Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2024/0082

 

“Т х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн

зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлд

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

      Даргалагч, танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

     Шүүгчид:                                           М.Батсуурь

                                                                  Х.Батсүрэн

                                                                  Ц.Цогт

      Илтгэгч шүүгч:                                Д.Батбаатар

      Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 221/ШШ2024/0027 дугаар шийдвэртэй хэргийг,

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Д.Л, М.Я нарын оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай” 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай;

2.Хэргийн нөхцөл байдал: Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл 2024 оны 01 дүгээр тогтоолоор Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон.

3.Нэхэмжлэгчээс “...хариуцагч төсөлд санал авах, хэлэлцүүлэг хийх үүргээ зөрчсөн, зөвлөлийн бүрэлдэхүүнээр шийдвэр гаргасан, мөнгөн зээл олгохгүй байгаагаас үйл ажиллагаа тасалдах, санхүүгийн чадавх буурах, хохирол учрах зэргээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж, хариуцагчаас “... судалгааг хийж гүйцэтгэсэн, холбогдох этгээдүүдээс санал авах ажиллагааг явуулсан, зөвлөлийн гишүүдэд хүргүүлсэн, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдүүд зээлийн хүүг тогтоох, шийдвэр гаргах ажиллагаанд оролцсон, хүүг хэрхэн тогтоох нь бодлогын зөвлөлийн бүрэн эрх” гэж тус тус маргажээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх: “...хариуцагч санал авах, цахим хуудаст байршуулах зэрэг хуульд заасан ажиллагааг хийсэн” гэх үндэслэлээр Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь хэрэгсэхгүй болгосон.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э гомдолдоо:

5.1.Шүүх хариуцагчаас гаргаж өгсөн хэм хэмжээний актын “Нөлөөллийн шинжилгээ”-ний танилцуулга, сайдад хүргүүлсэн албан бичиг, зээлийн хүүгийн судалгаа, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай судалгаа зэрэг баримтууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль болон албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам зэргийг ноцтой зөрчсөн буюу нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

5.2.Хариуцагч нөлөөллийн шинжилгээний танилцуулгыг бэлтгэсэн нь баримтаар тогтоогдохгүй байсан тул нэхэмжлэгчийн зүгээс нөлөөллийн шинжилгээний танилцуулга бэлтгэх хуулийн шаардлага болон нотлох баримтын шаардлага хангахгүй талаар хэлж тайлбарласан ч хүлээж авалгүй шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

5.3.Шүүх хуулийн зохицуулалтыг зөв тодорхойлсон боловч дүгнэлт хийхдээ хуулийг буруу хэрэглэсэн.

5.4.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “хэлэлцүүлэг хийх үүргээ зөрчсөн” гэж тодорхойлсон байхад үүнд дүгнэлт хийгээгүй.

5.5.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдүүдийн дунд хэлэлцүүлэг явуулаагүй, хариуцагчийн цахим хуудас болон бусад мэдээллийн хэрэгсэлд огт нийтлээгүй, оролцох боломжоор хангах үүргээ биелүүлээгүй.

5.6.Нэхэмжлэгч хүүгийн хэмжээ бодох, тооцох аргачлалын талаар огт дурдаагүй, үүнтэй холбоотой шаардлага гаргаагүй байхад огт хамааралгүй асуудалд шүүх дүгнэлт хийсэн нь хууль зөрчсөн.

5.7.Шүүх 2023 оны 10 дугаар сарын 16-ны хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 17 гэж цаг хугацааны хувьд зөрүүтэй шийдвэрлэсэн, “нэхэмжлэгч өөрөө санал өгөх боломжтой байсан” мэтээр буруу дүгнэлт хийсэн.

5.8.Төрийн байгууллагаас санал авсныг Захиргааны ерөнхий хуулийн 62.1-д заасан шаардлага хангасанд тооцохгүй.

5.9.Мөн төрийн бус байгууллагуудаас санал аваагүй.

5.10.Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6.Дараах үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

7.Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлж нийтээр заавал дагаж мөрдүүлэх шийдвэр болох “мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох”-доо Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахтай холбоотой ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй байна.

8.Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна”, 62.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ” гэж заасан.

9.Давж заалдах шатны шүүхээс ““Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлал”-ын төсөлд санал авахаар цахим сандаа байршуулсан, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох судалгаа, нөлөөллийн шинжилгээ хийж хуульд заасан санал авах ажиллагааг явуулсан, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл хуралдаж төслийн талаар танилцуулж, санал солилцсон талаарх мэдээллийг байгууллагын цахим хуудаст байршуулсан зэргийг хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах ажиллагааг зохих байдлаар хийсэн” гэж үзсэн нь үндэслэлгүй.

10.Хавтаст хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн нөлөөллийн шинжилгээ, түүнтэй холбоотой хийгдсэн судалгаанууд, М, Ш е з, М Ө Х-ноос санал авсантай холбоотой баримтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд заасан холбогдох байгууллагаас албан ёсоор санал авах, нөлөөллийн шинжилгээг аргачлалын дагуу хийж, нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэх зэргээр захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх хүрээнд тодорхой ажил гүйцэтгэснийг нотлохоос бус хуулийн 62 дугаар зүйлд заасан санал авах буюу энэ тохиолдолд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдээс санал авах ажиллагааг явуулсанд хамаарахгүй.

11.Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудаст 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байршуулсан “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлал”-ын төсөл нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.3-д заасан чиг үүргийн хүрээнд батлах аргачлал бөгөөд нэхэмжлэгчийн маргасан мөн зүйлийн 17.4.2-т заасан “мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох”-той холбоогүйг шүүх анхаараагүй байна. Харин Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудасны хууль, журмын төсөлд санал авах хэсэгт маргаан бүхий актын төслийг байршуулаагүй байна.

12.Үүнээс гадна Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудаст 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл хуралдаж, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох хүүгийн дээд хэмжээг тогтоохтой холбогдуулж хийсэн зээлийн хүүгийн судалгаа, зээлийн барьцаа, батлан даалтын гэрээний ерөнхий загварын төрөл, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалын ерөнхий загварын талаар танилцуулж, санал солилцсон талаар болон Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулагдсан талаар мэдээлснийг Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан санал авах ажиллагааны нэг хэсэг гэж үзэхгүй.

13.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд байгуулагдсан орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг төлөөлж “М м з ү э н х” ГҮТББ /Ө.Б/, “Б з б э э х” ГҮТББ /О.Б/ тус тус оролцсон бөгөөд тэдгээр гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага нь 300 гаруй гишүүнчлэлтэй[1] бол хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны судалгааны дүнгээс харахад Монгол Улсад давхардсан тоогоор 624 барьцаалан зээлдүүлэх газар бүртгэгдсэн байгаагаас 443 барьцаалан зээлдүүлэх газар түүний 181 салбар нэгж бүртгэлтэй байна[2].

14.Эндээс Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл маргаан бүхий хэм хэмжээний актыг гаргах ажиллагаанд тухайн төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн оролцоог бүрэн хангасан гэж дүгнэх боломжгүй.

15.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлж, зохицуулах хүрээнд тодорхой шийдвэр гаргах, ялангуяа тухайн төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд нөлөөлөх зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоохдоо Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу хэм хэмжээний актын төслийг бэлтгэхтэй холбоотой үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ хуульд зааснаас бусад тохиолдолд мөн хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу актын төсөлд иргэдийн саналыг авах, ялангуяа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлэг буюу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, гаргасан саналыг актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэх зэргээр тэдгээрийн оролцоог хангах нь хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд энэхүү ажиллагааг хариуцагч бүрэн явуулсан эсэхийг тодруулж, шаардлагатай бол дахин явуулсны үндсэн дээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцнэ.

16.Иймд дээрх үндэслэлээр анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс дахин шинэ акт гаргах хүртэл уг зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай” 01 дүгээр тогтоолыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 221/ШШ2024/0027 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.2, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг тус тус баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай” 01 дүгээр тогтоолыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд хариуцагч төрийн захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай” 01 дүгээр тогтоол хүчингүй болохыг дурдсугай.” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Д.МӨНХТУЯА

             ШҮҮГЧИД                                                                            М.БАТСУУРЬ

                                                                                                            Х.БАТСҮРЭН

                                                                                                           Ц.ЦОГТ

                                                                                                            Д.БАТБААТАР

 

[1] Хэргийн 37-38 дахь тал

[2] Хэргийн 131 дэх тал