| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/02193/И |
| Дугаар | 102/ШШ2016/04993 |
| Огноо | 2016-08-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2016/04993
2016 оны 08 сарын 30 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/04993 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 44 дүгээр байрны 75 тоотод оршин суух, Хар бүргэд овогт Цэдэндоржийн Даваасүрэн /РД-РЮ64072009/-гийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, өөрийн байранд оршин байгаа Хүүхдийн төв сувилалд холбогдуулан гаргасан,
Ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,499,257 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл,
Хариуцагчийн, Ц.Даваасүрэнгээс байгууллагын эд хөрөнгөд учруулсан хохиролд 1,253,303 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Даваасүрэн, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг /шүүхэд төлөөлөх эрх-0309/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганцэцэг, түүний өмгөөлөгч Н.Баярхүү /шүүхэд төлөөлөх эрх-1179/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Даваасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн төв сувилалд төрсөн хүний оронд түр гэрээгээр ажилд орсон. 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр манай сувилалын захирал солигдсон юм.
Энэ үеэр н.Мөнх-Оюун эмч ажилдаа орсон боловч 14 хоног ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас гарсан тул намайг үндсэн ажилтнаар авсан.
Би хараа муутай бөгөөд 2016 оны 01 дүгээр сард хуралд яарч явж байхдаа захирлыг танилгүй өнгөрсөн байсан. Захирал намайг таньсангүй, дургүй байна уу гэсэн.
Ингээд 2-3 хоногийн дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр захирлын Б/05 дугаар тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан.
Тушаалд намайг өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, шаардлагын дагуу гүйцэтгээгүй, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан ноцтой зөрчил гаргасан гэж буруутгасныг ойлгохгүй байна.
Намайг ажлаас халах үндэслэл болон зөрчлүүдийг хэн, ямар албан тушаалтнууд хэзээ шалгасан нь мэдэгдэхгүй байхаас гадна захирлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэлгүй, надаас асууж тодруулалгүйгээр эчнээ маягаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний хувьд сахилгын болон ажил үүргийн зөрчил гаргаагүй.
Би сахиуртай 1, 2 дугаар хэсгийг хоёуланг нь хариуцан ажиллаж байсан. 5 дахь өдөр сахиуртай эцэг, эхчүүдийн хүсэлтээр 2 өдрийн эмчилгээг нь бичиж өгөөд 7 хүүхдийг гаргасан ба энэ талаар жижүүр эмчид мэдээ өгч мэдэгдсэн.
Намайг хөдөлмөрийн гэрээний 5.3.2-т заасан үндэслэлээр ажлаас халсан. Би ийм зөрчил гаргаагүй. Хариуцагч тал хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэдэг. Намайг ажиллаж байх үед хэрэгт байгаа дотоод журам байгаагүй бөгөөд би өөрийн ажиллаж байх хугацаанд мөрдөгдөж байсан дотоод журмыг зөрчөөгүй. Байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэдгийг одоо болтол ойлгохгүй байгаа.
Иймд Хүүхдийн төв сувилалын захирлын 2016 оны Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгон, намайг урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 10,499,257 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Хүүхдийн төв сувилал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн сайжруулах зорилгоор сахиуртай хэсгийг ажиллуулж эхэлсэн.
Ц.Даваасүрэн нь тус сувилалд 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/15 тоот тушаалаар түр томилогдон хоол тэжээлийн эмгэгтэй, сульдаа цус багадалт зэрэг суурь өвчтэй хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлдэг сахиуртай 1, 2 дугаар хэсэгт ажиллаж байсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар ажлаас халагдсан.
Тэрээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2.2.2, 2.2.5, Хүүхдийн төв сувиллын түр сувилах тасгийн сахиуртай хэсэгт хүүхэд сувилуулах журам-ын 1.2-т заасныг зөрчиж тус тасгаас урьдчилан мэдэгдэлгүй 9 хүүхэд сувиллаас гаргасан.
Түүнчлэн нэхэмжлэгчийн энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 5.3.2-т заасан өөрийн хариуцан гүйцэтгэж буй ажил үүргээ зохих журмын дагуу хийж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байсан.
