| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2023/02499/И |
| Дугаар | 210/МА2025/00304 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00304
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/05824 дугаар шийдвэртэй,
******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
*******, ******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 116,308,668.27 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч *******гийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Зээлдэгч *******, ******* нартай 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай олгож, *******, ******* нарын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн хороо, байр, ******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн хороо, ******* байр, ******* хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.
1.2. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нар зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тухайлбал, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчилсэн хугацаанд нь төлөлгүй 1143 хоног хугацаа хэтэрч зээлийн эргэн төлөлтийг зөрчсөн.
1.3. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нар нь үндсэн зээлд 14,748,209.93 төгрөг, зээлийн хүүд 20,368,633.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,928,718.65 төгрөг, нийт 37,045,561.93 төгрөгийг төлсөн.
1.4. Одоо *******, ******* нараас үндсэн зээл 65,251,790.07 төгрөг, үндсэн хүү 49,254,676.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,794,202.16 төгрөг буюу нийт 116,300,668.27 төгрөг, нотариатын хөлс 8,000 төгрөгийн хамт 116,308,668.27 төгрөг гаргуулж, барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагаас 77,460,632 төгрөгийг хувааж төлөхийг зөвшөөрч байна.
2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* ХК-иас 80,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хүнсний дэлгүүр ажиллуулах зориулалтаар зээлж, *******ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн хороо, байр, ******* тоот байр, мөн *******ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн хороо, ******* байр, ******* 38 м.кв орон сууцыг тус тус барьцаалсан.
2.2. Зээл авсан өдрөөс хойш 14,748,209 төгрөгийг үндсэн зээлд, 20,368,633 төгрөгийг хүүд, нэмэгдүүлсэн хүүд 1,928,716 төгрөг, нийт 37,045,561 төгрөг төлсөн.
2.3. Ковид-19 цар тахлын улмаас дэлгүүрээ ажиллуулж чадахаа больж, 2019 оны 12 сараас хойш ямар ч зээл төлөлт хийгдээгүй. *******, ******* нар 2021 онд гэрлэлтээ цуцлуулах болон дэлгүүргүй болсон талаар банкинд хэлж, ******* ХК-ийн эдийн засагчид удаа дараа хүсэлт гаргаж байсан.
2.4. ******* ХК-иас 2020 оны 09 сарын 30-ны өдрийн дотор төлбөрөө төл, төлөхгүй бол гэрээг цуцална гээд 2020 оны 08 сарын 28-ны өдөр албан бичгээр хариу өгсөн.
2.5. 2020 оны 09 сарын 30-ны өдрөөс хойш буюу банк өөрөө тогтоож өгсөн хугацаа хүртэлх хугацаанд хүүг тооцоод 12,208,842 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Харин 37,045,834 төгрөгийн хүү, мөн нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй.
2.6. Банк 1143 хоногийн хугацаа хэтэрсэн гээд байгаа боловч ямар хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоод байгаа нь хэргийн материалд тодорхой байхгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
2.7. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. ******* ХК-иас 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 80,000,000 төгрөгийн зээлийг ******* авсан бөгөөд батлан даагчаар би орж, *******ийн ээж *******, эгч ******* нар нь эд хөрөнгөө барьцаалсан.
3.2. Тухайн зээлийг би хэрэглээгүй, мөн ямар зориулалтаар авсаныг мэдэхгүй. Надад энэ зээлийг төлөх боломж байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул зээлийг зээлийн үндсэн зээлдэгч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндэслэлтэй гэжээ.
4. Гуравдагч этгээд *******ийн тайлбарын агуулга:
4.1. Тус хэргийн хариуцагч болох ******* нь миний охин юм, тухайн үед дэлгүүр ажиллуулна гээд миний орон сууцыг барьцаанд тавьсан. Одоо *******, ******* нар салсан, тус тусдаа амьдарч байгаа. Хэн энэ зээлийг төлөх талаар би сайн мэдэхгүй байна. Миний байрыг банкны барьцаанаас чөлөөлсөн гэж бодоод явсан, одоог хүртэл чөлөөлөөгүй байна. Мөн манай охин *******ын байрыг банкны барьцаанд тавьсан. ******* одоогоор Японд байгаа боловч өөрөө ирж очоод байдаг. Би одоо байрандаа өөрөө амьдарч байгаа, охин *******ын байранд нөхөр нь амьдарч байгаа гэжээ.
5. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 104400543185 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 116,308,668.27 төгрөг /нэг зуун арван зургаан сая гурван зуун найман мянга зургаан зуун жаран найман төгрөг хорин долоон мөнгө/-ийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн хороо, дугаар байр, ******* тоот хаягт байршилтай 45.4 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүргийн хороо, ******* дугаар байр, ******* хаягт байршилтай 38 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 809,694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 809,694 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээл дээр маргаагүй, харин хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол дээр маргасан. Хариуцагч *******, ******* нар тус зээлийг хүнсний дэлгүүр ажиллуулах зориулалттай аваад дэлгүүрээ ажиллуулж байтал Ковид-19 цар тахалын улмаас дэлгүүрийн ашиг, орлого муудаж зээлээ төлж чадахгүй болж энэ талаарх хүсэлтээ ******* ХК-д гаргасныг хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор зээлээ төл, төлөхгүй бол гэрээ цуцлах мэдэгдлийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн. Гэтэл шүүхээс энэ талаар хүсэлт гаргаагүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
6.2. 2019 оны 12 сараас хойш ямарч төлбөр хийгдээгүй. 2021 онд *******, ******* нар гэрлэлтээ цуцлуулсан талаар ******* ХК-д мэдэгдсэн. Гэтэл ...Зээлдэгч үүргийн гүйцэтгэлийн биелэлтийн талаар доголдол гарсан, нэгэнт зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал тодорхой болсон, банкинд мэдэгдсэн, банк мэдсэн атлаа, шүүхэд нэхэмжлэл гаргах буюу шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь /зээлийн гэрээний 4.1.10-т/ Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар ...иргэний харилцаанд оролцогч нь хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн зөв шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцээгүй... гэж үзэж байгаа, үүнээс харахад ******* ХК нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн нэхэмжлэлд дурдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг нотолж чадаагүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
6.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т: "...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан тооцооллоо нотлоогүй..." гэсэн дүгнэлт хийсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотолж чадахгүй байхад хариуцагч түүнийг нотлох шаардлагагүй.
6.4. 2021 онд гэрлэлт цуцлуулах ажиллагааны явцад шүүхээс зээлийн үлдэгдэл тооцоолол авахад ******* ХК-аас гаргаж өгсөн болон зээлийн маргаан шийдвэрлэхж буй энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгч байгаа тооцооллууд хоорондоо зөрүүтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 51,048,878 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
7.1. Хэрэгт хүүгийн тооцооллыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчийн өмгөөлөгч ямар аргаар бодолт хийж тооцоолол гаргаснаа тайлбарладаггүй атлаа бидний тайлбарыг хүлээн авдаггүй, хэрэгт авагдсан баримттай танилцсан атлаа хүүгийн тооцоолол буруу гэж маргадаг.
7.2. Үүрэг гүйцэтгэх хугацаа 1143 хоногоор хэтэрсэн учраас түүнд бодогдсон хүүг жилийн 24 хувиар бодож тооцоолол гаргасан. Нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн хүү буюу 24 хувийг нэмэгдүүлсэн 20 хувьд хуваагаад тухайн зээлд бодсон хүү нь 4,8 хувиар, тухайн сард төлөгдөөгүй үндсэн зээлээс нэмэгдүүлсэн хүү тооцож гаргасан.
7.3. Мөн шүүхэд хоёр өөр дүнгээр хүүгийн зөрүү гаргаагүй. Банкнаас шүүх хурал болох өдрөөс өмнө үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг гаргаж өгсөн. Хариуцагч нарын гэрлэлтийг цуцалсан шүүхийн шийдвэрт мөнгөн дүнг андуурч бичсэн бөгөөд энэ нь ******* ХК-ийн тооцоололд хамааралгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 116,308,668.27 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. ******* ХК болон *******, ******* нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдэгч нар 80,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй зээлж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээсэн, гэрээний хугацааг 48 сар, зориулалтыг хэрэглээний гэж талууд тодорхойлжээ.
3.1. Шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.
4. Гэрээний 2.1.4, 2.1.5-д талууд зээлийн хүүг жилийн 24 хувь, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувь гэж тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
5. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******, ******* нарт 80,000,000 төгрөгийн зээл олгосон, зээлдэгч *******, ******* нар нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт 37,045,561 төгрөг төлсөн, зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл төлөх үүргийг 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд зөрчсөнийг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
Нэхэмжлэгч ******* ХК нь зээлдэгч нарын үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийн үндэслэл болгож тэдгээрээс зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр, төлсөн төлбөр, төлбөрийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт хуваарилсан байдал, үлдэгдэл төлбөр зэргийг тооцож тодорхойлсныг хүснэгтээр гаргаж өгсөн.
Дээрх нотлох баримтыг хариуцагч *******, ******* нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар няцаах үүрэгтэй. Тэдгээр нь уг баримтыг няцаагаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.
6. Зээлдэгч талаас зээлдүүлэгчид гаргасан хүсэлттэй холбоотой хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
6.1. Коронавирист халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн зүйлийн 10.7 дахь хэсэгт заасан ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хугацаа сунгах асуудлыг хэрэгжүүлэх талаархи зохицуулалт нь хэрэглээний зориулалтаар олгосон зээлд хамаарахгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, энэ талаар зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй.
6.2. Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 тоот тогтоолын 8-д банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй гэж заажээ. Харин хариуцагч *******аас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ******* ХК-д гаргасан хүсэлтэд зээл төлөх хугацааг 9 сараар хойшлуулах агуулгатай байх бөгөөд дээр дурдсан тогтоолд заасан хугацаа дуусахаас 6 хоногийн өмнө гаргасан байдалд зээлдүүлэгч талыг гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээ аваагүй гэж шууд буруутгах боломжгүй.
6.3. Ковид-19 цар тахлын хугацаанд зээлдэгч *******, ******* нар хүнсний дэлгүүр ажиллуулж байсан, тэдгээр нь гэрлэлтээ цуцлуулсан гэх байдлыг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхэд нөлөөлсөн хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулах үндэслэлгүй юм.
Мөн тэдгээрийн гэрлэлтийг цуцлах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* ХК-иас олгосон зээлийн үндсэн үүргийг үлдэгдэл энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн тооцооллын хувьд үндсэн зээлийн өрийн үлдэгдэл зөрүүгүй байна.
6.4. ******* ХК нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох тухай мэдэгдлийг зээлдэгч нарт өгсөн. Уг мэдэгдэлд зээл төлөх хугацааг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тогтоож, зөрчлийг арилгаагүй тохиолдолд гэрээг цуцлах талаар анхааруулсан байна. Энэ нь нэхэмжлэгч тал гэрээг цуцлах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлд хамааруулах бөгөөд уг эрхээ даруй хэрэгжүүлэхийг хуулиар үүрэг болгоогүй. Иймд гэрээ цуцлах эрхийг хэрэгжүүлэх эсэх шийдвэрийг зээлдүүлэгч өөрөө шийдвэрлэх бөгөөд ийнхүү эрхээ хэрэгжүүлээгүйг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт хамааруулан дүгнэхээргүй байна. Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зааснаас дүгнэвэл зээлдүүлэгч зээлийн гэрээг цуцалж дуусгавар болгосноос үл хамаарч зээлдэгч зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
7. Хариуцагч *******, ******* нараас гэрээний үүрэгт үндсэн зээл 65,251,790.07 төгрөг, үндсэн хүүд 49,254,676.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,794,202.16 төгрөг, нотариатын үйлчилгээний зардлыг хохирол тооцож 8,000 төгрөг, нийт 116,308,668.27 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.
8. ******* ХК болон ******* нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн хороо, дугаар байр, ******* тоот хаягт байршилтай 45.4 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, мөн ******* ХК болон ******* нарын хооронд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүргийн хороо, ******* дугаар байр, ******* хаягт байршилтай 38 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.
Барьцаалуулагч ******* нь *******т 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалуулах эрхийг, барьцаалуулагч ******* нь *******т 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалуулах эрхийг тус тус итгэмжлэлээр олгосон байх бөгөөд уг итгэмжлэлүүдийг үндэслэн барьцааны гэрээг ******* барьцаалагч ******* ХК-тай барьцааны гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлжээ. Ийнхүү төлөөлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлсэн байдлыг төлөөлөгч болох *******ийг барьцааны гэрээний барьцаалуулагч болгож дүгнэхгүй юм.
Иймд ******* ХК-иас зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч нь ******* биш байх тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.
9. ******* ХК нь барьцааны гэрээний барьцаалуулагчид холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.
10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/05824 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *******т холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай ******* ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн 3 дахь заалтад хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 809,694 төгрөг/739,494 төгрөг+70,200 төгрөг/-ийг гэснийг хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 739,494 төгрөгийг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 413,195 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Э.ЗОЛЗАЯА