Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 613

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Холбооны хашаанд оршин суух, 1974 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, РД:ОЭ74032263, Элжигэн овогт Долгорсүрэнгийн Ариунжаргалын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газарт холбогдох,

       “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 21 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ариунжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газрын дарга Б.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Д.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Ариунжаргал нь “МЦХ” ХХК-ийн Увс аймгийн холбооны газарт үйлчлэгчээр ажиллаж байгаад тус газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 401 дугаар шийдвэрээр үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгосон. Гэтэл “МЦХ” ХХК-ийн Увс аймгийн холбооны газрын дарга Б.Батболд нь шүүхийн хүчин төгөлдөр 401 дүгээр шийдвэрийн дагуу намайг “МЦХ” ХХК-ийн Увс аймгийн холбооны газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн авахаас татгалзаж үйлчлэгч, бичиг хэргийн ажлыг давхар хий гэж шаардсан. Миний бие нь 8 дугаар анги төгссөн бичиг цаасны ажлаас хол, бичиг үсэг муу мэддэг тул “МЦХ” ХХК-ийн Увс аймгийн Холбооны газрын даргын санал болгосон бичиг хэргийн ажлыг хийх боломжгүй юм. Иймээс би уг хүндэтгэн үзэх шалтгаанаа хэлж, бичиг хэргийн ажлыг давхар хийж чадахгүй, 401 дүгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу урд ажиллаж байсан ажил болох “МЦХ” ХХК-ийн Увс аймгийн холбооны газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэж гуйсан боловч намайг зөвшөөрөөгүй байхад өөрөө дур мэдэн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 18 тоот тушаал гаргаж тус газрын үйлчлэгч, бичиг хэргийн ажилтнаар томилсон бөгөөд би бичиг хэргийн ажил хийх боломжгүй байсан тул ажиллахаас татгалзаж, ажиллаагүй болно. Ингээд “МЦХ” ХХК-ийн Увс аймгийн холбооны газрын дарга Б.Батболд нь 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 21 тоот тушаал гаргаж намайг ажилд томилох тушаал авснаас хойш ажлын 10 хоног ажлын байрыг өөрийн дураар орхигдуулсан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажлаас дахин чөлөөлсөн байна. Иймд “МЦХ” ХХК-ийн Увс аймгийн Холбооны газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 21 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож миний урд эрхэлж байсан ажил болох “МЦХ” ХХК-ийн Увс аймгийн Холбооны газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

    Хариуцагч “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газрын дарга Б.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Холбооны газрын үйлчлэгч Д.Ариунжаргал ажилд буцаан томилуулах тухай нэхэмжлэлийн дагуу Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 401 тоот шийдвэрийг сайн дураар биелүүлж түүнийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 18 тоот тушаал гаргаж иргэн Д.Ариунжаргалд гардуулсан. Компанийн зардал хэмнэх, нөөц бололцоог ашиглан хөрвөх чадвартай боловсон хүчнийг авч ажиллуулах шийдвэрийн дагуу 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөр ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөж Г.Байгальмааг түр авч ажиллуулсан. Иргэн Д.Ариунжаргал ажилд орох тушаалаа хүлээж авснаас хойш ажлын 10 хоног ажилдаа ямар ч тасалсан учир буцаан халах тушаал гарсан болно. Д.Ариунжаргал нь компнийн дотоод дүрэм, журмыг өөрөө бүрэн судалсан байх ёстой. Судлах үүрэгтэй. Манай компанийн зардал хэмнэх, дотоод ажил зохион байгуулах эрх нь надад байгаа. Иргэн Д.Ариунжаргал нь тушаал авсны маргааш 1 хоногийн дараа өөрийн биеэр энэ ажлын байрны дагуу ажил хийж чадахгүй гэсэн хүсэлтээ гаргаж өгсөн тул түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Д.Ариунжаргал нь хариуцагч “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газарт холбогдуулан МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 21 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газрын дарга Б.Батболдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 21 тоот тушаалаар нэхэмжлэгч Д.Ариунжаргалыг ажилд томилох тушаал авснаас хойш ажлын 10 хоног ажлын байрыг өөрийн дураар орхигдуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, компанийн дотоод журам, мөн өөрийн ажлаа хийж чадахгүй гэсэн хүсэлтийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 401 тоот шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ариунжаргалыг “МЦХ” ХК-ийн Увс аймгийн Холбооны газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоожээ. Гэтэл “МЦХ” ХК-ийн Увс аймгийн Холбооны газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 18 тоот тушаалаар “Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 401 тоот тушаалаар Д.Ариунжаргалыг Увс аймгийн Холбооны газрын “үйлчлэгч, бичиг хэргийн ажилтнаар” томилсон нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

     Мөн компанийн дотоод журмыг зөрчсөн гэж бичсэн байгаа ба чухам ямар заалтыг зөрчсөнийг тодорхой бичээгүй.

     Хариуцагч нь Б.Батболд нь “Д.Ариунжаргалын ажлаа хийж чадахгүй” гэсэн хүсэлтийг мөн үндэслэсэн ба түүний хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасныг баримтлавал зохино.

        Хариуцагч “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газрын дарга Б.Батболд нь үйлчлэгч, бичиг хэргийн ажилтан Д.Ариунжаргалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “…хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.

        Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, няцаах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.

       Иймд нэхэмжлэгч Д.Ариунжаргалыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газарт холбогдуулан МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 21 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, түүнийг “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв. 

    Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газарт холбогдуулан МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 21 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Ариунжаргалыг “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Ариунжаргал нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.БОЛОР