Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 207/ма2024/00107

 

 

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2024/00107

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024     11          21                                         207/МА2024/00107

 

 

  Б.********ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Т.********д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2024/01252 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.********ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.********д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.********ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.********, хариуцагч Т.********, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******** шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Т.******** 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн биеэр манайд ирээд Турк улсад үйлдвэрлэсэн 35 ширхэг гутлыг 1 сарын хугацаатай зарж борлуулаад мөнгийг буцааж өгөх нөхцөлтэйгөөр тохиролцож авч явсан бөгөөд одоог хүртэл нэг төгрөг ч өгөөгүй, нэг гутал буцааж өгөөгүй. Утсаар ярихаар хэл амаар доромжилж, дарамтлаад байна. Иймд эмэгтэй өвлийн гутал 11ш*200.000 төгрөг=2.200.000 төгрөг, хүүхдийн гутал 8ш*35.000 төгрөг=280.000 төгрөг, хавар намрын гутал 9ш*100.000 төгрөг=900.000 төгрөг, пүүз 7ш*60.000 төгрөг=42.000 төгрөг, нийт 3.800.000 төгрөг, унааны зардал 1.000.000 төгрөг, нийт 4.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Т.******** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Т.********г танина. Турк улсаас бараагаа фэйсбүүкийн лайваар дамжуулан зардаг байсан. Тэр үед ********тай танилцаж хааяадаа гутал авч зардаг байсан. ******** ч хамт гутал зардаг байсныг мэднэ. Нэг удаа лайваар гутал авахад Туркэд байсан бөгөөд, түүгээр дамжуулан танилцаж, ******** Туркээс ирээд, хүмүүсийн гуталнуудыг тараахад, миний худалдан авсан гутал хамт ирсэн. Тухайн үед ********ээс гутлаа авахаар очиход Туркээс авчирсан маш их хэмжээний гутал байгаа, гутлаа зарж дийлэхгүй байна, чи хэдэн гутал аваад зарж өгөөч гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь би за яахав миний гуталнуудтай хамт байж байгаад зарагдвал зараад өгье гээд 35 ширхэг гутлыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, зарахаар болсон боловч 6 ширхэг гутлыг зарж, үлдэгдэл гуталнууд нь зарагдаагүй. 2023 оны 02 дугаар сард манай бэр төрөх гээд 2 дугаар эмнэлгийн гадна байхдаа гуталны үнэ өндөр болохоор зарагдсангүй ээ, чи ирээд авчих гэж хэлсэн. Тэгэхэд за гэсэн боловч ирээгүй. Тэгэхээр нь хотод Толгойтын нефтэд айлд үлдээгээд очоод аваарай гэж хэлсэн боловч тэр газрыг чинь мэдэхгүй гээд очиж аваагүй. ********тэй утсаар ярьж, учир байдлыг нь зөндөө хэлсэн, би доромжлоогүй, дарамтлаагүй харин ч өөрсдөө болон нөхөр нь хэл амаар намайг доромжилсон. Анх 35 ширхэг гутлыг хүлээн авахдаа тоо ширхэгээр нь хүлээн авсан, зурагжуулж, баримтжуулаагүй. Маргаан гараад шүүхэд өгсний дараа хотод байгаа гутлуудаа очиж үзээд минийх биш байна гээд хүлээж аваагүй байна билээ. Гэтэл надад өгсөн 35 ширхэг гутал нь тоо ширхнгээрээ байна. Энэ гуталнуудыг нь буцааж өгнө. Зарагдсан 6 ширхэг гутлын үнэ болох 590.000 төгрөгийг төлнө. Гарсан гэх зардлыг нь би хариуцахгүй. Харин ч энэ гуталнуудыг нь зарах, хүргэж өгөх гээд надаас зардлууд гарсан. ********ийн гуталнуудаас үлдсэн гуталнууд: эмэгтэй өвлийн гутал-9 ширхэг, хүүхдийн гутал-6 ширхэг, хавар, намрын гутал-9 ширхэг, зуны гутал болон пүүз-5 ширхэг нийт 29 ширхэг гутал байна. Үүнийг нь буцааж өгнө. Зарагдсан гутал ньэмэгтэй өвлийн гутал-2 ширхэг 200.000 төгрөг=400.000 төгрөг, хүүхдийн гутал-2 ширхэг 35.000 төгрөг=70.000 төгрөг, зун, пүүз гутал-2 ширхэг 60.000 төгрөг,=120.000 төгрөг, нийт 590.000 төгрөгийн гутал худалдан борлуулсан байна. Үүнийг бол төлнө. Унааны зардал гэх 1.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2024/01252дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасныг баримтлан хариуцагч Т.********гээс 930.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.********эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.970.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.********ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.********гээс улсын тэмдэгтийн хураамж 26.870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.********эд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.******** давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Т.******** болон Б.******** нарын хооронд ямар гэрээ хэлцэл хийгдсэн талаар хуульзүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Би бусдаар гутлаа заруулахаар өгөөгүй. Харин Т.********д би гутлаа зээлээр зарсан. Уг зээлээр авсан гутлын мөнгөө 1 сарын хугацааны дотор төлөхөөр тохиролцсон. Үүнээс хойш мөнгийг өгөхгүй.