Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 203/МА2025/00009

 

 

2025 оны 02 сарын 05 өдөр Дугаар 203/МА2025/00009 Даланзадгад сум

 

 

 

******* ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа , шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 144/ШШ2024/00204 дугаар шийдвэртэй

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Н.*******д холбогдох

Кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 17,669,568.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөрийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөр, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Өмнөговь бизнес төвийн захирал Ц.Цогтсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Н.******* нь ******* ХК-тай 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 5000000 төгрөгийн зээлийн эрхтэй, кредит картын ЗГ/521759536 дугаартай 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Тус гэрээнд бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь бэлэн гүйлгээний сарын хүү 3,5 хувь зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар харилцан тохиролцжээ.

Зээлдэгч Н.******* нь зээлийн эрхтэй, кредит карт авах үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хувиараа бизнес эрхэлж байсан. Зээлдэгч Н.******* нь зээлийн эрхтэй кредит картаас нийт 4990044.65 төгрөгийг бэлэн болон бэлэн бус зарлагын гүйлгээ хийжээ.

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл үндсэн хэрэглэсэн мөнгөн дүнгээс төлөлт хийж үндсэн зээлийн үлдэгдэл зээлийн үндсэн төлбөр 4990044.65 төгрөг, хүүний төлбөр 5963865.38 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 5166995.11 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1548663.80 төгрөг, нийт зээл хаах дүнгээр 17669568.94 төгрөгийг болсон байна.

Банкны зүгээс зээлдэгч Н.*******тай удаа дараа холбогдож, уулзаж зээлээ төлөх талаар сануулж мэдэгдэх хуудас гардуулж байсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрсэн.

Иймд зээлдэгч Н.*******аас ЗГ/521759536 тоот кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 4990044.65 төгрөг, хүүний төлбөр 5963865.38 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 5166995.11 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1548663.80 төгрөг, нийт зээл хаах дүнгээр 17669568.94 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа 12146683.11 төгрөг болгон багасгаж байна гэжээ.

 

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 12146683.11 мөнгө болгон багасгасан байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Н.*******тай зээлийн гэрээ байгуулсан зүйл харагдахгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрээг харахаар кредит карт эзэмшигчтэй гэрээ байгуулсан байдаг. Үүний дагуу нийт 5 сая төгрөгөөр зээлжих эрхтэй гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. Бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн гүйлгээний хүү 3,5 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 1 хувь байхаар 4 өөр хүү бодож гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Гэрээнд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж тооцсон. Хугацаа хэтрүүлсэн хүү 5166995 төгрөг нэхэмжилдэг. Үндсэн төлбөрөөсөө хэтрээд үндсэн хүүтэй адил хүү бодсон байдаг. Үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор хуульд заасан байхад зөрчиж 1 хувийн хүү бодож байгаа нь хууль зөрчсөн үндэслэлд хамаарч байна. 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтэд хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж заасан. Тухайн хэлцлийг зөрчиж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт энэ хуулийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцлийг хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах, харилцан буцаах боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.

Иймд нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсний хүүг шаардах эрхгүй байна. Мөн эрх хэтрүүлсний хүү 1548663 төгрөг нэхэмжилсэн боловч үүнийг багасгаж байна гэж ойлгосон. Мөн хүлээн зөвшөөрөхгүй байх дараах үндэслэл нь тухайн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 2 жилийн хугацаатай байгуулсан.

Уг 2 жилийн хугацаа нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дууссан байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 20000 төгрөг ашигласан. Үүнээс хойш нэг төгрөг ч ашиглаагүй. Гэтэл шүүхэд тухайн нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гаргадаг. Хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сард мөнгө зээлсэн үүнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн.

Гэрээний хугацаа дууссан үеэс шаардах эрх үүснэ. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл 4 жил 4 сарын хугацаа өнгөрсөн. Өөрөөр хэлбэл шаардах эрх хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Нэхэмжлэлийн нийт мөнгөн дүнгийн хүүгийн төлбөрт хэдэн хувьд бэлнээр авч 2 хувиар хүү бодогдсон, бэлэн бусаар авч 3,5 хувиар хүү бодогдсон нь тодорхойгүй. Хүү бодсон аргачлал тодорхойгүй.

Гэрээнд тухайн сарынхаа 15-ны дотор төлнө гэж заасан. Энэ хугацаандаа 2 хувь эсвэл 3,5 хувь бодогдоно гэж байгаа. Миний харж байгаагаар 1 сарын хугацаанд төлөх ёстой. Нэг сарын хугацаанд ... хүүтэй байхаар харагдаж байна. Энэ хугацаа хэтэрвэл нэмэгдүүлсэн хүү бодохоор заасан байдаг. Нэхэмжлэлээс нь харахаар 2019 оноос хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд бодсон байна.

Гэрээнд зааснаар тухайн сарынхаа дараа сард төлөх хүртэлх хүүг бодож үүнээс хойш хугацаа хэтэрвэл нэмэгдүүлсэн хүү бодохоор харагдаж байна. Тэгэхээр 2019 оноос өнөөдрийг хүртэл хүү бодож байгаа нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүү тохиролцсон. Эргэн төлөх өдөр сар бүрийн 15-ны өдөр гэж зааж хугацаа хэтэрвэл хэтрүүлсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцохоор заасан.

Зээлийн гэрээний хугацаанаас хүртэл тооцвол 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл зээлийн хүү, гэрээний хүүг тооцох учиртай. Харин 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш хугацаа хэтэрсэн гэж үзээд нэмэгдүүлсэн хүү 1 хувиар тооцох байдлаар гэрээ байгуулсан.

Иймд 2020 оноос хойш хүү бодож байгаа нь бол үндэслэлгүй. Хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 30000 төгрөгийн зарлага хийсэн байдаг. Нэхэмжлэгчээс кредит карт тооцооллын хүснэгт гарч ирдэг. Хүү тооцоо гэж байгаад байдаг ч яаж тооцсон нь тодорхойгүй. Бэлэн, бэлэн бусынх ялгагддаггүй. Тэгэхээр бэлэн бусынх нь хүү бэлэн зарлагынх нь хүү нь тус тусдаа бодогдох ёстой.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан буюу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэх хуулийн шаардлагыг хэтрүүлсэн байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н.*******аас 10953910.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1192773.08 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246297.99 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас 190212.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөр нь давж заалдах гомдолдоо:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах, мөн хууль зөрчсөн гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар, санал, хүсэлтээ хэлсэн боловч аль ч тайлбарыг хүлээн аваагүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс ...кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гэж, Иргэний хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд тус тус заагаагүй хүү авахаар тохиролцсон байна. ...нэхэмжлэгч нь хуулиар олгоогүй хүүг хариуцагчаас шаардахаар гэрээнд тусгасан нь хуульд нийцээгүй байна гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Дээрх байдлаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг хуульд нийцээгүй, хуульд заасныг хэтрүүлсэн гэж үзсэн мөртлөө хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэрээ мэтээр үзэж нэхэмжлэлийн шаардлагын багасгасан дүнгээр хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэг зээлийн гэрээнд бэлэн гүйлгээний хүү, бэлэн бус гүйлгээний хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, зээлийн эрх хэтрүүлсний хүү гэсэн нийт 4 төрлийн хүү бодож, гэрээ байгуулж байгаа нь хууль зөрчсөн, хуульд нийцээгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь ойлгомжтой.

Гэрээндээ зээлийн хүүг сараар тооцсон, дараа сарынхаа 15-ны дотор төлөхөөр, энэ хугацаандаа төлөхгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцохоор байгаа юм. Гэтэл зээлийн хүүг сар бүр бодож нэхэмжлэл гаргах хүртэл тооцсон, мөн зээлийн хугацаа хэтрүүлсэн хүүг сар бүр бодож, нэхэмжлэл гаргах хүртэл тооцож давхар давхар хүү бодож байгаа нь жинхэнэ мөнгө хүүлэлтийн сонгодог систем гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн зүгээс өмнө нь хуульд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэгч *******ийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй байсныг шүүх анхаарч үзэлгүй, хуулийг буруу ойлгон зөвхөн нэхэмжлэл гаргаж байсан гэдгээр нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, хэрэв хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзвэл талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуульд нийцээгүй, хууль зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар зөвхөн үндсэн төлбөрт 3486306.82 төгрөг /нийт 28965265.97 төгрөг авч ашигласнаас нийт буцааж төлсөн 25478959.15 төгрөгийг хасаад үлдэгдэл 3486306.82 төгрөг/-ийг төлөхөөр шийдвэрлэж болохоор байсныг шүүх анхаарч үзэлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Тиймээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 144/ШШ2024/00204 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 204 дугаартай шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Яагаад гэхээр анх ******* ХХК-ын зүгээс 17669568 төгрөг 98 мөнгийг нэхэмжилсэн. Үүнээс шүүх хуралдааны шатанд эрх хэтрүүлсний хүү болон хугацаа хэтрүүлсний хүүнээс хуульд нийцүүлэн хасаад нийт 12146883 төгрөг 11 мөнгийг нэхэмжилж шүүх хуралдааны шатанд оролцсон. Үүнээс анхан шатны шүүх 1191000 төгрөгийг хүчингүй болгоод, Н.*******аас 10953000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Анхан шатны шүүх яагаад ингэж дүгнэсэн бэ гэхээр анхан шатны шүүхээс хугацаа хэтэрсний хүү хуульд нийцээгүй гэж дүгнэсэн боловч үндсэн хэрэглээ болон хүү хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь тухайн хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй гэж үзсэн нь харагддаг.

Н.*******ын хэрэглээ нь 4994000 төгрөг, түүнд бодогдсон хүү зохих хэмжээнд хуульд нийцүүлэн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн дээрээс нь хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүхэд хариуцагчийн зүгээс гомдол гаргадаг бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг сая тайлбарлаж байгааг нь сонсохоор 2018 онд гэрээ байгуулсан гэж яриад байна. Гэтэл хөөн хэлэлцэх хугацааг тооцох буюу Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэг дээр хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцохоор заасан байдаг.

Анхан шатны шүүхээс 2018 оноос 2019 оны 06 дугаар сар хүртэл Н.*******ын хэрэглээ хийсэн байдаг бөгөөд түүнээс хойш зөрчил үүсээд нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн гэж үзэхээр байгаа. Тэгэхээр 2019 оны 06 дугаар сараас хойш 2020 он хүртэл буюу нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд нэхэмжлэл гаргаж байгаа учраас энэ гурван жилийн хугацаа буюу нөгөө ерөнхий гэрээнд заасан гэрээний үүрэгтэй холбоотой гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн нь анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

Дээрээс нь анхан шатны шүүхэд гаргасан гомдол дээр Н.Энхтөр хариуцагчийн төлөөлөгчид тайлбарласан байдаг. Энгийн иргэд үүнээс болж хохирч байна. Харамсалтай байна гэдэг талаар дурдсан байдаг. Энэ кредит карт гэдэг зээлжих эрхтэй буюу тухайн тогтоосон хугацаанд хэрэглэсэн мөнгөө төлсөн тохиолдолд нэг ч төгрөгийн хүү төлөхгүй буюу тухайн хүндээ маш ашигтай ийм гэрээ байдаг.

Н.******* нь дөрвөн жилийн хугацаанд энэ картыг зохих хэмжээнд хүлээн зөвшөөрч гэрээнийхээ үүрэг хариуцлагынхаа хэмжээнд ашиглаад явсан байдаг Тэгэхээр энэ хүний хувьд хохироод байсан зүйл байхгүй. Энэ хүний өөрийнх нь хувь хүний санхүүгийн сахилга баттай холбоотой харилцаанаас үүргээ зөрчснөөс үүсч өнөөдрийн байдалд хүрсэн гэдгийг тайлбарлаж хэлмээр байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гол зүйл нь анхан шатны шүүхэд тухайн нэхэмжлэлийг хууль зөрчсөн учраас хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгуулахаар тайлбар, хүсэлтээ хэлсэн. Гэвч анхан шатны шүүхээс хууль зөрчсөн гэж дүгнэсэн мөртлөө хүчин төгөлдөр бус гэж тооцоогүй.

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үзсэн учир гомдол гаргасан. Нэхэмжлэгч ******* ХХК нь хуульд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаагүй гэж үзэж байгаа. Хэрэгт давж заалдах шатны шүүхийн магадлал авагдсан. Уг магадлал дээр нэхэмжлэл гаргахгүй зүйл дээр нэхэмжлэл гаргасан байна гэж үзсэн. Тэгэхээр ******* ХХК-аас нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй. Тухайн гэрээ 2018 онд байгуулагдаж, 2 жилийн хугацаатай буюу гэрээний хугацаа нь 2020 оны 02 дугаар сард дуусахаар болсон. Түүнээс хойш 4 жил 4 сарын дараа буюу 2024 оны 06 дугаар сард нэхэмжлэл гаргасан байдаг. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн үндэслэлээр гомдол гаргасан.

Гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналаа өөрчилж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай гомдлоо дэмжиж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.*******д холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөрийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан ЗГ/521759536 тоот кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 4990044.65 төгрөг, хүүний төлбөр 5963865.38 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 5166995.11 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1548663.80 төгрөг, нийт 17669568.94 төгрөгийг Н.*******аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг 12146683.11 төгрөг гаргуулахаар өөрчилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н.*******аас 10953910.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1192773.08 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох агуулга бүхий гомдлыг гаргасан байна.

******* ХХК нь Н.*******тай 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр кредит карт эзэмших тухай гэрээ байгуулж, 5000000 төгрөгийг бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувийн хүүтэй, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, картын хугацааг 2 жилийн хугацаатай байхаар харилцан тохиролцсон гэрээг бичгээр байгуулсан байна. /хавтаст хэргийн 3-4 дэх тал/

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. гэж, 79.2-т Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ. гэж, 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно. гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн шаардах эрх хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үйл баримт тогтоогдож байна. гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь санхүүгийн зах зээлийн зохистой хөгжлийг дэмжих хүрээнд банк, эрх бүхий хуулийн этгээдээс иргэн, хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээдэд үзүүлэх мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино., 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д зээл гэж банк, эрх бүхий хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр тодорхой зориулалт, хугацаа, эргэн төлөгдөх нөхцөлөөр хүүтэй буюу хүүгүй бусад этгээдэд аливаа хэлбэрээр олгосон мөнгөн хөрөнгийг, 5.1.6-д хүү гэж гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно., 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.гэж тус тус зааснаас дүгнэхэд нэхэмжлэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиудад нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан, зээлийн гэрээнд тусгасан бэлэн бус гүйлгээний хүү, бэлэн гүйлгээний хүү, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү гэсэн тусгайлан заасан хүүнүүдийн талаарх нэр томьёог тодорхойлсон тодорхойлолтууд тусгагдаагүй, нэхэмжлэгч нь үндсэн зээлийн гүйцэтгээгүй үүргийг хэдий хугацаанд хэдэн төгрөгөөс хэрхэн яаж тооцож тогтоосон талаарх хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул холбогдох хууль тогтоомжид заагаагүй дээрх хүүнүүдийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлийн гэрээний 2 жилийн хугацаанд хариуцагчийн ашигласан зээлийн хэмжээнээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагчаас гаргуулбал зохих мөнгөн дүнг тооцохдоо үндсэн төлбөр 4990044,65 төгрөгийн 2 хувь 99800 төгрөг /сард төлбөл зохих хүү/, 99800 төгрөгийг 24 сараар тооцоход 2 жилийн хугацаанд төлбөл зохих хүү 2395221 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 479040 төгрөг, үндсэн төлбөр 4990044 төгрөг бүгд 7882305 төгрөг гэж тооцсон болно.

Нэхэмжлэлийн шаардлага болох 12146683.11 төгрөгөөс гаргуулбал зохих 7882305 төгрөгийг хасч тооцож үлдэх 4264378.11 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Хариуцагч Н.******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 144/ШШ2024/00204 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтын хариуцагч Н.*******аас 10953910.03 төгрөгийг гэснийг хариуцагч Н.*******аас 7882305 төгрөгийг гэж, нэхэмжлэлийн шаардлагаас 1192773.08 төгрөгийг гэснийг нэхэмжлэлийн шаардлагаас 4264378.11 төгрөгийг гэж, 2 дахь заалтын хариуцагч Н.*******аас 190212.5 төгрөгийг гэснийг  хариуцагч Н.*******аас 141066.88 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөрийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190213 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 

ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

 

Х.ГЭРЭЛМАА