Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 209/МА2025/00011

 

"*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны  01 дүгээр сарын 20-ны өдрийн 135/ШШ2025/00109 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үнэлээ хүчингүй болгуулах" тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Гомдол гаргагч “*******” ХХК Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж, хариуцагч тал “...хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэсэн заалтыг зөрчиж гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан. / х.х -1, 46, 47 /

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

   3.1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн 135/ШШ2023/00390 дугаартай захирамжаар "*******" ХХК нь 29,175,551 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу хувааж "*******" ХХК-д төлөх, хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн *******,*******,******* тоот хаягт байршилтай, 1336,0 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-******* тоот дугаартай газар, Дархан-Уул аймгийн *******,*******,******* тоот хаягт байршилтай, 48 м.кв хувийн сууцны зориулалттай Ү- бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, / х.х 51-53 /

3.2 Энэхүү шүүгчийн захирамжийг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 24/13 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг үндэслэн шинжээч томилсны дагуу ХХК-ийн 2024 оны 11 сарын 25-ний өдрийн №ШД-424/11480 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар Дархан-Уул аймгийн *******,*******,******* тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү- дугаартай хувийн сууц, Г-******* дугаартай газрын хамт зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 11 сарын байдлаар 35,696,868 төгрөгөөр үнэлсэн байна. / х.х 48-64 /

4. Хөрөнгийн үнэлгээний талаарх 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 01/2935, 01/2937 дугаар “...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу үнэлгээ тогтоолгоход барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, *******,*******,******* тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц, 1336 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 35,696,868 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн мэдэгдэж байна.Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг мэдэгдье...” гэсэн мэдэгдлийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мөн өдрөө утсаар мэдэгдэж, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шуудангаар хүргүүлсэн нь мэдэгдэл болон шүүх хуралдаанд гомдол гаргагч *******гийн гаргасан тайлбараар тогтоогдсон. / х.х 64, 65, 104, 105 /

   5. Анхан шатны шүүх маргааны дээрх үйл баримтыг зөв тогтоосон хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв. Тодруулбал:

   5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасан.

   5.2. Нэхэмжлэгч ******* “...надад эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсанаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэйг танилцуулж, тайлбарлаагүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...******* нь өөр нэг хэрэг дээр төлбөр төлөгчөөр явж байгаа болохоор хамтад нь танилцуулсан гэж явж байгаа” / х.х 104 / гэж маргаж байгаа.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

5.4. Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээчний 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тайланг хүлээн авснаас хойш 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр талуудад мэдэгдсэн байх боловч тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлсөн эсэх нь баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчид эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо тайлантай танилцсанаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэйг тайлбарлан, танилцуулсан гэсэн тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй байна.

5.5. Үнэлгээний тайланг талуудад танилцуулах, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтлөх нь шийдвэр гүйцэтгэгчийн заавал хийх ажиллагаа бөгөөд энэхүү ажиллагааг хийгээгүй атлаа хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг шүүхэд хандах хугацаа хэтрүүлсэн гэж буруутгах нь учир дутагдалтай юм.

6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

7. Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийг шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргахаар, мөн шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахаар тус тус хуульчилсан.

7.1 Гэвч анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг зөрчин 7 хоногт иргэний хэрэг үүсгэж, 14 хоногт шийдвэр гардуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй ч цаашид энэ алдааг гаргахгүй байхыг анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны  01 дүгээр сарын 20-ны өдрийн 135/ШШ2025/00109 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

   Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т тус тус заасныг баримтлан "*******" ХХК-ийн гомдолтой, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хангаж, “Ашидбилгүүн” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №ШД-424/11480 дугаар хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай гэж,

   2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

   3. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МЯГМАРСҮРЭН

                                            ШҮҮГЧИД                                      Я.ТУУЛ                                     

                                                                                                         Р.ҮҮРИЙНТУЯА