| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 143/2023/00347/И |
| Дугаар | 203/МА2025/00011 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 203/МА2025/00011
2025 оны 02 сарын 06 өдөр Дугаар 203/МА2025/00011 Даланзадгад сум
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 143/ШШ2024/00371 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох
*******,******* төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээ-ний дагуу төлөх төлбөрт 66 404 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Э.*******ын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******/цахимаар/, хариуцагчийн төлөөлөгч Э.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттогтох, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлдээ:
Манай компани нь Зам тээврийн хөгжлийн яам болон ******* тээвэрчдийн холбоо ТББ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *******, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1,2-т заасан төслийг хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын хүрээнд мөн гэрээний 1.5, 1.6, 1.7-д тус тус заасны дагуу ******* тээвэрчдийн холбоо ТББ-тай 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Менежментийн гэрээг байгуулан ажиллаж байсан. Энэхүү *******,******* төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн Чойр чиглэлийн улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэлтийг хяналттай, хариуцлагатай, нэгдсэн зохион байгуулалттайгаар явуулах мөн уг замын засвар, арчлалт, хяналтын үйл ажиллагааны зардлыг төслийн үр шимийг хүртэгчид буюу тээврийн компаниуд нь *******,******* төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээ-ний дагуу төлөх төлбөр, хандиваас санхүүжилт бүрдэхээр тогтоосон. Үүний дагуу тус чиглэлд нүүрс тээвэрлэлт хийж байсан Хос Могойн Чуулган ХХК- тай 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр *******,******* төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээ-г амаар харилцан тохиролцож байгуулсан ба төслийн хураамжийг менежментийн компанид урьдчилан төлөх байсан боловч уг компани нь тээвэр хийх явцад төслийн хураамжийн төлбөрийг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргасны дагуу бид итгэж тээвэрлэлтийг нь ямар нэгэн саадгүйгээр явуулж ирсэн. Хос Могойн Чуулган ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 7 523.85 тонн нүүрс тээвэрлэж, нийт 84 004 850 төгрөгийн төлбөр төлөхөөс 17 600 000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 66 404 850 төгрөгийг төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн бөгөөд бид үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар компанийн удирдлага, нягтлан бодогч нартай удаа дараа утсаар ярьж мөн албан бичгээр шаардаж байсан. Гэтэл Хос Могойн Чуулган ХХК нь хураамжийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс манай компани бусад хуулийн этгээд, аж ахуй нэгжид төлбөл зохих өр төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүсч, хохирч байгаа тул зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Иймд Хос Могойн Чуулган ХХК-аас *******,******* төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээ-ний дагуу төлөх төлбөрт 66 404 850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ХК-ийн төлөөлөгч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
1. Нэхэмжлэгч болон "*******" ХХК-ийн хооронд албан ёсны хууль зүйн үндэслэл бүхий ямар ч гэрээ байгуулаагүй тул "*******" ХХК нь '*******" ХХК-ийн өмнө хүлээсэн аливаа үүрэг байхгүй.
2. Баян зам ТББ болон түүний менежментийг гүйцэтгэдэг "*******" ХХК- ийн зохион байгуулж, үйлдсэн ************** төсөл" гэх үйл ажиллагаа нь
A. Хууль зөрчсөн шийдвэр /Зам, тээврийн хөгжлийн сайдын 134 тоот тушаал/-т үндэслэсэн тул анхнаасаа хууль бус, бусдыг төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар хуулийн үндэслэлгүй төлбөр хураамж цуглуулж хөрөнгө мөнгө завших гэсэн санаа зорилготой залилан мэхлэх үйлдэл
B. Б Үндэслэлгүйгээр бусдаас их хэмжээний төлбөр, хураамж авсан, энэ мөнгөний зарцуулалт нь тодорхой бус байсан. Зам, тээврийн хөгжлийн сайдтай байгуулсан гэрээний үүргийг огт биелүүлээгүй...гэх мэт олон нөхцөл шалтгааны улмаас тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайдын шийдвэрээр 2021 оны 09 дүгээр сард Зам, тээврийн хөгжлийн яам, "Баян зам" ТББ-ын хооронд байгуулсан гэрээг цуцалж, "************** төсөл" гэх үйл ажиллагааг дуусгавар болгосон, Улмаар Зам, тээврийн хөгжлийн сайд холбогдох хууль хяналтын байгууллагад Баян зам ТТБ болон ******* ХХК-ийг шалгуулах гомдол гаргаж шалгуулж эхэлсэн,
