Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/01148

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 93 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2017/00052 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “С” ХХК-д холбогдох,

Баян-Өлгий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний “С” ХХК-ийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бахытбек болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Холганат нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.М- би тус компанийн захирлын тушаалаар 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ерөнхий инженерийн ажилд томилогдсон бөгөөд албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа ямар нэгэн ажлын алдаа, дутагдал гаргаж байгаагүй, хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдаагүй болно. Гэтэл шинээр томилогдсон захирал Ж.Адалбек нь ямар нэгэн тушаал, шийдвэр гаргалгүйгээр үүрэгт ажлаас маань халж, миний оронд ИТХ-ын төлөөлөгч Х.Холганатыг томилсон юм. Ажлаас халагдсаны дараа 7-8 удаа захирал дээр очиж, ажлаас халагдсан тушаалыг гаргаж өгөхийг шаардсан боловч өдий хүртэл ямар нэгэн эрхийн акт өгөөгүй байна.Иймд намайг урьд эрхэлж байсан “С” ХХК-ийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

“С” ХХК нь орон нутгийн өмчит хуулийн этгээд учраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу аймгийн Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/283 дугаартай захирамжаар тус компанийн гүйцэтгэх захирал С.Шаривыг ажлаас нь чөлөөлж 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/284 дугаартай захирамжаар тус компанийн ерөнхий инженер Б.М-ыг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлаар томилжээ. “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсоны дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 51 дугаартай тушаалаар цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал цаг хугацааны хувьд тулгамдаж байгаа гэх үндэслэлээр “С” ХХК-ийн ерөнхий инженерээр С.Шаривыг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсан байна. 2016 оны 05 дугаар сараас эхлэн С.Шарив нь ерөнхий инженерийн албан тушаалын цалинг авч байсан нь санхүүгийн баримтаар тогтоогдоно. Б.М- нь тус компанийн ерөнхий инженерийн орон тоонд ажиллахаасаа сайн дураараа татгалзаж С.Шаривыг ерөнхий инженерээр томилуулан ажиллуулсан үйлдэл нь Б.М-ын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.7.-д зааснаар тус компанид ерөнхий инженерээр ажиллах хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан байна.Улмаар аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/471 дугаартай захирамжаар Б.М-ыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж мөн өдрийн захирамжаар Ж.Адалбек намайг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Ийнхүү Б.М- нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл “С” ХХК-ийн хууль ёсны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь дээрх захирамжаар бүрэн нотлогдон тогтоогдож байна. Б.М-ыг аймгийн Засаг дарга компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсний дараа түүнийг ажилд томилсон ажил олгогчийн эрхийн акт гараагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас тус компанийн ерөнхий инженерийн ажлын байр нь сул орон тоонд тооцогдож байгаа бөгөөд миний зүгээс албан тасалгаагаа хүлээлгэж өгөхийг удаа дараа шаардсаны эцэст тэрээр 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр сайн дураараа ажлаа хүлээлгэн өгч энэ талаарх актад гарын үсгээ зурсан. Тус компани нь аймгийн цэвэр, бохир усны шугам сүлжээг хариуцан ажилладгийн хувьд өвлийн бэлтгэлийг хангах ажлыг яаралтай зохион байгуулах шаардлага гарсныг харгалзан ерөнхий инженерийн сул орон тоонд мэргэжлийн хүн болох Х.Холганатыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулж байна. Б.М- нь тус компанийн ерөнхий инженерийн орон тооноос өөрийн хүсэлтээр 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр чөлөөлөгдөж мөн өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон тул түүний ерөнхий инженерийн үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн гэх нэхэмжлэл нь үндэслэлгүй болно.

Мөн Б.М- нь энэ маргааны хувьд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох нь эргэлзээтэй байна. Учир нь ерөнхий инженерээр С.Шаривыг тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед Б.М- өөрөө зөвшөөрч томилсон болно.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээж авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах бөгөөд нэхэмжлэгч хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн учраас Б.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “С” ХХК-ний ерөнхий инженерээр томилогдсон. Ингэхдээ тус компанийн ерөнхий инженерийн орон тоо сул байсан учраас гүйцэтгэх захирал Ж.Адалбекийн тушаалаар томилогдсон. Нэхэмжлэгч Б.М- нь 2016 оны 11 дүгээр сард “С” ХХК-ийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.М- нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Тэрээр С.Шаривтай хоорондоо тохиролцож албан тушаал солигдсон учраас нэгдүгээрт, сонирхлын зөрчил байгаа, хоёрдугаарт, ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан учраас би бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 93 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ыг Баян-Өлгий аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2017/00052 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 93 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бахытбек, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Холганат нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг тус тус баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 200 төгрөгөөс 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 2 000 төгрөгийг төрийн сангийн 100020000941 дугаар данснаас гаргуулж, хариуцагч “С” ХХК-д буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр болсон орон нутгийн сонгуульд “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Шарив нь нэр дэвших болсонтой холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасны дагуу аймгийн Засаг дарга С.Шаривыг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж тус компанийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Б.М-ыг гүйцэтгэх захирлаар 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн томилсноор Б.М- нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдер хүртэл захирлаар ажилласан. Давж заалдах шатны шүүх Б.М- нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар “эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн” буюу ерөнхий инженерээр ажиллаж байхдаа Б.М- нь гүйцэтгэх захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэсэн гэж үзэж хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Гэтэл бодит байдал дээр “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.М- томилогдонгуутаа өөрийнхөө өмнө ажиллаж байсан ерөнхий инженерийн албан тушаалд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 51 дугаар тушаалаар захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн С.Шаривыг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн томилон сарын цалинг 800 000 төгрөгөөр тогтоож, 2016 оны 5, 6, 7 дугаар сард цалин олгосон нь “С” ХХК-ийн 2016 оны 5, 7 дугаар сарын нийгмийн даатгалын тайлангаар тогтоогдож байна. Б.М-ын ерөнхий инженерийн албан тушаалд С.Шаривыг томилсон энэхүү үйлдэлд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар түүний хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байхад ажил олгогчтой байгуулсан 2014 оны хөдөлмөрийн гэрээ хуулийн хүчин төгөлдөр хэвээрээ гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг өөрөө зөрүүтэй байгаа төдийгүй шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

“С” ХХК нь төрийн өмчит компани учраас Компанийн тухай хуульд заасны дагуу Төлөөлөн Удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлын хувьд ажил олгогч тул ерөнхий инженерээр ажиллаж байсан Б.М-тай харилцан тохиролцон гүйцэтгэх захирлын албан тушаалд томилж улмаар Б.М- нь өөрийн орон тоонд С.Шаривыг томилсноор Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлээр түүний хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон. Ажилтан өөрөө зөвшөөрөхгүй байхад ажил олгогчийн зүгээс хүчээр өөр ажилд томилохгүй нь тодорхой бөгөөд Б.М- гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдох юм бол ерөнхий инженерийн албан тушаалаас чөлөөлөгдөнө гэдийг мэдсээр байж өөрөө зөвшөөрөн захирлын албан тушаалд томилогдсон мөн С.Шаривыг ерөнхий инженерийн орон тоонд томилсон үйлдэл нь түүний ерөнхий инженерийн албан тушаалаас сайн дураараа татгалзсаныг нотолж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Б.М- “эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн” буюу ерөнхий инженерээр ажиллаж байхдаа гүйцэтгэх захирлын албан тушаалыг орлон гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бодитой дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд “тохиролцох” нь тусад нь гэрээ байгуулах буюу хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулах зэргээр баталгаажуулахыг ойлгохоор тайлбарласан. Хэрэв Б.М- нь гүйцэтгэх захирлын албан тушаалыг хавсран ажилласан, орлон гүйцэтгэсэн бол ажил олгогч түүнтэй ерөнхий инженерийн албан тушаалын хувьд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд энэ талаар нэмэлт оруулах ёстой байтал ямар ч нэмэлт оруулаагүй өөр гэрээ байгуулаагүй болох нь хэрэгт авагдсан Б.М-ын 2014 оны хөдөлмөрийн гэрээгээр нотлогддог.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгохоор зохицуулсан. Б.М- “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг орлон гүйцэтгэж байсан бол Ерөнхий инженерийн цалингийн тодорхой хувиар нэмэгдэл авах ёстой буюу “С” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.2-т зааснаар хавсран гүйцэтгэсэн бол 30 хувийн, орлон гүйцэтгэсэн бол тохирсон цалин авах байтал захирлын цалин 1 330 000 төгрөг авч байсан нь хэрэгт авагдсан “С” ХХК-ийн 2016 оны нийгмийн даатгалын тайлангаар тогтоогдож байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийг буруу тайлбарлан захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэсэн гэж үзэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасны дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохих байтал энэхүү хуулийн заалтыг ноцтойгоор зөрчиж сонгуульд нэр дэвшсэн С.Шаривыг тус компанийн ерөнхий инженерийн үүргийг гүйцэтгүүлэхээр эрхийн акт гаргасан. Хэдийгээр С.Шаривыг ерөнхий инженерийн албан тушаалд томилсон ч Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасны дагуу нэр дэвшигч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхыг шаардаж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т зааснаар “хууль тогтоомжинд заасан эрх бүхий байгууллага шаардсан” гэх үндэслэлээр ерөнхий инженер С.Шаривын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. Иймээс анхнаасаа хууль зөрчиж томилогдсон С.Шаривын ерөнхий инженерийн орон тоо нь сул орон тоонд тооцогдох боломжтой гэж үзэж байна.

Иймээс Б.М- нь гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөний дараа уг орон тоонд өөрөө ажиллах ёстой гэж маргаж хөдөлмөрийн харилцаанд өөртөө давуу байдал тогтоолгох гэж байгаа нь үндэслэлгүй. Нөгөө талаар ерөнхий инженерийн орон тоонд С.Шаривыг томилсон Б.М-ын өөрийн гаргасан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай тушаал хүчинтэй байгаа төдийгүй С.Шаривын эрх ашиг зөрчигдөхөөс энэхүү албан тушаалаас 2016 оны 05 дугаар сард чөлөөлөгдсөн Б.М-ын эрх ашиг зөрчигдөөгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 3, 5 дугаар зүйлд зааснаар ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үндэслэлүүдийг заахдаа дэвшин ажилласан тохиолдолд тухайн орон тоо хадгалагдах талаар зохицуулаагүй байна.

2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Б.М- чөлөөлөгдсөний дараа ерөнхий инженерээр ажиллаагүй бөгөөд ажлаас хүлээлгэж өгөхгүй байсаар 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэж өгсөн байдалд шүүх бодиттой дүгнэлт хийгээгүй. Хэрэв Б.М- нь энэ хугацаанд ерөнхий инженерээр ажилласан бол хуулийн дагуу цалин бодогдох ёстой боловч 09 дүгээр сард түүнд цалин гараагүй болно.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгч талын гаргасан санхүүгийн баримтуудыг нотлох баримтаас хасуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хүсэлтийг шүүгч даруй шийдвэрлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу хүсэлтийг нэн даруй хянан шийдвэрлэх ёстой байсан. Шүүх санхүүгийн баримтуудыг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг хянан шийдвэрлэсний дараа уг нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтаар тооцон үнэлэх эсэхийг шийдэх байсан. Гэтэл “С” ХХК-ийн байгууллагын нууцад хамаарах дээрх санхүүгийн баримтууд буюу цагийн бүртгэлийг аудитын байгууллагаар шалгуулахаар өгсөн байхад нэхэмжлэгч Б.М- нь нотлох баримтыг гаргах цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж аудитын байгууллагаас баримтыг хуулбарлан авч шүүхэд өгснөөр шүүх нотлох баримтыг үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул дээрх шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Энэ хэргийн хувьд гуравдагч этгээд миний Үндсэн хуульд заасан болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т зааснаас бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр хуулиар зохицуулсан байхад шүүх хуралдаанд гаргасан гуравдагч этгээд миний тайлбарын агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгаагүй. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд миний гаргасан тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шийдвэрийн үндэслэх хэсэгт үнэлэгдэх ёстой нотлох баримт болохыг шүүх анхаараагүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан эрхийг минь хааж, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасан хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх ноцтой зөрчсөнийг давж заалдах шатны шүүх зөв гэж үзэж миний эрх зүйн байдлыг дордуулсан.

Хариуцагч талыг дэмжин оролцож байгаа гуравдагч этгээд би анхан болон давж заалдах шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан үндэслэлээр орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь захирлын албан тушаалаас чөлөөлөгдөж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болж улмаар Б.М- нь Засаг даргын захирамжийн дагуу захирлын албан тушаалд бүр томилогдож 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажилласан. Үүгээр тус компанийн ерөнхий инженер байсан Б.М- нь “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд дэвшин томилогдон ажилласан.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасны дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн этгээд хөдөлмөрийн гэрээ нь нэгэнт дуусгавар болдог тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах заалтад хамаарахгүй болохыг шүүх буруу хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх үзэхдээ Б.М- тус компанийн захирлын албан тушаалыг “түр чөлөөтэй үед түр орлон гүйцэтгэсэн” гэж Хөдөлмөрийн тухай хуульд заагдаагүй “түр” гэсэн ойлголтыг шийдвэрийн үндэслэл болгож хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Ажил олгогч Б.М- нь ерөнхий инженерийн албан тушаалаас өөрөө өөрийгөө чөлөөлөх шийдвэр гаргахгүйгээр оронд С.Шаривыг томилсноор Б.М-ын ерөнхий инженерээр ажиллах хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон байхад “ерөнхий инженерээр дахин би ажиллах ёстой” гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь эргэлзээтэй байна.

Гуравдагч этгээд миний гомдолд дурдсан үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан аль нэг үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй болно. Учир нь шүүгчийн гаргасан шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг зөрчсөн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар миний хуулиар олгогдсон эрхийг минь ноцтой зөрчсөн асуудал байсныг давж заалдах шатны шүүх анхаараагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасныг анхан шатны шүүх ноцтой зөрчсөн гэж гаргасан миний гомдлыг давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн гэж дүгнэсэн атлаа зөвтгөсөнгүй. Учир нь миний гаргасан тайлбар болон бусад нотлох баримтыг анхан шатны шүүх шийдвэрт огт үнэлж дүгнээгүй, шийдвэрт бичээгүй. Тэр байтугай гуравдагч этгээд миний ямар нотлох баримт гаргаж өгснийг ч ялгаж салгаж бичээгүй байна.

Б.М- нь Засаг даргын захирамжаар томилогдсон өдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 13-нд ерөнхий инженерээр С.Шаривыг томилсон мөртлөө 2016 оны 11 дүгээр сард ерөнхий инженерийн орон тоо миний албан тушаал байсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцээгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч Баян-Өлгий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний “С” ХХК-д холбогдуулан тус компанийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

“С” ХХК-ийн захирлын 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар тушаалаар Б.М-ыг тус компанийн ерөнхий инженерийн ажилд томилж, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай албан бичгээр компанийн захирал С.Шарив орон нутгийн сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан түүнийг ажлаас чөлөөлөх, оронд нь Б.М-ыг ажиллуулах санал аймгийн Засаг даргад гаргасан байна. С.Шаривыг чөлөөтэй байх хугацаанд ерөнхий инженер Б.М-ыг компанийн захирлаар түр ажиллуулахаар аймгийн Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б\284 дүгээр захирамж гаргасан байна.

Засаг дарга 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б\440 дүгээр захирамжаар компанийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэж байсан Б.М-ыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлж, мөн өдрөөс гүйцэтгэх захирлаар Ж.Адалбекийг томилжээ.

Б.М- нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх захирлын ажлыг түр орлон гүйцэтгэж байсан ба захирлаар өөр хүн томилогдсоны дараа урьд эрхэлж байсан ерөнхий инженерийн ажлаа хийж байтал ажил олгогч энэ ажилд өөр хүн томилсон байна.   

“С” ХХК-ийн захирал 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 76 дугаар тушаалаар Х.Холганатыг компанийн ерөнхий инженерээр томилж, Б.М-ыг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй байна. Ажилтныг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй ажил олгогчийн дээрх үйлдлийг ажлаас халсантай адилтгаж үзсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө. “С” ХХК-ийн ерөнхий инженерээр шинээр томилогдсон Х.Холганатын хөдөлмөрлөх эрх ажил олгогчийн буруутай ажиллагаанаас зөрчигдөх учиргүй болно.

Компанийн гүйцэтгэх захирлын ажлыг түр орлон гүйцэтгэсэн явдал нь Б.М-ыг ерөнхий инженерийн ажлаас сайн дураар чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Шүүх энэ талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шийдвэр, магадлалдаа тодорхой тусгасан байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухай маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 93 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2017/00052 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН