Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 430

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах  би

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, өөрийн байранд оршин байрлах, ХААН банкны Налайх салбарын

Хариуцагч: Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчдын 2-41 тоотод оршин байрлах, “Зууны булаг” ХХК,

Хариуцагч: Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчдын 1а-24 тоотод оршин суух, Боржигон овгийн Жамцын Дорждэрэм /РД: МР72123003/ нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлт 40.289.271,3 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Налайх салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зууны булаг” ХХК-ийн захирал Б.Бэлгэдэмбэрэл, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Дорждэрэм нар нь манай салбараас 2012 оны 01 сарын 10-ны өдөр ЗГ-2819 тоот зээлийн гэрээ, БГ-2819 тоот барьцааны гэрээ болон И-2819 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалан 80.000.000 төгрөгийн зээлийг жилийн 7 хувийн хүүтэй, эхний 12 сарын хүү төлөх нөхцөлтэй, 60 сарын хугацаатай үйлдвэр байгуулах зориулалтаар авсан ... зээлдэгч нар нь уг зээлээс нийт 58.235.350 төгрөгийг төлсөн байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь цуцалж, зээлийн үлдэгдэл 37.321.271,6 төгрөг, хүү 2.748.481,6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183.818,1 төгрөг, нотариатын төлбөр 35.700 төгрөг, нийт 40.289.271,3 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, зээлийг мөнгөн төлбөрөөр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч “Зууны булаг” ХХК, Ж.Дорждэрэм нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 2012 онд үртсэн шахмал түлшний үйлдвэр байгуулах зорилгоор ХААН банкнаас 80.000.000 төгрөг зээлж, гэрээнд заасны дагуу сар бүр 1.915.700 төгрөгийг төлж ирсэн. Явцын дунд үйл ажиллагаа, санхүүгийн байдал хямралд орж гэрээнд заасны дагуу эргэн төлөлтөө төлөх боломжгүй болсон нь үнэн. Одоо үйл ажиллагаа жигдэрч байгаа тул зээлийн гэрээгээ цуцлахгүй, үргэлжлүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж батлагдсан хуваарийн дагуу төлөх боломжтой болсон. Иймд зээлийн хүү 2.748.481 төгрөг болон 183.818 төгрөгийг төлж, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөр болох 37.321.271 төгрөгийг гэрээний нөхцөлөөр тохирч эргэн төлөлтийг тухай бүрд нь төлж дуусгах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэгч талтай эвлэрэх хүсэлтэй байна гэжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Эвлэрлийн гэрээнд: ХААН банкны Налайх салбарын нэхэмжлэлтэй “Зууны булаг” ХХК, хамтран зээлдэгч Ж.Дорждэрэм нарт холбогдох 37.321.271,56 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр жигд төлөх нөхцөлтэйгээр гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулахаар, мөн зээлийн хуримтлагдсан хүү 3.134.986,80 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 238.262,93 төгрөгийг хариуцагч нар нь ХААН банкинд бэлнээр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул эвлэрлийн гэрээгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Налайх салбар нь хариуцагч “Зууны булаг” ХХК, Ж.Дорждэрэм нарт  холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлт 40.289.271,3 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Зууны булаг” ХХК, хамтран зээлдэгч Ж.Дорждэрэм нар нь 37.321.271,56 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр жигд төлөх нөхцөлтэйгээр ХААН банктай байгуулсан гэрээний нөхцлөөр төлж барагдуулахаар, мөн зээлийн хуримтлагдсан хүү 3.134.986,80 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 238.262,93 төгрөгийг ХААН банкинд бэлнээр төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсайхан, Э.Ганпүрэв нартай харилцан тохиролцож эвлэрч байгаа нь зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ /хх-43/ зэргээр нотлогдож байна.

Ийнхүү эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч ХААН банкны Налайх салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359.396,40 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагч нартай эвлэрэхдээ нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 405.250 төгрөгтөө төлөх ёстой улсын тэмдэгтийн хураамж 12.807 төгрөгийг төлөөгүй тул уг мөнгийг хасаж тооцон, улсын төсвийн данснаас эвлэрсэн үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 166.891 төгрөгийг, хариуцагч “Зууны булаг” ХХК, Ж.Дорждэрэм нараас эвлэрсэн үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 186.101,7 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ХААН банкны Налайх салбарын нэхэмжлэлтэй “Зууны булаг” ХХК, Боржигон овгийн Жамцын Дорждэрэм нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлт 40.289.271,3 /дөчин сая хоёр зуун наян есөн мянга хоёр зуун далан нэгэн төгрөг, гурван мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийн хариуцагч “Зууны булаг” ХХК, хамтран зээлдэгч Ж.Дорждэрэм нар нь 37.321.271,56 /гучин долоон сая гурван зуун хорин нэгэн мянга хоёр зуун далан нэгэн төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр жигд төлөх нөхцөлтэйгээр ХААН банктай байгуулсан гэрээний нөхцлөөр төлж барагдуулахаар, мөн зээлийн хуримтлагдсан хүү 3.134.986,80 /гурван сая нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун наян зургаан төгрөг наян мөнгө/ төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 238.262,93 /хоёр зуун гучин найман мянгө хоёр зуун жаран хоёр төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөгийг ХААН банкинд бэлнээр төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсайхан, Э.Ганпүрэв нартай харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Налайх салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359.396,40 /гурван зуун тавин есөн мянга гурван зуун ерэн зургаан төгрөг, дөчин мөнгө/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас 166.891 /нэг зуун жаран зургаан мянга найман зуун ерэн нэг/ төгрөгийг, хариуцагч “Зууны булаг” ХХК, Ж.Дорждэрэм нараас 186.101,7 /нэг зуун наян зургаан мянга нэг зуун нэг төгрөг, долоон мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Налайх салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.    

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