Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 81

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,

            Шүүгдэгч Д.Б ,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овгийн Д.Б д холбогдох 1928000720063 дугаартай нэг хавтас хэргийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 24-нд Дорнод аймаг, Могод суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, Даянбайгаль ХХК-д арматурчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ................тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Хатагин овгийн Д.Б , регистрийн дугаар .......................;

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумаас Улаанбаатар хот явах засмал замын 2 дахь километрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 28-71 УНЯ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” мөн дүрмийн 3.7а-д заасан “...Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Г.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтэд дэлгэрэнгүй уншиж сонсгосон гэв.

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орчим  Өмнөговь аймагт барилгын ажил хийхээр 7 найзынхаа хамтаар очсон. Бид нар нэг бригад болоод барилгын ажил хийдэг. Өмнөговь аймагт угтах, гарах хаалга хийхээр очсон байсан юм. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний орой ажлаа хийж дуусаад 21 цагийн орчим хамт барилгын ажил хийж байсан Д.Б  мөн компаний хоёр ажилтны хамт /нэрийг нь санахгүй байна гэх/ 28-71 уня улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй нь Д.Б  өөрөө жолоогоо бариад аймгийн төв рүү дэлгүүр орохоор явсан. Замын хөдөлгөөнд оролцоод явж байхад нь би арын суудлаас хөгжим солих гээд гараа урагшаа нь болгож хөгжим солих үед замын хажуу талын бөөрөнхий босоо цементэн гэрлийн шон тулаад ирсэн, тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна. Тэгээд би ухаан ороод эмнэлэгт байгаагаа мэдсэн. Маргааш нь аймгийн эмч нар үзээд даруйхан Улаанбаатар хот руу явж хагалгаанд ор гэж хэлсэн. Би тэр өдрөө эмнэлгийн машинаар Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод ирээд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон. Эмнэлэг 10 хоноод гарсан... Д.Б  бид нар ажлаа тарчихаад байрлаж байгаа газраа ажлынхаа 5 хүний хамтаар 19 цагийн орчим нэг шил 0.75 граммын архи уусан байсан юм. Тэгээд дахин дэлгүүр орохоор явж байгаад зам тээврийн осол болсон. Д.Б  нь машинаа жолоодож явах үед согтолт нь бага байсан... Зам тээврийн ослын улмаас миний нуруу доод хэсгээрээ далавч яс нь хугарч, үе нь мултарсан. Одоо миний биеийн байдал зүгээр болж байна. Эмчилгээгээ тогтмол хийлгэж байгаа...Д.Б  нь жолоогоо бариад, урд талын жолоочийн хажуугийн суудалд цуг ажилладаг залуу /нэрийг нь санахгүй байна гэх/ суугаад, би өөрөө жолоочийн арын суудал дээр сууж явсан. Миний хажууд цуг ажилладаг залуу сууж байсан /нэрийг нь санахгүй байна гэх/. Би суудлын бүсээ зүүгээгүй байсан. Жолооч болон жолоочийн хажууд сууж явсан залуу суудлын бүсээ зүүсэн байсан...Надад гомдол санал хүсэлт байхгүй.” гэжээ. /хх-25-27/,

             Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орчим /яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна гэх/ Өмнөговь аймагт барилгын ажил хийхээр 7 найзынхаа хамтаар очсон. Бид нар нэг бригад болоод барилгын ажил хийдэг. Өмнөговь аймагт угтах, гарах хаалга хийхээр очсон байсан юм. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний орой ажлаа хийж дуусаад 21 цагийн орчим хамт барилгын ажил хийж байсан Д.Б  мөн компаний хоёр ажилтны хамт /нэрийг нь санахгүй байна гэх/ 28-71 уня улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй нь Д.Б  өөрөө жолоогоо бариад аймгийн төв рүү дэлгүүр орохоор явсан. Замын хөдөлгөөнд оролцоод явж байхад нь би арын суудлаас хөгжим солих гээд гараа урагшаа нь болгож хөгжим солих үед замын хажуу талын бөөрөнхий босоо цементэн гэрлийн шон тулаад ирсэн, тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна. Тэгээд би ухаан ороод эмнэлэгт байгаагаа мэдсэн. Маргааш нь аймгийн эмч нар үзээд даруйхан Улаанбаатар хот руу явж хагалгаанд ор гэж хэлсэн. Би тэр өдрөө эмнэлгийн машинаар Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод ирээд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон... Миний эрүүл мэндэд учирсан хохирлыг бүгдийг нь Д.Б  төлж барагдуулсан... Миний бүх эмчилгээний хохирлыг Д.Б  нь төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-29-31/,

