| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0074/Э |
| Дугаар | 74 |
| Огноо | 2019-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 74
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч С.Н ,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Малиги овгийн С.Н ид холбогдох 1928000000065 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 03-нд Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дөрвөн зам транс ХХК-нд нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот 4 дүгээр баг ..........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Малиги овгийн С.Н , регистрийн дугаар ........................
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч С.Н нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт баг ..........тоот хашаанд эхнэр Ч.П ийн бие махбодид халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад би мэдүүлгээ өгсөн учир нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.П ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Би өөрийн нөхөр С.Н той эвлэрсэн учир энэ эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй...” гэжээ. /хх-8/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.П ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 05 сарын 06-07-нд шилжих шөнө гэртээ 2 хүүхэдтэйгээ унтаж байхад манай нөхөр С.Н нь 23 цагийн орчимд гэртээ согтуу ирсэн. Тэгээд би согтуу байхаар нь би унтаж амар гэж хэлсэн тэгэхэд миний үгэнд орохгүй намайг хэл амаар доромжлоод янхан гичий гэж дуудсан. Тэгэхээр нь би янхан биш хүнээ ол гэж хэлэхэд намайг гэрээсээ хөөгөөд байсан тэгээд би явлаа гээд том охиноо дагуулаад гэрээсээ гараад явахад миний араас гэрээсээ гарч ирээд намайг газар унагааж байгаад намайг үсдэж гэр лүүгээ чирсэн. Тэгээд би уйлаад боль гэж байхад манай ээж хажуу гэрээс гарч ирээд боль гэртээ орцгоо гэж хэлсэн тэгээд манай нөхөр намайг үсдэхээ больсон. Би ээжийнхээ гэр лүү хүүхдээ аваад орж унтсан...Манай нөхөр архи уучихаад унтахгүй хэрүүл маргаан өдөж эхэлсэн ба тэгээд гэрээс хөөхөөр нь би охиноо аваад гадаа гарсан тэгэхэд миний араас ирээд миний өмсөж байсан хувцасны захнаас газар унагааж байгаад чирсэн дараа нь намайг үсдэж чирсэн. Тэрнээс нь болоод миний баруун, зүүн суга чирүүлснээс болж хөхөрсөн, баруун шилбэ зулгарч шалбарсан байсан. Миний толгой нэлээд их өвдөж байгаа...” гэжээ. /хх-9/,
Шүүгдэгч С.Н ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 05 сарын 06-ны орой найз Э.Э гэх найзынхаа гэрт нэг шил архи хувааж уусан тэгээд би гэр лүүгээ 22 цагийн үед очсон тэгээд архи уучихсан очиход манай эхнэр уурлаад эхэлсэн тэгээд маргалдсан тэгэхэд манай энхэр хүүхдүүдээ аваад явна гэсэн би шөнө орой болсон хойно хаачих гээд байгаа юм гэж уурлахад манай эхнэр том охиноо дагуулаад гэрээс гараад явсан би араас нь гараад хувцаснаас нь татаж гэр лүүгээ оруулах гэсэн тэгэхэд гэртээ орохгүй гээд хажууд байх манай хадмын гэр лүү орно гээд байсан тэгээд би өмссөн хувцасных нь захнаас татаж байхдаа үстэй нь хамт татчихсан байсан. Тэгээд гэрийн гадаа хадам ээж гарч ирсэн. Тэгээд манай эхнэр хүүхдүүдээ аваад хадмын гэр лүү орчихсон би гэртээ орсон....” гэжээ. /хх-11/,
Гэрч Э.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Ер нь найзалж эхэлснээс хойш сөрөг зан авиргүй нийтэч, тусархуу зантай залуу байдаг. Манайхаас 21 цагт гарч явсан ба тухайн үед согтсон зүйл байхгүй яриа нь зүгээр л байсан одоо гэртээ очиж амарлаа эхнэр машин унаад явсан гэж л хэлсэн тэгээд манайхаас гараад явсан. Тэр өдөр эхнэр нь тоглолт үзнэ гээд машинтай явсан гэж ярьж байсан...” гэжээ. /хх-11/,
Гэрч С.С гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би тэр өдөр гэртээ унтаж байхад 23 цагийн орчимд унтаж байхад манай охин Ч.П ийн том охин нь манайд орж ирээд намайг унтаж байхад сэрээгээд аав ээжийг зодоод байна гэж хэлсэн би босоод хувцсаа өмсөөд гэрээсээ гараад очиход С.Н нь Ч.П ийг үсдсэн бололтой охины үс нь задгай тавьчихсан байсан газар суучихсан өмсөж байсан куртик нь дээшээ шуугдчихсан байсан тэгээд би охиндоо чи чинь яасан арчаагүй юм хүн чирч байхад босоход яадаг юм гэж хэлсэн. Тэгээд С.Н нь намайг харж байхад охинд гар хүрээгүй тэгээд би буцаад гэр лүүгээ орохдоо пингийнхээ цонхоор харахад гэр лүүгээ оръё гээд гуйгаад байсан тэгээд би гэр лүүгээ орсон манай охин араа хүүхдүүдээ авч орж ирээд манайд хоносон... Ч.П ийн 2 суга нь язраад урагдсан байдалтай байдалтай болсон байсан. Ер нь жоохон бие муутай хүүхэд байгаа юм толгой нь өвдөөд байна гэж байсан...” гэжээ. /хх-12/,
