| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06313/И |
| Дугаар | 4513 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 4513
| 2016 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2016/04513 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 20-р хороо, Төв гудамж 64 тоотод оршин суух, регистр ЦВ57020968, Сайд овогт Рагчаагийн Наранцэцэг,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 20-р хороо, Төв гудамж 64 тоотод оршин суух, Хөхдан овогт Равдангийн Раднаабазар нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, 1-р хороолол ХД 47А байр, 25 тоотод оршин суух, ЛЮ78042215, Ноён сорс овогт Чулуунжавын Булганхүүд холбогдох орон сууцнаас албадан нүүлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ичинхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Булганхүү нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хорооллын ХД/47а дугаар байрны 25 тоот 2 өрөө орон сууцыг 2006 онд ашиглатанд орсон үеэс нь эхлээд өнөөдрийг хүртэл түрээслэж байгаа нэрээр амьдарч ,түрээсийн төлбөр ч төлдөггүй. Түрээсийн төлбөрийн тооцоо жил бүрээр тооцвол 2006 оноос 2008 онд сарын 250 000 төгрөг, 2009 оноос 2011 он хүртэл сарын 300 000 төгрөг, 2012 оноос 2016 он хүртэл сарын 450 000 төгрөгөөр тооцож төлнө гэж байсан. Энэ мөнгийг Ч.Булганхүү зөвшөөрч байсан учир гэрээ хийгээгүй. Нэхэмжлэгчийн хувьд эхнэр Р.Наранцэцэг өөрийн найзын дүүгээ суулгаж байгаа, түрээсийнхээ төлбөрийг төлнө гэхээр нь суулгасан байгаа. Гэтэл нэг ч төгрөг төлөхгүй, орон сууц ч чөлөөлж өгөхгүй биднийг хохироож байна. Иймд орон сууцнаас нүүлгэн гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Булганхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Р.Раднаабазар, Р.Наранцэцэг нарын надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие тухайн байрыг хууль ёсны дагуу Насанжаргал гэдэг хүнээс авсан ба тиймээс ч 2006 оноос хойш одоог хүртэл манай гэр бүл амьдарч байна. Нэхэмжлэгч нар манай гэр бүлийн өмчлөлийн байрыг бидэнд түрээсэлсэн, түрээсийн төлбөр зэргийг дурдан худлаа тайлбар өгчээ. Манай гэр бүл тухайн орон сууцыг шударгаар, хууль ёсоор өмчлөлдөө авсан болохоос биш ямар нэгэн хүнээс түрээсэлсэн, эсхүл хөлсөлж суусан зүйлгүй гэдгийг хэлмээр байна. Энэхүү байртай холбоотой маргааны асуудлаар цаашид өөрийн болон гэр бүлийнхээ эрхийг хамгаалах үүднээс өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч оролцоно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Раднаабазар, Р.Наранцэцэг нар нь Ч.Булнахүүд холбогдох Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, ХД47-А байрны 25 тоот сууцнаас нүүлгэн гаргахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Улсын бүртгэлийн Ү-2205030287 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, ХД47-А байрны 25 тоот 56.9 м.кв талбай бүхий 2 өрөө сууцны өмчлөгчөөр Равдангийн Раднаабазар бүртгэгдэж, түүнд 000057728 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 6, 26/ олгогдсон, өмчлөгч байна.
Талуудын хооронд Ч.Булганхүү, түүний гэр бүлийнхэн байрыг чөлөөлж өгөөгүй, хариуцагч нь байрыг хууль ёсны дагуу өмчлөлдөө авсан, түрээсэлсэн, эсхүл хөлсөлж суусан зүйлгүй гэсэн маргаан гарч, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэхь хэсэгт зааснаар орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаарджээ.
Өмчлөгч Р.Раднаабазарын өмчлөлд бүртгэгдсэн улсын бүртгэл үнэн зөв бөгөөд өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах, бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Ч.Булганхүү, түүний гэр бүл нь Р.Раднаабазарын өмчлөлийн байрыг чөлөөлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нар нь дээрх орон сууцыг барьцааалан ХААН банктай 2011 оны 12-р сарын 14-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулж 30 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлсэн, барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй /хх 11-16/ байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...хууль ёсны дагуу, шударгаар Насанжаргалаас байрыг өмчлөлдөө авсан” гэж тайлбарладаг боловч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байна.
Өөрөөр хэлбэл, Р.Раднаабазарын өмчлөлд бүртгэгдсэн улсын бүртгэлийн талаар маргаагүй, маргаж буй байрыг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн, өмчлөгч болсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Нөгөө талаар, хариуцагч нь 2016 оны 6-р сарын 23-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд “өмгөөлөгч авах” хүсэлт гаргаж, хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч өмгөөлүүлэх эрхээ эдлээгүй байна.
Түүнчлэн шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Равдангийн Раднаабазарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205030287 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, ХД-47-А дугаар байрны 25 тоот 2 өрөө сууцыг Чулуунжавын Булганхүү, түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Булганхүүгээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА