Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 203/МА2025/00010

 

 

 

 

2025 оны 02 сарын 05 өдөр Дугаар 203/МА2025/00010 Даланзадгад сум

 

 

 

Ц.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 143/ШШ2024/00417 дугаар шийдвэртэй,

Ц.*******гийн нэхэмжлэлтэй,

Өмнөговь аймгийн *******д холбогдох

 

4.840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Н.Гарьдхүү, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.******* би 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Х.*******ын нэрэмжит Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүүхдийн тасгийн сэхээний сувилагчаар ажиллаж эхэлсэн. 1995 онд халдварт сүрьеэгийн ээлжийн сувилагчаар ажиллах болсон. Тухайн байгууллагадаа тасралтгүй 32 жил ажиллаад 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдөн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Х.*******ын нэрэмжит Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/311 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалын 2 дахь хэсэгт ...4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тэтгэмж урамшууллын зардлаас бодож нэг удаа олгохыг ерөнхий нягтлан бодогчид зөвшөөрсүгэй гэж заасан. Манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд ч өндөр насны тэтгэвэр тогтоолгож ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтанд нэг удаа 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тухай заасан байдаг.

Гэтэл өнөөг хүртэл надад тушаалд заасан тэтгэмж олгогдоогүй. Ажиллаж байх хугацаандаа миний нэг сарын үндсэн цалин 1 120 000 төгрөг байсан. 4 сарын үндсэн цалин 4 840 000 төгрөг болно. Урьд өмнө нь эмнэлгийн удирдлага, санхүүгийн ажилтантай холбогдож захирамжид заасан тэтгэмжийг хэзээ олгох талаар асууж байсан. Ингэхэд байгууллагын санхүүгийн байдал хүнд байна. Удахгүй олгох болно гэж хэлж байсан. Гэвч Төрийн аудитын байгууллагаас ирүүлсэн дүгнэлтэд тухайн тэтгэмжийг олгох нь буруу, хууль тогтоомж зөрчиж байна гэсэн. Иймд олгох боломжгүй боллоо гээд 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 2024/26 дугаартай мэдэгдэх хуудас гардууллаа. Миний бодлоор 4 840 000 төгрөгийн тэтгэмжийг олгох нь хууль тогтоомж зөрчөөгүй. Х.*******ын нэрэмжит Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс 4 840 000 төгрөг гаргуулан авах хүсэлтэй байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухай: Дотоод журамд заасан тэтгэмжийг олгох эсэх талаарх маргаан, дотоод журмыг хэрхэн тайлбарлаж хэрэглэх тухай саналын зөрүүг шийдвэрлэх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.12-т зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргаан-д хамаарна. Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт зааснаар зөрчигдсөн талаар мэдсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор гомдол гаргах. 154 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй тул Сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хооронд хандан гомдлоо гаргах зохицуулалттай. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын засаг даргын тамгын газрын зүгээс Сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байгаа тухай хариуг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 391 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах үндэслэлийг дэмжсэн тайлбар гаргаж шүүх хуралдаанд оролцоно. Өмнө нь шүүхэд 2 удаа бичгээр тайлбаруудыг гаргасан байгаа. Тухайн тайлбаруудаа мөн дэмжиж байгаа. Ингээд өмнө нь бичгээр гаргасан тайлбартайгаа давхцуулахгүйгээр дараах үндэслэлийг шүүх хуралдаан дээр тайлбарлая гэж бодож байна. Ц.******* гэдэг хүн манай байгууллагад сувилагчаар ажилладаг байсан. Ингээд Төрийн албаны тухай хуулийн 6.1.4, 14.1.2, Засгийн газрын 2023 оны 240 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу тухайн албан хаагч нь ТҮЭМ-4 шатлалын албан тушаалтай төрийн албан хаагч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ц.*******тэй холбоотой асуудлыг Төрийн албаны хуулиас гадна Хөдөлмөрийн тухай хууль хосолж хэрэглэх онцгой зохицуулалттай байдаг. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт юу гэж заасан гэхээр, төрийн албан хаагчийн хӨдөлмөрийн харьцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна гэж заасан байгаа. Ц.******* нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тэтгэвэр тогтоолгосон учраас 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Тэгвэл уг энэ харилцааг Төрийн албаны тухай хуульд зааснаар зохицуулж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхгүй гэсэн байр суурьтай оролцож байна. Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-г унших юм бол нөхцөлийг тодорхойлсон журмыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэчихсэн. Ингээд Засгийн газрын 2019 оны 7-р журам батлах тухай тогтоолоор төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам батлагдсан. Энэ журмын 4.4-т хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж заасан байгаа. Энэ нь миний өмнө дурдсан Төрийн хэмнэлтийн тухай хуулиас өмнөх зохицуулалт байгаа юм гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Ингээд Ц.******* төрийн албан хаагч юм байна. Төрийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад нэг удаа буцалтгүй тусламж авах асуудлыг Эрүүл мэндийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулиар зохицуулчихсан. Мөн түүнээс урган гарсан холбогдох журмуудаар зохицуулж байгаа юм. Ийм учраас Төрийн албаны тухай хуулийн 4.4-т зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийг энэ тохиолдолд хэрэглэхгүй гэж байгаа юм. Дараа нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасан тул тэтгэмжтэй холбоотой харилцааг Төрийн албаны хууль болон Эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулчихсан байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 82.5-д заасан тэтгэмжийг манай байгууллагаас олгох эрх зүйн үндэслэлгүй байна гэсэн тайлбар байна. Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Өмнөговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2023 оны 16/3001/20 дугаартай зөрчил арилгуулах тухай албан шаардлага байгаа. Энэ албан шаардлагын 2, 7 дахь хэсэгт зааснаар тэтгэвэрт гарч байгаа ажилтанд эрүүл мэндийн газраас олгосон тэтгэмжтэй давхардуулан тэтгэмжийг олгохгүй шүү, энэ бол зөрчил байна гэдэг акт тавигдсан. Мөн нэхэмжлэгчийн дурдаад байгаачлан тухайн үед Ц.*******г ажиллаж байх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дотоод журам дээр нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг тогтоолгосон ажилтанд олгоно гэсэн зохицуулалт байхгүй гэдгийг нэмж дурдах нь зүйтэй байх. Монгол улс чинь өөрөө нэгдмэл улс. Төсвийн тухай хуульд зааснаар Монгол улс нэг төсөвтэй. Хэдийгээр Ц.*******д олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж манай байгууллагын данснаас гараагүй Эрүүл мэндийн газраас гарсан ч гэлээ тухайн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө буюу төсвийн мөнгө. Тэгэхээр энэ дээр давхардуулан олгохгүй байх гэдэг нь Төрийн хэмнэлтийн тухай хууль болон тусгай журмуудаар давхардуулан олгохгүй байх үндэслэлтэй юм. Ийм учраас дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч ээ гэсэн хүсэлттэй байна.

Ц.******* эрхээ зөрчигдсөн гэж үзэж байгаа бол түүний эрх зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байна. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.2-т зааснаар 90 хоногийн дотор маргаан таслах комисс, гурван талт хороонд гомдлоо гаргах ёстой. Ингээд тоолоод үзэх юм бол 12 дугаар сар 31 хоногтой, 2024 оны 01 дүгээр сар 31 хоногтой байна. Тэгээд 02 дугаар сарын 29-ний өдөр хөөн хэлэлцэх 90 хоногийн хугацаа дууссан байна. Бас нэг хууль байгаа. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд 30 хоног хүртэлх хугацаагаар сунгаж болно гэж байгаа юм. Тэгэхээр нэгэнт үйл баримт нь тодорхой, гурван талт хороо нь байгуулагдаагүй нь үнэн юм чинь хугацааг нь сунгаад байх шаардлага байхгүй. Шууд 30 хоногтоо хариу өгдөг гэж бодоход 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хариу нь ирчихсэн байх ёстой. Тэгэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д зааснаар ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой гэж үзэх юм бол 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хугацаа дуусаж байна. Хамгийн боломжит урт хугацаагаар бодоход нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дууссан ба 4 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-д зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэжээ.

