Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 159/2019/0006/З |
Дугаар | 221/МА2020/0040 |
Огноо | 2020-01-14 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2020/0040
Г.Т-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.С, гуравдагч этгээд С.О, гуравдагч этгээд П.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нарыг оролцуулан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Г.Т-ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003.06.19/-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 13 дугаар зүйлийн 13.5.8, 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018.06.21/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018.06.21/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 19 дүгээр зүйлийн 19.4.2, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Т-ын Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000923 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000635189 гэрчилгээг иргэн Д.Д-д, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр №000622975 гэрчилгээг С.О-т, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр №000635224 гэрчилгээг П.О-т олгосон бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, ач холбогдолтой, хэрэгт хамааралтай байдлаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль бус болж, шударга ёсыг алдагдуулсан нэг талыг барьсан шийдвэр болсон.
Шүүх хэргийн бодит байдалд цугларсан нотлох баримтыг шударгаар үнэлэхгүй байгаа нь анхан шатны шүүхийн шүүгчийн ур чадвар, мэдлэг чадвартай холбоотойн гадна энэ хэрэгт байгаа олон шударга бус нотлох баримт болон үйл баримтыг үнэлээгүй орхигдуулан, улсын бүртгэлийн албан тушаалтнуудын хууль бус ажиллагааг хаацайлсан шийдвэр гэж үзэж харамсаж байна.
Иргэн Г.Т-ын 12 тоот орон сууцыг Д.Д өмчлөх эрхтэй ямар ч шүүхийн шийдвэр байхгүйн гадна энэ байрыг өмчилж авсан, улсын бүртгэлд бүртгүүлэх нэг ч нотлох баримт байхгүй юм. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хууль зөрчиж бусдын орон байрыг бүртгэн гэрчилгээ бичиж өгч байна. Улсын бүртгэлийн байгууллага бусдад өмч хөрөнгө хуваарилж, хэн өмчлөх эрхтэйг тогтоодог газар биш.
Гэтэл Сэлэнгэ аймгийн улсын бүртгэгч нь улсын бүртгэл хийж, иргэн Д.Дд өмчлөх эрхийн гэрчилгээ гарган өгч, Д.Д нь С.От 7 хоногийн дараа худалдсан гэх, С.О нь иргэн н.Оюунчимэг гэх хүнд мөн хэд хоногийн дотор худалдсаныг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн байгууллага бүртгэхдээ хууль зөрчсөн.
Иргэн Д.Д гэгч нь Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлд өргөдөл гаргаж, баримт хавсаргахдаа 10 дугаартай баримт өгсөн гэх боловч 4, 5, 6, 10-р баримтыг шүүхэд хүсэлт гаргаж Д.Дгээс гаргуулж авсан бөгөөд 8 дугаарт хавсаргасан гэх “ Шүүгчийн захирамжийн дагуу нотолсон нотлох баримт /64 айлын орон сууц компанийн өмч болохыг тогтоосон тухай баримт/-ыг шүүхэд гаргаж өгөөгүй болно. Д.Д удаа дараа шүүхэд хандсан боловч энэ байрыг өмчилж авах эрхтэйг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байхгүй.
Анхан шатны шүүх Д.Дгийн улсын бүртгэлд гаргаагүй баримтуудыг гаргаж хавсаргасан мэтээр “үндэслэх” хэсэгтээ заасан байх бөгөөд улсын бүртгэл хуулийн хүрээнд явагдсан гэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх шаардлага хангагдаагүй шударга бус албан тушаалтнуудын үйлдлийг дэмжиж, нотлох баримтыг буруу тайлбарлаж үндэслэлээ зааж байгаагийн гадна энэ хуралдаанаас өмнө Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн нэр бүхий албан тушаалтнуудад холбогдуулан Авлигатай тэмцэх газраас хэрэг нээн шалгаж байгаа үндэслэл заан шүүх хуралдааныг хойшлуулсан боловч энэ талаар огт дурдаж хэргийг түдгэлзүүлэхгүй шийдвэрлэх ямар хууль зүйн үндэслэл буйг заахгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдөж байна.
Энэ нь албан тушаалтнуудын үйлдлийг хаацайлж буй хэрэг бөгөөд бүртгэл зөв хийгдсэн, хууль зөрчөөгүй гэх шүүх шударга ёсыг гажуудуулж буй дүгнэлт юм.
Өмчлөгчөөр бүртгүүлэх боломжийг дээрх хүмүүс огт олгохгүй луйвардаж, бүртгүүлж, шүүх цагдаагаар далайлган эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, цагдаа нь бүртгэлийг хий гэх үүрэг өгсөн зэрэг нь тодорхой болсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй гомдолтой байх тул Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн шударга ёсыг тогтоож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг буруу үнэлж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Г.Т-с Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-1301000923 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000635189 дугаартай гэрчилгээг иргэн Д.Дд, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 000622975 дугаартай гэрчилгээг С.От, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 000635224 дугаартай гэрчилгээг П.О-т олгосон гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 583 дугаар магадлалаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 25 м.кв талбайтай 12 тоот орон сууцыг Д.Д, С.О нарын нэр дээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000748 дугаарт бүртгэсэн бүртгэл болон Д.Дд олгосон 000212521 дугаартай, С.От олгосон 000310496 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Үүний дараа Д.Дгээс Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өргөдөл гаргаж, өргөдөлдөө 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан улсын бүртгэлийн мэдүүлэг, Алтанбулаг сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, “Сэлэнгэ-Алтанбулаг” ХХК-ийн захирлын 2003 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Өмгөөлөгч, хуулийн зөвлөгчийн хөлс олгох тухай” 03 дугаар тушаал, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 55 дугаар магадлал зэрэг баримтуудыг хавсаргаж өгснийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000923 дугаарт бүртгэж, 000635189 дугаартай гэрчилгээг олгожээ.
Улмаар Д.Д, С.О нар нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан маргаан бүхий орон сууцыг С.Оын өмчлөлд бүртгүүлэхээр, дараа нь С.О, П.О нар нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан мөн маргаан бүхий орон сууцыг П.О-ийн өмчлөлд бүртгүүлэхээр тус тус Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсанаар С.От 000622975, П.О-т 000635224 дугаартай гэрчилгээ олгогдсон үйл баримтууд тогтоогдож байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй”, 14.1.6-д “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол” мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилжээ.
Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 583 дугаар магадлалаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 25 м.кв талбайтай 12 тоот орон сууцыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг Ү-1301000478 дугаартай бүртгэж, Д.Д-д өмчлөх эрхийн 000212521 дугаартай, С.От 000310496 дугаартай гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцээгүй, мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй, мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичиг хавсаргаагүй бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзана гэж заасныг зөрчсөн талаар дүгнэж, Д.Д-д олгосон 000212521 дугаартай, С.О-т олгосон 000310496 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад хариуцагч Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрхийн улсын бүртгэгч Д.О шүүхийн магадлал гарснаас хойш иргэн Д.Д-г маргаан бүхий орон сууцыг өмчлөгч гэдгийг баттай нотолсон баримт шинээр хавсаргаж ирүүлээгүй байхад дахин өмнөх баримтад үндэслэн бүртгэж, дээрх алдааг гаргажээ.
Тодруулбал, тухайн орон сууцны өмчлөгч хэн болох нь маргаантай, маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг нотолсон баримт болон шүүхийн шийдвэр байхгүй байхад гуравдагч этгээд Д.Дг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, улмаар 5 хоногийн дараа иргэн С.От, 25 хоногийн дараа П.О-т уг орон сууцыг өмчлөгчөөр тус тус бүртгэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ээс шүүхэд ирүүлсэн тайлбарт “..иргэн Д.Д-ийн мэдүүлгийн хүлээн авахаас татгалзах дүгнэлт гаргасан. Д.Д нь уг шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны байгууллагад гомдол гаргаж, аймгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч нарт бүртгэлийг хий гэсэн чиглэл өгсөн. Д.Д-с “Бүртгэлээ хэл амгүй хий” гэж удаа дараа хандсан. Дээд газраас албан бичгээр хариу ирүүлээгүй шалтгаанаар удаа дараа татгалзсан. Дээд газраас яагаад бүртгэхээс татгалзсан талаар удаа дараа тодруулж бүртгэлийг хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан...” хэмээн дурдсан байна.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.Дг бүртгэж, гэрчилгээ олгосон Улсын бүртгэгчийн үйл ажиллагаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн, энэ талаарх нэхэмжлэгчийн “...Д.Д дахин бүртгэл хийлгэхдээ энэ байрыг өмчилж авах эрхтэйг нотолсон баримт гаргаагүй...” гэсэн гомдол үндэслэлтэй.
Нэгэнт маргаан бүхий орон сууцыг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, Д.Дд өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн гэж дүгнэж буй энэ тохиолдолд гуравдагч этгээд нарт гэрчилгээ олгосон Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрхийн улсын бүртгэгчийн бүртгэлүүдийг мөн хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин энэхүү магадлалаас үл хамааран уг маргаж буй орон сууцыг өмчлөхтэй холбоотой маргааныг иргэний журмаар хэн аль нь шийдвэрлүүлэх боломжтой болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.6-д заасныг тус тус баримтлан Г.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-1301000923 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000635189 дугаартай гэрчилгээг иргэн Д.Д-д, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 000622975 дугаартай гэрчилгээг С.О-т, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 000635224 дугаартай гэрчилгээг П.О-т олгосон гэрчилгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