Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 34

 

                                                                     Ц.Ё-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чойбалсан аймгийн Нэгдүгээр хэсгийн шүүхийн 1949 оны 6 дугаар сарын 30-ний өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 30 дугаар тогтоолтой, Ц.Ё-д холбогдох 17462 дугаартай хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны  өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Чойбалсан аймгийн Цагаан-Овоо сумын 0 дугаар багийн харьяат, 1883 онд төрсөн, 66 настай, эрэгтэй, ард, халх, ам бүл 3, төвд үсэг мэднэ, сургууль ба цэрэгт яваагүй, урьд лам байгаад 1937 онд хар болсон, ял шийтгэлгүй Ц овогтой Ё нь1948 оны зун Цагаан-Овоо сумын 0 дугаар багийн ард эмэгтэй Ц-ыг нас барахад ардыг шашны хуурамч суртлаар мэхэлж, буян номын төвд ном, ерөөл Санжидмолом гэх номыг уншиж ашгийг хичээж тугалтай үнээ 1-ийг авч ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Чойбалсан аймгийн Нэгдүгээр хэсгийн шүүхийн 1949 оны 6 дугаар сарын 30-ний өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 30 дугаар тогтоолоор Ц.Ё Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн лагерьт 2 жил хорьж, өргөл барьцанд авсан тугалтай үнээ 1-ийг хураан авч улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Чойбалсан аймгийн Нэгдүгээр хэсгийн шүүхийн 1949 оны 6 дугаар сарын 30-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 30 дугаар тогтоолоор Ц.Ё-д тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлээр хөдөлмөрийн лагерьд 2 жил хорьж, өргөл барьцанд авсан тугалтай үнээ 1-ийг хураан авч улсын орлого болгох ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хавтаст хэрэгт Ц.Ё-ийн 1949 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өгсөн анхны мэдүүлэгт: ”... Б хөгшинтэйгээ ирээд манайхны нас өндөр болсон хүн нас барлаа, буян үйлдэж ном уншиж өгнө үү гэхэд нь очиж Санжидмолом гэх ном уншиж өгсөн ба өргөл барьцанд тугалтай үнээ өгнө гэснийг түүнээс хойш намар Б “Дунд эх” гэдэг газар нутаглаж байхад нь очиж авсан, үүнээс өөр өргөл барьц авч байгаагүй” гэх мэдүүлгээр өөрсдөө гуйж авчирч ном уншуулаад, сайн дураараа өгсөн зүйлийг нь авсныг ард олныг шашны хуурамч суртлаар мэхэлсэн, ашгийг хичээсэн гэж үзэж, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэгт үндэслэн улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн гэж үзэх үндэслэл байна.

1934 онд батлагдсан “Төр шашныг тусгаарлах тухай” хуулийн 20 дугаар зүйлд ”Орон хийдийн хэрэглэгдэхүүн ба хурал номын хийгээд шашны баяр ёслолыг явуулахад орон хийд жас болон лам нараас аливаа зүйлийн татвар, бадар хандив зэргийг албадан гаргуулахыг цаазална. Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална” гэснээс үзэхэд сайн дураараа өгсөн зүйлийг авахыг тухайн үед хориглоогүй байжээ.

Гэрч Ш.С нь “нас барсан хүнд зориулан буяны ном уншсан, өргөл барьц өгсөн гэдгийг өөрөө мэдээгүй, хадам эх Ц.Х-аас сонссон” гэж мэдүүлсэн байхад өргөл барьц өгсөн гэх Ц.Х, ном уншуулахаар Ц.Ё-аас гуйж ирсэн Б, түүний хөгшнийг гэрчээр байцааж тухайн үед болсон хэргийн бодит үнэн, ашгийг хичээсэн, шашнаар нөлөөлсөн эсэхийг шалгаж тогтоогоогүй.

Ц.Ё-ийн үйлдсэн хэргийн санаа зорилго, ашгийг хичээсэн эсэх, хэргийн улмаас тухайн нийгэм болон иргэдэд ямар хор, хохирол учруулсныг болон шашнаар мунхруулан нөлөөлж зальт арга хэрэглэж, шунахайн сэдлээр өргөл барьц авсан эсэхийг хөндлөнгийн баримтаар шалгаж тогтоолгүйгээр тухайн үед шашны талаар нам, засгаас явуулж байсан бодлогын золиос болгон зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт /... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../ заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Ц.Ё-д хилсээр ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйл /Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор ялт мэхт явдлуудыг гаргах/ нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г/-д зааснаар түүнийг “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байна.

Ц.Ё Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлийг баримтлан 2 жил хорих ялаар хилсээр шийтгэсэн Чойбалсан аймгийн Нэгдүгээр хэсгийн шүүхийн 1949 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Чойбалсан аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Ц овогтой Ё улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1.Энэ хууль 1922 оноос эхлэн БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Ё 1948 оны зун Цагаан-Овоо сумын 0 дугаар багийн ард эмэгтэй Ц-ыг нас барахад ардыг шашны хуурамч суртлаар мэхэлж, буян номын төвд ном, ерөөл “Санжидмолом” гэх номыг уншиж ашгийг хичээж тугалтай үнээ 1-ийг авч ашигласан гэм буруутай гэж Чойбалсан аймгийн Нэгдүгээр хэсгийн шүүхийн 1949 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн 30 дугаар таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн лагерьт 2 жил хорьж, өргөл барьц болгон өгсөн тугалтай үнээ 1-ийг хураан авч улсын орлого болгон шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд Ц.Ё шашны мухар сүсгээр ард олныг хуурч ашгийг хичээж барьц авсан гэж ял төлөвлөн, шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэсэн боловч тэрээр шашны зан үйл хийлгэсний төлөө бусдын сайн дураар өгсөн эд зүйлийг авснаас бус ашиг хонжоо олох зорилгоор хуурч мэхлэх, сүсэг бишрэлийг нь далимдуулан төөрөгдөлд оруулах байдлаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Чойбалсан аймгийн Нэгдүгээр хэсгийн шүүхийн 1949 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн 30 дугаар таслан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Ё улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, цагаатгах нь зүйтэй гэжхяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Түүнчлэн Ц.Ё хилсээр ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасан “Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор зальт мэхт явдлуудыг гаргах” үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн Г-д тодорхойлон зааснаар түүнийг “улс төрийн хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чойбалсан аймгийн Нэгдүгээр хэсгийн шүүхийн 1949 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн 30 дугаар таслан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц овогтой Ё 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлээр ял төлөвлөсөн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                           М.ПҮРЭВСҮРЭН

                           ШҮҮГЧИД                                               Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                           Ч.ХОСБАЯР