Ц.Даваасүрэн нь ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн зорилтын хүрээнд заасан сахиуртай хэсгийн орны эргэлт, орны фонд ашиглалтыг жигд, тасралтгүй хэрэгжүүлэн ажиллах, үйл ажиллагааг алдагдуулж хамтран ажилладаг эмчлэгч эмчийн өвчтэй байх хугацаанд өөрийн хариуцан ажиллаж байсан сахиуртай 1, 2 дугаар хэсгийн хэвтэн эмчлүүлэгчдийг 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл 30 хувиар бууруулж ажилласан болно.
Сахиуртай 1 дүгээр хэсгээс урьдчилж мэдэгдэлгүйгээр сувилуулагч н.Бүжинлхам, н.Өнөтүшиг, н.Гоомарал, н.Нандинхүсэл, сахиуртай 2 дугаар хэсгээс н.Амин-Эрдэнэ, н.Маргад-Эрдэнэ, н.Номин, н.Оюун-Эрдэнэ, Н.Ану нарыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан болох нь тогтоогдсон. Үүнээс үүдэж сахиуртай хэсгийн 9 ор 4 хоног сувилуулагчгүй болж үйл ажиллагаа алдагдсан.
Эрүүл мэндийн сайдын 427 дугаар тушаалыг үндэслэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бүртгэх, мэдээлэх журам байгууллагын үндсэн зорилт болох ор хоногийн эргэлтийг сайжруулах эмч нарын хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. Үүний дагуу мэдээллийн мэргэжилтэнд урьдчилан мэдэгдэх гэсэн зааварчилгааг мөрдөн ажиллахаар тусгасан.
Ц.Даваасүрэн эмч үүнийг мэдсээр байж байгууллагын хэвийн үйл ажиллагааг санаатай алдагдуулсан нь тогтоогдсон болно.
Энэ нь сахилгын ноцтой зөрчил болох ажлаас халах хангалттай үндэслэл болсон.
Иймд тус сувилалын захирлын Б/05 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Хүүхдийн төв сувилал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганцэцэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ц.Даваасүрэн нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гарган ажлаас халагдсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний 5.3.2, Хүүхдийн төв сувилалын түр сувилах тасгийн сахиуртай хэсэгт хүүхэд сувилуулах журмын 1.2-т заасныг зөрчин хэвтэн эмчлүүлэх хүүхдийн дараалал олон байгааг мэдсээр байж хойно дурдагдах нэр бүхий 9 хэвтэн эмчлүүлэгчдийг гаргаад хэнд ч мэдэгдэлгүй 9 ор 4 хоног сул байлгаж, асрагч сувилагч нарыг сахиуртай хэсэгт илүү цагаар ажиллуулж, цалин хөлсний зардал 890,554.18 төгрөг, нийгмийн даатгалын зардал 187,015.37 төгрөг, хүн амын орлогын албан татварын зардал 98,596.95 төгрөг, мөн сувилалын гал тогоонд хүүхдийн хоолны тоог хасуулалгүй 4 хоног илүү хоол хийлгэн 77,136.26 төгрөгийн зардал гаргуулж, байгууллагад нийт 1,253,302.63 төгрөгийн хохирол учруулсан болно.
Хүлээн авах хэсгийн бүртгэлээр тухайн үед Хүүхдийн төв сувилалд хэвтэн эмчлүүлэх хүсэлт гарган бүртгүүлсэн 27 хүүхэд байсан нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй, байгууллагад хөрөнгийн хохирол учруулахгүй байх боломж байсныг тус тус нотолж байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т заасны дагуу түр томилгоотой ажиллаж байх хугацаандаа санаатайгаар байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгууллагад хөрөнгийн хохирол учруулсан Ц.Даваасүрэнгээс 1,253,302.63 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ц.Даваасүрэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
1.Анх тус байгууллагад их эмчээр ажилд орохдоо хүүхэд асрах чөлөөтэй байсан эмчийн оронд орсон боловч н.Мөнх-Оюун эмч 2015 оны 3 дугаар сарын 02-ноос 16-ны өдрийг хүртэл ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Ингээд би үндсэн орон тоон дээр хүүхдийн эмчээр үлдсэн буюу тус байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулсан.
Намайг байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан тул халсан гэх ба энэ нь үндэслэлгүй. Уг байгууллагад ажиллах 1.6 жилийн хугацаанд давхардсан тоогоор 340 гаруй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хариуцаж, эмчилж сувилан үйлчлүүлэгчид болон хамтран ажиллагсдын зүгээс талархал хүлээж байсан. Тэдний зүгээс надад хандаж гаргасан гомдол, чирэгдлийн санал ирсэн удаа байхгүй.
Гэтэл сөрөг нэхэмжлэлдээ санаатайгаар давтан зөрчил гаргасан, урьд нь сануулж байсан хэмээн бичжээ.
Хүүхдийн төв сувилал нь нийт 90 ортой ба үүний 40 нь бага насны хэсэг, ахлах насны хэсэг, сэргээн засах хэсэгт ногдож, улсын хэмжээнд бүтэн өнчин, олдмол, гээгдсэн 0-3 насны хүүхдүүд болон ар гэр нь авахаас татгалзсан тархины саажилттай хүүхдүүдийг асран халамжлах үйлчилгээнд зориулагддаг. Үлдсэн 50 ор нь бусад хэсгүүдэд ногдож ажилладаг онцлогтой.
Байгууллагын ор ашиглалтын талаарх хүснэгтээс харахад жилийн турш доголдолтой явж ирсэн байх бөгөөд намайг халагдах хүртэл хэнд ч энэ асуудлаар ямар нэгэн хариуцлага ногдуулж байгаагүй.
2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр баасан гарагт би нэр бүхий 7 хүүхдийг эцэг, эхийнх нь хүсэлтийг үндэслэн сувилалын журмын дагуу гаргасан. Тэд үдээс хойш гарцгаасан тул хүүхэд дуудах боломжгүй. Учир нь үдээс хойш эмнэлгээс гарч буй хүүхэд тухайн өдрийн эмчилгээгээ бүрэн хийлгэж эмнэлгээс гардаг, харин ор сулрах сургаар дараагийн хүлээгдэж буй хүүхдийг дуудвал тухайн 1 ор дээр 2 хүүхэд эмчилгээ хийгдэж давхардах болно.
Дараагийн өдрүүд нь бямба, ням гараг байсан учир дотоод журмаараа хүүхэд хүлээн авах хуваарьгүй билээ.
Намайг байгууллагад хохирол учруулсан гэж байгааг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл хүүхэдгүй оронд хоолны зардал тооцож, графикийн дагуу ажлаа хийж буй 10 сувилагч, асрагч нарын илүү цаг, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар зэргийг хэсэгчлэн бодож, үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан.
Би байгууллагын эд хариуцсан албан тушаалтан биш бөгөөд эмч мэргэжилтнийхээ хувьд хүний амь нас, эрүүл мэнд хариуцдаг.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Даваасүрэн, Хүүхдийн төв сувилалд холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,499,257 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх үндсэн нэхэмжлэл,
Хариуцагч Хүүхдийн төв сувилал нь нэхэмжлэгчээс байгууллагын эд хөрөнгөд учруулсан хохиролд 1,253,302 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг тус тус гаргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч тал үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, татгалзаж буй үндэслэлээ ... урьдчилан мэдэгдэлгүйгээр 9 хүүхдийг гаргаж, 9 ор 4 хоног хүнгүй байлган байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан ... гэж тайлбарладаг. /хх-195 дугаар хуудасны ар тал/
Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачлагаар цуцлах зохицуулалт бөгөөд үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтаар зохицуулжээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Хүүхдийн төв сувилал нь Ц.Даваасүрэнтэй 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал 3 сарын туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс байнгын сувилах тасгийн их эмчийн ажилд томилон ажиллуулснаар талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна. /хх-4-7 дугаар хуудас/
Дээрх хугацаанаас хойш Ц.Даваасүрэнг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь тус сувилалын захирал 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Б/05 дугаар тушаал гаргаж нэхэмжлэгчийг өөрийн хариуцан гүйцэтгэж буй ажил үүргээ зохих чанар, шаардлагын дагуу гүйцэтгээгүй, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.5, хөдөлмөрийн гэрээний 5.3.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлжээ. /хх-3 дугаар тал/
Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдах үндэслэлтэй тохирч байж Хөдөлмөрийн хуульд нийцдэг.
Хариуцагч байгууллагын захирал Б/05 тоот тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байх тул уг тушаалыг хуульд нийцээгүй эрх зүйн акт гэж үзнэ.
Мөн хариуцагч тал нь нэхэмжлэгч Ц.Даваасүрэнг ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээний 5.3.2-т заасан ноцтой зөрчил гаргасан буюу өөрийн хариуцан гүйцэтгэж буй ажил үүргээ зохих чанар, стандарт шаардлагын дагуу хийж чадаагүй гэх үйл баримтаа баримтаар нотолж чадахгүй байна.
Хүүхдийн төв сувилалын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийг хэвтэн сувилуулагчдын өвчний түүхийг хаадаггүй, өмнөх ажиллаж байсан газраа Ц.Даваасүрэн нь зөрчил гаргаж байсан гэж мэтгэлцэх боловч хэрэгт авагдсан нэр бүхий 9 хүний өвчний түүх хаагдсан байдаг төдийгүй нэхэмжлэгч, эмчлүүлэгч Ц.Гоомарал, Ц.Нандинхүсэл нарыг хариуцан эмчилдэггүй байсан болох нь өвчний түүхэнд бичигдсэн эмчлэгч эмчийн нэрээр тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийг ажил үүргээ зохих чанарын дагуу гүйцэтгэж чадахгүй болсон гэдгийг нь тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт хэрэгт авагдаагүйн гадна Ц.Даваасүрэнгийн өөр газар ажиллаж байхдаа гаргаж байсан гэх зөрчил нь одоогийн ажил олгогч байгууллагад хамааралгүй юм.
Хариуцагч Хүүхдийн төв сувилал нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн дотоод журмын 2.2.5 дахь заалтыг зөрчиж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж маргадаг.
Ажил олгогчоос гаргасан журамд тусгагдсан ажлын байрны горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэж болохгүй, харин хөдөлмөрийн дотоод журмын заалтыг зөрчвөл ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасан тохиолдолд адилтган үзэж болох тул хариуцагчийн, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэж буруутган хөдөлмөрийг гэрээг цуцалж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Ц.Даваасүрэн тус сувилалын сахиуртай 1, 2 дугаар хэсэгт эмчээр ажиллаж байхдаа хэвтэн эмчлүүлж байсан Д.Өнөтүшиг, М.Бүжинлхам, Б.Маргад-Эрдэнэ, Ж.Оюун-Эрдэнэ, Б.Номин, Б.Ану, Б.Амин-Эрдэнэ нарыг Баасан гарагт буюу 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13-14 цагийн хооронд сувилалаас гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд уг үйл баримт нь хэрэгт авагдсан өвчний түүхээр нотлогддог.
Гэвч үүнээс болж тус байгууллагын хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан, мөн нэхэмжлэгчийг ажил үүргээ зохих шаардлагын дагуу гүйцэтгээгүй гэж үзэх боломжгүй байна.
Учир нь Хүүхдийн төв сувиллын түр сувилах тасгийн сахиуртай хэсэгт хүүхэд сувилуулах журмын 2.1-т сахиуртай хэсэгт хэвтэн сувилуулагчийг долоо хоног бүрийн Мягмар, Лхагва, Баасан гариг бүрт 9.00-11.00 цагийн хооронд хүлээн авахаар заажээ.
Хүүхдийн төв сувилал нь журамд заасан хуваарийн дагуу тул 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр буюу Баасан гарагийн өглөө 11 цаг хүртэл хэвтэн эмчлүүлэгчдийн бүртгэлд бүртгэгдсэн сувилуулагч нарыг авсан байх ба Ц.Даваасүрэн нь уг хугацаанаас хойш 7 хэвтэн эмчлүүлэгчийг гаргасны улмаас мөн сарын 25 буюу 2 дахь өдөр /хэвтэн эмчлүүлэгч хүлээн авах хуваарьт өдөр/ хүртэлх хугацаанд байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж үзэх боломжгүй байна.
Мөн хэрэгт авагдсан жижүүр эмчийн бүртгэлийн дэвтрээс харахад 2016 оны 01 дүгээр сарын 21-нээс 25-ны өдрийг хүртэлх хугацаанд гарсан жижүүр эмч нь хэвтэн эмчлүүлэгчдийн тоо хасагдсаныг бүртгэн, тэмдэглэл хийсэн байх тул хариуцагч талын мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Иймээс хариуцагч Хүүхдийн төв сувилалыг нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийг гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан гэж дүгнэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ц.Даваасүрэнг урьд эрхэлж байсан эмчлэгч эмчийн албан тушаалд нь эгүүлэн тогтоов.
Харин ажил олгогч Хүүхдийн төв сувилалын захирлын Б/05 дугаар тушаал нь хуулийн үндэслэлгүй гарсан хэдий ч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх, уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэн, нэхэмжлэгчийн тушаал хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.
Цалин, хөлс гаргуулах шаардлагын хувьд: Нэхэмжлэгч Ц.Даваасүрэн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,499,257 төгрөг нэхэмжилдэг.
Шүүх нэхэмжлэгч Ц.Даваасүрэнг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон учир хариуцагч байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтанд ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэг үүссэн гэж үзлээ.
Хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан хөдөлмөрийн гэрээнээс харахад Ц.Даваасүрэнгийн үндсэн цалинг 734,591 төгрөг, нярайн нэмэгдэл 10 хувь, хоол унаанд 40,000 төгрөгөөр тогтоосон байна.
Ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д заасныг баримтлан Ц.Даваасүрэнгийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин хөлснөөс тооцоход дундаж цалин хөлс нь сард 1,563,719 төгрөг, өдөрт 72,731 төгрөг болж байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл буюу 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцоход ажлын 144 хоног байх тул /144 хоног х 72,731 төгрөг/, хариуцагч Хүүхдийн төв сувилалаас цалин хөлсний олговорт 10,473,382 /арван сая дөрвөн зуун далан гурван мянга гурван зуун наян хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Даваасүрэнд олгож, нэхэмжлэлээс 25,969 /хорин таван мянган есөн зуун жаран есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн хариуцагч тал нь хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй учир нэхэмжлэгч Ц.Даваасүрэнгийн ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн хийж, баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Хариуцагч Хүүхдийн төв сувилал нь нэхэмжлэгчээс байгууллагын эд хөрөнгөд учирсан хохиролд 1,253,302 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ... 9 ор, 4 хоног сул байлгаж, асрагч сувилагч нарыг сахиуртай хэсэгт илүү цагаар ажиллуулж цалин хөлсний зардал 890,554.18 төгрөг, нийгмийн даатгалын зардалд 187,015.37 төгрөг, хүн амын орлогын албан татварын зардал 98,596.95 төгрөг, илүү хоол хийлгэн 77,136.26 төгрөгийн зардал гаргуулсан гэж тайлбарладаг.
Шүүх хариуцагч талыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж дүгнэлээ.
Хүүхдийн төв сувилал нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох шүүхэд ирүүлсэн бичгийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй төдийгүй сахиуртай 1, 2 дугаар хэсэгт 4 хоног сувилагч, асрагч нар илүү цагаар ажиллаж тэдэнд илүү цалин хөлс олгосон, нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварт илүү төлөлт хийсэн, мөн хүүхдийн хоолны үнэ 77,136 төгрөгийн өртөг бүхий байсан гэдгээ баримтаар нотолж чадаагүй бөгөөд шүүх хуралдааны үеэр хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, хуулийн дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарладаг. /хх-71-77, 199-201 дүгээр тал/
Тус сувиллын сувилагч, асрагч нар тогтоосон хуваарийн дагуу ээлжээр ажилладаг болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба хэвтэн сувилуулагчид цөөрснөөр сувилагч асрагч нарын ажиллах ээлж болон тоо нь өөрчлөгддөгүй байна.
Мөн хариуцагч тал нь нэхэмжлэгч Ц.Даваасүрэнтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй учир түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага тооцох хуулийн үндэслэлгүй юм.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Уг маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Даваасүрэнг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Даваасүрэнг урьд эрхэлж байсан эмчлэгч эмчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацаанд урьд ажиллаж байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 10,473,382 /арван сая дөрвөн зуун далан гурван мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг хариуцагч Хүүхдийн төв сувилалаас гаргуулан Ц.Даваасүрэнд олгон, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалган, нэхэмжлэлээс үлдэх Хүүхдийн төв сувиллын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг, мөн 25,969 /хорин таван мянга есөн зуун жаран есөн/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар хариуцагч Хүүхдийн төв сувиллын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1. 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД