Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00320

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/05456 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: түрээсийн гэрээний үр шимийг олж авах эрхэд саад болохгүй байхыг даалгах;

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: түрээсийн гэрээг цуцалж, дуусгавар болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******той 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1048 дугаар түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр ******* нь Баянгол дүүрэг, ******* хороо, ******* гудамж, *******од байрлах, 672 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 1 дүгээр давхрын 160 м.кв талбайг *******т сарын 4,500,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон. Гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Гэрээний хугацаанд нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь зохих ёсоор биелүүлж ирсэн.

1.2 ******* нь гэрээ байгуулахаас өмнө тус үл хөдлөх эд хөрөнгийг нийтийн байрны зориулалтаар ашиглаж байсан. ******* нь гэрээнд дурдсан зориулалтаар ашиглахын тулд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу 3 жилийн хугацаатай, урт хугацаанд түрээсэлнэ гэж итгэж, иж бүрэн тохижилт, засал чимэглэлийн ажил хийж, үйлчлүүлэгч тоог нэмэгдүүлэхийн тулд цогц маркетингийн бодлого хэрэгжүүлсэн. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд их хэмжээний зардал гарсан ба зөвхөн дотоод заслын ажил гүйцэтгэхэд 32,500,000 төгрөг зарцуулсан.

1.3 Мөн гэрээний зүйлийг гэрээнд дурдсан зориулалтаар ашиглах боломжгүй байсан учир Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтсээс галын дүгнэлт гаргуулахад шаардлагатай зүйлсийг бэлдэж галын дүгнэлт гаргуулсан. Нийслэлийн засаг даргын Тамгын газарт бүртгүүлж, зөвшөөрөл авахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, зөвшөөрөл авсан. Иймд ******* нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа шударга эзэмшигч.

1.4 Гэвч түрээслүүлэгч ******* нь гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө ...гэрээг цуцаллаа, түрээсийн объектыг чөлөөл гэж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн түрээсийн хугацаанд дурдсан хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрхийг зөрчиж байна.

1.5 Мөн түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосноор ******* нь гэрээ байгуулах үедээ зарцуулсан мөнгөө эргүүлэн олж аваагүй байхдаа үйл ажиллагаагаа зогсоож, санхүүгийн алдагдалд орох эрсдэл үүсээд байна.

Иймд түрээсийн гэрээгээр олгогдсон гэрээний үр шимийг олж авах эрхэд саад болохгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр миний бие өөрийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* хаягт байрлах, 672 м.кв талбайтай, 4 давхар үл хөдлөх эд хөрөнгийн 1 дүгээр давхарт байрлах 160 м.кв талбайг *******т түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. *******тай гэрээ байгуулахаас өмнө түүнд 4 давхар объектыг бүхлээр нь түрээслэх талаар хэлэхэд ******* зөвшөөрсөн. Нэгэнт ******* нь цаашдаа миний үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь түрээсэлнэ гэж ойлгож, түүнтэй түрээсийн гэрээ байгуулсан.

2.2 Улмаар, 2024 оны 3 дугаар сараас эхлэн үл хөдлөх эд хөрөнгийг бүхлээр нь түрээслэх тухай олон удаа ярилцаж тохиролцох гэсэн боловч нэхэмжлэгч зөвхөн өөрийн нөхцөлөө тулгаж байсан. Ийнхүү *******тай зөвшилцөлд хүрээгүй тул гэрээний 3.8-д зааснаар гэрээг цуцлах мэдэгдлийг амаар, мессежээр, бичгээр өөрт нь болон ажилтанд нь мэдэгдэл хүргүүлсэн. 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээ дуусгавар болсон.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэл шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 ******* нь үл хөдлөх эд хөрөнгийг суллаж өгөхгүй бүхлээр нь өөр түрээслэгчтэй нотариатын гэрээ хийж, улсын бүртгэлд бүртгүүлэх хариуцагчийн эрхийг хааж байна. Иймд гэрээг цуцалж, дуусгавар болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар татгалзлын агуулга:

4.1 Түрээсийн гэрээний 3.1 дэх хэсэгт гэрээний хугацааг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 3 жилийн хугацаатай байхаар тохиролцсон. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлд эд хөрөнгө хөлслөх гэрээг гэрээний хугацаа дууссан, гэрээнд заасан үндэслэл бий болсон эсвэл хүндэтгэн үзэх шалтгаантай бол дуусгавар болгохоор заасан. Гэвч ******* нь дурдсан нөхцөл байдлуудын аль нь ч бий болоогүй байхад гэрээг цуцалж, дуусгавар болгох гэж байгаа нь үндэслэлгүй. Гэрээг цуцалж дуусгавар болгох нь хөдөлмөр, цаг хугацаа, зардал гаргасныг үр дүнгүй болгох учир зөвшөөрөхгүй.

4.2 Гэрээний 7.3-т түрээслэгч надад давхар түрээслэх эрхийг олгосон, мөн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлсэн тул эдгээр нь гэрээг цуцлах үндэслэл болохгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан түрээсийн гэрээгээр олгогдсон гэрээний үр шимийг олж авах эрхэд саад болохгүй байхыг хариуцагч *******д даалгах тухай *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэрээг цуцалж, дуусгавар болгох тухай хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Иргэний хуулийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчим нь гэрээг байгуулах үе шатанд гэрээний агуулгыг талууд өөрсдөө, чөлөөтэй тодорхойлохыг зөвшөөрсөн агуулгатай. Гэвч шүүхээс тодруулбал гээд өөрсдөө дуусгавар болгоно гэж тайлбарлаж байгаа нь гэрээ байгуулах үе шат дахь зарчмыг гэрээ дуусгавар болгох зарчим болгон буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Гэрээг цуцлахдаа гэрээнд заасан хугацааг дуусаагүй байхад өөрсдөө дуусгавар болгох боломжтой, энэ нь гэрээний чөлөөт байдлын зарчим гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ хугацаатай байх агуулгыг үгүйсгэж байна. Анхан шатны шүүх гэрээг дуусгавар болгох эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

6.2 Нэхэмжлэгч ******* нь гэрээний үүргээ зөрчөөгүй байхад хариуцагч гэрээг цуцална гээд байгаа нь үндэслэлгүй. Гэрээний үүргээ зөрчөөгүй байхад 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээний үр шимийг олж авахад саад учруулж байгаа нь үндэслэлгүй байгаа учраас даалгаж өгөөч гэж өнгөрсөн хугацаанд болоод одоо хүчин төгөлдөр байгаа гэрээний хэрэгжилттэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүхээс хариуцагчийн санаачилгаар гэрээ цуцлагдсан тохиолдолд гэж ирээдүй цагт үүсэж магадгүй харилцааг таамаглан шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

7.1 Нэхэмжлэгч талын ашиг олохгүй байна гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгч талын хугацаа хожих нэг арга гэж бодож байна. Учир нь нэхэмжлэгчийн сард олж буй ашиг нь бусдад давхар түрээсэлж олдог маш их ашигтай учир хугацааг сунгаж амар хялбар аргаар илүү их мөнгө олох зорилготой байгаа юм. Талууд анх гэрээ хийхдээ давхар түрээслэх талаар огт ярилцаагүй.

7.2 Миний зүгээс удахгүй гадаад улс руу явах тул объектыг бүхэлд нь түрээслэх талаар хэлэхэд нэхэмжлэгч нь би бүхэлд нь түрээсэлнэ гэж хэлсэн тул би 1 давхрыг түрээслэх гэрээнд огт хугацаа тавиагүй. Гэтэл гэрээг батлуулах буюу нотариат дээр очихын өмнө нэхэмжлэгч нь надаас давхар түрээсэлж болох эсэх талаар асуухад нь миний зүгээс татгалзах зүйлгүй тул гэрээнд давхар түрээслэхтэй холбоотой зүйл, заалтыг оруулсан. Гэвч он гарсны дараа нэхэмжлэгч нь мөнгийг нь авч байсан нь илэрхий болсон бөгөөд ямар нэгэн шалтаг шалтгаан хэлж надтай холбогдохгүй, мөнгө төгрөгөө өгөхгүй, худал үнэн хэлсээр хугацаа аваад байсан.

7.3 Түүнчлэн миний зүгээс түрээсийн гэрээг цуцлах талаар хэлсэн. Учир нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас би ажил төрөл болон эд хөрөнгөөрөө хохирч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн гэрээний үр шимийг олж авах эрхэд саад болохгүй байхыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн гэрээг цуцалж, дуусгавар болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

3. Талууд 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1048 дугаартай Түрээсийн гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/-г байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч ******* нь улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* дугаар гудамж, ******* хаягт байрлах, 672 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 1 дүгээр давхарын, 160 м.кв талбайг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, бариа, засал, массаж үйлчилгээний зориулалтаар түрээслүүлэх, түрээслэгч ******* түрээсийн төлбөрт нэг сарын 4,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, түрээсийн зүйлийг түрээслэгч ашиглаж, эзэмшиж байгаа үйл баримтыг хэргийн нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. /хх 4/

4. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний хувьд хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулж дүгнэв.

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв тодорхойлсон. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан.

5.1 Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусаагүй боловч хариуцагч нь нэхэмжлэгчид 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Зайлшгүй шаардлагын дагуу гэрээг цуцалж байгаа гэх мэдэгдэл өгсөн. /хх 26/ Гэрээг цуцлах энэхүү мэдэгдэл нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй. Гэрээний 7.5-д талууд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд нөгөө талдаа 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байх тул хариуцагчийг гэрээг цуцлах саналыг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзнэ.

5.2 Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно. гэж заасан. Хариуцагчаас гэрээг цуцлах саналыг нэхэмжлэгчид 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэнээс хойш уг 3 сарын хугацаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл, уг хугацаа дуусгавар болсноор гэрээ цуцлагдах бөгөөд үр дагаварт нь нэхэмжлэгч гэрээг үргэлжлүүлэх агуулга бүхий шаардлага гаргах боломжгүй болох тул анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл зөв. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зөрчөөгүй байхад хариуцагч гэрээг цуцална гэдэг нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5.3 Харин гэрээ цуцлагдсанаар дуусгавар болсон байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн нь оновчгүй болжээ.

5.4 Түүнчлэн, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна. Учир нь, нэгэнт дуусгавар болсон гэрээг талуудын шаардлагаар цуцлах, дуусгавар болсон болохыг шүүх тогтоохгүй тул хариуцагчийн сөрөг шаардлага хуулийн үндэслэлгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/05456 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, 1 гэж дугаарлан уг заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******д холбогдох, түрээсийн гэрээгээр олгогдсон гэрээний үр шимийг олж авах эрхэд саад болохгүй байхыг даалгах тухай нэхэмжлэгч *******ын үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч *******т холбогдох, гэрээг цуцалж, дуусгавар болгох тухай хариуцагч сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

М.БАЯСГАЛАН