| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1086 |
| Огноо | 2019-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 1086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,
Улсын яллагч Э.Намуун,
Хохирогч Г.Сарантуяа,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Б холбогдох эрүүгийн 1906 00000 1383 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 9 сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, менежер, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Д.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 246-134 тоотод оршин суух гэртээ эхнэр Г.Сарантуяаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний нүүрэн тус газар нь цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Сарантуяа мэдүүлэхдээ:” ... Би уучлал гуйна
гэж бодсон юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Сарантуяагийн өгсөн мэдүүлэг /хх-15-18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 6925 дугаартай дүгнэлт /хх-22/, иргэн Г.Сарантуяагаас цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /хх-4/, аюулын зэргийн үнэлгээ /хх-5-12/, шинжээчийн дүгнэлттэй танилцсан тэмдэглэл /хх-23-24/, гэрлэлтийн баталгаа /хх-36/, хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар /хх-38-41/, Д.Б иргэний үнэмлэхний хуулбар /хх-44-49/, зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа /хх-47-48/, нийгмийн даатгал төлж буй баримт, эд хөрөнгийн лавлагаа /хх-50-52/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-53/, шүүгдэгч Д.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-49/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 246-134 тоотод оршин суух гэртээ эхнэр Г.Сарантуяаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний нүүрэн тус газар нь цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Сарантуяагийн өгсөн: “ ...Би 2019 оны 6 сарын 2-ны өдөр найз Амаржаргалыг гэрээс нь аваад түгжирч байгаад 20 цагийн үед Нарны гүүрний тэнд байрлах “Хард рок” кафед Эрдэнэсувд, Бэрцэцэг нартай уулзсан. Тэндээ бид жоохон суусан 2 ширхэг 0.5 литрийн пиво уусан. Дуулж байгаад 01 цаг 30 минутын үед би гэртээ буюу Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 246-134 тоот гэртэй харьсан. Унтаж байхад манай нөхөр Д.Б шанагатай хүйтэн ус нүүр рүү цацаад шанагаараа миний зүүн нүд рүү цохисон. Шууд миний үснээс зулгаагаад өрөө дамжуулаад чирсэн. Нөхөр 102 руу залгаад цагдаа дуудаад 2 цагдаад “би энэ хүн намайг үргэлжлүүлээд зодвол яах юм бэ” гэж хэлэхэд нөхрийг аваад явсан. Миний зүүн нүд хөхөрсөн. Толгой өвдөж хөндүүрлэж байгаа. Үснээс зулгаасан учраас үс их хэмжээгээр унасан. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Би гэмтлийг гэрийн аргаар өөрөө эмчилсэн болохоор надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-15-18/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 сарын 04-ний өдрийн 6925 дүгнэлтэд:
1. Г.Сарантуяагийн биед тархи доргил, зүүн нүдний алимны салст, дээд, доод зовхины цус хурал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна.” /хх-22/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б яллагдагчаар өгсөн: “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Би Г.Сарантуяагийн биед учирсан гэмтлүүдийг
учруулсанаа хүлээн зөвшөөрч байна.” /хх-29-30/ гэх мэдүүлэг,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-5-12/,
Шүүгдэгч Д.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-49/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Б 2019 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 246-134 тоотод оршин суух гэртээ эхнэр Г.Сарантуяаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний нүүрэн тус газар нь цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Г.Сарантуяа нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Д.Б хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Д.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Д.Б 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Б нь шүүхээс оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС