуу, мод барьж байгаад шидээд байхаар нь би зугтаагаад явчихсан юм. Тэгээд гэртээ орж ирээд хэвтэж байтал хүргэн гээд нэг залуугийн хамт орж ирээд шүдний мөнгө өг гээд намайг цохиж авсан гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Ш.С нь хамт архи уух уу гэж хэлээд уухгүй гэхэд нь хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохисоноос хохирогчийн биед дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний сулрал, дээд үүдэн баруун 2,3 дугаар шүдний ирмэг эмтэрч хугарсан, дээд уруулын дотор талд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байна. Ш.С холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Ш.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ш овогт Ш С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.С 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.С нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.С нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Ш.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ш.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН