Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 189

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э, Ю, Т ХХК, 

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуучлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дугаар тушаалын Э, Ю, Т ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, Ю, Т ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э, Ю, Т ХХК-иудын гүйцэтгэх захирал У.Д, М.А, С.Ч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын тушаалуудыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын ***анд Э ХХК-д 8.0 га, Ю ХХК-д 3.0 га, Т ХХК-д 2.5 га газрыг Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг тус тус олгосны дагуу дээрх компаниуд газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар уг тушаалын хавсралтад заасан нэр бүхий 15 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгогдсон газар ашиглах эрхийг дуусгавар болгож, байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан газар ашиглах гэрээг цуцалсан болохыг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газраас 2016 оны 9 дүгээр сарын 7-ны 05/745 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн илт хууль бус акт буюу уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” байхад иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн илт хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгуулах шаардлагыг шүүхэд хандан гаргах дараах үндэслэл байна. Үүнд:

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/11 дугаар тушаал нь газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай хууль тогтоомжоор тогтоосон үндэслэлд нийцээгүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрх дуусгавар болохоор тогтоожээ.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, газар эзэмшигч аж ахуйн нэгж татан буугдсан, эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдлуудад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор тогтоосон байна.

Нэхэмжлэгч компаниуд нь тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг ямар нэгэн хэлбэрээр огт зөрчөөгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээний 5 жилийн хугацаа дуусаагүй, 1 дэх жилийн хугацаандаа байгаа, компанийн хувьд татан буугдаагүй хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа, газар эрх гэрээг цуцлах тухай ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй, газар ашиглах эрхийн гэрээ хүчингүй болоогүй, тухайн газар нь тусгай хэрэгцээнд авагдаагүй болно.

Ийнхүү газар ашиглах эрхийг дуусгавар болгох хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд энэхүү тушаалыг хуулиас гадуур, өөрийн үзэмжээр гаргаснаараа нэхэмжлэгч компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байна.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  А/11 дугаар тушаалын үндэслэх хэсэгт уг тушаалын үндэслэлээ Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоол гэж дурджээ.Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолоор аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд уг хөтөлбөрт аялал жуулчлалын бүсчлэл, дэд бүтэц, бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээллийг хөгжүүлэх зориулалт тусгагдсанаас бус түүнд газар ашиглах эрхийг дотоодын аж ахуйн нэгжүүдээс үндэслэлгүйгээр шууд дуусгавар болгох замаар булаан авах тухай огт тусгагдаагүй

3. Харин тушаалын тогтоох хэсэгт Монгол улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хооронд байгаль орчныг хамгаалах талаар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангахаар энэ хүрээнд бусдын газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа гэх үндсэн агуулга байна. Монгол улсад Монгол улсын олон улсын гэрээнд тус улсын хуулиудад зааснаас өөр зохицуулалт тусгагдсан бол олон улсын гэрээний заалтыг нь дагаж мөрддөг жишиг бий.

Гэвч Байгаль орчны сайд Засгийн газар хооронд байгуулсан санамж бичгийг Монгол улсын олон улсын гэрээ мэт ойлгож түүнийг Монгол улсын хууль, уг хуулиар олгогдсон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлоос дээгүүр тооцсон байгаа нь хууль бус үйлдэл мөн. Санамж бичиг бол олон улсын гэрээ биш тул бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчих хууль зүйн үндэслэл нь болохгүй юм.

4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/11 дугаар тушаал нь Захиргааны Ерөнхий хуульд заасан захиргааны гаргах ажиллагааны журмын дагуу хийгдвэл зохих ажиллагаанууд нь хийгдээгүй хууль бус акт байна гэж үзэж байна.Тухайлбал уг тушаалын улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй талаар эрх нь хөндөгдөж буй иргэн, хуулийн этгээдийг сонсох зэрэг дээрх хуулиар тогтоосон ажиллагааг хийгээгүй нь уг тушаалыг илэрхий хууль бусаар гаргасан болохыг харуулж байна” гэжээ. 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалын Э ХХК, Т ХХК, Ю ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дүгээр заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалыг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн газар нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын ***анд “Э” ХХК-д 8 га,  Ю ХХК-д 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн холбогдох гэрчилгээг олгосон. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 24-нд тушаал гарсан тухай гэнэт мэдэгдсэн. 2016 оны 09 дүгээр сарын 07-нд тушаал гарснаас хойш 20 гаруй хоногийн дараа албан бичгээр мэдэгдсэн байгаа. 

Тус тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасанд хамааралтай захиргааны илт хууль бус акт юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалын үндэслэл нь зөвхөн өөрийн эрх хэмжээний хүрээнд буюу Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дугаар заалт, Засгийн газрын 2016 оны 324 тоот тушаал байгаа. Газар ашиглах эрхтэй холбоотой асуудал тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийг тус тус баримтлах ёстой байсан боловч баримтлагдаагүй байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болно. Мөн хуулийн 40.1.2-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд дуусгавар болно гэж заасан байна. 

Дээрх заалтуудыг зөрчсөн тохиолдол байхгүй. Үүнээс гадна Компанийн тухай хууль 2014 оны 07 дугаар сарын 01-ээс мөрдөгдөж байгааг мөрдөх ёстой байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг дуусгах үндэслэл үүсээгүй байгаа. Яам захиргааны байгууллага болохын хувьд аливаа үйл ажиллагаа, шийдвэр гаргах бүртээ Захиргааны ерөнхий хуулийг баримтлах ёстой байдаг. Тушаал гарахдаа тус хуулийг баримтлаагүйгээс гадна, сонсгох ажиллагаа ч хийгдээгүй. Мөн яамны хариу тайлбараас үзэхэд нэгдүгээрт, Хоёр орны харилцааг хадгалж авч үлдэх хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хадгалах зорилгоор тавьсан хүсэлтийг үндэслэсэн, хоёрдугаарт, Тухайн газар нь тусгай хэрэгцээний газар учраас шаардлага гарсан тохиолдолд буцаан авах эрх нь сайдад нээлттэй байдаг гэсэн үндэслэлүүдтэй гэсэн байдаг нь хуульд заасан газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл биш, хуулиас гадуур, хамааралгүй зүйл юм. Кувейтийн судалгааны төвийн газар дээр судалгааны төвийн халхавчаар хааны ордон барьж байгаа гэсэн асуудал би тайлбар болон хүсэлтдээ тодорхой бичсэн. Кувейтийн хааны ордны зориулалтаар газар олгосон бол УИХ-аас газар ашиглуулах зөвшөөрөл өгөх ёстой боловч одоогийн байдлаар ямар нэгэн шийдвэр, тушаал гараагүй. Бодит байдал дээр сүүлд өгсөн тайлбартаа бусдын эзэмшилд байгаа, эсвэл ашиглаж байгаа газартай ямар нэгэн давхцалгүй гэсэн байна. Дархан цаазтай, тусгай хамгаалтанд байгаа газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд эзэмшүүлэх хуулийн зохицуулалт байдаг. Кувейтийн судалгааны төвийн үүсгэн байгуулагч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд байгаа нь мөн анхаарал татаж байна. Дээрх хууль зүйн үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч Ю, Т ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий байх ёстой. Захиргааны актыг илт хууль бус гэж үзэх дараах үндэслэлүүд байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана гэж заасныг мөн Засгийн газрын 2016 оны 324 тоот тушаалыг тус тус үндэслэсэн. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг нь иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших этгээдийг шууд дуусгавар болгох агуулга бүхий заалт биш гэдэг нь харагдаж байна. Хуульд заасан тодорхой үндэслэл байхгүй байхад иргэн, хуулийн этгээдийн эрхэд хууль бусаар хандсан гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэл гаргасан компаниуд ямар нэгэн хууль зөрчөөгүй. 

Хууль зөрчсөн гэж үзэх ямар ч баримт байхгүй байхад газар эзэмших эрхийг цуцалсан нь тус захиргааны актыг илт хууль бус гэж үзэж болохоор байна. Монгол Улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хоорондийн санамж бичгийг хэрэгжүүлэх, жуулчдын ая тухтай байдлыг хангах, гадаад дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилго шаардлагаар гэж дурдсан байгаа. Олон улсын гэрээ тус улсын хууль тогтоомжийг зөрчсөн бол олон улсын гэрээг мөрдөх зарчим байдаг. Захиргааны акт гаргахдаа хуульд тусгайлан зааж зохицуулсан журмыг зөрчиж гаргасан акт гэж үзэж байна. Уг тушаалын улмаас хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээдэд сонсгох ажиллагаа хийгээгүй. Хариуцагчийн хариу тайлбартаа дурдсан шиг Кувейтийн судалгааны төвийн хашаанаас дотогш олголт хийсэн гэдэг шалгуураар иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Гэтэл энэ нь кадастрын хувьд давхцалтай гэсэн үг биш юм. Маргаан бүхийн газарт Кувейтийн судалгааны төвтэй давхцалгүй талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Кувейт улсын эзэн хааны ордонг ч мөн маргаан бүхий газарт барихгүй гэдгийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга н.Баас шүүхэд ирүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичигт тодорхой байгаа. Захиргааны акт илт хууль бус гарсан нь тогтоогдсон тохиолдолд гарсан цагаасаа хуулийн хүчин төгөлдөр бус байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаал, хариуцагчийн хариу тайлбар нь дээр дурдагдсан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн илт хууль бус байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны актыг илт хууль бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учраас тус маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлийг тайлбарлах шаардлагагүй байна. Маргаан бүхий байршил нь тусгай хамгаалалттай газар нутаг бөгөөд тусгай хэрэгцээний газрын ангилалд багтах юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж заасан байна. Тус газрыг өмчлүүлж, эзэмшүүлээгүй зөвхөн ашиглалтын зориулалтаар 5 жилийн хугацаатай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар эрх олгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд  Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 27.2-т Тусгай хамгаалалттай газар нутагт явуулах судалгаа, шинжилгээний ажлын журам, хөтөлбөрийг батлах, зөвшөөрөл олгох, холбогдох тайлан, мэдээллийг авч нэгдсэн санд оруулах гэж заасан байна. 

Тус маргаан бүхий газар нь Кувейт улсын хааны ордон, судалгааны төв байрладаг. Мөн тус газар дээр сайдууд ямар нэгэн газар олголт хийдэггүй байсан. Сонгуулийн өмнө н.Б сайд 10 гаруй компанид зэрэг газар олгосноос үүдэж Кувейт улсаас /хааны ордноос/ энэ асуудлаа шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулга бүхий бичгийг Гадаад хэргийн яаманд ирүүлсэн. Тус улсын үзүүлсэн хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж зэргийн хэмжээ нь маш их байгаа бөгөөд тоон баримтаар гаргаж өгөх бүрэн боломжтой. Зөвхөн 10 гаруй компаний эрх ашгаас үүдэлтэй Монгол Улсын нийт иргэдийн эрх ашигт хохирол үүсэж болзошгүй юм. Дурдагдсан компаниуд ямар нэг өмчлөх, эзэмших эрхгүйгээс гадна одоогийн байдлаар ямар нэг барилга байгууламж, хашаа зэргийг барьсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э, Ю, Т ХХК-иудаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалын тус компаниудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э ХХК-д 8 га, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн  А/155 дугаар тушаалаар Ю ХХК-д 3 га, Т ХХК-д 2.5 га газрыг Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулахаар шийдвэрлэж, мөн сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар  нэхэмжлэгч Э, Ю, Т ХХК-иудын газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

Хариуцагчаас Байгаль орчин аялал жуулчлалын сайдын дээрх тушаалаар нэхэмжлэгч Э, Ю, Т ХХК-иудын газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлдээ “Монгол улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хооронд байгаль орчныг хамгаалах талаар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах, гадаад дотоодын ачлал жуулчлалыг нэмэгдүүлэх, жуулчдын тав тухтай аялах, амрах орчинг нэмэгдүүлэх хүрээнд... газар ашиглах гэрээг цуцалсан” гэжээ.

Кувейтын судалгааны төв ТББ-д Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газарт 3.5 газрыг ашиглах эрхийг Байгаль орчны сайдын 2008 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 77 дугаар тушаалаар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалаар Монгол Кувейтийн судалгааны төвийн 10.1 га газар ашиглах эрхийг тус тус олгожээ. 

 Монгол Кувейтын судалгааны төв ТББ-д ашиглуулсан дээрх газрууд  нэхэмжлэгч Э, Ю, Т ХХК-иудын ашиглах газартай давхцалгүй болох нь тэдгээрийн газар ашиглах гэрчилгээнд тэмдэглэсэн талбайн булангийн цэгүүдийн солбицол, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны тодорхойлолт, байршлыг харуулсан кадастрын зураг, шүүхээс тус яамны кадастрын мэдээллийн санд хийсэн үзлэг зэргээр нотлогдож байна. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц, газар, дурсгалт газраас Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” 39 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:  1/ ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах;  2/ энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах.”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно: 1/ Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр; 2/ тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн.” гэж заасан байна.

Гэтэл хариуцагч нь Кувейт улсаас Монгол Улсад суугаа элчин сайдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хоорондын санамж бичгийн хэрэгжилтийг хангах гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь дээр дурдсан хууль зүйн үндэслэлд хамаарахгүй байна. 

Иймд холбогдох хуульд заасан үндэслэлгүйгээр нэхэмжлэгч Эмералдтерра, Ю, Т ХХК-иудын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалын Э, Ю, Т ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 39 дүгээр зүйлийн 1, 40 дүгээр 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э, Ю, Т ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалын Э, Ю, Т ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг, илүү төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг   шүүхэд хянан   шийдвэрлэх тухай  хуулийн   114  дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.АДЪЯАСҮРЭН