 

3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар Өмнөговь аймгийн ******* улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох 4.840.000 төгрөг гаргуулах тухай Ц.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь
хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 390 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч Ц.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Ингэхдээ намайг хөдөлмөрийн эрхийн маргааны талаар гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн байна. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлттэй санал нийлэхгүй. Анхан шатны шүүх хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн, үйл баримтад бүрэн бодитой үнэн зөв дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна. Учир нь хариуцагчийн 2023 оны 11 сарын 16-ний өдрийн Б/311 дугаартай тушаалд ...Ц.*******д 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тэтгэмж урамшууллын зардлаас бодож нэг удаа олго гэж заасан. Нэгэнт дээрх тушаалд надад энэхүү мөнгөн тэтгэмжийг олгохоор заасан. Тэтгэмжийг олгохоо больж, татгалзаж байгаа талаар надад мэдэгдэхгүй байсан.

Нягтлан болон удирдлагуудаас асуухад өгнө л гэдэг байсан. 2024 оны 07 сарын 29-ний өдөр №2024/26 дугаартай Мэдэгдэх хуудас гардуулсан. Энэхүү мэдэгдэх хуудсыг гардан авч байж сая тушаалд заасан тэтгэмжийг надад олгохоос татгалзаж байгааг нь мэдсэн. Мэдэгдлийг гардан авсан даруйд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахаар хүсэлтээ гаргасан. Гэвч Даланзадгад сумын засаг даргын тамгын газраас 2024 оны 08 сарын 06-ны өдөр 391 дугаартай албан бичгээр уг хороо байгуулагдаагүй, хөдөлмөрийн эрхийн маргааныг маань урьдчилан шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдсэн. Даланзадгад сумын засаг даргын тамгын газраас гарсан хариу албан бичгийг би 08 сарын 07-ны өдөр гардан авсан.

Шүүхэд 2014 оны 08 сарын 16-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан.

Миний хувьд хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх, гомдол гаргах хугацаагаа хэтрүүлээгүй. 2023 оны 11 сарын 16-ний өдөр гаргасан тушаалдаа олгохоор заасан тэтгэмжээ олгохоос татгалзаж байгаа тухай 2024 оны 07 сарын 29-ний өдөр №2024/26 дугаартай Мэдэгдэх хуудаси-аар мэдэгдэж болж байхад ажилтан миний гомдол гаргасан хугацааг ийнхүү буруу тоолж эрхийг маань зөрчиж байгаа нь шударга бус байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д ажлын 10 хоног-т шүүхэд хандахаар заасан. Би энэ хугацааг хэтрүүлээгүй.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд талууд тэгш эрхтэй байх ёстой гэж бодож байна.

Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргийг ажил олгогч нэн тэргүүнд биелүүлэх, сахих учиртай байна. 2023 оны 11 сарын 16-ний өдрийн Б/311 дугаартай тушаалд ...Ц.*******д 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тэтгэмж урамшууллын зардлаас бодож нэг удаа олго гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.4 дэх хэсэгт заасан тэтгэмжийг олгох тухай заалт юм гэж ойлгосон.

Гэвч яг Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.4 дэх хэсэгт заасан тэтгэмж мөн эсэх талаар хариуцагч тал ямар нэгэн тайлбар баримт өгдөггүй. Энэ талаар бичигдээгүй.

Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдаж, хэрэгждэг. Уг харилцаанд талууд ижил тэгш эрхтэй байдаг.

Ажил олгогч нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үедээ миний 4 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж өгөхөөр амлалт өгч надад албан ёсоор мэдэгдсэн боловч энэхүү амлалтаа зөрчиж байна. Би хууль эрх зүйн мэдлэг муутай.

Гэвч ажилтанд өгөхөөр шийдвэртээ заасан тэтгэмжээ ямар нэгэн шалтгаангүйгээр өгөхөөс татгалзах нь шударга бус бөгөөд Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх туслалцаа үзүүлэх гэрээний харилцаанд баримтлах зарчмуудыг зөрчсөн гэж үзэхээр байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний 4 сарын үндсэн цалингийн нийлбэр 4,850,000 төгрөг болох тухай, хариуцагчийн 2023 оны 11 сарын 16-ний өдрийн Б/311 дугаартай тушаалд ...Ц.*******д 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тэтгэмж урамшууллын зардлаас бодож нэг удаа олго гэж заасан тухай талуудын хооронд ямар нэгэн саналын зөрүүгүй. , энэ талаар маргаагүй. Зөвхөн нэхэмжлэлийн үндэслэл болон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар талууд маргасан болохыг анхаарч үзнэ үү.

Гомдлын шаардлага: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 417 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг маань бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх хуралдаан дээр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр хоёр ч удаа тайлбар гаргаж өгсөн. Эдгээр тайлбаруудтай шүүх бүрэлдэхүүн танилцчихсан учраас давхардуулан яриад яах вэ гэсэн байр суурьтай байна. Хариуцагч талаас дараах хоёр байдлаар шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцдог. Нэгдүгээрт нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэл гаргахдаа хэтрүүлсэн байна. Хоёрдугаарт төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар ялгамжтай байдлаар Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийг хэрэглэдэг ийм онцлогтой учраас нэхэмжлэгч Ц.*******гийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4-д заасан тэтгэмжийг олгох нь хууль зүйн үндэслэлгүй талаар хангалттай тайлбарлаж мэтгэлцсэн. Шүүх бүрэлдэхүүн танилцсан байх. Энэ хоёр байдлаар хариуцагч талаас маргаанд мэтгэлцэж оролцдог. Нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Маргааны үйл баримтад анхан шатны шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Ц.*******гийн зүгээс удаа дараа манай байгууллагад хандаж өргөдөл гаргасан. Иргэдээс төрийн байгууллагад гаргаж байгаа өргөдөл гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу заавал бичгээр хариу мэдэгдэх ёстой байдаг. Тийм учраас 07 дугаар сард энэ мэдэгдлийг хариу болгож өгсөн. Өмнө нь амаар болон бичгээр энэ тэтгэмжийг олгох боломжгүй талаар өөрт нь мэдэгдэж байсан. Өөрийнх нь эрх зөрчигдчихсөн байдаг. Ажилд гарсан тушаалаас хойш 12 дугаар сарын 01-ний өдөр энэ хүний эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ. 

 

Нэхэмжлэгч Ц.******* нь Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/311 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба тус тушаалд бичигдсэнээр 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 4.840.000 төгрөгийг Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү ...Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй гэж заасан, нэхэмжлэгчийн хувьд Эрүүл мэндийн тухай хуульд заасан тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авсан тул Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журамд заасан тэтгэмжийг давхардуулан олгох боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасныг үндэслэн Ц.*******гийн нэг удаагийн тэтгэмж 4.840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Ц.******* эс зөвшөөрч ...анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, үйл баримтад бүрэн бодитой үнэн зөв дүгнэлт хийгээгүй гэж үзэн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэх давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Х.*******ын нэрэмжит Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/311 дугаартай Ц.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, 82 дугаар зүйлийн 82.1.4, 82.5, 110 дугаар зүйлийн 110.3 дахь заалтыг баримтлан ...2. Ц.*******тэй ... 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тэтгэмж урамшууллын зардлаас бодож нэг удаа олгохыг Ерөнхий нягтлан бодогч Н.*******д зөвшөөрсүгэй гэжээ.

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 143/ШШ2024/00417 дугаартай шийдвэрт Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дотоод журамд заасан 4 840 000 төгрөгийн тэтгэмж олгуулах шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасан зохицуулалтад хамаарч байна. ... ажил олгогчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тушаалаар Ц.*******д тэтгэмж олгохоор заасан тул хөдөлмөрийн дотоод журмын дагуу тухайн сардаа багтааж олгох байсан, энэ үеэс буюу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, эрхээ зөрчигдсөнийг мэдэх ёстой байсан өдөр гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч Ц.******* нь хөдөлмөрийн эрхийн маргааны талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлснээс гадна хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн үйл баримт нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

 

Өмнөговь аймаг Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба улсын ахлах байцаагчийн Зөрчил арилгуулах тухай албан шаардлага 2023 оны 05-р сарын 31-ний өдөр гарсан байх бөгөөд энэхүү албан шаардлагаас 6 сарын дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Х.*******ын нэрэмжит Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчийн Ц.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Х.*******ын нэрэмжит Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчийн энэхүү тушаал нь одоог хүртэл хүчин төгөлдөр ба хүчингүй болгосон өөрчилсөн талаарх шийдвэр гараагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тушаал хүчин төгөлдөр хэвээр байгаа гэх тайлбараар нотлогдож байх төдийгүй хүчингүй болгосон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Талууд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байх бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нь 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохгүй болсон талаарх захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчийн үйлдсэн мэдэгдэх хуудсыг 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан талаараа тайлбарласан ба энэ талаарх нотлох баримт хэрэгт /ХХ-н 4-р хуудас/ авагдсан байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлд Хөөн хэлэлцэх хугацааг тоолох талаар хуульчилсан ба 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. 76.2.Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ..гэж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:...гэж хуульчилсан байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.*******гийн Нягтлан болон удирдлагуудаас асуухад өгнө л гэдэг байсан. ...Миний хувьд хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх, гомдол гаргах хугацаагаа хэтрүүлээгүй. 2023 оны 11 сарын 16-ны өдөр гаргасан тушаалдаа олгохоор заасан тэтгэмжээ олгохоос татгалзаж байгаа тухай 2024 оны 07 сарын 29-ний өдөр №2024/26 дугаартай Мэдэгдэх хуудас-р мэдэгдэж болж байхад ажилтан миний гомдол гаргасан хугацааг ийнхүү буруу тоолж эрхийг маань зөрчиж байгаа нь шударга бус байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д ажлын 10 хоног-т шүүхэд хандахаар заасан. Би энэ хугацааг хэтрүүлээгүй... гэх гомдол үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Ц.******* нь 2024 оны 07-р сарын 29-ний өдрөөс эхлэн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохгүй байх үндэслэлээ Өмнөговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2023 оны 16/30-01/20 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан шаардлагын шаардах хэсгийн 2,7 дахь хэсэгт тэтгэвэрт гарч байгаа ажилтанд Эрүүл мэндийн газраас олгосон тэтгэмжтэй давхардуулан тэтгэмж олгохгүй байх талаар манай байгууллагад сануулсан, мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны тухай хууль болон бусад хуульд заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг давхардуулан олгохгүй, Ц.******* нь Эрүүл мэндийн тухай хуульд заасан тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авсан тул Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журамд заасан тэтгэмжийг олгох боломжгүй гэж тайлбарлаж байх боловч энэхүү албан шаардлага нь нэхэмжлэгч Ц.*******тэй холбогдолгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Өмнөговь аймгийн *******өөс 4.840.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 143/ШШ2024/00417 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар Өмнөговь аймгийн ******* улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох 4.840.000 төгрөг гаргуулах тухай Ц.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т зааснаар Өмнөговь аймгийн *******өөс 4.840.000 /дөрвөн сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай гэж,

2 дахь заалтын ...7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92390 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. гэснийг 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92390 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 92390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 92550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Т.ДЭЛГЭРМАА