Шүүгдэгч Д.Б ы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 04 дүгээр сарын 01-ны орой 20 цаг өнгөрч байхад тухайн өдрийн ажлаа дуусгачхаад 0.75 литрийн 1 шил “Соёрхол” нэртэй архи 2.5 литрийн том пивыг манай барилгын Г.Б , Ба , Од, Төгөлдөр бид нар компанийхаа амралтын гэртээ уусан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад бид нарын ууж байсан архи пиво дуусаад бид нар мөнгөө цуглуулаад Г.Б , Ц.О , Г.М  бид дөрөв миний машинтай дэлгүүр явахаар болсон. Тухайн үед уул нь Ц.О ээр машинаа бариулах гэж байсан юм аа тэгтэл Ц.О  үнэмлэхгүй гэхээр нь би архи уугаад бас жоохон согтчихсон байсан болохоор өөрөө машинаа унаад явсан. Миний машинд би жолоо бариад миний хажууд Г.М  сууж байсан Г.Б , Ц.О  хоёр арын суудал дээр сууж байсан. Цагдаагийн пост өнгөрөөд явж байхад Г.Б  араас хөгжим солих гээд намайг жолоо барьж байхад саад учруулаад байхаар нь би эргэж хараад ахын дүү наад дуугаа явуулчихаа гэж хэлээд эргээд замаа хартал замын баруун талын бөөрөнхий цацруулагчтай бетонон шон тулаад ирсэн байхаар нь сандарсандаа зүүн дартал эсрэг урсгалынхаа шороо руу буугаад нь баруун дарсан чинь машин 1 билүү хоёр удаа эргээд дээшээ харсан байдалтай онхолдсон. Тэгээд бид нар машинаас буутал Г.Б  машины хажууд ёолоод хэвтэж байхаар нь би цээжин дээр нь дараад гайгүй юу гэж асуутал маш сул гайгүй байна гэж хэлсэн. Тухайн үед Г.М  Даяндорж ахыг дуудсан удалгүй Даяндорж ах ирээд түргэн цагдаа дуудсан тэр үед манай нягтлан машинтайгаа ирээд Г.Б ыг аваад явсан. Тэгээд түргэн ирээд Г.М , Ц.О  бид гурвыг аваад эмнэлэг рүү явсан... Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож анхааралгүй явснаас болж зам тээврийн осол гарсан...” гэжээ. /хх-32-33/,

Гэрч Г.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 04 дүгээр сарын 01-ны орой 22 цагийн үед байхаа сайн санахгүй байна. Ц.О  бид хоёр байрлаж байсан гэртээ байж байтал Г.Б  орж ирээд жолооны үнэмлэхтэй хүн байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь гараад явсан. Удалгүй Г.Б  орж ирээд аймаг явлаа шүү та хоёр явах юм уу гэхээр нь хамт явъя гээд Ц.О  бид хоёр гараад очтол Д.Б  согтуу машинаа барих гэхэд нь Г.Б  чи хэрэггүй түлхүүрээ Ц.О т өгөөд бариулчих гэхэд Д.Б  Ц.О ээс үнэмлэхтэй юу гэсэн чинь Ц.О  үнэмлэх байхгүй гэсэн. Тэгээд Д.Б  шууд өрөө машиндаа суугаад би Д.Б ы хажууд урд нь суугаад Г.Б , Ц.О  хоёр ард суугаад төв рүү хөдөлсөн. Тэгээд Цагдаагийн пост жоохон өнгөрч байхад Г.Б  араас хөгжим солиод Д.Б  машин барьж явж байхдаа үгүй би энэ дууг сонсоно гээд хөгжим булаацалдаад байсан. Тухайн үед Д.Б  шон чиглээд явж байхаар нь би хөөе наана чинь шон гэтэл үрүүлээ эсрэг урсгал руу зүүн дараад шороо руу буугаад машин нь 1 эргээд тэгээд би нүдээ аниад цааш юу болсоныг сайн мэдэхгүй байна тэгээд нэг нүдээ нээсэн чинь дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай онхолдсон байсан. Тэгээд би бүсээ тайлаад цонхоор гарахад Г.Б  гадаа дээшээ хараад хэвтэж байсан, Ц.О  гадаа гарчихсан зогсож байсан харин Д.Б  машинаасаа гарж байсан. Тэгээд би Г.Б  дээр очоод зүгээ рүү гээд цээжин дээр нь гараа тавьж үзтэл амьсгалж байсан харин Ц.О  шоконд орсон байдалтай зогсож байсан би зүгээр үү гэж асуутал юм дугараагүй тэгээд ахиад хэдэн хэдэн удаа асуутал гайгүй гэж хэлсэн. Би шууд захирал Даяндорж руу залгаад цагдаагийн постноос наахан талд бид нар осолд орчихлоо гэж хэлсэн тэгээд удалгүй захирал Даяндорж, гүйцэтгэх захирал Байгалмаа нар ирсэн тэгээд удалгүй араас нь манай нягтлан ирээд Нягтлангийн машинаар Г.Б ыг эмнэлэг рүү авч явсан. Удалгүй эмнэлэг ирээд Д.Б , Ц.О  бид гурвыг эмнэлэг ирээд аваад явсан...” гэжээ. /хх-34-35/

Гэрч Ц.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 04 дүгээр сарын 01-ны орой 22 цагийн үед санагдаж байна. Г.М  бид хоёр амралтынхаа гэртээ амарч байхад Г.Б  ах орж ирээд жолооны үнэмлэхтэй хүн байгаа юу гэж асуухаар нь Г.М  бид хоёр байхгүй гэсэн чинь гараад явсан. Удалгүй Г.Б  ах аймаг явлаа явах хүн байна уу гэхээр нь Г.М  бид хоёр тамхи нэгж авах санаатай явъя гээд гартал Д.Б  ах согтуу машинаа барих гэхэд Г.Б  ах чи согтуу байж машин барьж хэрэггүй Ц.О тээ өгөөд машины бариул гэсэн. Д.Б  ах чи жолооны үнэмлэхтэй юу гэхээр нь би үнэмлэхгүй гэтэл өөрөө машинаа барина гээд машиндаа суусан. Д.Б  ах жолоо бариад Г.М  урд жолоочийн хажуу талд, Г.Б  ах бид хоёр ард суугаад төв рүү хөдөлсөн. Төв рүү явах замд Г.Б  ах машины хөгжим солиход нь Д.Б  ах энэ дуун дээр тавьчих гээд буцааж тавиад доошоо тонгойгоод хөгжим солиод байсан. Тухайн үед машин нь замын хажуу талд байдаг шон чиглээд явж байхад Г.М  хөөе наана чинь шон гэтэл үрүүлээ эсрэг урсгал руу зүүн дараад шороо руу буугаад цаашаа юу болсоныг сайн мэдэхгүй ухаан балартаад нэг ухаан орсон чинь гадаа зогсож байсан. Тэгээд Г.Б  ахаа гадаа ухаан алдчихсан хэвтэж байхаар нь би очиж байтал Г.М , Д.Б  хоёр машинаас гараад ирсэн тэгээд Г.Б  ах би бөөлжмөөр байна гэж надад хэлсэн. Г.М  засмал зам дээр зогсож захирал руу залгаж болсон асуудлын талаар хэлсний дараа удалгүй захирал Д ах эхнэртэйгээ хамт хүрээд ирсэн араас нь нягтлан Одонгоо ирээд Нягтлангийн машинаар Г.Б ыг эмнэлэг рүү авч явсан. Удалгүй эмнэлэг ирээд Д.Б , Ц.О  бид гурвыг эмнэлэг ирээд аваад явсан...” гэжээ. /хх-36-37/

Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Шинжлүүлэгч Д.Г.Б ын биед 244 тоот дүгнэлтийг гаргахдаа эмнэлгийн бичиг баримтыг үндэслэж гаргасан. Тус эмнэлгийн бичиг баримт нь гэмтэл согог судлал үндэсний төвийн амбулаторын картны 2019 оны 04 дүгээр сарын 02-ноос 12-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн эмчийн тамга тэмдэг бүхий бичиг баримтаар үндэслэж гаргасан. Дээрх гэмтэл нь сээрний 12 дугаар нугалмын бяцарсан тогтвортой бус хугарлын хүндэрлээр доод мөчдийн саажил илэрсэн ба энэ саажил гэдэг нь тахир дутуу өрөөл татанхай болно гэсэн ойлголт биш Г.Б ын биед илэрсэн шинж тэмдгээр өнгөц мэдэрхүй түр хугацаагаар мэдээ алдагдаж нугалмын хугаралтай холбоотой өвдөлтийн шинж тэмдэгээр илэрсэн ба энэ нь эмчилгээний явцад эдгэрч биеийн байдал сайжирсан учраас зөвлөгөө өгч эмнэлгээс гаргасан байна...” гэжээ. /хх-40-41

Шүүгдэгч Д.Б ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Ар талын суудалд сууж байсан Г.Б ын биед нуруунд нь гэмтэл учирсан нийт 3.000.000 сая төгрөгийн хохирол учирсаныг төлж барагдуулсан. Одоо Г.Б ын биеийн байдал сайжирч байгаа...” гэжээ. /хх-59-60/,

2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 244 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Г.Б ын биед сээрний 12 нугалмын бяцарсан тогтвортой бус хугарал нугасны сувгийн нарийсал доод мөчдийн саажил гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зав тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-44-49/,

2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Приус-20 маркийн 28-71 уня улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Дугар овогтой Д.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7а-д заасныг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...Приус-20 маркийн 28-17 уня улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Дугар овогтой Д.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 3.7а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарч мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь осол гарахад нөлөөлсөн байна” гэжээ. /хх-52/,

            Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-3/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/

            Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-13/        

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-17/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-18/

            Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-23-24/,

            Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-28/

            Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-63/

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-64/,

            Жолоочийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-65/,           

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-66/,

            Даян байгаль ХХК-ийн тодорхойлолт /хх-79-80/

            Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-81/,

            5 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-82/,

            Дорнод аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-83/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б ы гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч Д.Б ы нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумаас Улаанбаатар хот явах засмал замын 2 дахь километрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 28-71 УНЯ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” мөн дүрмийн 3.7а-д заасан “...Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Г.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дараах байдлаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б  нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан, мөн 1.52 хувийн согтолттой, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь жолоочийн мэдээлэл /хх-65/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл /хх-18/, 0,75 граммын архи 5 хүн хувааж уусан талаарх хохирогч Г.Б ын мэдүүлэг /хх-26-27/, гэрч Г.Г.М ын мэдүүлэг /хх-34-35/, гэрч Ц.О ийн мэдүүлэг /хх-36-37/-ээр,

Мөн согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “ 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” мөн дүрмийн 3.7а-д заасан “...Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх заалтыг зөрчсөн нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн “...Приус-20 маркийн 28-71 уня улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Дугар овогтой Д.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7а-д заасныг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...Приус-20 маркийн 28-17 уня улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Дугар овогтой Д.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 3.7а-д заасан “Тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарч мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь осол гарахад нөлөөлсөн байна” гэсэн дүгнэлт /хх-52/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-6-7/, гэрэл зургийн үзүүлэлт /9-17/  тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б  нь хөдөлгөөний аюулгүй байдлын ухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Г.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь  2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 244 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Г.Б ын биед сээрний 12 нугалмын бяцарсан тогтвортой бус хугарал нугасны сувгийн нарийсал доод мөчдийн саажил гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зав тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр. /хх-44-49/  тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б ы жолоодож явсан Приус-20 маркийн 28-71 уня улсын дугаартай автомашин нь шүүгдэгчийн өөрийнх нь өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр /хх-81/ тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Д.Б ыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Б  нь 1985 оны 08 дугаар сарын 24-нд Дорнод аймаг, Могод суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, Даянбайгаль ХХК-нд арматурчин ажилтай, тус компаний тэргүүний, чадварлаг ажилтан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-65/, Даянбайгаль ХХК-ийн тодорхойлолт /хх-79-80/, Дорнод аймаг Хэрлэн сумын ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-82-83/, Даянбайгаль ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-89/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-64/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Шүүгдэгч Д.Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-55/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 3.000.000 төгрөг төлсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б ын мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Харин шүүгдэгч Д.Б ы үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ. “ гэж заасан байх ба шүүгдэгч Д.Б ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг  үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасан байх тул шүүгдэгч Д.Б ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулахаар хуульчилсан ба шүүгдэгч Д.Б ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар хасахаар заасан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж  шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.Б ы тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Б  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

            Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б д  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээх хүртэл хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан ба уг арга хэмжээг заавал хэрэглэхээр хуульд заагаагүй, мөн шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг оногдуулж шийдвэрлэсэн тул дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б д гэмт хэргийн улмаас  учирсан хохирол төлбөрт шүүгдэгч Д.Б  3.000.000 төгрөг төлсөн байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн болно.

           Шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатагин овгийн Д.Б ыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг  оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б  нь тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч Д.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б д хохирол төлбөрт 3.000.000 /гурван сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ОЮУН-ЭРДЭНЭ