Шүүгдэгч С.Н ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 05 сарын 06-ны өдөр найз Э.Э ын гэрт нь бид хоёр 2,5 литрийн багтаамжтай 2 ширхэг пиво хувааж уусан. Тэгээд би гэртээ 22 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд эхнэртэйгээ маргалдсан тэгэхэд манай эхнэр гэрээсээ явлаа гээд хүүхдүүдээ аваад гэрээс гарахаар нь би араас нь гараад явуулахгүй гээд хувцаснаас нь татахад газар суучихсан тэгэхээр нь би өмсөж байсан куртикнээс нь татаад гэр лүүгээ оруулах гээд чирэхэд хажууд гэрээс манай хадам ээж гарч ирсэн тэгээд боль гэсэн тэгээд би эхнэрийгээ татаж байгаад болчихсон тэгэхэд эхнэр хүүхдүүдээ аваад хадам ээжийн гэрт орж унтсан... би хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсонг нь хүлээн зөвшөөр ч байна” гэжээ. /хх-22-23/,
2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...Ч.П ийн биед цээж, баруун шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-14/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Аюулын зэргийн маягт /хх-4-5/,
Хохирогчоор тогтоох тогтоол /хх-6/,
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /хх-7/,
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн засаг даргын тодорхойлолт /хх-31/
Шүүгдэгч С.Н ийн иргэний үнэмлэхийн хуулбар, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-32/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.П ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-34/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-42/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч С.Н ийг 2019 оны 05 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт баг ..........тоот хашаанд эхнэр Ч.П ийн бие махбодид халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Шүүгдэгч С.Н ид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Шүүгдэгч С.Н ийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Н нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн орчимд Ч.П ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Ч.П ийн “...2019 оны 05 сарын 06-07-нд шилжих шөнө гэртээ 2 хүүхэдтэйгээ унтаж байхад манай нөхөр С.Н нь 23 цагийн орчимд гэртээ согтуу ирсэн. Тэгээд би согтуу байхаар нь би унтаж амар гэж хэлсэн тэгэхэд миний үгэнд орохгүй намайг хэл амаар доромжлоод янхан гичий гэж дуудсан. Тэгэхээр нь би янхан биш хүнээ ол гэж хэлэхэд намайг гэрээсээ хөөгөөд байсан тэгээд би явлаа гээд том охиноо дагуулаад гэрээсээ гараад явахад миний араас гэрээсээ гарч ирээд намайг газар унагааж байгаад намайг үсдэж гэр лүүгээ чирсэн…миний баруун, зүүн суга чирүүлснээс болж хөхөрсөн, баруун шилбэ зулгарч шалбарсан байсан. Миний толгой нэлээд их өвдөж байгаа...” гэх мэдүүлэг /хх-9/, шүүгдэгч С.Н ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ч.П ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн “...Ч.П ийн биед цээж, баруун шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /хх-14/ тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ч.П ийг хүүхэдтэй унтаж амарч байхад нь хэл амаар доромжлон хувийн таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч С.Н нь 1983 оны 08 дугаар сарын 03-нд төрсөн, жолооч, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймаг Гурвантэс сумын Гоёот багт оршин суудаг, бүрэн бус дунд боловсролтой, Дөрвөн зам транс ХХК-нд жолооч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Хаан банканд хугацаагүй хадгаламжийн 1.716.482 төгрөгийн данс эзэмшдэг болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, Хаан банкны Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт гаргасан тодорхойлолт /хх-25/, Өмнөговь аймаг Гурвантэс сумын Гоёот багийн засаг даргын тодорхойлолт /хх-31/, Суурь боловсролын гэрчилгээ, жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-32/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-42/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Н ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч С.Н ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагч шүүгдэгч С.Н ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч С.Н нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоон, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.П нь мөрдөн байцаалт шатанд шүүгдэгч С.Н той эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт шүүгдэгчийн овгийг С-ийн гэж буруу бичсэнийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Малиги овгийн С.Н ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н ид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Н нь 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч С.Н ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