Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 203/МА2025/00013

 

 

2025 оны 02 сарын 21 өдөр Дугаар 203/МА2025/00013 Даланзадгад сум

 

 

 

*******-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 143/ШШ2024/00439 дугаар шийдвэртэй,

*******-ын нэхэмжлэлтэй,

 

******* ХХК, С.*******, Б.*******, Б.*******, Г.******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 173819531,66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 01 дүгээр сарын-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* /цахимаар/, хариуцагч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг /цахимаар/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэний хуулийн 24 дүгээр бүлгийн1-285 дугаар зүйлүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын 1.3, 2.4, 6.2 дахь заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч ******* ХХК болон түүнийг төлөөлөн захирал С.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.******* нар нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (Цаашид Сан гэх)-аас 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 88/2018/3-90 тоот зээлийн, 88/2018/Б-90 тоот барьцааны гэрээ байгуулан 158 367 300 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, Эко давс төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд:

1. С.******* -ийн өмчлөх эрхийн Өмнөговь аймгийн Д*******,*******, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

2. С.******* -ийн өмчлөх эрхийн Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 1 дүгээр баг,*******, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-1105001679, 000111872 гэрчилгээний дугаар бүхий 44 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

3. С.******* /РД: -ийн өмчлөх эрхийн Сүхбаатар дүүрэг, ,,, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2203004542, 000163563 гэрчилгээний дугаар бүхий 16 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

4. Б.******* /РД: /, Г.******* /РД:/ нарын өмчлөх эрхийн Баянзүрх дүүрэг, ,,, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204018937, 000373609 гэрчилгээний дугаар бүхий 79,25 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

Бидний зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарыг хамтран хариуцагчаар татсан болно.

1. ЖДҮХСан болон ******* ХХК нарын хооронд байгуулсан 88/2018/3-90 тоот зээлийн гэрээний үүрэгт ******* ХХК /РД: /-аас 173 819 531.66 төгрөгийн төлбөрийг гаргуулах. Үүнд:

- Үндсэн зээлийн төлбөрт 115 7717.24 төгрөг,

- Зээлийн хүүгийн төлбөрт 86 733.42 төгрөг,

- Зээлийн алдангийн төлбөрт 57 929 011.00 төгрөг /50%/,

- Нотариатын зардал 32 500 төгрөг.

2. 3ээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээний хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл зээлийн гэрээ буюу хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагч нараас нэмж нэхэмжилнэ гэжээ.

 

2. Хариуцагч ******* ХК-ийн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018, 2019 онуудад зээлийн төлбөрийг хэвийн төлж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр миний бие автомашины осолд орж урт хугацаагаар эмчилгээ хийлгэсэн тул үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон. Мөн улс даяар COVID19 цар тахал гарч Улсын онцгой комисс Өмнөговь аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу хөл хорио тогтоосон тул үйлдвэрлэл бүрэн зогссон. Энэ үеэр ашигт малтмалын ээлжит төлбөр төлөгдөөгүй шалтгаанаар Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл цуцлагдан үйл ажиллагааг зогсоосон.

Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Захиргааны хэргийн шүүхэд гомдол гарган гомдлын дагуу 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Монгол Улсын дээд шүүх захиргааны хэргийн танхимын шүүгчдийн хуралдааны тогтоолын дагуу Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №10/561 дугаартай албан тоотоор ашигт малтмалын ашиглалтын МV-001497 дугаартай тусгай зөвшөөрөл сэргэсэн. Энэ бүх хугацаанд үйл ажиллагаа зогсож зээлийн төлбөрөө төлж чадахгүй хүнд байдалд орсон.

Үндсэн зээлийн төлбөр 115 7717 24 төгрөг

Хүүгийн төлбөр 86 733.42 төгрөг

Зээлийн алдангийн төлбөр 57 929 011.00 төгрөг

Нотариатын төлбөр 32 500 төгрөг нийт 173 819 531.66 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. ******* ХХК нь 1998 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Дундголын давсны ордынга газрыг эзэмшиж ******* ББНөхөрлөл байгуулж давс олборлох, борлуулах үйл ажиллагаа явуулж байгаад 2010 оноос ******* ХХК болж йоджуулсан давсны цехийг байгуулан одоог хүртэл ******* нэртэй иоджуулсан давс үйлдвэрлэж тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа болно.