Г. "******* ХХК нь Баян зам" ТББ болон "*******" ХХК-д хууран мэхлэгдэж, үйл ажиллагаа цаг хугацаа, эд материал хөрөнгө мөнгө, ажил хэргийн нэр хүнд зэргээр багагүй хохирсон бусад олон аж ахуйн нэгжүүдийн нэг учир эдний нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэгдэж хариуцагч болон аливаа төлбөр төлөх бус, харин "Баян зам" ТББ болон ******* ХХК-д холбогдуулан Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгагдаж байгаа хэрэг бүртгэлийн 210200461 дугаартай эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаж байгаа болно. 3 А. Баян зам" ТББ болон *******" ХХК-ийн зохион явуулж байсан "************** төсөл гэгчийн хууль зүйн үндэслэл болсон тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 134 тоот тушаал нь хууль зөрчсөн захиргааны акт болохын хувьд энэхүү тушаалыг гаргасан тухайн үеийн сайд Б.*******д холбогдуулан "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон" гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэгдэн шүүхэд шилжсэн, одоо шүүхийн процесс үргэлжилж байна. Б. Баян зам ТББ болон ******* ХХК-ийн хууль зөрчсөн шийдвэрт үндэслэн бусдыг төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар үндэслэлгүйгээр хөрөнгө мөнгө татаж зарцуулалт нь тодорхой бус байгаа.. гэх зэрэг үйлдэлд нь холбогдуулан Авлигатай тэмцэх газарт хэрэг бүртгэлийн 210200461 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах процесс үргэлжлэн хийгдэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дах хэсэгт заасныг баримтлан "******* ХХК- ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 66 404 850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489 975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 489 975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгч Э.*******ын давж заалдах гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...******* ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 7523.85 тонн нүүрс тээвэрлэж, нийт 84.004.850 төгрөгийн төлбөр төлөхөөс 17.600.000 төгрөг төлж үлдэгдэл төлбөр 66.404.850 төгрөгийг төлж барагдуулаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан бөгөөд хариуцагч тал үүнийг баримтаар болон тайлбараар няцаахгүй байна гэжээ.
Энэхүү баримт нь ******* ХХК-ийн нягтлан бодогч Ц.*******гийн гарын үсэг, санхүүгийн тэмдэг бүхий нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн нотлох баримт байх бөгөөд ******* ХХК нь тооцоо нийлсэн актыг баталгаажуулж гарын үсэг баримт хэрэгт байхгүй байхад талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримт, нотлох баримтыг буруу үнэлсэнтэй холбоотой гэж үзэж байна.
Учир нь талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй бөгөөд зөвхөн нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн нотлох баримтыг үндэслэж түүнийг хэлцэл хийсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Хуульд зааснаар хариуцагч ******* ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу хураамж төлөх үүрэгтэй байна" гэсэн нь талуудын хооронд амаар хийгдсэн гэх гэрээ, хэлцлийн зорилго, талуудын хүсэл зорилгын илэрхийлэл юу болохыг бүрэн тодорхойлоогүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Мөн энэхүү хэсэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй ямар холбоо хамааралтай нь ойлгомжгүй байна. Хэрэгт Чойр зөвлөл болон ******* ХХК хооронд байгуулсан менежментийн болон хамтран ажиллах гэрээ авагдсан байх бөгөөд эдгээр гэрээ хэлцлийг үндэслэж нэхэмжлэл гаргасан нь хууль бус бөгөөд хууль зөрчиж хийгдсэн гэрээ хэлцлүүд юм.
Энэхүү гэрээ нь Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолоор батлагдсан Тусгай зориулалтын зам, замын байгууламж барих, ашиглах журам, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №22 дугаар тушаалыг зөрчиж хийгдсэн хэлцэл байхад анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлсэн гэж дүгнэх, шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх нь учир дутагдалтай юм.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэсэн заалтын дагуу ******* тээвэрчдийн холбоо ТББ нь бусдаас хохирол нэхэмжлэх эрхгүй бөгөөд түүний шаардах эрхээ хэрэгжүүлэх болсон нөхцөл байдал нь хууль бус гэдгийг мэргэжлийн хяналтын болон бусад байгууллагууд тогтоосон.
Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 143/ШШ2024/00371 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жолооч нараас 17,600,000 төлбөрийг нүүрс тээвэрлээд гарах пост дээрээс нь хурааж аваад төвлөрүүлсэн гэж үзэж байна. Тэгээд явж байх хугацаандаа бүх төлбөр тооцоогоо өгсөн. Энэ явцад зам тээврийн яамтай хийсэн гэрээ цуцлагдсан байдаг. Уг гэрээг цуцлагдсанаас хойш 66,400,000 төгрөгийн нэхэмжлэх орж ирсэн. Үүнийг цуцлагдсаныг мэдсэнээс хойш манайх болон бусад компаниуд QR төлбөрийг төлөхөө байгаад тээвэр хийсэн асуудал байсан. Тухайн зам тээврийн яамны сайдын тушаал нь хууль бус байсан. Манай хуулийн зөвлөх анхнаасаа хууль бус тушаал дээр ******* гэдэг компани гэрээ байгуулаад эко******* гэсэн төсөл хэрэгжүүлэх гээд байна гэдэг. Бид нар анхнаасаа энэ нь хууль бус гэрээ гэдэг байр суурьтай байсан. Тухайн тушаал цуцлагдсан тухай баримтуудаа өмгөөлөгчдөө өгсөн боловч бидний өгсөн материалыг хэргийн материалд хавсаргаагүй буюу өгөөгүй байсан. Анхан шатны шүүх хурал дээр би өөрөө ирж оролцоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн дүгнэлтүүдтэй холбогдуулаад үндэслэх хэсгийг уншаад үзэхээр тодорхой бус зүйлүүдийг тодорхой мэтээр талуудын хоорондын хүсэл зөрүүтэй байхад хамтран ажиллах гэрээ байгуулъя, төлбөр хураамж хэд вэ гэдэг ч юм уу хоёр тал хоорондоо санал солилцож зөвшөөрье гэсэн зүйл байхгүй. Э.******* гүйцэтгэх захирал сая пост дээр мөнгө хураадаг хэлж байна. 17,000,000 төгрөг тооцуулаад, үлдэгдэл 64,000,000 төгрөгийг цаанаа ямар гэрээ хэлцэлтэй, ямар тээврийн компани өөр хоорондоо ямар байдлаар ажиллах гэрээ байгуулаад явсан юм мэдэхгүй. Түүнд ******* ХХК ямар ч байдлаар оролцоогүй. Гарын үсэг зурж, хүсэл зоригоо бүрэн бодитой илэрхийлсэн зүйл байхгүй. Баян зам төрийн бус байгууллага ******* ХХК, Баян зам тээвэрчдийн холбоо гээд энэ зам тээврийн яамнаас жишиг төсөл хэрэгжүүлнэ гэдэг байдлаар эрх шилжүүлсэн. Тэгэх явцдаа компаниудаас хамтран ажиллах гэрээ байгуулаад төрийн хураамж төлөх үүрэгтэй гэсэн гэрээ хэлцэл хийгдсэн байдаг. Гэтэл ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд бичгээр гэрээ байгуулсан зүйл байхгүй. Анхан шатны шүүх дээр ******* ХХК нягтлан бодогч н.******* гэдэг эмэгтэйн нэг талын өглөг, авлагын тооцоо гэх баримтыг үндэслээд энэ мөнгийг нэхэмжлээд байдаг. Гэтэл бичгээр гэрээ байгуулагдаагүй учраас талуудын хүсэл зориг юу байсан юм, хэн хэнээсээ ямар зүйлийг шаардах ёстой юм, талууд хамтран ажиллахдаа ямар үүрэгтэй, ямар хураамж төлөх юм гэх мэтчилэн амаар ч гэсэн хоорондоо мэйлээр харилцах ч юм уу, утсаар ярилцах гэх мэт зүйлүүдийг нотолж тогтоогоогүй хэрнээ ******* ХХК нягтлан бодогч н.******* гэдэг хүний гарын үсэгтэй зөвхөн нэг талын баримт буюу ******* ХХК-ийн нягтлан бодогчтой тооцоо нийлье гэдэг ч юм уу, ийм төлбөр тооцоо боллоо гэдгийг хоорондоо бичгээр албан ёсоор тавьж нэхэмжилсэн зүйл байхгүй. Анхан шатны шүүх дээр хариуцагч талаас хэрэгт холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй. Гэхдээ ******* ХХК, Баян зам тээвэрчдийн холбоотой асуудал нэлээн өргөн хүрээтэй явагдсан. Анхан шатны шүүх иргэний журмаар хэрэгт хүргүүлсэн баримтын хүрээнд шийдвэр гаргах нь зөв боловч Баян зам тээвэрчдийн холбоод авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа. Замын хураамж гэдэг мөнгийг авах эрхийг олгоод байгаа Зам тээврийн сайдын тушаал энэ хугацаанд хүчингүй болсон нөхцөл байдал, үйл баримтууд байхад анхан шатны шүүх бичгээр хийгдсэнтэй адил, амаар гэрээ хэлцэл хийгдэж, талууд хүсэл зоригоо тодорхойлоод, төлбөр хураамжийг нь төлөх үүргийг ******* ХХК хүлээсэн байна гээд зөвхөн нэг талын нотлох баримтыг үндэслэн талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэж, маргааны үйл баримтыг буруу дүгнэж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй учраас давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж хүчингүй болгож өгнө үү гэв.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөргүй байна. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээгээр тохиролцоод нэхэмжлэлд дурдсан замаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн Чойр хүртэл гурван аймгийн дөрвөн сумын газар нутгаар дамжаад, хавтаст хэрэгт авагдсан буюу эдний компанийн нэр дээр бүртгэлтэй, улсын сери дугаартай гарсан бүх тээврийн хэрэгслүүдийн жагсаалтуудаараа нотолж байгаа. Тухайн компани нүүрсээ тээвэрлэсэн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Хамтран ажиллах гэрээтэй явж байх хугацаандаа компанийн зүгээс 17,600,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөрүүдээ төлөхгүй өөрсдөө алга болчихсон. Хэчнээн тонн нүүрс тээвэрлэсэн, хэчнээн авто тээврийн хэрэгслээр зөөсөн, тэдэн төгрөг явцын дунд төлөөрэй гэхэд эдний компаниас 17,600,000 төгрөг төлөөд үлдэгдэл төлбөр тооцоогоо нийлье, барья гэхээр олддоггүй, ирдэгүй учраас ямар нэгэн байдлаар төлбөр тооцоо нийлэх боломжгүй байсан. Зам тээврийн хөгжлийн яамнаас тухайн төрийн бус байгууллага болоод компаниудын санхүүгийн баримт материалтай нь холбоотой бүх асуудал нь эрүүгийн цагдаагийн газар шалгагдаж байгаа. Уг хэрэгт тухайн компани хохирогч иргэний нэхэмжлэгчээр огт тогтоогдоогүй. Хавтаст хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн тайлбар байдаг. Нүүрс тээвэрлээгүй гээд байгаа юм уу гэхээр тээвэрлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Бид нар гэрээг бичгээр болон аман хэлбэрээр харилцан тохиролцоод хэн аль нь үйл ажиллагаагаа явуулсан. Үүнтэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Уг баримтуудыг анхан шатны шүүхээс хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй бүх талаас нь дүгнэсэн. Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл байхгүй. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад бүрэн дүүрэн нийцэж байгаа учраас хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь бүхэлд нь хянан үзлээ.
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан *******,******* төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээ-ний дагуу төлөх төлбөрт 66 404 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* ХХК эс зөвшөөрч Баян зам ТББ болон ******* ХХК-ийн хууль зөрчсөн шийдвэрт үндэслэн бусдыг төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар үндэслэлгүйгээр хөрөнгө мөнгө татаж зарцуулалт нь тодорхой бус байгаа... гэх зэрэг үйлдэлд нь холбогдуулан Авлигатай тэмцэх газарт хэрэг бүртгэлийн 210200461 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах процесс үргэлжлэн хийгдэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 66.404.850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч ******* ХХК-н төлөөлөгч Э.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байна гэж дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.аас ************** төслийн үйл ажиллагаатай холбогдуулан Баян зам ТББ болон ******* ХХК-д үүсгэн шалгаж байгаа эрүүгийн хэрэг бүртгэлийн 210200461 дугаартай хэргийн талаарх тодорхойлолтыг Авлигатай тэмцэх газраас гаргуулан авах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 143/ШЗ2024/00541 дугаартай хүсэлт шийдвэрлэж, даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт гаргуулах тухай агуулга бүхий хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх адил шатны өөр шүүхээр даалгавар гүйцэтгүүлэх захирамж гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байх хугацаанд тус шүүхийн Ерөнхий шүүгч Авлигатай тэмцэх газарт хандан албан тоот илгээж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэн, нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр 2024 оны 8-р сарын 15-ны өдрийн дотор тус шүүхэд ирүүлэх талаар хугацаа заан, нотлох баримт шаардсаны дагуу Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн талаар албан бичиг ирүүлжээ.
Дээрх шүүгчийн захирамж болон албан тоотуудаас дүгнэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхээр нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг шүүгчийн захирамжийн 1 дэх заалтаар хангаж шийдвэрлэсэн боловч Авлигатай тэмцэх газраас холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлийг бий болгож байна.
Түүнчлэн Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 143/ШЗ2024/01391 дугаартай Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамждаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хариуцагч ******* ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489.975 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч Э.*******ын анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай давж заалдах гомдлыг хангаж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 143/ШШ2024/00371 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 489.975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА