| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0078/Э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2019-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 78
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Д.Б ,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Алтайчин овогт Д.Б т холбогдох 1928000000068 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 04-нд Өмнөговь аймаг, Гурвантэс суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Гурвантэс сум, ...............гэх газарт оршин суудаг, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр суллагдсан, Алтайчин овгийн Д.Б , регистрийн дугаар ........................,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Д.Бя той маргалдан, харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд болсон зүйлийн талаар ярьсан. Одоо мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бя мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 05 сарын 09-ний өдөр Гурвантэс сумын төвд байдаг Д гэх ахынд би найз Д.Б , Д.Ч нартай хамт архи уугаад сууж байхад Д.Б нь гэрээс гарч явсан тэгээд 1 цаг орчим явж байгаад буцаж орж ирээд миний утсыг чи авчихлаа гээд намайг шууд өшиглөсөн тэгэхээр нь би аваагүй энд утас огт байгаагүй. Гэртээ оруулаад орхисон юм биш үү гэж хэлэхэд тэгвэл 2-лаа хамт оръё гэхээр нь би хамт яваад гэр лүү нь орсон тэгэхэд миний нүүр лүү цохиж газар унагаасан тэгээд би босоод зугтаж гэрээс нь гарсан тэгэхэд миний араас өмсөж байсан цамцнаас татаад газар унагааж байгаад миний хэвлий хэсэг рүү нэлээд хэдэн удаа өшиглөж байгаад зугтчихсан. Би Д.Б ыг зугтчихаар нь босоод явах гэхэд явж чадахгүй өвдөөд байхаар нь найз Буянтогтохын гэрт очиж машинаар нь эмнэлэг рүү хүргүүлсэн... Миний нүд болон хэвлий рүү Д.Б нь цохиж өшиглөж гэмтэл учруулсан... Би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Д.Б л намайг зодсон өөр хүнтэй би хэрүүл маргаан хийж зодолдоогүй... Би Д.Б тай танилцаад 2 жил болж байгаа. Миний нэг удаа цохисон тухайн үедээ хөхөрч хавдсан. 6-7 удаа өшиглөсөн байхаа би яг хэдэн удаа өшиглөсөнг нь мэдэхгүй байна...Надад одоо гомдол санал байхгүй. Би Д.Б аас эмчилгээний зардалд 100.000 төгрөг авсан...” гэжээ. /хх-6-7/,
Шүүгдэгч Д.Б ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 05 сарын 09-ний өдөр Д ахын гэрт А , Д.Ч , Д.Бя нарын хамтаар 1 шил 0,5 литрийн, 1 шил 1 литрийн багтаамжтай 2 архи хувааж уусан. Архиа ууж байгаад манай малыг маллаж байсан Д.Бя той юм ярьж байгаад муудалцсан. Тэгээд би урьд нь манайд агсан тавьсан асуудлыг хэлэхэд над руу уурлах чи манайг цагдаад барьж өгч байсан тэр малыг чинь алга болгосон гээд юм бодоод байдаг юм уу гэж хэлсэн би тэрэнд юм боддоггүй бодож байсан бол би гомдол гаргасан байгаа найз болохоор дуугүй байдаг шүү гэж хэлсэн. Надад байсан 8 мянган төгрөгөөр дэлгүүрээс 0,5 литрийн архи нэмж аваад Д ахын гэрт нь очиж хамт уусан тэгээд архиа ууж сууж байгаад миний утсаар хүнтэй яриад байсан тэгээд би явлаа хэдэн мал руугаа очлоо гээд утсаа авах гэхэд миний утсыг өгөхгүй байсан Д.Бя нь ирээд намайг заамдаад боогоод авахаар нь би Д ахын гэрээс гараад газар унагааж дээр дороо орж хэсэг ноцолдож байгаад салсан. Тэгээд би Д.Бя ийн хажууд суухад намайг заамдаж арагш нь түлхэж унагаад миний дээр гараад заамдаад өвдөглөөд суугаад байхаар нь би хөлөөрөө хэвлий хэсэг рүү нэг жийсэн тэгээд би өөрийнхөө юмыг авах гэхэд гаргаж өгөхгүй байхын гээд дахиж нэг хэсэг зууралдаж авсан. Тэгээд гаднаас Д ахын гэр лүү орсон Д.Бя эргээд удаагүй гараад явчихсан. Тэгээд эргэж орж ирээгүй... Д.Бя нь эхлээд намайг заамдаж авсан тэгээд бид 2 гэрээс гарч гадаа баахан зууралдсан. Тэгээд би намайг боогоод байхаар нь би хэвлий хэсэг рүү нь нэг удаа хөлөөрөө жийсэн... Би нэлээд их архи уусан байсан. согтсон байсан...” гэжээ. /хх-8-9/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бя ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 05 сарын 09-ний өдөр Гурвантэс сумын төвд Д гэх айлд Д.Ч , Д.Б нарын хамтаар нэг шил архи хувааж уусан тэгээд байж байгаад Бүүвэй гэрээс гараад явсан 30-40 минут орчим болсон тэгээд буцаж ирсэн тэгээд шууд миний хөл рүү өшиглөөд миний утас алга байна чи авчихлаа гэсэн би хариуд нь би аваагүй гэж хэлсэн тэгээд би чи гэртээ хаячихсан юм биш үү энд утас байгаагүй гэж хэлэхэд 2-лаа гэр лүү ороод үзье гэж хэлсэн тэгэхээр нь би хамт гэр лүү нь орсон. Гэр лүүгээ намайг оронгуут миний нүүр лүү цохиод газар унагаасан тэгэхэд нь би гэрээс нь гараад зугтахад миний өмсөж явсан цамцнаас татаж унагаад миний хэвлий хэсэг рүү нэлээд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд одоо миний элэг өвдөөд байгаа эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Нарийн шинжилгээ хийлгэ гэж эмч хэлсэн... Миний утас алга болсон чи авсан гэж худлаа хэлээд намайг зодож миний биед гэмтэл учруулсан. Хэрүүл маргаан огт хийгээгүй шууд л утас алга болсон чи авсан гэж л намайг зодсон... миний элэг, цээж рүү нэлээд олон удаа өшиглөсөн. Элгэнд цус хурсан байна гэж онош хэлсэн одоо алхаж гишгэж чадахгүй өвдөөд байна...” гэжээ. /хх-10/,
Гэрч Д.Ч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би тэр өдөр Д ахын гэрт очсон тэгэхэд Д.Бя нь ганцаараа байж байсан. Д.Бя бид 2 архи авах гээд дэлгүүр явж байхдаа Д.Б тай таарч архи аваад Д ахын гэрт очиж архи уусан. Д ахын гэрт байж байхад А гэх залуу гэрт орж ирсэн тэгээд архи ууж байгаад гэр лүү явчихсан. Тэгээд Д.Б , Д.Бя нартай хамт архи ууж байхад Д.Б нь гарч яваад 1 цаг орчмын дараа орж ирсэн тэгэхэд Д.Бя бид 2 архиа уугаад нийлээд согтсон байсан. Тэгээд би тэр 2-г гэрийн гадна хоорондоо муудалцаад байсныг сонссон намайг гэрээс гарах гэхэд Д.Бя нь чи байж бай гэсэн тэгээд би гэрт сууж байхад миний утас хаана байна утас өг гээд Д.Б Д.Бя оос нэхэж байгаа сонсогдсон тэгээд удалгүй тэр 2 зодолдоод байх шиг болсон тэгээд удаагүй Д.Б явчихсан байсан. Д.Бя нь эмнэлэг рүү явна гээд хашаанаас гараад явчихсан... Д.Б нь утсаа нэхээд байсан тэрнээс болоод тэр 2 муудалцсан байхаа. Д.Б нь маргааш нь утсаа олсон гээд явж байсан би маргааш нь тааралдсан. Д.Бя ийн бие нь өвдсөн гээд эмнэлэгт хэвтсэн байсан...” гэжээ. /хх-11/,
Шүүгдэгч Д.Б ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Д.Бя той, Д.Ч нартай Д ахын гэрт 0,75 литрийн нэг шил архи хувааж уусан тэгээд байж байхад Д.Бя миний утсаар хүнтэй ярьж байсан тэгээд би тэндээс явж байгаад буцаж ирсэн тэгэхэд миний утас гэрт байхгүй байхаар нь би Д.Бя оос утсаа асуухад надад байхгүй, би утас аваагүй гэхээр нь чи хүнтэй ярина гэж аваад утсаар ярьсан биз дээ гэж хэлэхэд Д.Бя над руу уурлаад утас аваагүй гээд гэрээс гарч байгаад заамдалцаж аваад намайг боохоор нь би нэг удаа нүүр лүү нь цохисон тэгэхэд Д.Бя нь газар суучихсан би хажууд нь суугаад байж байхад Д.Бя нь уурлаад байхаар нь би хэвлий рүү нэг удаа жийсэн тэгээд 2-3 удаа өшиглөчихөөд тэгээд би тэндээс явчихсан... Д.Бя той би эвлэрсэн. Би Гурвантэс сумын эмнэлэгт хэвтэхэд нь эмчилгээний зардал, хохирлыг нь төлж 100000 төгрөг бэлнээр өгсөн. Д.Бя одоо надаас нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэжээ. /хх-24-25-23/,
2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... Д.Б ын биед төмсөгний зөөлөн эдийн гэмтэл гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ /хх-13/,
2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 294 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Д.Бя ийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-16/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Хохирогчоор тогтоох тогтоол /хх-4/,
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /хх-5/,
Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хх-26-27/,
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Сайн-Эрийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-30/,
Өмнөговь аймгийн Гурвантэс сум Урт багийн засаг даргын тодорхойлолт /хх-31/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/,
Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-34-44/,
Шүүгдэгч Д.Б ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-52/,
Шүүгдэгч Д.Б ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-54-55/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бя ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-57-58/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 21-22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Д.Бя той гар утас авлаа гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.
Шүүгдэгч Д.Б т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б ын гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болон хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 21-22 цагийн орчимд Д.Бя ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бя ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-6-7/, шүүгдэгч Д.Б ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-8-9/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бя ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-10/, гэрч Д.Ч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-11/, шүүгдэгч Д.Б ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-24-25-23/, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 294 дугаартай шинжээчийн “...Д.Бя ийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-16/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бя ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-57-58/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь 1989 оны 05 дугаар сарын 04-нд Өмнөговь аймаг, Гурвантэс суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Гурвантэс сум, ...............гэх газарт оршин суудаг, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр суллагдсан болох нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Сайн-Эрийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-30/, Өмнөговь аймгийн Гурвантэс сум Урт багийн засаг даргын тодорхойлолт /хх-31/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-52/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-34-44/-аар тогтоогдож байна.
Согтууруурлыг шалгах багажаар шалгасан тэмдэглэлд /хх-26-27/ шүүгдэгч Д.Б ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор драгер багажаар шалгахад 2.09 хувьтай гарсан нь согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промил (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан тул шүүгдэгч Д.Б ыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч шүүгдэгч Д.Б т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоон, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бя нь мөрдөн байцаалтын шатанд “Надад одоо гомдол санал байхгүй. Би Д.Б аас эмчилгээний зардалд 100.000 төгрөг авсан” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар эрүүгийн хуульд заасан тул шүүгдэгч Д.Б ын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг үндэслэн гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 21-22 цагийн орчимд гэж тогтоож шийдвэрлэсныг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алтайчин овогт Д.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Б нь 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бя ид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 100.000 /нэг зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