2. Манай компани 2018 оны 06-р сарын 19-ний өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 158 367 300 төгрөгийн төслийн зээл авч үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлж зээлийн төлбөрт нийт 57 089 820 төгрөгийг төлснөөс үндсэн зээлийн төлбөрт 42 596 013 төгрөгийг, хүүгийн төлбөрт 14 493 807 төгрөгийг тус тус төлсөн байна.

Иймд дээр дурдсан учир шалтгааны улмаас манай компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож хүнд байдалд орсон учраас зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй. Дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан болон хүндрэлтэй нөхцөл байдал, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэнийг харгалзан үзэж нэхэмжилж буй зээлийн алдангийн төлбөр болох 57 929 011 төгрөгийг хасаж өгнө үү. Манай компани Жижиг дунд, үйлдвэрийн сангийн хуулийн хэлтэстэй харилцан тохиролцож зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах болно. Тайлбарт холбогдуулан нэмэлтээр 5 хуудас баримт хавсаргав гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн1 дүгээр зүйлийн1.1,1.2, 221 дүгээр зүйлийн 221.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч ******* ХХК-аас зээлийн гэрээний үүрэг болон нотариатын төлбөрт 124251115.53 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар төрийн байгууллагад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 49568416.13 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК, С.*******, Б.*******, Б.*******, Г.******* нар нь шүүхийн шийдвэрээр тогтоосон 124251115.53 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээнд заасан барьцаа хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид 1027048 төгрөг төлөхөөр чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК, С.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 779206 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын давж заалдах гомдлын агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт "... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь үндсэн зээлийн 115 771 787 ?4 төгрөг, хүүгийн 86,733.42 төгрөг, алдангийн төлбөрт 57,929,011.00 төгрөг, нийт 173,787,031,66 төгрөг байна. Үүний 50 хувь нь 57,929,011.00 төгрөг буюу хариуцагчаас алдангийн төлбөрт нэхэмжилсэн 57,929,011.00 төгрөг нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байна.

Шүүхийн үндэслэж буй Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас ******* ХХК-д олгосон Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл буюу 20 сар 8 хоногийн хугацаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн гэж үзэн тус гэрчилгээг олгосон байна Дээрх хугацааны алдангийг тооцоход 15,232,660.98 төгрөг байтал шүүх зөвхөн. хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн алдангийн хэмжээг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт "Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу хэргийн нөхцөл байдлыг харгалзахдаа нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

1.   Газрын тос ашигт малтмалын газраас олгох тусгай зөвшөөрөл цуцлагдсан асуудал нь манай байгууллагын үйл ажиллагаа болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлд хамааралгүй тус компанийн асуудал, мөн эрүүл мэндийн асуудал үүсч осол гэмтэлд өртсөн талаар *******т урьдчилан мэдэгдээгүй, энэ асуудлаар хандаагүй нь зээл төлөх нөхцөлд хамааралгүй болно. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Тусгай сангийн тухай хуулиар зохицуулагддаг, эргүүлэн төлөх нөхцөлтэй Засгийн газрын бонд болон дотоод эх үүсвэрээс бүрдэж, дараа оны хөнгөлөлттэй 'зээлийн эх үүсвэрийг тухайн жилийн эргэн төлөлтөөс бүрдүүлэхээр төлөвлөж, улсын төсвөөс санхүүждэг засгийн газрын тусгай сан юм. Монгол улсын Засгийн газрын 49 дүгээр тогтоолын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвхөн ажлын албыг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлснээс биш Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд зээлийн эргэн төлөлт болон зээлийн эх үүсвэрүүд төвлөрдөг хэвээр байгаа юм.

Иймд Иргэний хэрэг шүүхийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт дараах нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж өгнө үү.

ҮНДСЭН ЗЭЭЛИЙН төлбөрт 115771287.24 төгрөг

Зээлийн хүүгийн төлбөрт 86733.42 төгрөг

Зээлийн алдангийн төлбөрт 57929011.00 төгрөг

Нотариатын зардал 32500.00 төгрөг

Нийт *******" ХХК /РД:/-аас 173819531.66 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ззээлийн эргэн төлөлтийн хуваарийг урьдчилан дуусгаж болох боломжтой байсан. Энэ талаараа болон осол гэмтэлд өртсөн, ковидын нөхцөл байдлын нөлөөнд орсон. Мөн давсны үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талаарх мэдээллийг жижиг дунд үйл үйлдвэрийн газарт мэдээлээгүй. Тэгээд шүүхийн явцад дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеэр ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийг нь цуцалсан зэрэг талаараа манайд мэдээлээгүйн улмаас энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тухайн үед нь коронагийн нөхцөл байдлын үед хүсэлт ирүүлсэн зээлдэгч нарын зээлийн эргэн төлөлтийн хуваарийг нь хойшлуулах болон тухайн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар 6 сар хүртэл хойшлуулж байсан. Энэ нөхцөл байдлуудаа мэдэгдээгүй. Тэгээд зээлээ хугацаанд нь эргэн төлөлтийнхөө хуваарийн дагуу төлөөгүй явж байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргаад үүний дагуу шүүхээр шийдвэрлэгдсэн. Тэгэхээр алдангийн төлбөрийг бууруулсан шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Иймд үндсэн төлбөрийн төлбөр болон зээлийн хүүгийн төлбөр, алдангийн төлбөр, нотариатын зардал нийт 173 819 531 төгрөг 66 мөнгийг ******* ХХК-аас гаргуулж үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгөөр хангуулахаар шийдвэрт туссан байгаа. Тийм учраас үүргийн гүйцэтгэл хангуулахыг нь орхиод алдангийн төлбөрийг нэг талыг баримталж бууруулж шийдвэрлэснийг нь зөвшөөрөхгүй байна. Тийм учраас нийт манай нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэсэн гомдлоо дэмжин оролцож байна гэв.

 

6. Хариуцагчийн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Борлуулалт жигдрээд хэвийн болж ирж байх үед нь нэгт осолд орсон, хоёрт цар тахлын хорионы үе таарчихсан. Хэрвээ тийм тийм тохиолдол болоогүй бол энэ үйлдвэрлэл өшөө өргөжөөд үйл ажиллагаа нь яваад 21 аймагтаа хангалттай борлуулагдаад, мөн гадаад зах зээлд ч гэсэн гарах боломжтой байсан. Тусгай зөвшөөрөл гэдэг нь давсыг бид нар хаанаас ч хамаагүй аваад үйлдвэрлэж болохгүй. Энэ чинь нэг талдаа стратегийн бүтээгдэхүүнд орж явах эд байхгүй юу. Одоо усыг хүн өдөр болгон хэрэглэдэг бол энэ давсыг ч гэсэн өдөр болгон хэрэглэдэг. Мөн сахрыг өдөрт хэрэглэхгүй, сар ч хэрэглэхгүй байж чадна гэв.

 

7. Хариуцагч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг талын гэж үзэх үндэслэлээ нэхэмжлэгч тал нотлох баримтаар тогтоож тайлбарлаж чадсангүй. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохироод байгаа үндэслэлүүдээ тодорхой заасангүй. Энэ хүн санаатай хохироогүй. Өөрөөр хэлбэл 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл энэ хүн ямар нэгэн байдлаар зөрчил гаргаж байгаагүй гэдэг нь нотлогдож байна. Зөвхөн өвчин, зовлон, цар тахал, тусгай зөвшөөрөл гэсэн байдлуудаас болоод үйл ажиллагаа нь бүрэн 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл бүрэн зогссон гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байгаа давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ. 

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, С.*******, Б.*******, Б.*******, Г.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 173,819,531.66 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасныг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* манай компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож хүнд байдалд орсон учраас зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй. Дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан болон хүндрэлтэй нөхцөл байдал, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэнийг харгалзан үзэж нэхэмжилж буй зээлийн алдангийн төлбөр болох 57929011 төгрөгийг хасаж өгнө үү. Манай компани Жижиг дунд, үйлдвэрийн сангийн хуулийн хэлтэстэй харилцан тохиролцож зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

 

******* болон ******* ХХК нар нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Эко давс төслийг санхүүжүүлэх зорилгоор 88/2018/З-90 дугаартай зээлийн гэрээ, мөн өдөр 88/2018/Б-90 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа (Ипотек)-ны гэрээг тус тус байгуулж, ******* нь гэрээнд заасан болзол нөхцлийн дагуу зээлдэгчид мөнгөн хөрөнгө зээлдүүлэхээр шилжүүлэх, ******* ХХК нь мөн гэрээнд заасан болзол нөхцлийн дагуу зээлсэн мөнгөн хөрөнгийг түүний хүүгийн хамт зээлдүүлэгчид буцаан төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаалуулагч энэ гэрээний 2.1-д заасан барьцааны зүйл, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулагчид барьцаалуулах үүргийг тус тус гэрээгээр хүлээжээ.

******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ******* ХХК-д 158,367,300 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч ******* ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 42,596,013 төгрөг, хүүгийн төлбөрт 14,493,807 төгрөг буюу нийт 57,089,820 төгрөгийн төлөлт хийсэн дээр маргаагүй.

Харин хариуцагч тал алдангийн төлбөр гэх 57,929,011 төгрөгийн талаар маргаж, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэнийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагаас дээрх алдангийн төлбөрийг хасаж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 124,251,115.53 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 49,568,416.13 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч анхан шатны шүүхийг хэргийн нөхцөл байдлыг харгалзахдаа нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж шийдвэр гаргаагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага болох 173,819,531.66 төгрөг гаргуулан олгуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх агуулгаар давж заалдах гомдлыг гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоожээ.

 

Хариуцагч талаас гаргаж буй зээлийн гэрээний алданги тооцсон 57,929,011 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах тухай маргааны зүйл болох 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ******* ХХК-ийн хүсэл зориг, хяналтаас гадуур, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон учраас тус компанийн үйл ажиллагаа зогсож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийх боломжгүй болсон гэх үйл баримт Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ-с олгосон 02/96 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-89/

Мөн хариуцагч ******* ХХК-ийн захирал С.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр автомашины осолд орж урт хугацаагаар эмчилгээ хийлгэсэн, улс даяар Covid-19 цар тахал гарч Улсын онцгой комисс болон Өмнөговь аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу хөл хорио тогтоосон тул үйлдвэрлэл бүрэн зогссон, мөн энэ үеэр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь цуцлагдан үйл ажиллагааг зогсоосон ба захиргааны хэргийн шүүхэд хандсанаар Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №10/561 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрөл нь сэргэсэн зэрэг нотлох баримт, тайлбаруудыг гаргаж хүндэтгэн үзэх шалтгаан болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйлдвэрлэл доголдож зогссон гэх үйл баримт дээр нэхэмжлэгч тал үгүйсгэхгүй байна.

Иймд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэж, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал үндэслэлтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэж заасныг баримтлан зээлдэгчийн эрүүл мэндийн болон төлбөрийн чадварын байдал, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн шалтгаан зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийн хэмжээг 2023 оны байдлаар 39,693,361.23 төгрөг болгон багасгаж, хэрэгт авагдсан зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулганд бичигдсэнээр зээлдэгч нь алдангийн төлбөрт 31,337,766.36 төлсөн байх тул 8,360,594.87 төгрөгийн алданги төлбөрийг зээлдүүлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзлээ.

 

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10/561 дугаартай албан бичигт ...Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 47 дугаар шийдвэрээр ...2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийдвэрийн ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан... гэснээс үзэхэд ******* ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжтой болсон, түүнчлэн Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолын дагуу мөн өдрөөс гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн байх ба 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс дээрх хүндэтгэн үзэх шалтгаан арилсан гэж дүгнэв.

 

Хариуцагчаас алдангийн төлбөрт нэхэмжилсэн 57,929,011.00 төгрөг нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй, түүнчлэн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл буюу 20 сар 8 хоногийн хугацаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн гэж үзсэн учраас дээрх хугацааны алдангийг тооцоход 15,232,660.98 төгрөг байтал зөвхөн хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн алдангийн хэмжээг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж шийдвэр гаргаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар няцаагдаж байна.

Иймд анхан шатны шүүх дээрх үндэслэлүүдээр хариуцагч ******* ХХК-аас зээлийн төлбөр 115771287.24 төгрөг, хүүгийн төлбөр 86733.42 төгрөг, алдангийн төлбөр 8360594.87 төгрөг, нотариатын зардал 32500 төгрөг, нийт 124251115.53 төгрөгийг нэхэмжлэгч ******* төрийн байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 49568416.13 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* төрийн байгууллага нь давж заалдах гомдолд төлөх 405792 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 143/ШШ2024/00439 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 313/ШЗ2025/00142 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч ******* нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 405792 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Т.ДЭЛГЭРМАА