Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 619

 

                                      

                                               Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                               баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Усны аж ахуйн хашаанд оршин суух, 1996 онд төрсөн, эмэгтэй, РД:ОМ96050209, Шалбаг овогт Ерболатын Бахатын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багт байрлах, Наранбулаг сумын Соёлын төвд холбогдох,

        Ажилгүй байсан хугацааны цалин 1.688.342 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр  сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Е.Бахат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Наранбулаг сумын Соёлын төвийн бүжгийн багш Е.Бахат миний бие 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тус Соёлын төвийн эрхлэгч Р.Өлзийбаярын 14 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэ тушаалыг би хууль бус гэж үзэж Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар тус шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 429 тоот шийдвэрээр намайг эгүүлэн ажилд томилохоор гарсан боловч намайг эрхлэгч Р.Өлзийбаяр 8 дугаар сарын 15-ны өдөр ажилд томилсон. Иймд би ажилгүй байсан хугацааны цалин болох 1.688.342 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

      Нэхэмжлэгч Е.Бахат шүүхэд гаргасан тайлбартаа: “Наранбулаг сумын бүжгийн багш Е.Бахат миний бие 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр танай шүүхэд Наранбулаг сумын Соёлын төвөөс ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн бөгөөд тус Соёлын төвийн эрхлэгч Р.Өлзийбаяр 9 дүгээр сарын 28-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалинг олгох тухай тушаалаа гаргасан байна. Иймд би танайд өгсөн нэхэмжлэлээ буцаан авахаар хүсэлт гаргаж байна” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Е.Бахат нь хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Соёлын төвд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 1.688.342 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Е.Бахат нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч Е.Бахатын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Нэхэмжлэгч Е.Бахат нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 41.963 төгрөг төлсөн ба тал хувь болох 20.982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 20.982 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Е.Бахатад олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Нэхэмжлэгч Е.Бахат нь хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Соёлын төвд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 1.688.342 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 20.982 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Е.Бахатад олгосугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                              П.БОЛОР