Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 555

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг

нарийн бичгийн даргаар Б.Номинзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Жаалхүү овогт Гансүхийн Мөнхбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911014500609 тоот хэргийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 37 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн наран 18 дугаар гудамж 34 тоотод оршин суудаг,

урьд 1998 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 153 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж уг ялыг 1 жилийн хугацаатай тэнсэж хянан харгалзсан,

2003 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгэгдсэн,

2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1         дэх хэсэгт зааснаар 3 cap 7 хоног баривчлах ялаар шийтгэгдсэн,

2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 893 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 cap баривчлах ялаар шийтгэгдсэн,

2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 179 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 cap хорих ялаар шийтгэгдэж 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Жаалхүү овогт Гансүхийн Мөнхбаяр /РД- УС82051713/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Г.Мөнхбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Мөнхбаяр нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Алтжин бөмбөгөр" худалдааны төв дотор насанд хүрээгүй хохирогч М.Оюунзаяагийн 400,000 төгрөгний үнэ бүхий “Айфон 6 эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мөнхбаярын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Г.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "... Би 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Алтжин бөмбөгөр худалдааны төвд таньдаг хүн байгаа эсэхийг харах зорилгоор явсж байсан чинь нэг эмэгтэй сургуулийн хүүхдийн халаасанд гар утас нь ил харагдаад байхаар нь би сэмхэн халааснаас нь авчихсан юм. Уг гар утас нь айфоне 6 эс загварын гар утас байсан ба уг гар утсыг би авч яваад Тэди худалдааны төвийн үүдэнд нэг хүнд 50.000 төгрөгөөр зарах гэсэн чинь мөнгө байхгүй байна гээд 30.000 төгрөгөөр зарчихсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х/,

насанд хүрээгүй хохирогч М.Оюунзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 07-ны өглөө хичээлээ тараад  өдрийн 16   цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Алтжин бөмбөгөр худалдааны төврүү худалдан авалт хийхээр явж байсан. Би Алтжин бөмбөгөр худалдааны төвд ирээд 2 дугаар давхар руу гарч өөтөө тирко худалдаж аваад 1 дүгээр давхарруу буугаад өөр бараа бүтээгдэхүүн худалдаж авахаар сонирхоод явж байсан ба тухайн үедээ би гар утсаараа ээжрүүгээ залгах гээд гар утсаа гаргах гэтэл миний гар утас байхгүй болчихсон байсан бөгөөд анх 2 давхраас тирко худалдаж авахдаа тооцоогоо бэлнээр хийгээд ээжрүүгээ тирко худалдаж авсан тухайгаа хэлээд гар утсаа өөрийн сурагчийн формны пидзакний баруун халаасанд хийгээд 1 дүгээр давхарруу уруудаж байснаа тод санаж байна. Харин 1 дүгээр давхарт ирээд юм үзэж явж байгаад ээжрүүгээ утсаараа залгах гэтэл утас маань алга болчихсон байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/,

Эд зүйлсийн үнэлгээ /хх-ийн 9х/, Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Г.Мөнхбаярын шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор насанд хүрээгүй хохирогч М.Оюунзаяагийн өмчлөлийн 400.000 төгрөгийн үнэ бүхий гар утасыг нууц далд аргаар хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Насанд хүрээгүй хохирогч М.Оюунзаяад энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг биет байдлаар нь буцаан өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар /хх-ийн 8х/ тогтоогдож байх тул Г.Мөнхбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэг Г.Мөнхбаярт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Мөнхбаяр нь урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 179 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 cap хорих ял оногдуулж шийтгэгдсэн байх ба үүнээс 01 /нэг/ жил 01 /нэг/ сар 14 хоногийн хорих ялыг биеэр эдлэлгүй хугацаанаас өмнө суллагдсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд Г.Мөнхбаярын урьд ял шийтгүүлэн эдлээгүй үлдсэн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Жаалхүү овогт Гансүхийн Мөнхбаярыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхбаярт 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Мөнхбаярын урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 179 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 cap хорих ял оногдуулж шийтгэгдсэнээс, эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил 01 /нэг/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хорих ялд, энэ тогтоолоор түүнд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийг найман цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцон 30 хоногийн хорих ялд шийлжүүлэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 01 /нэг/ жил 01 /нэг/ сар 44 /дөчин дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Г.Мөнхбаярт оногдуулсан 01 /нэг/ жил 01 /нэг/ сар 44 /дөчин дөрөв/ хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Г.Мөнхбаярын урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Мөнхбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