Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 502

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Б.Т,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Батсайханы Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911010880654 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын Ландс 2 дугаар баг, Дэнжийн 8-7 тоотод оршин суух хаягтай боловч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 14-30 тоотод түр оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан 2 жил, 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хойшлуулж, хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг эх А.Түмэнцэцэгт хариуцуулж шийдвэрлэсэн, мөн Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 10 cap, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 1 cap, 20 хоногийн баривчлах ялаар тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 10 сарын хорих ялд 1 cap 20 хоногийн хугацаагаар баривчлах ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 1 жил, 10 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил, 10 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж шийтгэсэн ба ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Батсайханы Б.Т /РД: НЭ93042318/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 3 дугаар гудамжны 210 тоот хашаанд хохирогч А.Баттулгатай маргалдаж, улмаар түүний баруун зовхинд гараараа 1 удаа, толгойн тус газар тоосгоор 1 удаа тус тус цохиж, эрүүл мэндэд нь "зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт бүхий" хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Түвшин-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Баттулга намайг гарч байгаад уулзъя гээд байхаар нь хамт гарсан. Баттулга түрүүлээд гарсан, би араас нь гарсан чинь хөлөөрөө миний хөл рүү өшиглөх үед нь бай хойшоо болж зайлсан чинь ардаа байсан нэг зүйлд бүдрээд унасан. Баттулга миний дээр гарч ирээд цохих гээд байхаар нь би хажуу тал руугаа гараа явуулсан чинь гарт тоосго таарахаар нь Баттулгын толгой руу нэг удаа цохисон. Баттулга миний дээрээс босоод толгойгоо дарсан чинь түүний толгойноос цус гарч байсан. Босоод ирэхэд хамт архи ууж байсан 2 хүн хажууд зогсож байсан. Байшин дотроос бусад хүмүүс гарч ирээд усаар Баттулгын толгойг угааж, цэвэрлэж өгч байх үед би байшингийн үүдний амбаараар дамжаад гарч, хашааг даваад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 34-36х/,

хохирогч А.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр би 32-н Сансар дэлгүүрийн орчим 2 шил архи 5 уулаа уучхаад Энхцогтын гэрт нь явж очсон. Гэрт нь ороход Баасанцэрэн, Саруул, Ууганбаяр, Баасансүрэн, Намжирваанчиг, Энхцогт нар нэг танихгүй залуу байсан. Тэр үед Энхцогт ахын зурагт нь байхгүй байхаар нь би Энхцогтоос та зурагтаа яасан юм бэ, ямар арчаагүй юм, зараад архи уучихсан юм уу та нар гэж хэлсэн. Миний таньдаг хүмүүс чимээгүй байсан, харин нөгөө нэг танихгүй залуу чамд ямар хамаатай юм бэ, чи одоо хэн юм бэ гэхээр нь би ч гэсэн чамд ямар хамаатай юм гээд хэрэлдсэн. Уг танихгүй залуу шууд намайг нүүр лүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь уур хүрээд чи одоо яаж байгаа юм, хоёулаа айлд зодолдоод яахав гаръя гэсэн. Бид хоёр хамт гарсан бөгөөд Намжирваанчиг араас гарч ирсэн. Байшингийн үүндэнд бид хоёр гарч ирээд нэг нэгнээ заамдаж, маргалдаж байгаад би тэр залууг заамдсан чигээрээ унаад, би дээр нь гарч унасан. Би болъё гэж бодоод гараа тавиад дөнгөж босох гэтэл уг танихгүй залуу миний толгой руу баруун гартаа тосго барьж байгаад нэг удаа цохисон. Тэр үед толгой манараад, толгойгоо барьж үзсэн чинь толгойноос цус гарч эхэлсэн. Намжирваанчиг хажуугаас чи яагаад тоосгоор цохиж баигаа юм бэ, гараараа цохихгүй яасан юм гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,

гэрч Э.Намжирваанчигийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би тэр хоёрыг айлд муудалцаж хэрэггүй шүү гээд дагуулаад гарсан. Гадаа гараад байшингийн довжооноос Баттулга буугаад эргээд харах үед нь Түвшөө гэгч шууд гараараа нэг удаа Баттулгын нүүрэнд цохисон. Баттулга цохиулаад хойшоо болох үед газар хөглөрсөн байсан тоосгоны тал хоногоос нэгийг нь Түвшөө шүүрч аваад Баттулгын толгой орчим нэг удаа цохисон. Тэр үед Баттулгын толгойноос цус гарч эхэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 4114 дугаартай дүгнэлт: "...А.Баттулгын биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 29х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Түвшин-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Түвшин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул нийтэд тустай ажил хийлгэх ял шүүх оногдуулж шийдвэрлэв.