сураггүй алга болсон тул цагдаагийн байгууллага болон шүүхэд хандсан. Шүүхэд миний заруулахаар өгсөн гутлаас тэс өөр ямар үйлдвэрийн хаанахын гутал мэлэгдэхгүй , гутлын зургуудыг тавьж оруулж ирсэн ба эдгээр гутал нь минийх биш байсан. Энэхүү гутал нь минийх биш гээд байхад мөн мэт үндэслэлгүй дүгнэлтийг шүүх хийж, намайг хохироох шийдвэр гаргасан. Өнөөдрийг хүртэл би гутлаа, мөнгөө аль алийг нь аваагүй байдалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Т.******** нь гутлын наймаа эрхэлдэг ба борлоогдоогүй олон жил болсон , загвар хуучирсан , аль улсын гутал болох нь тодорхойгүй гутлын зургийг буюу эх сурвалж тодорхойгүй гутлын зургуудыг минийх мэт худал тайлбар гаргасныг шүүүх үндэслэлгүй хүлээн авч шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй. Т.******** нь гутлаа цааш нь зарах , зарахгүй байх харилцаа нь надад чухал байсан бол 1 сарын дотор үлдэгдэл гутлыг хүлээлгэн өгөх , хүлээн авахаас татгалзах асуудлыг шийдэх бүрэн боломжтой байсан .Гэтэл огт тийм үйлдэл гаргаагүй, сураггүй алга болж, эцэст нь шүүх цагдаа болох хэмжээний асуудал болсон ба хожим нь огт харж байгаагүй гутлуудын зургуудыг үзүүлж /өөрт нь байгаа эсэх ч тодорхойгүй / хариуцлагаас мултрах гэж оролдсныг шүүх дэмжиж, намайг хохироож шийдвэрлэлээ гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.08 ны өдрийн 142/ШШ2024/01252 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх турхай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч Б.******** нь хариуцагч Т.********гээс 4.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Т.******** нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрч, заримыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Б.******** нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Т.********д Турк улсад үйлдвэрлэсэн 35 ширхэг гутлыг 1 сарын хугацаанд зарж борлуулаад мөнгийг нь өгөхөөр тохирч авч явсан одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй Эрдэнэт рүү зардал чирэгдэл болж явсан замын зардал 1 удаа явахад 500.000 төгрөг гарсан, 2 удаа явсан зардал 1 сая төгрөг нэмж нийт 4.800.0000 төгрөг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.******** нь нэхэмжлэгчийн охин н.********г танина. Турк улсаас фейсбүүкээр лайв хийж бараагаа зардаг байсан, Би хааяадаа гутал авч зардаг байсан. Б.******** Туркээс ирээд гуталнуудаа тараахад миний худалдан авсан гутал хамт ирсэн. Гутлаа авахаар очиход Туркээс их хэмжээний гуталтай ирсэн, зарж дийлэхгүй байна. Чи хэдэн гутал авч яваад зараад өгөөч гэсэн санал тавьсан. Би зарагдвал зараад өгье гээд 35 гутал авсан боловч 6 ширхэг гутал зарагдаж, үлдсэн нь зарагдаагүй. Нийт 790.000 төгрөгийн гутал зарсан. Энэ мөнгийг нь өгч 29 гутлыг буцааж өгнө гэсэн тайлбар гаргаж маргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Б.******** нь хариуцагч Т.********д 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Турк улсад үйлдвэрлэсэн 35 ширхэг гутал буюу 3.800.000 төгрөгийн үнэ бүхий гуталнуудыг зарж борлуулахаар хүлээлгэн өгсөн ба хариуцагч Т.******** нь 790.000 төгрөгийн нийт 6 ширхэг гутал худалдан борлуулж, 29 ширхэг гутал зарагдаагүй үлдсэн, үлдэгдэл 29 ширхэг гутлыг нэхэмжлэгч Б..********эд  буцаан өгөх гэсэн боловч аваагүй, миний хүлээлгэж өгсөн гуталнууд биш гэсэн үндэслэлээр гуталнуудыг хүлээн авахаас татгалзсан зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.********ийн Турк улсаас оруулж ирэн зарж борлуулдаг гэх түүний гар утсанд хадгалагдсан гуталнуудад үзлэг хийсэн боловч түүний гуталнуудаас хариуцагч Т.********д хүлээлгэн өгсөн 35 ширхэг гутал мөн болохыг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй ба зохигчид заруулахаар өгсөн болон хүлээн авсан гуталнуудын зургийг дарж баталгаажуулаагүй, нэхэмжлэгчийн нөхөр н.******** шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн байх боловч ямар шинж байдалтай, хэдэн ширхэг, хэдэн төгрөгийн үнэлгээтэй гутал хүлээлгэж өгсөн талаар тодорхой гэрчлээгүй тул хариуцагч Т.********гийн зарагдаагүй үлдсэн хэрэгт хавсаргасан гуталнуудын зургийг нэхэмжлэгч Б.********ийн хариуцагч Т.********д заруулахаар өгсөн гутал биш гэж үзэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч Т.******** шүүхэд хариу тайлбар гаргахдаа авсан гутлын гэрэл зургийг нэг бүрчлэн тоо ширхэгийг зааж гаргаж өгснийг үндэслэн түүнээс зарим гутлын үнэ болох 790.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэгч нь хариуцагчаас зарж борлуулаагүй үлдсэн гутлыг буцаан авах үүрэгтэй гэсэн дүгнэлт хийж замын зардлын 140.000 төгрөг, зарагдсан гутлын үнэ 790.000 төгрөг нийт 930.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Иргэний хуулийн 243, 261 дүгээр зүйлд нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.********ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2024/01252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.********ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Б.********ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БАТТӨР

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.АЗЖАРГАЛ

 

                                                        ШҮҮГЧ                               С.УРАНЧИМЭГ