Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1108

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга С.Нямсүрэн, 

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогч А.Нэргүй, түүний өмгөөлөгч Н.Батзолбоо,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-д холбогдох эрүүгийн 1906 00987 0615 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Хасаглувжаан овогт Энх-Амгалангийн Э, 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймагт төрсөн,
23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн
тодорхой ажилгүй, ам бүл 8, аав, ээж, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Тайванийн сангийн 2-42 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 480 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж байсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 349 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг эдлэж байсан ял шийтгэлтэй, 

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Moon night club”-д иргэн А.Нэргүйтэй маргалдан улмаар толгойн тус газар нь пивоны шил шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид нийт 2.719.310 төгрөгийг нөхөн төлөхөөр завсарлага авах хүсэлтэй байна” гэв.

Шүүгдэгч Э.Э эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хохирогчид хохирол төлөхөөр завсарлага авсан хугацаанд 1 сая төгрөгийг нөхөн төлсөн. Үлдэх 1.719.310 төгрөгийг 10 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож, нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэв.

Хохирогч А.Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр би найздаа ажил бүтээж өгөөд анх удаа бааранд орсон. Тэгээд нэг охинтой бүжиглэж байтал нэг залуу тохойгоороо нуруу руу цохисон. Тэгээд дараа нь миний нүүр лүү мөн цохисон. Тэгэхээр нь би тэр залууг боосон. Тэгсэн тэр залуу чамайг ална энэ тэр гээд би тэгээд гарах гэж байтал намайг цохисон. Би борлуулалтын компанид ажилладаг бөгөөд ажлаа хийж чадахгүй байна. Хавтаст хэрэгт нотлох баримтаар 5.399.000 төгрөг гарсныг нэхэмжилж байгаа. Мөн би группт орсон...” гэв.

Хохирогч А.Нэргүй эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүгдэгч нь хохирол төлбөрт 1 сая төгрөгийг төлж барагдуулсан. Үлдсэн 1.719.310 төгрөгийг 10 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож, нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүх хүсэлтийг хүлээн авна уу. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч А.Нэргүй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...муудалцаад байсан залуу миний хажуу талд хажуу талд нэг залуутай бүжиглэж байгаад миний хавирга хавьцаа 1 удаа тохойгоор цохихоор нь би тоогоогүй тэр залуугаас жоохон холдоод бүжиглэж байсан чинь тэр залуу дахиад гарынхаа ар хэсгээр миний нүүр лүү нэг удаа бүжиглэж байгаа болоод цохихоор нь би яаж байнаа гээд тэр залууг боож аваад чи зүгээр байгаарай гэж хэлээд тэр залууг орхиод суудал руугаа явж байсан чинь тэр залуу миний хойноос хөөе яаж байнаа араас гараад ир гээд хашгираад байхаар нь би тоохгүй шууд сандал руугаа очоод суусан. Тэгсэн тэр залуу над руу дайраад байсан болохоор баарны хамгаалагч нар тэр залууг над руу ойртуулахгүй гээд хаагаад байж байх хооронд гэнэт миний юуг нь мэдэхгүй хүчтэй юм цохиод би нэг мэдсэн ухаан алдсан байсан. Тэгээд сэрээд би доошоо харсан чинь баарны буйдан дээр битүү цус болсон бас миний нүүр лүү цус урсаад байхаар нь би духаа барьсан чинь миний дух цаашаа цөмрөөд орчихсон хажууд бид нартай хамт явсан Аптанзул миний цусыг тогтоох гээд алчуур авч өгөөд дарсан ...” гэх мэдүүлэг /хх- ийн 9 /,

Гэрч Г.Эрдэнэцацрал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд босоод ирсэн чинь Э бид нартай муудалцсан залуучуудын нэг залуу руу нь пивоны шил шидчихээд гараад зугтчихсан. Шидсэн шил нь тэр залуугийн толгой руу оночихсон тэгсэн тэр залуучууд намайг барьчихаад явуулахгүй байж байгаад цагдаа дуудсан удаагүй Эрдэнэдалай гаднаас орж ирээд цагдаа бид нарыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 15/,

Гэрч Б.Алтанзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нэргүй нэг танихгүй залуутай маргалдаж байхаар нь би Жигмэдданзанд Нэргүй хүнтэй маргалдаад байна очоод ав гэж хэлээд Нэргүйг салгаад ширээн дээрээ авч ирээд суулгасан чинь Нэргүйтэй маргалдсан залуу уурлаж дайраад агсараад байсан. Тэгснээ тэр залуу ууж байсан пивоныхоо шилийг Нэргүй рүү шидээд духыг нь ончихоод гараад зугтаачисан. Тэгэхээр нь Жигмэдданзан, Ганжаргал хоёр тэр залуугийн араас нь хайгаад хөөж гарсан. Тэгээд би Нэргүйгийн цусыг боох гээд хэсэг юм болж байсан чинь удаагүй гаднаас Нэргүй рүү пивоны шил шидсэн залуу өөрөө ороод ирсэн тэр хооронд бааранд байсан хүмүүс цагдаа дуудсан байсан байх удаагүй цагдаа нар ирээд тэр залууг аваад явсан. Нэргүйгийн дух нь цаашаагаа аймаар цөмөрчихсөн их цус гарсан байсан. Тэгээд түргэн ирээд шууд гэмтэл рүү Нэргүйг авч явсан...” гэх мэдүүлэг /хх 22-24/,

Яллагдагч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр өдөр би найз Эрдэнэцацралтай хамт 23 цагийн орчим Мүүн бааранд ороод бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байсан чинь нэг танихгүй залуу миний араас нэг хүн боогоод тавихгүй намайг ухаан алдуулаад унагаачихсан. Тэгээд би ухаан ороод босоод ирсэн чинь хүмүүс салгасан байдалтай хамгаалагч хажууд ирээд зогсож байсан. Тэгээд би тэнд байсан хүмүүст хандаж хэн намайг боогоод унагаачихваа гээд асуусан чинь миний зүүн гар талд байсан нэг залуу тэр залуу чамайг боосон гэж нэг залуу руу зааж хэлэхээр нь би тэр залуу дээр очоод чи яагаад намайг боож байгаа юм гэж хэлсэн чинь тэр залуу миний өөдөөс хуруугаараа чичлээд над руу чи хэн юм пизда энэ тэр гэж юм яриад орилоод хэл амаар доромжлоод над руу дайраад байсан тэгсэн тэр залуугийн найзууд болон хамгаалагч нар тэр залууг боль гээд цаашаа авч яваад намайг бас больчих гээд өөр тийшээ салгаад аваад явсан. Тэгээд эргээд харсан чинь тэр залуу над руу хуруугаараа чичлээд цаанаас орилоод дайраад байхаар нь миний хажуу талын ширээн дээр пивоны шил ойрхон байхаар нь тэрийг аваад шидчихсэн чинь тэр залуугийн толгойны дух хэсэгт оночихсон. Тэгээд би шууд цаашаагаа гарч яваад хэсэг байж байгаад эргэж орсон чинь тэр баарны хамгаалагч нар чи хүний толгой хагалсан байна гэхээр нь би за харъя очъё гээд очсон чинь тэр залуугийн духнаас цус гарсан байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа ирээд намайг авч явсан...” гэх мэдүүлэг /хх 72/,

 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1943 тоот дүгнэлтэд: 

  1. А.Нэргүйгийн биед дух яс, зүүн ухархайн дээд ханын ил хугарал, хатуу хальс, духны шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  5. Ерөнхий ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт. /хх-11/,
  6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-27/, Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн компьютерт томографийн оношилгоо гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 38-41/, Хохирлын талаарх нотлох баримтууд /хх-42-47/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-15/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-16/, хохирол нөхөн төлсөн баримт  зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

            Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Moon night club”-д иргэн А.Нэргүйтэй маргалдан улмаар толгойн тус газар нь пивоны шил шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч А.Нэргүйгийн: “...муудалцаад байсан залуу миний хажуу талд хажуу талд нэг залуутай бүжиглэж байгаад миний хавирга хавьцаа 1 удаа тохойгоор цохихоор нь би тоогоогүй тэр залуугаас жоохон холдоод бүжиглэж байсан чинь тэр залуу дахиад гарынхаа ар хэсгээр миний нүүр лүү нэг удаа бүжиглэж байгаа болоод цохихоор нь би яаж байнаа гээд тэр залууг боож аваад чи зүгээр байгаарай гэж хэлээд тэр залууг орхиод суудал руугаа явж байсан чинь тэр залуу миний хойноос хөөе яаж байнаа араас гараад ир гээд хашгираад байхаар нь би тоохгүй шууд сандал руугаа очоод суусан. Тэгсэн тэр залуу над руу дайраад байсан болохоор баарны хамгаалагч нар тэр залууг над руу ойртуулахгүй гээд хаагаад байж байх хооронд гэнэт миний юуг нь мэдэхгүй хүчтэй юм цохиод би нэг мэдсэн ухаан алдсан байсан.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Эрдэнэцацралын: “...Тэгээд босоод ирсэн чинь Эрдэнэдалай бид нартай муудалцсан залуучуудын нэг залуу руу нь пивоны шил шидчихээд гараад зугтчихсан. Шидсэн шил нь тэр залуугийн толгой руу оночихсон тэгсэн тэр залуучууд намайг барьчихаад явуулахгүй байж байгаад цагдаа дуудсан удаагүй Эрдэнэдалай гаднаас орж ирээд цагдаа бид нарыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Алтанзулын: “...Нэргүйтэй маргалдсан залуу уурлаж дайраад агсараад байсан. Тэгснээ тэр залуу ууж байсан пивоныхоо шилийг Нэргүй рүү шидээд духыг нь ончихоод гараад зугтаачисан.” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч А.Нэргүй нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал болон гэм хорын хохиролд нийт 5.399.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж гэм буруутай этгээдээс нийт 2.719.310 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хохирогч А.Нэргүй нь хавтаст хэрэгт өөрт учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхэд зээл авсан, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт хохирлын талаарх нотлох баримтыг хуульд заасны дагуу хангалттай нотлох баримтаар гаргаж өгөөгүй байх тул уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Э.Э-д өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 349 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу нэмж нэгтгэн шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э.Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч А.Нэргүйд нийт 1.719.310 /нэг сая долоон зуун арван есөн мянга гурван зуун арван/ төгрөгийг 10 /арав/ сарын хугацаанд төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э-д өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 349 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хугацаатай хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн Э.Эрдэнэдалайгийн бүгд биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эрдэнэдалайгийн урьд цагдан хоригдсон 127 /нэг зуун хорин долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч А.Нэргүй нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

  1. . Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. . Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР