Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 77

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Сундуй,

Шүүгдэгч: Э.С ,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шархацар овгийн Э.С эд холбогдох 1928000050016 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 16-нд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, инженер багш мэргэжилтэй, Өмнөговь аймаг дахь Политехникийн коллежид хүнд механизмын багш ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, ......................... түр оршин суух, Ханхонгор сум өгөөмөр 2 дугаар баг хацрын хэц гэх  газарт бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Шархацар овгийн Э.С , регистрийн дугаар .............,

/Яллах дүгнэлтэд бичигдснээр/

Шүүгдэгч Э.С  нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Н.Б тай маргалдан зодолдож, түүнийг автомашинаар дайрч эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 29-ны шөнө бид хэд бөх үзэж байгаад пиво уусан. Би зүүн сайханд 1 хүнтэй уулзаж байхад манай дүү над руу уйлаад залгаж Н.Б  ах намайг зодоод байна гэж хэлсэн. Би тэр дор гэртээ ирэхэд манай дүү уйлчихсан байсан би Н.Б г яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ? гээд бид 2 хашаан дотор муудаж өнхрөлдөж байгаад гэрт орж ирээд би баруун орон дээр унтаж байхад Н.Б  намайг сэрээгээд чи яасан овоо гар бэ 2-уулаа тал руу гаръя гээд тал дээр гарч байгаад чамайг жоохон амиар чинь хийгээтэхий  гэж хэлсэн тэгээд унтуулах шинжгүй байхаар нь тал дээр очсон. Тал дээр очоод бас дээр, дороо ороод өнхрөлдсөн. Дээгүүр өмсөж байсан хувцас урагдаж тайлагдсан, таавчигтай явсан болохоор даараад тэгээд болиод машинд суухад Н.Б  миний машины түлхүүрийг аваад явчихсан байсан. Машинд илүү түлхүүр байсан түүгээрээ машинаа асаагаад Н.Б г айлгах санаатай араас гэрэлтүүлж явсан. Явж байхдаа машинаа кардан татаад эргүүлээд явсан. Тэгэхэд гэнэт Н.Б  тоосон дунд гэрэлд ороод тэгээд зүүн талын урд гуперээрээ Н.Б г мөргөчихсөн.  Уг нь Н.Б г жоохон айлгах санаатай байсан юм. Тэгээд зогсоход гайгүй босоод ирсэн. Машинд суулгаад гэр рүү явж байгаад шуудуу таараад зогсоход Н.Б  шуудууны овоолсон шороон дээр суугаад үлдсэн. Би Н.Б г явахгүй байхаар нь орхичхоод гэртээ очоод Г.Б  болон дүүгээ Н.Б  руу явуулсан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Н.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт байх .........................тоотод Э.С , Г.Б  бид гурав 2 литртэй 1 ширхэг пиво хувааж уусан. Дахиад дэлгүүрээс Сэрүүн нэртэй 2 литртэй пиво авч уусан. Тэгээд Э.С ийг гараад явсан хойгуур Г.Б  Б 2 хоорондоо маргалдаад байхаар нь би Бг алгадаад авсан чинь Б уйлаад ах Э.С ээ утсаар дуудсан. Э.С  ирээд чи манай дүүг зодлоо гээд надтай хэрүүл хийж байгаад гэрээс гараад хашаанд Э.С  бид хоёр барилцаж аваад газар дээр доороо ороод нэг нэгийгээ цохиж авсан. Г.Б  ирж бид хоёрыг салгасан. Би тал руу гарч ураа олъё гээд Э.С ийн машинд би суугаад бид хоёр яваад Баянбулаг хорооллын зүүн хойд талд очоод машинаасаа буугаад бид хоёр дээгүүр хувцсаа тайлчхаад зууралдаж байгаад салаад би Ц.М ын гэр рүү алхаад явж байсан. Э.С  машинаа асаагаад намайг алхаж байхад араас ирээд мөргөж унагаад машины зүүн гар талын дугуй нь миний дээгүүр гараад явсан. Тэгээд Э.С  машинаасаа бууж ирээд намайг машиндаа суулгаад явсан. Э.С  машинаараа дугуйлж эргээд байхаар нь би машинаас нь буугаад үлдсэн. Тэгтэл Э.С  яваад өгсөн. Би алхаад .........................тоотод ирэхэд Э.С  ирчихсэн сууж байсан.Ц.М  намайг цустай байхыг хараад түргэн дуудсан. Түргэний эмч ирээд намайг эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийх хэрэгтэй гээд аваад явсан. Бид их согтоогүй байсан. Толгой доргиж, цээж болон гарын арьс зулгарч цус гарч байсан. Би Э.С ийн болон өөр хүний бие эрх чөлөөнд халдаагүй. Э.С  эмчилгээний төлбөрт 1.170.000 төгрөг өгсөн. Одоо би Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул 1.500.000 төгрөг гаргуулмаар байна.” гэх /хх 27-28/,

Гэрч Г.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Ц.М ын гэрт найзууд болох Э.С , Н.Б , Ц.М , Э.С ийн дүү Б нартай хамт байсан. Тэнд Э.С , Н.Б  бид  гурав нийлж 2 литрийн савлагаатай пиво 4 ширхгийг уусан. Тухайн үед Ц.М  пивоноос уугаагүй. Э.С  машинаа унаад хүнтэй уулзчихаад гараад явсан байсан. Тэгж байхад Бг унтаад байхаар нь би ахын дүү өдөржингөө унтаад, шөнө кино үзээд байх юм хоёр ахыгаа ажлаас нь ирэхэд галыг нь түлээд өгчихөж бай гэж хэлсэн чинь Б чамд ямар хамаатай юм гээд өмнөөс бэлэн гаргасан. Тэгтэл хажууд байсан Н.Б  босч ирээд Бг нэг удаа алгадсан. Б Э.С  рүү утсаар яриад дуудаад байсан. Тэгээд Э.С  ирээд Н.Б тай манай дүүг яагаад алгадаад байна гээд муудалцаад гэрээс гараад хашаанд нэг нэгэнтэйгээ зууралдаад газар өнхрөлдөөд байсан. Тэгээд би гарч салгаад гэрт оруулсан.  Н.Б  Э.С ийг хоёулаа гарчихаад ирье гээд хамт гарахаар нь би араас нь гарахад  Н.Б  Э.С  хоёр машинтай гараад явсан. Тэгээд би унтах гээд хэвтэж байсан чинь Э.С  30-40 минутын дараа машинтай ганцаараа гэрт орж ирчихээд би Н.Б г шүргэчихлээ гэж хэлснээ дараа нь дайрчихлаа гэж хэлсэн. Тэгээд хашааны гадаа зүүн урд Н.Б д хэвтэж байхад нь Б түрүүлж очоод босгоод гэрч авчраад түргэн дуудсан.” гэх /хх-33-34/,

Гэрч Ц.М  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Манай найз Э.С ийн гэр нь хөдөө байдаг, өөрөө аймагт ажилд ороод амьдрах гэр байхгүй гээд манай гэрт хамт амьдраад 1 жил гаран болж байна. 2018 оны 12 дугаар 29-ний өдөр манайд найзууд болох Г.Б , Н.Б  нар ирцгээж Э.С , Б нартай хамт байсан. Тэгж байгаад тэд нар пиво авч ирээд ууцгааж байсан. Би машин жолоодож Ханхонгор сум руу явна гээд пивоноос огт уухгүй байсан юм. Тэгээд бид нар Ханхонгор сум руу явах гэж байгаад болиод байж байсан чинь Э.С  гарч явсан хойгуур Г.Б  Бд ажил хий гэж хэлсэн чинь Б өмнөөс нь бэлэн гаргаад чи надад заах болоогүй гэх утгатай юм хэлсэн чинь Н.Б  чи ах хүний үгийг сонсож бай гээд нэг алгадсан. Тэгсэн чинь Б миний гар утсыг аваад ах руугаа ярьсан. Тэгсэн удалгүй Э.С  ирээд яагаад дүүг дээрэлхээд байна гээд Н.Б тай маргалдаад гадагшаа гарсан. Гадаа гарсан хойно араас нь Б, Г.Б  нар гарсан. Тэгж байгаад тэр хоёрыг оруулж ирсэн. Э.С  Баярхүү нарын хувцас тоос болчихсон байсан. Тэгээд Э.С  орон дээр хэвтээд унтаад байх шиг болсон. Тэгж байхад Н.Б  нүүрээ угааж хувцсаа арччихаад Э.С ийг дуудаад хамтдаа гарсан. Тэгэхээр нь би Бг араас нь гар гэсэн чинь намайг үлд гэнээ гээд буцаад орж ирсэн. Тэгээд 40 минутын дараа Э.С  машинтайгаа ганцаараа ирсэн. Тэгснээ би Н.Б г шүргэчих шиг боллоо яваад аваад ир гэж хэлсэн чинь Г.Б , Б нар гарч яваад Н.Б г хашааны зүүн талаар авчирлаа гээд оруулж ирсэн. Тухайн үед Н.Б гийн хоёр гар, гэдэс нь нэлээд урагдсан цус гарсан байсан. Тэгээд бид нар эмнэлэгт дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-35-36/,

Насанд хүрээгүй гэрч Э.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед гэрт манай ах Э.С , Ц.М  бид нар байж байтал гаднаас Г.Б , Н.Б  нар пиво авч ирээд ууцгаасан. Тэгээд дахиад 2 савтай пиво авч ирж уусан. Тэгж байгаад орой нь Ханхонгор сум руу явах гэж байгаад болиод манай ах Э.С  айлд очно гээд 21 цагийн үед машинаа унаад явсан. Тэгж байсан чинь Г.Б  намайг чи хоёр ахыгаа хүндэл, гэр орноо цэвэрлээч гэж хэлэхээр нь би өмнөөс нь бэлэн гаргачихаад хувцсаа аваад явлаа гэсэн чинь Н.Б  намайг унт гээд миний нүүр рүү цохьсон. Тэгээд гадаа гараад би хашааны хаалга руу гараараа цохьсон чинь Н.Б  гэрээс гарч ирээд чи яасан омголон пизда вэ гээд миний куртикнээс заамдаад байхаар нь Ц.М , Г.Б  нар хориод салгасан. Тэгээд ч гэрт орцгоосон. Тэгээд би Э.С  ах руу утсаар яриад Н.Б  намайг зодоод байна хүрээд ир гэж хэлсэн чинь ах удалгүй ирсэн. Тэгээд юу болоод байгаа юм гэсэн. Тэгснээ ах миний нүдийг хараад нүдийг чинь хэн цохьсон юм бэ гэж асуухаар нь Г.Б  цохьсон гэсэн. Тэгсэн чинь манай ах миний дүү унтаж л байг Ц.М  юм хэлээгүй байхад та хоёр юм хэлдэг нь илүү гэж хэлсэн. Тэгж байсан чинь Н.Б  чи юу гээд байгаа юм үзэх юм уу гэсэн. Тэгээд Э.С , Н.Б  ах хоёр гараад муудалцаад байсан. Тэнд зодолдсон зүйл байхгүй, өнхрөлдөөд зууралдаад байсан. Тэгж байгаад Г.Б  бид хоёр очиж салгаад гэрт оруулсан. Тэгэхэд Э.С  ах орон дээр гараад унтсан. Н.Б  ах гар нүүрээ угаагаад хувцсаа өмсөөд Э.С  ахыг дуудаад тал гаръя гээд байсан. Тэгэхдээ надад ахыг чинь тал дээр жаахан шээлгэж байгаад зодож байгаад хүрээд ирье гэсэн. Тэгээд Э.С  ах машинаа жолоодоод Н.Б  хажууд нь суугаад явах гэхээр нь хамт явах гэтэл Н.Б  пизда минь үлд ална шүү гэсэн. Тэгсэн Э.С  ах ахын дүү байж бай гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд бид нар гэрт байж байтал Э.С  ах машинтайгаа орж ирсэн. Тэгснээ Э.С  ахыг яасан юм гэж Г.Б г асуухад нь Э.С  ах би Н.Б г мөргөчих вүү дайрчих вуу гэж хэлсэн. Тэгсэн чинь Ц.М  бид хоёр үнэн юм уу гэж асуусан чинь Э.С  ах үнэн үнэн гэсэн. Тэгээд би Г.Б тэй хамт гарч яваад би түрүүлээд хашаанаас зүүн урагш тал руу гараад Баянбулаг хорооллын хашааны баруун хойд талд Н.Б  овоолсон шорооны хажуу талд сууж байсныг олоод гэр рүү оруулаад такси дуудаад эмнэлэг рүү хүргүүлсэн. Н.Б  намайг Г.Б  ах руу бэлэн гаргаснаас болж зодсон.” гэх мэдүүлэг /хх-37-38/,

Шүүгдэгч Э.С  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 дугаар сарын 29-нд би ......................... хамт амьдардаг найзындаа найзууд болох Ц.М , Г.Б , Н.Б , дүү Э.Б  нарын хамт байж байгаад оройхон 2 ширхэг том 2 литрийн савлагаатай пиво хувааж ууцгаасан. Тэгж байгаад гадуур явж хунтэй уулзаж байтал манай дүу Э.Б  утсаар над руу яриад Н.Б  ах наймаг зодсон гэж хэлэхээр нь би гэрт очсон. Тэгсэн чинь манай дүү Э.Б  уйлчихсан Г.Б , Ц.М  нар унтах гээд хэвтэж байсан. Н.Б  сэрүүн сууж байсан. Тэгэхээр нь би Н.Б г яагаад дүү зодсод байгаа юм бэ гэсэн чинь өмнөөс чи тэгээд яадгаг юм гээд хоорондоо муудалцсан. Тэгээд бид хоёр гэрийн гадаа гарч зууралдаж барилдаж дээр доороо орж өнхрөлдөж байсан чинь манай дүү гарч ирээд бид хоёрыг салгаад гэр рүү оруулсан. Тэгээд би гэрт ороод орон дээр хэвтээд амьсгаагаа дарж байсан чинь унтчихсан. Тэгсэн ччинь нэг хүн нүүр рүү алгадаад намайг татаад босгосон. Тэгээд намайг чи яасан овоо юм хоёулаа тал руу гаръя тал дээр гаргаж байгаад би чамайг жаахан ноолоод амьтан болгоё гэж хэлсэн. Тэгээд намайг унтуулах шинжгүй байхаар нь за тэгье гээд би машинаа жолоодоод хажууд Н.Б  суугаад аймгийн зүүн хойш тал руу гарч тал очоод хоёулаа машинаас буугаад жаахан маргалдсан. Тэгээд барилцаад ноцолдсон. Тэгж байгаад Н.Б  миний дээр гараад цамцны захаар боогоод байхаар нь би зүүн гарыг нь хазаад тавиулсан.  Тэгсэн чииь Н.Б  миний баруун гарын хурууг азсан. Тэгээд хоёулаа ноцолдохоо болиод даараад машиндаа сууцгаасан. Тэгсэн чинь Н.Б  миний машины түлхүүрийг булааж аваад явган алхаад явчихсан. Тэгэхээр нь би машиныхаа голын хайрцганд байсан машины илүү түлхүүрээр машинаа асааж унаад араас нь явсан. Тэгж байхдаа нилээд хүчтэй давхиад машинаа шарвуулж эргүүлээд явсан. Нэлээд хэдэн удза машинаа эргүүлж шарвуулж байсан чинь нэг мэдэхэд тоосон дунд Н.Б  гэрэлд ороод ирэхээр нь би бултуулаад рулаа буруу тийш мь дараад эргэсэн чинь Н.Б  машины зүүн талын урд гуперт цохиулаад унах шиг болсон. Тэгээд би эргээд машиныхаа гэрлийг тусгаад зогссон чинь Н.Б  босоод зогсож байсан. Тэгээд би бууж очоод зүгээр үү гээд машинд суулгаад гэр рүүгээ ирж байсан чинь овоолсон шороонд тулаад зогсоод ухрах гэсэн чинь Н.Б  машинаас буугаад овоолсон шороон дээр суучихсан. Тэгээд би гэр рүүгээ явж очоод Г.Б , Э.Б  хоёрыг явуулаад Н.Б г аваад ир гэсэн чинь удалгуй хамт ирсэн. Тэгээд эмнэлэг дуудаж түргэний машинаар эмнэлэгт хүргэсэн.” гэх мэдүүлэг /хх-74-75/,

Хохирогч Н.Б гийн мөрдөн байцаалтын шатанд дахин  өгсөн  мэдүүлэгт: “...Би Э.С ийг машинд нь үлдээгээд 50-60 метр холдсон байсан байх тэгсэн чин араас машинтайгаа туулгаж нэг хэсэг элдсэн намайг нэлээд удаан туулгасан тойруулаад туулгаад байсан тэгж байгаад өмнө талын гуперээр мөргөж унагаад дээгүүр гараад явсан ...” гэжээ. /хх-143/,

Шинжээч эмч С.Шүрцэцэгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Тархины доргилт дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.41-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Машинд дайруулахад тархины доргилт гэмтэл үүсэх боломжтой...Зүүн хацар, шанааны зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бусад цээж хэвлий, 2 гарын сарвуу, их биеийн ар гадаргуугийн баруун хэсгийн /биеийн нийт гадаргуугийн 20 хувь хамарсан” зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-145/,

Шүүгдэгч Э.С ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...Би тухайн үед Н.Б гийн араас нь машинтай явж байхдаа жаахан айлгах санаатай машинаа шарвуулаад, заримдаа өмнүүр нь Н.Б г бүтэн тойроод хэд хэдэн удаа машинаа эргүүлсэн юм тэгэхэд их тоос боссон байсан. Мөн гадаа харанхуй байсан тул явж байхад Н.Б  машины гэрэлд тоосон дунд гэнэт гарч ирсэн болохоор би машиныхаа рулыг эргүүлж тойрч гарах гэж хичээсэн боловч амжаагүй мөргөчихсөн...Н.Б  тал дээр байхдаа намайг заамдаж боогоод байсан тэгээд би гарыг нь тавиулаад газар дээр доороо ороод ноололдсон. Зодолдож цохилцоод байсан зүйл байхгүй...” гэжээ. /хх-147/,

 Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн дүгнэлт: “ Н.Б гийн биед тархины доргилт зүүн талын хацар шанаа, цээж, хэвлий, 2 гарын шуу сарвуу, их биеийн ар гадаргуугийн баруун хэсгийн /биеийн нийт гадаргуугийн 20% хамарсан/ зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас /дайрагдах/ үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-43/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаартай шинжээчийн дүгнэлт: “ Э.С ийн биед баруун хацрын зулгаралт, баруун гарын 2 дугаар хурууны хумс дахь жижиг цус гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба хэзээ учирсан эсэхийг тогтоох боломжгүй. 3,4. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-47/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1. 2. 3. 4. Э.Б ын биед ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт /хх-51/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-10/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хйисэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-18/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-26/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-30/,

Хохирогч иргэний нэхэмжлэгч Н.Б гийн  өвчний түүх /хх-56-69/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-78/,

Шүүгдэгч Э.С ийн иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-96/,

Дээд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-97-99/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-100/,

Хохирол барагдуулсан гэрээ /хх-170/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-188/,

Зээлийн гэрээ /хх-194-196/,

2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1000095 дугаартай үнэлгээний тайлан /хх-198-799/,

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-202-206/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.С эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.С ийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.С  нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Н.Б тай манай дүүг зодлоо гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан зодолдож Н.Б г автомашинаар дайрч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ослын газарт үзлэг хийсэн  “...шороон зам болон замгүй газруудаар ойролцоогоор нийтдээ 900 метр газар газарт тээврийн хэрэгслийн тойрч дугуйрч шарвасан мөрнүүд олон давтамжтайгаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш давтамжтайгаар үргэлжилсэн байв...” гэсэн тэмдэглэл /хх-9-10/, хохирогч Н.Б н  “...би Ц.М ын гэр рүү алхаад явж байсан. Э.С  машинаа асаагаад намайг алхаж байхад араас ирээд мөргөж унагаад машины зүүн гар талын дугуй нь миний дээгүүр гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 27-28/, хохирогч Н.Б н  “...Би Э.С ийг машинд нь үлдээгээд 50-60 метр холдсон байсан байх тэгсэн чинь араас машинтайгаа туулгаж нэг хэсэг элдсэн намайг нэлээд удаан туулгасан тойруулаад туулгаад байсан тэгж байгаад өмнө талын гуперээр мөргөж унагаад дээгүүр гараад явсан ...” гэсэн мэдүүлэг /хх-143/, шүүгдэгч Э.С ийн “...Би тухайн үед Н.Б гийн араас нь машинтай явж байхдаа жаахан айлгах санаатай машинаа шарвуулаад, заримдаа өмнүүр нь Н.Б г бүтэн тойроод хэд хэдэн удаа машинаа эргүүлсэн юм тэгэхэд их тоос боссон байсан. Мөн гадаа харанхуй байсан тул явж байхад Н.Б  машины гэрэлд тоосон дунд гэнэт гарч ирсэн болохоор би машиныхаа жолоог эргүүлж тойрч гарах гэж хичээсэн боловч амжаагүй мөргөчихсөн...Н.Б  тал дээр байхдаа намайг заамдаж боогоод байсан тэгээд би гарыг нь тавиулаад газар дээр доороо ороод ноололдсон. Зодолдож цохилцоод байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-147/, гэрч Г.Г.Б гийн “...Б Э.С  рүү утсаар яриад дуудаад байсан. Тэгээд Э.С  ирээд Н.Б тай манай дүүг яагаад алгадаад байна гээд муудалцаад гэрээс гараад хашаанд нэг нэгэнтэйгээ зууралдаад газар өнхрөлдөөд байсан. Тэгээд би гарч салгаад гэрт оруулсан. Н.Б  Э.С ийг хоёулаа гарчихаад ирье гээд хамт гарахаар нь би араас нь гарахад  Н.Б  Э.С  хоёр машинтай гараад явсан. Тэгээд би унтах гээд хэвтэж байсан чинь Э.С  30-40 минутын дараа машинтай ганцаараа гэрт орж ирчихээд би Н.Б г шүргэчихлээ гэж хэлснээ дараа нь дайрчихлаа гэж хэлсэн. Тэгээд хашааны гадаа зүүн урд Н.Б  хэвтэж байхад нь Б түрүүлж очоод босгоод гэрч авчраад түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-33-34/, Гэрч Ц.Ц.М ын  “...Б миний гар утсыг аваад ах руугаа ярьсан. Тэгсэн удалгүй Э.С  ирээд яагаад дүүг дээрэлхээд байна гээд Н.Б тай маргалдаад гадагшаа гарсан. Гадаа гарсан хойно араас нь Б, Г.Б  нар гарсан. Тэгж байгаад тэр хоёрыг оруулж ирсэн. Э.С  Баярхүү нарын хувцас тоос болчихсон байсан...Э.С  машинтайгаа ганцаараа ирсэн. Тэгснээ би Н.Б г шүргэчих шиг боллоо яваад аваад ир гэж хэлсэн чинь Г.Б , Б нар гарч яваад Н.Б г хашааны зүүн талаар авчирлаа гээд оруулж ирсэн. Тухайн үед Н.Б гийн хоёр гар, гэдэс нь нэлээд урагдсан цус гарсан байсан. Тэгээд бид нар эмнэлэгт дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-35-36/, Насанд хүрээгүй гэрч Э.Б  “...би Э.С  ах руу утсаар яриад Н.Б  намайг зодоод байна хүрээд ир гэж хэлсэн чинь ах удалгүй ирсэн. Тэгээд юу болоод байгаа юм гэсэн. Тэгснээ ах миний нүдийг хараад нүдийг чинь хэн цохьсон юм бэ гэж асуухаар нь Г.Б  цохьсон гэсэн...Тэгээд Э.С , Н.Б  ах хоёр гараад муудалцаад байсан. Тэнд зодолдсон зүйл байхгүй, өнхрөлдөөд зууралдаад байсан...Э.С  ахыг яасан юм гэж Г.Б г асуухад нь Э.С  ах би Н.Б г мөргөчих вүү дайрчих вуу гэж хэлсэн. Тэгсэн чинь Ц.М  бид хоёр үнэн юм уу гэж асуусан чинь Э.С  ах үнэн үнэн гэсэн. ...Н.Б  овоолсон шорооны хажуу талд сууж байсныг олоод гэр рүү оруулаад такси дуудаад эмнэлэг рүү хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 37-38/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.С  нь хохирогч Н.Б тай таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас Тоёота марк-2 маркийн 98-83 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон аймгийн төвөөс зайдуу гарч хохирогч Н.Б н араас тээврийн хэрэгслээр элдэж тээврийн хэрэгслийн  зүүн урд  талын 2 дугуйгаар хохирогчийн цээж, хэвлий хэсгээр дайрсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 46 дугаартай “Н.Б гийн биед тархины доргилт зүүн талын хацар шанаа, цээж, хэвлий, 2 гарын шуу сарвуу, их биеийн ар гадаргуугийн баруун хэсгийн /биеийн нийт гадаргуугийн 20% хамарсан/ зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас /дайрагдах/ үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-43 /, шинжээч эмч С.Шүрцэцэгийн “...Тархины доргилт дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.41-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Машинд дайруулахад тархины доргилт гэмтэл үүсэх боломжтой...Зүүн хацар, шанааны зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бусад цээж хэвлий, 2 гарын сарвуу, их биеийн ар гадаргуугийн баруун хэсгийн /биеийн нийт гадаргуугийн 20 хувь хамарсан” зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-145/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.С ийг гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.С ийг зам тээврийн ослын улмаас хохирогч Н.Б н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Э.С  нь хохирогч Н.Б г тээврийн хэрэгслээр араас нь элдэж байгаа үйлдлээ хууль бус гэдгийг  мэдэж байсан хэдий ч хохирогчийг айлгах зорилготойгоор тээврийн хэрэгслээр мөргөж унаган дээгүүр нь гарч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-т “ шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана.”  гэж хуульчилсан.

Шүүх Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1000095 дугаартай үнэлгээний “...2004 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монголд улсад орж ирсэн Марк-2 маркийн автомашиныг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 3.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” гэсэн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлаагүй болно.

Учир нь: Хавтаст хэргийн 197 дугаар талд шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолд тухайн автомашиныг 2018 оны 12 дугаар сарын 29-ний байдлаар зах зээлд ямар үнэтэй байсныг гаргаж өгнө үү гэсэн асуултыг тавьсан байхад  Ашид билгүүн ХХК-ийн шинжээч 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 3.000.000 төгрөг үнэлгээтэй болохыг тодорхойлов гэсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 зүйлийн 2 дахь  хэсэгт “ Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана. “ гэснийг зөрчсөн  гэж үзэхээр байна.

 Шүүгдэгч Э.С  нь  Тоёота гранд Марк-2 маркийн мөнгөлөг өнгийн 98-83 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ У.А д  2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2.300.000 төгрөгөөр худалдан борлуулан У.А ын өмчлөлд шилжүүлсэн болох нь гэрч У.А ын мэдүүлэг /хх-192/, шүүгдэгч Э.С ийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчээс 2.300.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь хэргийн бодит байдалд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон бол хураан авч улсын орлогод оруулахаар хуульчилсан байх тул   шүүгдэгч Э.С ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь У.А ын өмчлөлд шилжсэн байх тул тээврийн хэрэгслийн үнэ болох 2.300.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.  

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Э.С  нь 1994 оны 07 дугаар сарын 16-нд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, инженер багш мэргэжилтэй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаагаар хасуулсан, Өмнөговь аймаг дахь Политехникийн коллежид хүнд механизмын багш ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, Ханхонгор сумын Өгөөмөр багт бүртгэлтэй боловч одоо Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, ......................... түр оршин суудаг, ял шийтгэлгүй, шагайн харваан Монгол улсын “Хошой мэргэн цолтой” спортод дур сонирхолтой болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-78/, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн засаг даргын тодорхойлолт /хх-90/, Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн ажил байдлын тодорхойлолт /хх-92-93/,  иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-96/, Монгол улсын хөдөө аж ахуйн их сургуулийн бакалаврын дипломын хуулбар /хх-97-99/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-100/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-103/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.С  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт хохирогч Н.Б д  2.670.000 төгрөг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Э.С ийг  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч  Н.Б д гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 2.670.000 төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч Э.С ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Э.С  нь оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоон, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Э.С  нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Шархацар овгийн Э.С ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С эд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.С  нь 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С  нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.С  нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б д гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 2.670.000 /хоёр сая зургаан зуун далан мянга/  төгрөг төлсөн болохыг дурдсугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота гранд Марк-2 маркийн мөнгөлөг өнгийн 98-83 ӨМҮ улсын дугаартай автомашины үнэ болох 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Э.С ээс гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Шүүгдэгч Э.С  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг  өөрөө  гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Э.С эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