Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 299

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

М.Мөнх-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Оюунгэрэл,

хохирогч М.Анхжаргал,

ялтан М.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ц.Итгэл,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Х.Одбаяр, шүүгч П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Итгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Мөнх-Эрдэнэд холбогдох 201626031484 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Мөнхцэцэгийн Мөнх-Эрдэнэ, 1986 оны 4 дүгээр сарын 9-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, авто засварын 3-4 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ШД86040978/;

 

М.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнийн 00 цагийн орчим, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 3 дугаар гудамжны 65 тоотод танхайн сэдэлтээр, намайг зодох гэж ирлээ, томорлоо гэх үл ялих шалтгаанаар, согтуугаар нийгмийн хэв журмыг зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн иргэн М.Анхжаргалын хэвлий хэсэгт 1 удаа, өгзөг хэсэгт 1 удаа тус тус хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: М.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Мөнхцэцэгийн Мөнх-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар М.Мөнх-Эрдэнийг 3 жил 5 сарын  хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Мөнх-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн өмсөж байсан алаг майк, саарал дотуур өмд, куртик 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, хутга 1 ширхэг, цус тогтоосон цагаан өнгийн марло зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-д даалгаж, Эрүүгийн хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан М.Мөнх-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Насанд хүрээгүй 3 хүүхэдтэй, хохирогч М.Анхжаргал гомдол, саналгүй, эмчилгээний зардал төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хорихоос өөр ялаар сольж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан М.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ц.Итгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Мөнх-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй. Ахуйн хүрээнд хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргаж нийгмийн хэв журмыг зөрчсөн, амгалан тайван байдлыг алдалдуулаагүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү...” гэв.

 

Хохирогч М.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...3 хүүхдийг нь бодоод М.Мөнх-Эрдэнэд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Прокурор А.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...М.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. М.Мөнх-Эрдэнэд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

М.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд томилогдоогүй шүүгч П.Туяат оролцож, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.1 дэх хэсэгт заасан “шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргасан” гэж үзэх үндэслэл болж байх тул давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 76 дугаар Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 76 дугаар Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.   

 

          

                                               

                      ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Л.ДАВААСҮРЭН

 

                      ШҮҮГЧИД                                                           Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                                    Д.ОЧМАНДАХ