| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2016/0461/И |
| Дугаар | 466 |
| Огноо | 2016-09-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 466
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД: *******/
Хариуцагч: *******, *******, тоотод оршин суух, овгийн гийн /РД: /-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., хариуцагч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Л. нь Ц. гэдэг хүнээр дамжуулан Ц.*******аас 2015 оны 12 дугаар сард нэг машин модыг 2.000.000 төгрөгөөр худалдан авсан. Хариуцагч Л. 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөгийг өгнө гэж 2016 оны 3 дугаар сарын 24-ний бичиг хийж өгсөн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Ц.******* мөнгөө нэхэж түүний гэрт нь очиход эх нь өгөхгүй гэж маргаж, биед нь гэмтэл учруулсан тул цагдаад эрүүгийн журмаар шалгагдаж байгаа. Бид энэ хэргийн хувьд хугацаа зааж эвлэрэх боломжтой байсан. Гэтэл хариуцагч Л. эрүүгийн хэрэгт гомдолгүй гэвэл эвлэрэх санал тавьсаныг зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Л. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2015 оны 11 дүгээр сард Налайхад бичил уурхай ажиллуулахаар Ц.ээс нэг машин зах банзыг 1.500.000 төгрөгөөр зээлээр авахаар тохирсон. Би Яармаг руу хүн явуулж банзаа авахуулсан. 2015 оны 12 дугаар сард Ц.эд 300.000 төгрөг өгсөн. Харин үлдэх 1.200.000 төгрөгийг хэзээ өгөхөө тохироогүй.
Гэтэл Ц.******* гэх хүүхэн 2016 оны 3 дугаар сард ирээд банзны мөнгө нэхсэн. Би уурхайгаа ажиллуулж чадаагүй болохоор шууд мөнгө өгөх боломжгүйгээ хэлж, мөнгийг 2.000.000 төгрөг болгон 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өгөхөөр бичиг хийж өгсөн. Ингэхдээ 500.000 төгрөгийг хүүнд тооцон өгнө гэж хэлсэн. Шүүхийн шатанд өгсөн тайлбартаа 1.700.000 төгрөгийг өгөхөөр зөвшөөрч байсан ч уг модыг нэхэмжлэгч Ц.*******аас биш Ц.ээс авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Л.т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Зохигчид Зил-130 машин зах банз өгсөн, авсан эсэх талаар маргаагүй. Харин хариуцагч Л. “...нэг машин зах банзыг Ц.ээс 1.500.000 төгрөгөөр худалдан авч, 300.000 төгрөгийг өгсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн татгалзсан.
Шүүх нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулан өгөх, хариуцагч Л. нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар няцаах үүрэг хүлээдэг.
Иймд зохигчдын шүүхэд өгсөн хэргийн үйл баримтыг харьцуулан үнэлвэл: нэхэмжлэгч Ц.******* өөрийн өмчлөлийн нэг машин зах банзыг Ц.ээр дамжуулан хариуцагч Л.т 2015 оны 12 дугаар сард худалдахаар шилжүүлэн өгсөн нь зохигчийн маргаагүй нотолгооны хэрэгсэл болох бичгийн баримт буюу хариуцагч Л.ын “...2015 оны 12 дугаар сард Ц.*******аас банз авсан. Энэ банзны мөнгө болох нийт 2.000.000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр бүрэн төлж барагдуулна” гэсэн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт, мөн хариуцагч Л.ын “...нэг машин зах банз модыг Ц.ээс биш Ц.*******аас авсан гэдгээ сүүлд мэдсэн” гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Иймээс зохигчдын хооронд худалдах, худалдан авах харилцаа үүссэн байх тул хариуцагч Л. мөнгөн төлбөрийн үүргийг Ц.ийн өмнө бус нэхэмжлэгч Ц.*******ын өмнө хүлээнэ.
Мөн хариуцагч Л. “...Ц. миний бие 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр банзны мөнгөний урьдчилгаа 300.000 төгрөгийг авсан нь үнэн болно. Нийт 1.500.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг хасаад 1.200.000 төгрөг үлдсэн” гэсэн баримтыг шүүхэд өгч, нэг машин зах банзны үнийн дүнгийн талаар маргаж байгаа ч нэхэмжлэгч Ц.*******ын өмчлөлийн эд зүйлийг худалдан авсан болохоо мэдэж, түүнд нэг машин зах банзны үнэ 2.000.000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлөхөөр зөвшөөрсөнийг зохигчдын тохирсон үнэ гэж үзлээ.
Иймд хариуцагч Л.аас захиран зарцуулах эрхтэйгээр шилжүүлэн авсан нэг машин зах банзны үнэ 2.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу гаргуулж нэхэмжлэгч Ц.*******т олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.аас 46.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч овгийн гийн аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* овгийн *******ийн *******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.аас 46.950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС